Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2017/00002

 

Р.Алтанзулын нэхэмжлэлтэй,

Дорнод аймаг дахь Политехникийн коллежид

 холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, хариуцагч байгууллагын өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 138/ШШ2016/01325 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Р.Алтанзул, хариуцагч Политехник коллежийн захирал Д.Энхжаргал нарын давж заалдах гомдлоор Р.Алтанзулын нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймаг дахь Политехник коллежид холбогдох цалингийн зөрүү 449249 төгрөг, ээлжийн амралттай байх хугацааны цалин 988560 төгрөг, цалингаас суутгасан 770000 төгрөг нийт 2207809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Р.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь тус аймаг дахь Политехникийн коллежид /хуучнаар Шаталсан сургалттай техник технологийн сургууль/ 2009 оны 10 сард сахиулаар анх ажилд орсон. Тухайн үед сахиулаар ажиллах гэрээ гэж улирлын чанартай гэрээ хийж байсан. Энэ үедээ 10 сарын 01-нээс 05 сарын 01-нийг хүртэл 70000 төгрөгөөр, 2010 оны  05 сараас  10 сар хүртэл 108000 төгрөгөөр цалинжуулсан. 2012 онд бидний дунд газрын маргаан гарснаас хойш надтай дахин 2012 оны 09 сарын 01-нд гэрээт ажилтны хөдөлмөрийн гэрээ гэж хийсэн. Энэ гэрээнд цалингаа ТҮ-1-3-аар сар бүр 271092 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон билээ. Гэтэл миний 2009-2010 оны хооронд Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108000 төгрөгөөр тогтоосон байхад ямар ч үндэслэлгүйгээр 70000 төгрөгөөр бодож миний цалин хөлсийг бууруулж намайг хохироосон байна. Иймээс 2009 онд 03 сарын цалингийн зөрүү 68800 төгрөг, 2010 онд 08 сарын  цалингийн зөрүү 73128 төгрөг, 2011 онд 08 сарын цалингийн зөрүү 280146 төгрөг, 2013 оны зөрүү 27175 төгрөг дутуу олгосон. Энэ хугацаанд ээлжийн амралт олгогдож байгаагүй болно. Ээлжийн амралтын мөнгө 988560 төгрөг, цалингийн зөрүү 449249 төгрөг, намайг газрын маргаан үүсгэсэн гэсэн шалтгаанаар 2012 онд надад цалин олгоогүй ингээд 2012 оны 11 сарын 28-нд 2892000 төгрөгийн цалин бодож олгох байснаас 1430489 төгрөг олгож 770000 төгрөгийг сургуулийн захиргаа өмгөөлөгч авсны хөлсийг миний цалингаас суутгаж авсан. Иймээс тус сургуулиас цалингийн зөрүү 449249 төгрөг, ээлжийн амралт 988560 төгрөг, өмгөөлөлийн хөлсөө 770000 төгрөг нийт 2207809 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Алтанзул нь 2009 оны 10 сард тус сургуульд сахиулаар орсон. Тухайн үед сургуулийн захиргаатай сахиулаар ажиллах гэрээ байгуулж ажлын хөлсөө 70000 төгрөгөөр тохирсон гэж байгаа боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108000 төгрөгөөс бууруулж олгосон. 2012 оны 09 сараас гэрээт ажилтны хөдөлмөрийн гэрээ гэж байгуулан цалинг ТҮ-1-3-аар сар бүр 271092 төгрөгөөр олгохоор гэрээндээ заасан байдаг. Эдний дунд 2012 онд газрын маргаан үүсгэснээс хойш цалин олгохгүй байж байгаад 2012 оны 11 сард 2892000 төгрөгийн цалин бодсноос өмгөөллийн хөлсөнд 770000 төгрөг суутгаж 1430489 төгрөг олгосон. Энэ бүгдээс үзвэл тус сургуулийн захиргаа нь нэхэмжлэгч Алтанзулын цалинг удаа дараа дутуу олгох, ээлжийн амралтыг олгохгүй байх зэргээр хохироож байснаас гадна түүний цалингаас зөвшөөрөлгүйгээр 770000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд өгсөн гэж суутган авсан байдаг. Алтанзул нь хөдөлмөрийн гэрээтэй, байнгын ажлын байранд ажиллаж байсан. Алтанзул нь энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн байцаагчид хандаж өөрийнхөө ажлын байрыг “байнгын” гэдгийг тогтоолгосон байдаг учир байгууллага хөдөлмөрийн гэрээг дахин байгуулсан байгаа. Иймээс тус байгууллага нь 2009 оноос хойших хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон цалин олгох ёстойгоос гадна энэ хугацааны ээлжийн амралтыг олгох үндэстэй юм. Энэ маргааны талаар бид хүсэлт гаргаж санхүүгийн мэргэжлийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийн дагуу цалин, ээлжийн амралтыг тооцож олгоход татгалзахгүй. Тухайн үед байгууллага ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч тал ярьж байна. Алтанзул нь 2013 оны 11 сараас хойш өөртөө цалингийн зөрүү, ээлжийн амралтын мөнгө, өмгөөллийн хөлсөнд авсан мөнгөө өгөхгүй гэдгийг мэдсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Иймд Политехникийн коллежиос шинжээчийн дүгнэлтээр гарсан цалин 392046 төгрөг, ээлжийн амралт 468042 төгрөг, цалингаас суутгасан өмгөөллийн хөлс 770000 төгрөг нийт 1630088 төгрөгийг гаргуулж Р.Алтанзулд олгож өгөхийг хүсэж байна гэжээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтанзулын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алтанзул нь манай эзэмшлийн туршилтын талбай, пин зэргийг өөрөө тэнд буусан учир хоорондоо тохиролцох хөлсөөр харуулж байсан. Манай сургуулийн 2009-2012 онуудын төсөв, орон тоо, сахиулын орон тоо байхгүй. Манай сургуулийн төсөвт нэг л сахиулын орон тоо батлагдсан нь сургуулийн хашаан доторх сахиул юм. Бид Алтанзултай тохиролцон түүний амьдрал ахуйд нэмэр болох үүднээс 70000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож байсан. Манай сургуулийн үндсэн ажилтан биш хөлсөөр ажилладаг байсан. Харин энэ хүн өөрөө явж байгаад Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулсан байсан учир бид 2012 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч байнгын ажлын байр гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Тухайн үед дүгнэлт гаргахдаа орон тоо, төсвийг шалгаагүй гаргасан байсан. Манай байгууллага төсвийн байгууллага норм нормативт тохирсон хөлс төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үнэн. Гэхдээ тухайн үед өөрт хэрэгтэй гэдэг үүднээс төлж байсан. Энэ хүнийг хохироосон асуудал байхгүй. Өвлийн улиралд ажил багатай учир хоорондоо тохиролцоод хөлс өгнө. Харин зуны улиралд ногоо тарьж түүнийг харж байсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байсан. Энэ хүн гэртээ байдаг учир ээлжийн амралт олгодоггүй байсан. Алтанзул нь хууль бус зарга үүсгэж маргаан гаргаснаас өмгөөлөгч авч манай байгууллага хохирч өмгөөллийн хөлсөнд 770000 төгрөг өгсөн. Энэ талаар удирдлагууд Алтанзултай ярилцаад тэр төлөхөөр болсон гээд намайг цалингаас суутгаж ав гэсний дагуу суутгал хийсэн. Газрын маргаан нь Алтанзулын буруугаас болсон учир өөрөө зөвшөөрсөн байсан гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 138/ШШ2016/01325 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар хариуцагч Дорнод аймаг дахь Политехникийн коллежоос 770000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Алтанзулд олгож, нэхэмжлэгийн шаардлагаас 1437809 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймаг дахь Политехникийн коллежоос 23030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Алтанзулд олгохоор шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Р.Алтанзул давж заалдах гомдолдоо: Миний нэхэмжлэлтэй Дорнод аймаг дахь Политехник коллежид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 138/ШШ2016/001325 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие тус аймгийн Политехник коллежид ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээний дагуу ажил хийж түүндээ тохирсон цалин хөлс авч ажиллах ёстой байтал цалин хөлс дутуу олгох, ээлжийн амралт олгохгүй байх зэрэг миний эрхийг хохироож байсан талаар гомдол гаргасан юм. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргуулснаар дутуу олгосон цалин хөлс амралтын мөнгийг нийт 860080 төгрөг гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрсөн юм. Харин анхан шатны шүүхээс дээрх цалин хөлс амралтын мөнгийг дутуу олгосон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарласан гэж үзэж хэргийг дахин хянуулах хүсэлт гаргаж байна. ... Миний хувьд хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн хуулиар биш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар тооцох ёстой гэж үзэж байна. Мөн тухайн үед намайг ажиллаж байхад газрын маргаан гаргалаа гэдэг үндэслэлээр 2012 онд намайг ажлаа хийсээр байхад цалин огт өгөхгүйгээр хохироож байсан талаар хэрэгт нотлох баримт байгаа. Сүүлд нь 2012 оны 12 дугаар сард мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч байж цалингаа авсан. Ийм замаар намайг дарамтлах үг хэлвэл цалин хөлсийг нь өгөхгүй хохироох зэрэг байдал байнга гаргадаг байсан учир тухайн ажиллаж байх үедээ гомдол гаргах боломж байгаагүй. Харин хамгийн сүүлд 2013 оны 11 сард ажлаасаа халагдсаны дараа л энэ байгууллагатай гомдол гаргаж хохирсон эрхээ хамгаалуулах эрх үүссэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан дутуу олгосон цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 860088 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ. 

Хариуцагч Дорнод аймаг дахь Политехник коллежийн захирал Д.Энхжаргал давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 138/ШШ2016/001325 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... Политехник коллежоос 770000 төгрөг гаргуулж Р.Алтанзулд олгож шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагад Р.Алтанзул сахиулаар ажиллаж байхдаа байгууллагын эзэмшилд олгосон газрыг өөрөө мэдсээр байж хууль бусаар луйвардан өөрийн эзэмшил өмчлөлд авах захирамж гаргуулсан. Үүний улмаас маргаан үүсч иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүхээр явж тус байгууллагын талд шийдэгдсэн юм. Үүнтэй холбогдон гарсан зардлаас өмгөөлөгчид төлсөн 770000 төгрөгийг өөрт нь хэлээд ойлгуулсны үндсэнд Р.Алтанзул цалингаасаа суутгуулсан. Тийм ч учраас тухайн үедээ зарга гомдол гаргаж байгаагүй. Зөвшөөрөөгүй байсан бол өөрөө өмгөөлөгчтэй байсан. Өмгөөлөгчтэйгээ хамт дахин маргаан үүсгэх боломж байсан. Мөн шүүхийн шийдвэр гарсны дараа Р.Алтанзул өөрийн буруутай гэдгээ удаа дараа илэрхийлж байсан бөгөөд бид газрыг чөлөөлөх шаардлага тавьсан боловч нүүхгүй байсан. Гэсэн хэдий ч шүүхийн процессоос хойших хугацаанд хийж байсан ажлынх нь хөлсийг бүрэн олгосон бөгөөд үүнд талархаж би одоо ямар ч хохиролгүй боллоо гэж байсан болно. Тэр үед цалингаас нь үндэслэлгүй суутгал хийсэн асуудал байсан бол манай байгууллагад гомдол гаргах, мөн хуульд заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргах боломж байсан. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаж байгаа цалин хөлс, түүнээс суутгал хийсэнтэй холбоотой асуудлыг хөдөлмөрийн харилцааны маргаан гэж үзэх байх. Р.Алтанзул нь тухайн асуудлаар одоо гомдол гаргаж байгаа нь хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн асуудал байна гэж үзэж байна. Мөн өөрийн санаатай хууль бус үйлдлээрээ байгууллагад маш их чирэгдэл учруулж, энэ маргаан нь /770000 төгрөгөөс/ дээрхээс ч илүү зардал гаргаж байсан учир бид байгууллагадаа учирсан хохирол гэж үзэж төлүүлсэн болно. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн заалтаар тус коллежоор 770000 төгрөгийг төлүүлэхээр шийдсэнд гомдолтой байна гэжээ.  

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Р.Алтанзул нь хариуцагч Дорнод аймаг дахь Политехник коллежид холбогдуулан цалингийн зөрүү 449249 төгрөг, ээлжийн амралттай байх хугацааны цалин 988560 төгрөг, цалингаас суутгасан / өмгөөлөгчийн хөлсөнд / 770000 төгрөг, нийт 2207809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Р.Алтанзул нь хариуцагч Дорнод аймаг дахь Политехник коллеж / хуучнаар Шаталсан сургалттай техник технологийн сургууль / -той тус коллежийн аж ахуйн зориулалтаар барьсан 3 ш модон байшин, 1 га ногооны талбайн торон хашааг харж хамгаалж байсныхаа хөлсөнд 2009 оны 10 сарын 01-нээс 2010 оны 04 сарын 01 хүртэлх хугацаанд сарын 70000 төгрөгийн, 2010 оны 05 сарын 01-нээс 2010 оны 10 сарын 01 хүртэлх хугацаанд сарын  108000 төгрөгийн, 2011 оны 05 сарын 01-нээс 2011 оны 10 сарын 01 хүртэлх хугацаанд сарын 140400 төгрөгийн хөлстэй ажиллахаар харилцан тохиролцож сахиулын гэх гэрээ хэлцэл байгуулжээ. / хх-ийн 51-53 талууд/

            Хэрэгт авагдсан Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 08 сарын 13-ны өдрийн 12-06-033-497 дугаар дүгнэлтэд “ Политехникийн коллежийн удирдлага нь сургуулийн фермер аж ахуйн цогцолборын сахиул байнгын ажлын байранд “ Сахиулын гэрээ хэлцэл”-ийг байгуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгосон, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч ажилтны гарын үсэггүй, 1хувийг ажилтанд өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.

Мөн хөдөлмөрийн харилцаатай хамааралгүй газар өмчлөлийн асуудалтай холбогдуулан сахиул Р.Алтансувдын / Алтанзул гэхийг Алтансувд гэж бичсэн / цалинг олгохгүй 2012 оны 2 дугаар сараас хойш хаасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “ Ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно ...” гэж заасан 2 заалтанд  нийцэхгүй байгаа нь ажил олгогч хууль зөрчиж, ажилтны хөдөлмөрлөж, цалин хөлс авах эрхийг хохироосон байна. Иймд та Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгүүд, 128 дугаар зүйлийн 128.1.1-т заасны дагуу гомдлоо гаргаж, хохирлоо төлүүлэх эрхтэй “ гэжээ./ хх-ийн 7-8 дахь талууд /

            Дээрх МХУлсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа хариуцагч Политехник коллеж нь 2012 оны 09 сарын 01-нээс 2013 оны 07 сарын 01 хүртэлх хугацаанд, нэхэмжлэгч Р.Алтанзултай сахиулын ажил гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулж,  сарын цалинг ТҮ1-3 зэрэглэлийн  271092 төгрөг олгохоор болсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж, няцаагаагүй байна. / хх-ийн 54-55 дахь талууд /

            Мөн хариуцагч Политехник коллежийн нягтлан бодогчийн шүүхэд гаргаж өгсөн “ Р.Алтанзулд  2009-2013 онд олгосон цалин “ гэх хүснэгтэд 2012 оны 11 сард Р.Алтанзулд олгох цалингаас 770000 төгрөгийн суутгал хийгдсэнээр тусгагдсан байна. / хх-ийн 56-57 дахь талууд /

            Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт болох МХУлсын байцаагчийн дүгнэлт, гэрээт ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажилтанд цалин олгож байсан тухай баримт, Монгол Улсын Мэргэжсэн нягтлан бодогчийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд ажилтны хөдөлмөрлөж ажил үүргээ гүйцэтгэх явцад ажил олгогч байгууллага түүний цалин хөлсийг дутуу олгож байсан, мөн ээлжийн амралтын цалин хөлсийг олгоогүй, үндэслэлгүйгээр цалингаас суутгал хийгдсэн нь тогтоогдож байна. 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэгт “ Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана. “, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “ Хөдөлмөрийн гэрээний талууд энэ 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. “ гэж тус тус заажээ.

            Гэтэл нэхэмжлэгч Р.Алтанзул нь Хөдөлмөрийн хуулинд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлэн цалин дутуу олгосон анхны сар буюу 2009 оны 10 сараас хойш 6 жил 7 сарын дараа, ээлжийн амралтын цалинг 2010 оноос хойш 6 жилийн дараа, цалингийн суутгал хийгдсэн 2012 оны 11 сараас хойш 3 жил 6 сарын дараа гомдлоо шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцаанаас үүссэн, цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн талаарх маргааныг Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн маргаан гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Иймд хариуцагч Политехник коллежийн “ 770000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой “ гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгч Р.Алтанзулын “ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй ... “ гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагч Политехник коллежийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Р.Алтанзулын  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 138/ШШ2016/01385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Алтанзулын цалингийн зөрүү 449249 төгрөг, ээлжийн амралттай хугацааны цалин 988560 төгрөг, цалингаас суутгасан /өмгөөлөгчийн хөлсөнд/ 770000 төгрөг, нийт 2207809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. “ гэж өөрчилсүгэй.
  2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... үлдээж ...” гэснийг “ үлдээсүгэй. “ гэж өөрчлөн,  “ ...хариуцагч Дорнод аймаг дахь Политехникийн коллежоос 23030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Алтанзулд олгосугай.” гэснийг хүчингүй болгосугай.
  3.   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Алтанзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Политехник коллеж давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.      Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                     

                       

                     

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                    Я.АЛТАННАВЧ

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ