| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1231/Э |
| Дугаар | 1275 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1275
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00614 0435 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн М.А, Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм Транс” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл хоёр, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, * тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.А нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро төвийн урд замд Эрдэм транс ХХК-ний эзэмшлийн “Хьюндай Сити” маркийн * улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигчид осолтой байдал үүсгэж огцом тоормос гишгэснээс автобусанд зорчин явсан зорчигч 72 настай С.Я унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн М.А нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн урд замд “Эрдэм Транс” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai City” маркийн * улсын дугаартай нийтийн тээврийн автобусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж, улмаар явган хүний гарц дээр огцом тоормослох нөхцөл байдал үүсгэсний улмаас нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан 72 настай зорчигч С.Я унаж, түүний бие махбодод “...баруун талын 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч М.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зураг (хх-ийн 12-19 дүгээр хуудас), зам тээврийн осол, хэргийн газарт давтан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зураг (хх-ийн 22-37 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 46 дугаар хуудас);
1. Хохирогч С.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд би ганцаараа Хан-Уул дүүргийн нутаг, хуучин цагаан хаалганы баруун хойд талд байдаг автобусны буудал дээрээс гэртээ харих гээд чиглэлийн том оврын автобусанд суугаад явсан. Уг автобус нь Гурвалжны гүүрнээс ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй уруудаж орж ирээд уулзвараас баруун гар тийш эргэж ороод явж байтал гэнэт огцом тоормос гишгэсний улмаас миний бие арын хаалганаас урд талын хаалга руу шидэгдэж унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-52 дугаар хуудас);
4. Техникийн шинжээчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам тээврийн осолд холбогдсон автобусны доторх камеруудын бичлэгээс харахад явган хүний гарцын наашаа 2,
3 дугаар эгнээд зорчиж байсан тээврийн хэрэгслүүд явган хүний гарцын өмнө зогсож байгаа нь бичлэгт харагдаж байна. Гэтэл зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан уг автобус нь явган хүний гарцын өмнө нь зэргэлдээ 2, 3 дугаар эгнээний тээврийн хэрэгслүүд зогсож байтал автобусныхаа хурдыг тээж яваа /зорчигч/ тээврийн хэрэгслийн онцлогт тохируулж алгуур тоормослох үйлдэл хийгээгүй байна. Мөн тухайн явган зорчигчийн чиглэл хурдад нөлөөлсөн нь камерын бичлэгт бичигдсэн байна. Жолооч явган зорчигчид зам тавьж өгсөн боловч автобус дотор зорчиж явсан зорчигч огцом тоормос гишгэсний улмаас унасан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 73-74 дүгээр хуудас);
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8229 дугаартай шинжээчийн: “...С.Я-ын биед баруун талын 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинж гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт (хх-ийн 76 дугаар хуудас);
6. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 325 дугаартай: “...Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 90-91 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч М.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 101 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 104 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 132 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Харин энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, жолооч болон зорчигч нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх гэж асуусан, шинжээч уг асуултад хариулахдаа хэрэглэх хууль тогтоомжийг шууд зааж хариулсан байх тул Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 325 дугаартай дүгнэлтийн 1, 2 дахь хариултыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Мөн уг дүгнэлтийг гаргасан шинжээчийн мэдүүлгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зарим зүйл, заалтыг тайлбарласан хэсгийг үнэлээгүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-д “Тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно” гээд, уг хэсгийн г/ заалтад “Чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоороо зорчихдоо зориулалтын бариулаас барихгүй явах” гэж заасныг хохирогч С.Я биелүүлж явсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт диск дэх дүрс бичлэгээр тогтоогдсон тул түүнийг дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэг талаас, шүүгдэгч М.А нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөх эрсдэл бүхий зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор огцом тоормос гишгэсэн байх тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасныг зөрчсөн гэж үзэх, огцом тоормосолсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэлгүй юм.
Харин нөгөө талаас, шүүгдэгч М.А нь бусад эгнээний тээврийн хэрэгслүүд явган хүний гарцын өмнө зогссон байхад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсох...” гэж заасныг биелүүлээгүйн улмаас огцом тоормослох осолтой нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлсэн гэж үзэх бөгөөд бусад тээврийн хэрэгслүүд зогссон байхад явган хүний гарц руу хурдаа хасалгүй орж ирсэн үйлдлийг нийтийн тээврийн хэрэгслийн зорчигчийн эрүүл мэндэд хохирол учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой хэмээн шүүх дүгнэлээ.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Я-ын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч М.А нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.А-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.А нь хохирогч С.Янживт 500,000 төгрөг төлсөн ба хохирогч гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийг 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгийг хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй..” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгох ял оногдуулж өгнө үү. Мөн сүүлийн саруудад ажлаа хийж чадаагүй учир цалингүй байсан тул өр төлбөр ихтэй болсон нөхцөл байдлыг харгалзан төлөх хугацааг нь нэмэгдүүлж өгнө үү..” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овгийн М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч М.А-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 500,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА