| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1217/Э |
| Дугаар | 1274 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1274
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04624 1389 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А овогт Б.Г, Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, хүү, бэр, ачийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 16 дугаар гудамжны 389 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамжны * тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар Ш370080610, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамжны 61 тоот хашаанд дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.М-тэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний өгзөг, нуруун тус газар нь нохойн ширэн хүзүүвчээр ороолгон, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, бие махбодод нь “...зүүн ташаа, баруун, зүүн өгзөгний цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч А овогт Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамжны * тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.М-ийг хардалтын улмаас өгзөг, нуруу руу нь нохойн хүзүүвчээр ороолгон, нүүр лүү нь гараараа цохиж зодон бие махбодод нь “...зүүн ташаа, баруун, зүүн өгзөгний цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан байгаа тул мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би байшингийнхаа хаалгыг онгойлготол Г шууд өөдөөс гарч ирээд миний зүүн шанаанд гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би зугтаагаад машин тойроод гүйсэн чинь араас Г нохойн ширэн хүзүүвчээр араас 10-аад удаа ороолгосон...Би Г-ийн машинд гүйж ороод суусан чинь Г ороод ирсэн. Тэгэхээр нь Г ах Г-ыг бариад тэврээд авсан. Тэгээд би өөрийнхөө машинд суугаад доошоо яваад цагдаад дуудлага өгсөн...Би тухайн өдрөөс 2 хоногийн өмнө хөдөө ургийн баярт явсан юм тэр үед Г-д над руу олон удаа залгасан байсан ба тухайн үед сүлжээгүй газарт байсан болохоор утсаа авч чадаагүй юм. Үүнээс болоод Г-д намайг “чи хаагуур янхандаж байгаад ирж байгаа” гэж хэлээд намайг зодсон...Г-д манай гэрийн түлхүүр байдаг, намайг хөдөө ургийн баярт явсан хойгуур манай хүүхдэд үлдээгээд явсан байсан. Тухайн өдөр түлхүүр байхгүй байсан болохоор Г хувцсаа солих гээд цонхоор орсон байх. Миний хамтран амьдрагч Г өөрийнхөө гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн * тоотод орох эрхтэй...Г намайг байшин дотор цохиж зодсон асуудал байхгүй. Хашаан дотор намайг зодсон...Өмнө нь Г намайг цохиж, зодож байгаагүй...миний биед учирсан гэмтлийг Г нохойн хүзүүвчээр ороолгож учруулсан. Г миний зүүн шанаа хэсэгт гараараа цохисон боловч миний зүүн шанаанд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан...бид хоёр 2016 оноос хойш хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-25 дугаар хуудас);
3. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ах манай гэрт очоод хүрээд ирье гэсэн. Тэгээд бид гурав Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17-61 тоотод Г-ын ахын гэрт очтол гэрт нь хүн байхгүй байсан. Тэгтэл Г ах надад түлхүүр байхгүй гээд цонхоо түлхээд орсон. Удалгүй М эгч ирээд хаалга онгойлгосон. Тэр үед Г ах М эгчийн нүүр лүү нь цохисон. М эгч машин тойроод зугтаасан чинь Г ах газарт байсан нохойн хүзүүвч аваад ороолгоод хөөгөөд байсан. Тэр үед би машин дотроо сууж байсан. Г ахыг зогсоох гэсэн боловч хашаан дотор нохой нь сул байсан болохоор болиулж чадаагүй юм. Тэгээд М миний машин дотор ороод ирэхээр нь би Г ахыг тэврээд болиулсан. М миний машинаас буугаад машинаа асаагаад явсан удалгүй цагдаа дагуулаад ирсэн...манай ах Г нь М-тэй 2016 оноос эхлэн хамт амьдарч байгаа ба уг хугацаанд түүнийг цохиж зодсон талаар хараагүй, сонсож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас);
4. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.М гэртээ ирээд хаалга онгойлгоход Г “чи хаагуур яваад ирж байгаа юм бэ” гэж хэлээд газарт байсан нохойн хүзүүвч аваад түүн рүү дайрсан. Тэгтэл Д.М машин тойрч зугтаагаад хойноос нь Г ах хөөгөөд өгзгөнд нь 3-4 удаа ороолгоод байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас);
5. Гэрч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнө нь Г ах манай ээжийг цохиж зодож байгаагүй...Г ах манай ээж М-тэй 2016 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** тоот хаягт хамт амьдарсан. Тухайн хэрэг болсон өдрөөс 3 хоногийн өмнө Г ах надад гэрийн түлхүүр өгөөд ахынх руу явлаа гээд яваад өгсөн. Г ах манайд нэвтрэх эрхтэй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас);
6. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** тоотод “манай хамтран амьдрагч намайг зодоод байна” гэсэн дуудлагад очсон. Дуудлагаар очиход Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хашаан дотроо байж байсан...М нь Г миний өгзгөнд нохойн хүзүүвчээр ороолгосон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас);7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10362 дугаартай: “...Д.М-ийн биед зүүн ташаа, баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 49 дүгээр хуудас);
8. Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 55-62 дугаар хуудас), хохирогч Д.М-ээс эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, уг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг, уг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 15-18 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Б.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 87 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78 дугаар хуудас), эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт (хх-ийн 84 дүгээр хуудас);
10. Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би цонхыг нь түлхэж онгойлгоод тэгээд ороод байж байтал гаднаас М хаалга онгойлгоод орох үед нь би өөдөөс нь нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд байшингийн урд талд нохойн хүзүүвч байхаар нь аваад М-ийн өгзгөнд нь ороолгосон. М машин тойрч зугтаж байгаад Г-ийн машинд ороод суусан. М-ийн зүүн ташаа, баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтлийг би гараар болон нохойн хүзүүвчээр ороолгож учруулсан. Тэр өдрөөс 3 хоногийн өмнө М утсаа авахгүй хөдөө 3 хоног яваад өгсөн. М-ийг ирэх үед нь би юм хэлээгүй байж байгаад архи уусан үедээ урьдын асуудлыг бодоод зодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 69-73 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.М-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.М-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь түүнийг өөрийн үйлдлээ ухамсарлаж, хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Б.Г, хохирогч Д.М нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.Г нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ганболд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа нохойн хүзүүвчээр ороолгосон үйлдлийн арга хэлбэр болон эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр, хэргийн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нохойн хүзүүвчийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.А овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Г-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нохойн хүзүүвчийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА