Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 794

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Д-, М.Ж-, Л.О-,

С.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Л.О-, М.Ж- нарын өмгөөлөгч Б.Болортуяа, Ц.Алтанцол,

шүүгдэгч М.Ж-,

шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

иргэний нэхэмжлэгч Ч.М-, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч Монгол Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн, 

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ж-, шүүгдэгч Л.О-, М.Ж- нарын өмгөөлөгч Б.Болортуяа, Ц.Алтанцол, иргэний нэхэмжлэгч Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Д-, М.Ж-, Л.О-, С.А нарт холбогдох 2015 2501 1780 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Д- нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор яллагдагч М.Ж-ы бусдаас худалдан авсан 7.3 кг алтыг С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

М.Ж- нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хувиараа алтны бизнес эрхэлдэг А.Сүнжидмаагаас 7.3 кг алтыг Ч.М-аар дамжуулан худалдан авч, уг алтыг Улаанбаатар хотод яллагдагч Л.О-т өгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу яллагдагч С.Ад хүргүүлэн, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Г.Д-аар Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэргийг үйлдэхийг зохион байгуулсан,

Л.О- нь яллагдагч М.Ж-аас 7.3 кг алтыг Улаанбаатар хотод хүлээн авч, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу таксигаар авч явж, 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөөний 04 цагийн орчим яллагдагч С.Аийнд очиж дамжуулан өгч, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

С.А нь уг алтыг Л.О-аас хүлээн авч өөрийн эзэмшиж буй 0073 ДГА улсын дугаартай автомашиндаа хийж, яллагдагч Г.Д-ад “чи гаргаад өгчих..” хэмээн хэлж урьдчилан тохиролцсоны үндсэн дээр түүнд автомашиныхаа түлхүүрийг өгч, энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар тус тус оролцсон хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар, М.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар, Л.О-, С.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Ж-, Г.Д-, Л.О-, С.А нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Ж- /зохион байгуулагч/, Д- /гүйцэтгэгч/, О-, А- /хамжигч/ нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар бүлэглэн нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М.Ж-, Г.Д-, Л.О-, С.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Д- 228 хоног, М.Ж- 216 хоног, Л.О- 242 хоног, С.А 227 хоног тус тус цагдан хоригдсон, иргэний бичиг баримт ирүүлээгүй, Г.Д-, М.Ж-, Л.О-, С.А нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 17, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолууд, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай ХААН банк дахь Лхамсүрэнгийн О-ын 5090367614 тоот төгрөгийн данс, Ганболдын Д-ын 53780606995 тоот харилцах данс, Мягмарын Ж-ы 5429164434 тоот дансны гүйлгээ хийх мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол, С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex, Д.Баярсайханы эзэмшлийн 0073 ДГА улсын дугаартай Land Cruiser-80 загварын автомашинуудын битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дуаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Монгол банкинд шилжүүлсэн 7.330,60 грамм алтыг Монгол банкинд хэвээр үлдээж, Монгол банкнаас 7.330,60 грамм алтны үнэ 455.528.593,38 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэйг сануулж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.А, Г.Д-, М.Ж-, Л.О- нарын урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр зорчих эрхийг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү. 

1. Ч.М-ыг М.Ж- хууран мэхэлж онц их хэмжээний хохиролд 2002 оны Эрүүгийн хуулиар оруулсан, 623.000.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алтыг нь авч залилсан гэмт хэрэг үйлдсэн байтал гэмт хэргийг шалгаагаагүй. М.Ж-ыг Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтаар яллагдагчаар татаагүй, ял завшуулсан. Үндсэндээ Ч.М-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй, эрхийг нь хязгаарласан /тухайн үедээ хохирогчоор тогтоогоогүй/.

2. Энэ алдааг залруулах гэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж урдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлж Ч.М-ыг хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна.

3. Ч.М-ыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ба М.Ж-ы гэмт үйлдлийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон нь тогтоогдсон. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон байх ба мөн тогтоолын 6 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь заалтыг үндэслэн эд мөрийн баримтаар хураагдсан 7.330.60 грамм алтыг Монгол Банкинд үлдээж, Монгол банкнаас 455.528.593,38 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар заалтын 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх устах эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно.” гэжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан заалтын ямар тодорхой заалт, нөхцөлийг нь алтыг хураан авах үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй байх ба мөн зүйл заалтын 1.1 хэсэгт заасан “Хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх” гэсэн заалтыг хэрэглэж алтыг Монгол Банкинд үлдээхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг нэг мөр хэрэглээгүй, иргэнийхээ халаасанд гар дүрж эд зүйлийг нь булаан авч байгаа бусармаг шийдвэр болсон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хураагдсан эд мөрийн баримт нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтан, нийгэмд хор аюултай, түүнчлэн түргэн муудах, гэмтэх устах нөхцөлтэй эд зүйл байвал, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан байдлаар шийдвэрлэхээр хуулийн заалттай, огт өөр утгатай заалт байтал, хуулийг буруу хэрэглэж буруу тайлбарлаж алтыг Монгол Банкинд үлдээж Ч.М-ыг хохиролд оруулж байгаад гомдолтой байна.

Хэрэв алтыг буцаан олгох боломжгүй гэж шүүх үзсэн бол Монгол Банкнаас алтны үнэ 455.528.593 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах биш, нэхэмжлэгч Ч.М-д олгуулж, шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгг “Энэ зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгө орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн, хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдол шүүхийн шийдвэрээр эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө” гэсэн заалтад нийцэх учиртай.

Гэтэл 623.000.000 төгрөгөөрөө хохирсон Ч.М-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг нь хүчингүй болгож, хүчээр түүний алтыг улсын орлогод оруулж байгаа нь төр иргэнийхээ эрхийг үл хүндэтгэсэн хуулиар далайлган эд хөрөнгийг нь булааж улсын орлогод оруулж, хувийн хөрөнгөд нь халдаж хохирол үзүүлж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Хэрэгт холбогдсон Г.Д- Монгол болон Хятад улсын хил давж, алттай машинаар 2 улсын хил, гаалийг нэвтэрсэн Эрээн хотод байх үед нь Монгол Улсын тагнуулын байгууллагын ажилтнуудын даалгавраар эргэж орж ирэх, алтыг авчрах даалгаврыг хэргийн холбогдогч С.Аээр дамжуулан Г.Д-ад өгч, 35-77 улсын дугаартай Хюндай Старекс загварын автомашиныг буцааж, Хятадын болон Монгол Улсын хил гаалийн журам зөрчүүлж оруулан алтыг хураан авсан нь, төр иргэнээ эрсдэлд оруулж эрх ашгийг нь хөндөж гэмт хэрэгт турхирсан ноцтой зөрчил хэрэг болно. Хэрэв Г.Д- Хятад Улсын хил дээр баригдсан бол тэр улсын хуулиар ямар ял шийтгэл авах байсныг хэн мэдэх вэ.

Тэгвэл зөвхөн алтыг нь авахын тулд түүний эрхийг нь зөрчиж амь насыг нь эрсдэлд оруулж хилийн цаанаас дуудсан болж таарч байна уу? Хэрэв Ч.М-ын алтыг Хятадад гаргаж зарах зорилго хэргийн холбогдогч нар агуулж байсан бол Г.Д- эргэж алтыг авчрахгүй байсан бөгөөд алт нь хураагдахгүй Хятадад үлдэж, мөнгө нь Ч.М-д төлөгдөх боломж бүрдэх байж. Гэхдээ тийм зорилго агуулаагүй байсан учраас алтыг Г.Д- эргүүлэн авчирч, Тагнуулын ажилтнууд хураан авч, эцэстээ улсын орлого болгож, жирийн иргэн Ч.М- ганцаараа хохирч үлдэж байгаа нь хэр шударга юм бол. Яагаад Ч.М- ганцаараа хохирсон бэ гэхээр хэрэгт холбогдсон 4 шүүгдэгчийн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болж ял зэмлэл огт хүртээгүй, эд хөрөнгийн хохирол төлбөр тэднээс гаргаагүй. Ч.М-ын 623.000.000 төгрөг нь бусдаас олон хүнээс зээлсэн эргэж төлөх нөхцөлтэй, үүрэгтэй мөнгө бөгөөд захаасаа түүнийг цагдаа шүүхийн байгууллагад өгч өр төлбөрөө нэхэж эхлээд байна. Эрхэм шүүгч та үнэн зөв, шударга дүгнэлт гарган хураагдсан алт (эсвэл үнийг) Ч.М-д олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.Ж- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний хувьд 3-13 насны хүүхдүүдтэй, “JSF” ХХК-д менежер ажилтай байсан. Энэ хэргийн улмаас удаан хугацаанд хоригдон шалгагдаж, ажил төрөлгүй болж, дээрээс нь 623.000.000 төгрөгийн өрөнд орох дээрээ тулаад байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэв.

Шүүгдэгч Л.О-, М.Ж- нарын өмгөөлөгч Б.Болортуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т “Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд “улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна. Гэтэл энэ хэргийг Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлээгүй, үл таних Г.Д- гэгч юу нь үл мэдэгдэх эд зүйлийг 2 улсын хилээр нэвтрүүлээд мөн л 2 улсын хилээр буцаан оруулж ирсэн байдаг.

2.Гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, объектив болон субъектив нөхцөл байдал мөн гэмт хэргийн сэдэлт, зорилгоо хэрэгжүүлсэн байдал, үйлдлийн арга, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол, хор уршгийг тодорхойлох нөхцөл байдлууд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамаардаг.

Дээрх нөхцөл байдлууд хангалттай, хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” Энэ нь “эргэлзээтэй нотлох баримтыг ямар ч тохиолдолд шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн үзэл баримтлал билээ. Гэтэл шүүх өмнө нь энэ хэрэгт өгч байсан шүүхийн тогтоол, магадлалд дээрх байдлууд дурдагдсаар байхад үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар Нотолбол зохих байдал нотлогдож, тогтоогдсон гэдэгт эргэлзээ бүхий байхад хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

4.Бид өнөөдөр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эдгээр шүүгдэгчдийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хууль зүйн талаас үнэлэлт, дүгнэлт өгч гэмээ нь гэм буруугийн асуудал яригдах ёстой. Гэтэл /3хх-102/-р талд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны 188 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” тогтоолд доорх зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай.

- “Шүүгдэгч М.Ж-ыг прокурор 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хувиараа бизнес эрхэлдэг А.Сүнжидмаагаас 7,3 кг алтыг худалдан авч уг алтыг 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Г.Д-аар Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор хилээр хууль бусаар нэвтрүүлж гэмт хэргийг зохион байгуулсан гэж яллаж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн баримтаар М.Ж- нь Улаанбаатар хотод бусдаас худалдаж авсан нь хууль зөрчсөн асуудал биш, Хятад улсын иргэн Ма-д алтыг Замын Үүдэд хүргэж өгөхөөр тохирсон болохыг Л.О- давхар нотолж байгаа, М.Ж- нь энэ хэрэгт холбогдсон С.А, Г.Д- нарыг огт танихгүй, алтыг улсын хилээр гаргахыг зааж зөвлөсөн, зохион байгуулсан байдал огт харагдахгүй байхад энэ хэргийг зохион байгуулсан гэж ялласан нь ойлгомжгүй. Иймд шүүгдэгч Ж-, О-, Батсайхан, А-, Д- нарын улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт оролцсон оролцоо, санаа зорилгыг нэг бүрчлэн шалгаж, нотлох баримтаар тогтоох шаардлагатай гэж дүгнэж байсан бол, /7хх 105/ Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар магадлалын 2-т:

- Дээрх тогтоолын заалтуудыг бүрэн биелүүлээгүй, нэг бүрчлэн шалгаж, нотлох баримтаар гэмт хэрэгт оролцсон оролцоо, санаа зорилгыг тогтоох заалт бүрэн хэрэгжээгүй,

- ТЕГ-ын ажилтнууд буюу гүйцэтгэх ажил явуулсан ажилтнууд болох Ц.Энхтулга, Э.Ууганбаяр, Б.Санчирдорж нарыг гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Мөн тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар бүрдүүлж байгаа нь одоо /7хх-225, яллах дүгнэлтийн 37, 38-д гэрч Ц.Энхтулга, Э.Ууганбаярын мэдүүлэг/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар “нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авна” гэдгийг зөрчсөн болно.

- Шүүгдэгч нар нь гэмт хэргийг хамтран оролцсон талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт, сэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т нийцүүлэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой талаар шүүхийн тогтоолд дурдсан байгаад огт ач холбогдол өгөөгүй.

- эд мөрийн баримтыг хэний тогтоолоор дур мэдэн хайлуулах ажиллагаа хийсэн болохыг тогтоох,  Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалуулахаар өгсөн зүйл нь ... энэ хэргийн эд мөрийн баримт мөн эсэхийг тогтоолгохоор заасан заалт мөн бүрэн хэрэгжээгүй. /одоогийн мэдүүлгүүд нь 7хх-195 гэрч З.Мөнгөнбагана, 7хх-196 гэрч Т.Саруулхангай-үнэт металл хайлагч, 7хх-202 гэрч Алтансүх-Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч/.

- Л.Энхжаргал, Ж.Батбаатар нар шинжилгээ хийсэн ба Ж.Батбаатарыг шинжээчээр биш, гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар “хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт, сэлт, мэдээлэл буюу нотлох баримт гэж үзэх боломжгүй. /7хх-198-д гэрчээр дахин байцаасан тэмдэглэл/

- Шүүхийн тогтоолд зааснаар шар өнгийн металл зүйлийн эзэмшигч нь хэн болох буюу иргэний нэхэмжлэгчийг тогтоох ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй. Ч.М-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон атлаа гэрчийн мэдүүлэг авсан нь ойлгомжгүйн гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд нийцээгүй гэж дүгнэж байсан.

Гэтэл 7хх-163 тал Мөрдөн байцаагчийн тэмдэглэлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгч нь мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх, үүрэгт нь тусгагдаагүй байна. Иймд Ч.М-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгааг тэмдэглэв” гэсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж ажиллагаа хийх жишээтэй.

-Эд   мөрийн   баримтаар   хураагдсан   алтны   хэмжээ   үнэт   металл   хайлсан   тухай 00000808 тоот актаар хайлалтын дараах жин нь 7336.5 байхад /1хх-131/ Тагнуулын ерөнхий газраас Монгол банкны эрдэнэсийн санд хүлээлгэн өгсөн актаар 7324.90 /3хх-125/ болж алтны хэмжээ багассаны шалтгааныг тодруулах шаардлагатай гэсний дагуу Ж.Батбаатараас тодруулж, тэрээр “7.336.5 гр байхаас Монгол банкинд очоод жигнэхэд 7.330.6  гр болсон  нь  манайд өрөмдөж авсан жинг тооцоогүй байх магадлалтай, тэрнээс жин хоорондын зөрүү гарахад ийм их хэмжээтэй байхгүй байх” гэсний дагуу зөрүү алтны талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Энэ алт хайчив.

Хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн эсэх тухайд:

7хх-105-120 Давж заалдах шатны шүүхийн магадлал авагдсан, 225-р талд яллах дүгнэлт. Нийт 105 хуудсанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш хийгдсэн ажлууд байгаа. Юу, юу хийгдсэнийг нотлох баримтаар шинжлэн судалсан.

120-162-Эрүүгийн хэргийг хүлээн авч мөрдөн байцаалт явуулах тогтоол.

163-Мөрдөн байцаагчийн тэмдэглэл

180-Мөрдөн байцаагч Д.Сарансүхийн үүрэн гар утсанд үзлэг

188 хүртэл-Фото зургууд

189-Л.Энхжаргал

193-Д.Сарансүх

195-З.Мөнгөнбагана

196-Т.Саруулхангай

198-Ж.Батбаатар

200-Ч.Оюунтуяа

202-Д.Алтансүх

204-207 Хэргийг танилцуулна

208-Яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол

225-Яллах дүгнэлт

Эдгээр нотлох баримтаар тэднийг гэм буруутай гэж үзэх мөн хэргийн талаар нотолбол  зохих ажиллагаанууд хангалттай хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

5. Өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд 4 үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай заалтыг шинэчлэн найруулсан хуулиар хасч, зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан, бид эдгээр хүмүүст холбогдох үйлдэл холбогдлыг хэд хэдэн удаа хянан хэлэлцээд шүүхийн 2 шатнаас гэм буруугийн асуудалд эргэлзээтэй зүйл маш их байсан учраас хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж байсан боловч өнөөдрийг хүртэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүргийг хүлээсэн прокурор нотолж чадаагүй байхад шүүх дан ганц яллах талын байр сууринаас дүгнэлт хийж, өмнөх шүүхийн гаргасан тогтоол, магадлалд ач холбогдол өгөлгүй, тэдний үйлдсэн үйлдлийг бүлэглэн үйлдсэн гэж хийсвэр дүгнэлт өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг үндэслэн эд мөрийн баримтаар хураагдсан 7.330.60 грамм алтны асуудлыг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн ноцтой зөрчил юм. Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г зүйлчлэн оруулсан ба 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан.

2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т: “Гэмт хэргийн ангилал” энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасанчлан М.Ж-,   Л.О- нар нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон билээ. Хэрэгт “эд мөрийн баримтаар хураагдсан” АЛТ бол гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө биш юм. Тэрээр тухайн алтыг зах зээлийн ханшаар худалдан авсан болох нь иргэний нэхэмжлэгч Ч.М-ын мэдүүлэг 1хх-102-104, 5хх-4-5: Сүнжидмаагаас 623.000.000 төгрөгөнд алт авч Одхүү ахад өгсөн гэх мэдүүлэг, гэрч А.Сүнжидмаагийн мэдүүлэг 1хх-111-113 талд бараг 600.000.000 төгрөгийн алт М-д худалдсан гэх мэдүүлгүүдээр нотлогддог ба түүнийгээ бусдад худалдах санаа зорилготой  байсан болохоос бус үл таних Д-, А- нарын үйлдлээс болж хилээр гарчихна гэж огт бодоогүй. Хэрвээ эдгээр хүмүүс санаа зорилго   нэгтэй бүлэглэж үйлдсэн бол холбоо мэдээлэлтэй байж, нэгэнт хилээр гарчихсан зүйлийг буцаан оруулж ирэхгүй л байх байсан болов уу. Түүнчлэн бие биенээ танихгүй хүмүүс хэрхэн урьдчилсан тохиролцох билээ.

Хэрэв тэд алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэх санаа, зорилготой байсан бол тэр зорилго нь биелээд байхад, урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн бол Д- тухайн алтыг хилээр буцаан оруулах хэрэг юу билээ. Эс бөгөөс Д- тухайн гэмт хэргийг хилээр нэвтрүүлэх үүргийг хүлээж гүйцэтгэх байсан юм бол дахин хилээр буцаан оруулж байгаа нь гэмт хэргийг туйлд нь хүргэлгүйгээр тохиролцсоноосоо өөр гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрж гүйцэтгэх үйлдэл хийгээд байгаа болно. Түүнчлэн А-ийг утсаар яриулж “авч гарсан юмаа буцаагаад оруулаад ир” гэж хэлүүлж байгаа үйлдлийг зөрж үйлдсэн гэмт хэрэгт нь оролцсон гэж үзэх үү.

Тэгвэл мөн хуулийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан энэ үйлдэлд нь оролцоогүй Ж-, О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хэр хууль зүйн үндэслэлтэй вэ. Гэтэл шүүх бүлэглэсэн гэсэн дүгнэлтийг өгөөд зогсохгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалт болох “хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэсэн заалтыг хэрэглэлээ. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ. Энэ нь шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах арга хэмжээг хэрэглэж болно гэсэн заалт байтал ял шийтгэл оногдуулаагүй атлаа нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлгүй билээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцож, М.Ж-, Л.О- нарт холбогдох үйлдэл холбогдлыг цагаатгаж, эд мөрийн баримтаар хураагдсан 7.330.60 грамм алтыг М.Ж-д буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Л.О-, М.Ж- нарын өмгөөлөгч Ц.Алтанцол гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтооол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1,7, 21 дүгээр зүйлд заасан болон Эрүүгийн хуулийн 3.3, 3.5, 3.7 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, миний өмгөөлөлд байгаа М.Ж-, Л.О- нарын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, удаан хугацаагаар чирэгдүүлэн, өмч хөрөнгийн хувьд хохироосон шийдвэр гаргасанд бид давж заалдах шатны шүүхэд хандаж байна.

Улсын Их хурлын 2001 оны 85 дугаар тогтоолоор “дотоодын алтны зах зээлийг чөлөөлсөн” шийдвэр гаргасан бөгөөд энэ тогтоолын дагуу Санхүү, эдийн засгийн сайдын 117 дугаар тушаал гарч “Алт олборлогч байгуулага, иргэдийн” үйл ажиллагаанд татварын хяналт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар заасан юм.

Энэ тогтоол, тушаалаар улсын хилийн дотор алтыг худалдах, худалдан авах, тээвэрлэх, хадгалах үйлдэл чөлөөтэй болсон бөгөөд шүүгдэгч М.Ж-ы Ч.М-аас алт худалдан авсан, Л.О-аар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл тээвэрлэсэн буюу С.Ад хүргүүлэн, хадгалуулсан явдал нь хууль ёсны ба хуулиар хориглоогүй, гэмт үйлдэл биш билээ.

Гэтэл анхан шатны шүүх үүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцон тэднийг гэм буруутай гэж үндэслэлгүй дүгнэсэн төдийгүй М.Ж-ы худалдан авсан 7.330.60 грамм алтыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь бидэнд ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого эсхүл учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 4-д “...хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэсэн болохоос улсын орлого болгохоор заагаагүй байна.

М.Ж-, Л.О- нар нь улсын хилээр алтыг нэвтрүүлсэн, эргүүлэн авчирсан үйлдэл хийсэн шүүгдэгч Г.Д-ыг өмнө танихгүй байсан, түүнийг улсын хилээр алтыг гаргасныг мэдээгүй, энэ үйлдлийг М.Ж- санаачлаагүй, удирдсан. төлөвлөсөн, үүрэг оролцоог хувиарласан, оролцоо байхгүй байхад түүнийг зохион байгуулсан гэж, Л.О- Г.Д-ын үйлдэлд хамжин оролцоогүй, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлээгүй байхад хамжин оролцсон гэж үндэслэлгүй дүгнэж, Г.Д-ын гэмт үйлдэлд хураалгасан эд мөрийн баримт болох алтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр бүлэгт заасныг зөрчсөн, буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэгт бид гомдолтой байна.

М.Ж-ы худалдан авсан гэх алтны жин, үнэ, түүнийг хууль ёсоор худалдан авсан гэдэг нь гэрчийн мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, ашиг гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд М.Ж-, Л.О- нарын Г.Д-ын үйлдэл, гэмт хэрэгт оролцоогүй, гэм буруугүй гэдгийг дүгнэн, тэднийг цагаатгахын зэрэгцээ эд мөрийн баримт болох алтыг Ч.М-д олгон, М.Ж-ыг их хэмжээний төлбөрөөс чөлөөлсөн хууль ёс, шударга байдалд нийцсэн шийдвэр гарган, анхан шатны шүүхийн тогтоолын алдааг залруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Аийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт татагдах хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байна гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. С.Аийн хувьд эдгээр хүмүүсийг танихгүй, энэ хэргийн улмаас 227 хоног цагдан хоригдож, эрх чөлөөгөө хасуулж, хохирсон. Миний үйлчлүүлэгч дахин энэ асуудлыг сөхмөөргүй байна гэсэн байр суурьтай байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Энэ хэрэгт ямар ч холбоогүй атлаа 20 жилийн хөдөлмөр, гадаадад ажиллаж цуглуулсан мөнгөөрөө Монголдоо ирээд 10 гаруй жилийн хугацаанд валютын арилжаа хийж байсан. Өдөр болгон урьдчилан мөнгөө өгч, захын ченж нар 10 жил түншилсэн хүмүүст итгэлцлийн хүрээнд урьдчилан мөнгөө өгч бид 10, 20 мөнгөний зөрүү дээр ажилладаг. Тухайн үед 30-40 мөнгөний зөрүү харагдсан ба М.Ж- нь надад “алт олж өгч чадах уу” гэхээр нь найман шаргын өөдөөс харсан алтны ченжтэй холбоотой байдаг, валют зардаг, надаас мөнгө авдаг, оронд нь валют өгдөг Сүнжидмаагаас алт худалдаж аваад М.Ж-д өдөртөө мөнгөө буцааж авах зорилготой алтыг өгсөн. Гэтэл орой 5-6 цаг болж банк хаасан. М.Ж- маргааш өглөө данс руу мөнгө хийе, эсхүл аваачаад өгье гэсэн. Ингээд итгэлцлийн үүднээс захын ченж бүрийн өдөрт тутамдаа урьдчилж мөнгөө өгөөд буцааж авдаг учраас би хүлээхээр болсон. Би 10 гаруй жил М.Ж-тай түншилсэн учраас итгэж байсан. Өмнө нь нэг ч удаа ийм тохиолдол гараагүй. Надад мөнгө нь ирдэг байсан, нэг өдөр хонуулаад авч байсан. Энэ 623.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөг нь миний харилцагчийн мөнгө харин 523.000.000 төгрөг нь миний 20 гаруй жилийн хөдөлмөр байсан. Энэ мөнгөнөөс болоод би өнөөдөр шүүх дээр залилан хийсэн хэргээр дуудагдаж байна. Энэ 500.000.000 төгрөгийг хүйтэнд хөрж, халуунд халж олсон мөнгийг улсын орлого болгосонд гомдолтой байна. Тэр алт бол миний өмч, хууль бусаар олсон мөнгө биш. Өөрийнхөө алтыг гаргуулж авмаар байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.М-ын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт Ч.М-ын хувьд өмгөөлөгч Г.Энхтүвшинг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж оролцуулсан. Ч.М- өөрөө хэргийн материалтай танилцаагүй. Анх танилцахдаа энэ хэрэгт хэдэн килограм алт дутаж, юу болоод байгаа талаар ямар ч ойлголтгүй. Хуульчидаа итгэсээр ирсэн байдаг. Тийм учраас шүүх бүрэлдэхүүний асуултад бүрэн зөв хариулж чадахгүй байгаа байх. Энэ хэрэг иргэний нэхэмжлэгч Ч.М-ын хүсэлтээр давж заалдах шатны шүүх хуралдаанд Г.Д-, М.Ж-, Л.О-, С.А нарт холбогдох хэрэгт иргэний хариуцагч Г.М-ын өмгөөлөгчөөр оролцож байна.

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Д- М.Ж-, Л.О-, С.А нарт холбогдох хэрэгт иргэний хариуцагч Ч.М-ын иргэний нэхэмжлэлийн талаар хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Энэ нь Г.М- иргэний нэхэмжлэгч мөн болох тухайд:

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан "иргэний нэхэмжлэгч" гэдэг заалтад нийцээгүй этгээд болох Ч.М-ыг шүүгдэгч Г.Д- М.Ж-, Л.О-, С.А нарын хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэсэн гэмт хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь ойлгомжгүй гэсэн. Энэ алтыг Ч.М- мөнгөөрөө худалдан авсан, энэ алтны үнэд тохирсон юанийг М.Ж- өгөх үүргээ биелүүлээгүйгээс болоод өнөөдрийг хүртэл Ч.М- хохирч байгаа үйл баримттай хэрэгт авагдсан материал болон бичгээр өгсөн мэдүүлгүүдээр холбогдогч М.Ж- нар огт маргадаггүй. Өөрөөр хэлбэл, уг алт нь Ч.М-ын шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө худалдан авсан алт бөгөөд хүний шударга хөдөлмөрөө олсон эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл мэт улсын орлогод шууд хураан авах хууль зүйн зохицуулалт байхгүй. Шүүгдэгч М.Ж-, Г.Д-, Л.О-, С.А нарын улсын хил нэвтрүүлэх гэж байсан алт нь ямар нэг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл огт биш бөгөөд Ч.М-ын мөнгөөрөө худалдан авсан, мөнгөн дүнд нь тохирсон алт болох нь эргэлзээгүй төдийгүй уг алтыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр аваагүй, гэмт хэрэг үйлдэж олж аваагүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

2. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан. Гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс опсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

3. Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.

4. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.

Иймээс өөрийн эд хөрөнгийг шаардаж энэ хэргийн оролцогч болсон Ч.Мөнх- Учралыг иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтад тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Хууль зүйн үндэслэлтэй тогтоогдсон Ч.М-ыг Иргэний хуулийн заалт барин дүгнэж, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь ойлгомжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт эд мөрийн баримт болж буй зүйлийг өөрийн эд зүйл гэж шаардаж буй иргэний хөрөнгийг хуулийн ямар нэг үндэслэлгүйгээр хураан авч улсын орлого болгосон нь буруу.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ/-г хэрэглэж уг алтыг улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Энэ үйл явдал болсон 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дагаж мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд “Эд хөрөнгө хураах” нь тус хуульд заасан ялын төрөл болж байсан. Тиймээс эд хөрөнгө хураах ялыг тус хуулийн 49 дүгээр зохицуулж байсан. Энэ үйлдлийг шүүхээр хянан шийдвэрлэх үе буюу 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр дагаж мөрдөгдөж байсан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “Эд хөрөнгө хураах” ял байхгүй болсон. Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэдэг албадлагын арга хэмжээний төрөл болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.З дахь заалтыг хэрэглэн Ч.М-ын мөнгөөрөө худалдаж авсан 7.330.60 грамм алтыг улсын орлого болгож байгаа нь М.Ж-, Г.Д-, С.А, Л.О- нарт хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага болж огт чадахгүй байна. Харин ч тэдэнд хүлээлгэж байгаа хариуцлага биш, Ч.М-д хариуцлага хүлээлгэж байгаа болж байна. Түүнчлэн, М.Ж-, Г.Д-, С А-, Л.О- нарт холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон атлаа гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага болох албадлагын арга хэмжээний заалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан /xөpөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ/-г хэрэглэж уг алтыг улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй ба Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд 2002 оны Эрүүгийн хууль шиг Эд хөрөнгө хураах, улсын орлого болгох эрх зүйн зохицуулалт огт байхгүй байгааг анхаарах нь зүйтэй ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл нь “Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г зохицуулсан ба энэ зүйлийн заалт нь бүхэлдээ хохирогчийн хохирлыг барагдуулахад чиглэгдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэсэн нь хууль зуйн үндэслэлгүй. Хэрэгт битүүмжлэгдсэн алт нь эд мөрийн баримт юм. Өөрөөр хэлбэл, 7.330.60 грамм алтыг /хязгаарласан эд зүйл болох, хэмжээг нь тогтооход тус тус ач холбогдолтой эд зүйл/ хууль бусаар хил нэвтрүүлсэн гэдгийг нотолж буй эд мөрийн баримт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл. бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх. хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.” гэжээ.

Шүүх хэргийн эд мөрийн баримт болохыг нь зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкинд шилжүүлсэн алтыг Монгол банкинд хэвээр үлдээж, Монгол банкнаас мөнгийг нь гаргуулан улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх уг дүгнэлтийг гаргахдаа баримталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл /Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх/ зааптын 1 дэх хэсэгт “эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцаан өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргах эрхтэй ба 1.1-т хэрэгцээний дагуу зохих байгүуллагад шилжүүлэх гэж заажээ. Гэтэл уг алтыг мөнгөөр худалдан аваад хураагдсанаас болоод хохироод байгаа иргэний нэхэмжлэгч Ч.М- байхад уг алтыг улсын орлого болгоё гэж санал гаргах хууль зүйн үндэслэлгүй байсан бөгөөд ийм санал гаргаагүй байхад шүүх ямар нэг зүйл заалтыг баримтлалгүйгээр эд мөрийн баримт болох алтыг улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, шүүхийн баримталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл /Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх/ заалтын 6 дахь хэсэгт “Xaвтаст хэргийн хэргийн материал, хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын өрөнхий прокурор хамтран батална.” гэж заасан эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэхэд баримтлах журам батлах заалтыг хэрэглэж улсын орлого болгосон нь үндэслэлгүй байна. Журам гаргах заалтыг баримтлан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар няцаасан тайлбар хийх боломжгүй. Иймд эд мөрийн баримт болох алтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл /Хураан авсан хөрөнгө орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх/ заалтын 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хууль ёсны эзэмшигч Ч.М-д нь буцааж өгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Монгол Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэт металаар Монгол улс гадаад валютаа нэмэгдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл энгийн бараа биш, ямар нэг хязгаарлалт улсын хэмжээнд татвар тогтоож, гэрчилгээ олгож, хэн, хаана, ямар хэмжээний алт хэрхэн олборлож байгаа талаар Монгол улс мэдэх ёстой. Үүний дагуу хураагдсан 7.3 кг алтны хувьд татвар төлж, сорьц хийгдээгүй. Монгол улсад сорьц тогтоодог нэг л газар байдаг. Ченж нар хувийн сорьцны үйл ажиллагаа явуулсан. Энэ нь албан бус ажиллагаа. Иймд Монгол улсад татвар төлсөн баримтгүй үүнийг  Монгол улсын өмч болгож, орлогоор авах нь зүйтэй гэсэн байр суурь хэвээр байна гэв.

Прокурор Ч.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Ж- 9 дүгээр сарын 10-ны өдөр валютын ченж Ч.М- гэх эмэгтэй рүү утсаар холбогдоод 600.000.000 гаруй төгрөг зээлээч гэж хүссэн. Мөнгө зээлэх нь бүтээд ирэхээр М.Ж- наад мөнгөндөө алт аваад өгөөч гэдэг. Ч.М- алтны ченж Сүнжидмаагаас алт авъя гээд худалдаж авсан. 7.3 кг алтыг М.Ж- Ч.М-аар авхуулахдаа өөрийн найзаараа авхуулаад, улмаар багын найз Л.О-т дамжуулж, Замын-Үүдэд хүргэж өгөх ёстой гэж урьдчилан үгсэн тохиролцож улмаар Л.О- алтыг авч Замыг-Үүдэд С.Ад дамжуулж өгсөн. С.А уг алтыг Замын-Үүдэд хилээр Л.Д-ад өгснөөр Л.Д- хуулиар хязгаарласан алтыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн. Өмгөөлөгч нар хураагдсан 7.3 кг алтыг улсын орлого болгосоныг эс зөвшөөрч, мөн гэмт хэрэг үйлдсэн газар цаг хугацаа, объектив, субъектив нөхцөл байдлыг тогтоогоогүй. Хор уршиг тодорхойлогдоогүй гэж гомдол гаргадаг. Энэ гэмт хэрэг шунахайн сэдэлтээр ашиг олох сонирхлоор Монгол улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн болох нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, холбогдсон хүмүүстэйгээ мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Мөн прокурор болон анхан шатны шүүх таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэдэг. Яллах дүгнэлтэд прокурорын зүгээс 43 нотлох баримтыг дурдсан. Мөн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэг, шүүгдэгч болон бусад оролцогч нараас дахин мэдүүлэг авч, нотлох баримтыг дахин шинжлэн судалснаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн бодит байдлыг тогтоосон.

Өмгөөлөгчийн 1 кг алт алга болоод мөнгөн метал болсон гэдэгт байгаль дээр түүхийгээр оршиж байгаа алтыг олборлоход түүн дотор олон янзын метал агуулагдаж байдаг. Алтыг цэвэршүүлж ирсэн нь 115 сорьцтой мөнгөн, алт гарч ирсэн. Алтны сорьц нь 874.12 буюу 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөр үнэлгээ тогтооход Сүнжидмаа Ч.М-д зарсан алт нь байгалаас олборлосон бохир алт. Уг алтаа Сүнжидмаа Монгол банкинд тушаах гэж цуглуулж байсан гэж мэдүүлдэг. Гэтэл Ч.М- “надад зарчих,  би ашиг олно” гэсэн болохоор Ч.М-д зарсан. Ч.М-д бохир жингээрээ байгалиараа байсан алтыг зуухандаа гулмайлаад тавьсан байсан. Алтыг зөвхөн үнэт метал, сорьц тогтоох итгэмжлэгдсэн лаборатори Монгол улсад нэг байдаг. Энэ лабораторид алтны сорьцыг тогтоосноор Монгол банк худалдаж авч, худалдаж авахдаа ашигт малтмалын нөөц ашигласныг тогтоож, татвар аваад улсын хил нэвтрүүлэх учраас хязгаарлалт тогтоосон. Эдгээр зүйлийг шүүгдэгч нар зөрчиж, гэмт хэргийн сэдэлтээр ашиг олохоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.М-ын хувьд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийг нөхөн төлүүлэх болон сэргээлгэхээр  шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоож, ажиллагаа явуулахад мөрдөн байцаалтад М.Ж-, Ч.М- нар мэдүүлэгтээ хоорондоо бид амаар гэрээ байгуулсан. Тийм болохоор бусдаас залилсан мөнгөөрөө М.Ж-д алт худалдаж авч өгөөд М.Ж-д өмчлөлийг шилжүүлснээр М.Ж-ы өмч болсон. Ийм учраас Ч.М- Монгол улсын хилээр хууль бусаар бараа эд зүйл нэвтрүүлсэн хэрэгт холбогдолгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Ингээд алт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй асуудал юм. Яагаад гэхээр М.Ж- нь GSP ХХК-д менежер хийдэг. Тэгэхээр энэ хүн ченж биш, өөр ажил эрхэлдэг хүн. М.Ж- амаар тохиролцон мөнгө зээл, зээлсэн мөнгөндөө алт авч өг гэснээр Ч.М- алт авч өгөөд М.Ж- дамжуулж өгөөд гэмт хэргийг зохион байгуулж улсын хилээр нэвтрүүлж байна. Энэ асуудалд Ч.М- иргэний нэхэмжлэгч байх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль нийцсэн байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Г.Д- нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор М.Ж-ы бусдаас худалдан авсан 7.3 кг алтыг С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

М.Ж- нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хувиараа алтны бизнес эрхэлдэг А.Сүнжидмаагаас 7.3 кг алтыг Ч.М-аар дамжуулан худалдан авч, уг алтыг Улаанбаатар хотод Л.О-т өгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу С.Ад хүргүүлэн, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Г.Д-аар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэргийг үйлдэхийг зохион байгуулсан,

Л.О- нь М.Ж-аас 7.3 кг алтыг Улаанбаатар хотод хүлээн авч, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу таксигаар авч явж, 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөөний 04 цагийн үед С.Аийнд очиж дамжуулан өгч, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

С.А нь уг алтыг Л.О-аас хүлээн авч өөрийн эзэмшиж буй 0073 ДГА улсын дугаартай автомашиндаа хийж, Г.Д-ад “чи гаргаад өгчих..” хэмээн хэлж урьдчилан тохиролцсоны үндсэн дээр түүнд автомашиныхаа түлхүүрийг өгч, алтыг дамжуулан энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар тус тус оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт М.Ж- /1хх-240, 8хх-86/, Л.О- /1хх-203, 204, 207, 8хх-86/, С.А /1хх-216-217, 8хх-86/, Г.Д- /1хх-228, 8хх-86/, мөрдөн байцаалтад гэрч Э.Цэлмүүн /1хх-90/, Н.Найдалмаа /1хх-92/, Г.Лхагва /1хх-94, 5хх-10/, Б.Билгүүн /1хх-96, 5хх-9/, Ү.Сангидорж /1хх-98/, Б.Ж- /1хх-99-100, 5хх-22/, Д.Баярсайхан /1хх-101/, Ч.М- /1хх-102-105, 108, 5хх-4-5/, Б.Бат-Эрдэнэ /1хх-109/, А.Сүнжидмаа /1хх-111-113, 5хх-13/, Б.Оюунцэцэг /1хх-114/, Ц.Энхтулга /5хх-16/, Э.Ууганбаяр /5хх-17/, Б.Сангидорж /5хх-18-19/, Ж.Батбаатар /5хх-20-21/ нарын өгсөн мэдүүлгүүд, 35-77 УНП улсын дугаартай автомашины орох чиглэлийн хяналтын талон /1хх-6/, Улс хоорондын нийтийн болон суудлын тээврийн хэрэгслийн хяналтанд хамруулсан тухай №103263 дугаар мэдэгдэл /1хх-7/, 35-77 УНП улсын дугаартай “Хьюндай Старекс” загварын микроавтобусанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл /1хх-9-11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-14/, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах тухай №0003898 хуудас /1хх-20/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-21-40/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-42, 47/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-65-70/, хураан авсан тэмдэглэл /1хх-72/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1хх-74, 76/, эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /1хх-77/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-80/, 4 ширхэг гэрэл зураг таньж олуулсан тухай тэмдэглэл /1хх-106, 107/, үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1хх-130/, үнэт металл хайлсан тухай №00000808 тоот акт /1хх-131/, алтан гулмай хүлээн авсан акт /1хх-133/, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-135/, Монголбанкны Эрдэнэсийн санд 306 дугаартай 1 ширхэг алтан гулдмайн үнийг тооцсон 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А-7/1008 тоот албан бичиг, хавсралт /2хх-185, 186/, Иргэний харьяалал, Шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 06/5251 тоот улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /2хх-205, 206/, гар утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-131-138/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үнэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тухайн хэрэгт хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдсонгүй.

Иргэний нэхэмжлэгч Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн “...Ч.М-ын 623.000.000 төгрөг нь бусдаас олон хүнээс зээлсэн эргэж төлөх нөхцөлтэй, үүрэгтэй мөнгө бөгөөд ... хураагдсан алт (эсвэл үнийг) Ч.М-д олгуулах шийдвэр гаргаж өгнө үү...”,

шүүгдэгч М.Ж-ы “...хэргийн улмаас удаан хугацаанд хоригдон шалгагдаж, ажил төрөлгүй болж, дээрээс нь 623.000.000 төгрөгийн өрөнд орох дээрээ тулаад байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна...”,

шүүгдэгч Л.О-, М.Ж- нарын өмгөөлөгч Б.Болортуяагийн “...Гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, объектив болон субъектив нөхцөл байдал мөн гэмт хэргийн сэдэлт, зорилгоо хэрэгжүүлсэн байдал, үйлдлийн арга, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол, хор уршгийг тодорхойлох нөхцөл байдлууд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамаардаг. Дээрх нөхцөл байдлууд хангалттай, хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар магадлалын заалтуудыг бүрэн биелүүлээгүй, нэг бүрчлэн шалгаж, нотлох баримтаар гэмт хэрэгт оролцсон оролцоо, санаа зорилгыг тогтоох заалт бүрэн хэрэгжээгүй,

- ТЕГ-ын ажилтнууд буюу гүйцэтгэх ажил явуулсан ажилтнууд болох Ц.Энхтулга, Э.Ууганбаяр, Б.Санчирдорж нарыг гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ гэж заасантай нийцээгүй ... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцож, М.Ж-, Л.О- нарт холбогдох үйлдэл холбогдлыг цагаатгаж, эд мөрийн баримтаар хураагдсан 7.330.60 грамм алтыг М.Ж-д буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү.”,

шүүгдэгч Л.О-, М.Ж- нарын өмгөөлөгч Ц.Алтанцолын “...М.Ж-, Л.О- нарын Г.Д-ын үйлдэл, гэмт хэрэгт оролцоогүй, гэм буруугүй гэдгийг дүгнэн, тэднийг цагаатгахын зэрэгцээ эд мөрийн баримт болох алтыг Ч.М-д олгон, М.Ж-ыг их хэмжээний төлбөрөөс чөлөөлсөн хууль ёс, шударга байдалд нийцсэн шийдвэр гарган, анхан шатны шүүхийн тогтоолын алдааг залруулж өгнө үү.” гэсэн давж давж заалдах гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Д-, Л.О-, М.Ж-, С.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн энэ гэмт хэрэгт Г.Д-ыг гүйцэтгэгчээр, М.Ж-ыг зохион байгуулагчаар, Л.О-, С.А нарыг хамжигчаар тус тус хамтран оролцсон талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, М.Ж- /зохион байгуулагч/, Г.Д- /гүйцэтгэгч/, Л.О-, С.А /хамжигч/ нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар бүлэглэн нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.Ж-, Г.Д-, Л.О-, С.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Иймд шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч Б.Болортуяагийн: “...7.330.60 грамм алтыг М.Ж-д буцаан олгохоор...”, Ц.Алтанцолын “...эд мөрийн баримт болох алтыг Ч.М-д олгон, М.Ж-ыг их хэмжээний төлбөрөөс чөлөөлсөн хууль ёс, шударга байдалд нийцсэн шийдвэр гарган, анхан шатны шүүхийн тогтоолын алдааг залруулж ... шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл /Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ/-ийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл /Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх/-ийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсгүүдэд заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Үүнд:

1.Шүүгдэгч М. Ж-ы захиснаар валютын ченж иргэн Ч.М- нь алтны бизнес эрхэлдэг иргэн А.Сүнжидмаагаас 7.330.60 грамм алтыг бэлэн мөнгөөр худалдан авсан байна. Шүүгдэгч М.Ж-ы ченж Ч. М-аас үнийг нь юаниар солилцохоор тохирч зээлээр худалдан авсан дээрх алтыг шүүгдэгч М.Ж-, Г.Д-, Л.О-, С.А нар бүлэглэн улсын болон гаалийн хилээр гаргасан нь хууль бус үйлдэл мөн боловч, алтыг хил, гаалиар гаргахдаа цааш худалдаж ямар нэг ашиг орлого ололгүйгээр Тагнуулын байгууллагын ажилтнуудын даалгавраар 7.330.60 грамм алтыг биет байдлаар нь бүрэн оруулан авчирч, мөрдөн байцаалтын явцад “Монгол банкны Эрдэнэсийн сан”-д цэвэршүүлэн түр хадгалуулсан байна.

Гэмт хэргийн дээрх онцлог нөхцөл байдлыг харгалзан үзвэл хураагдсан алтыг зөвхөн эд мөрийн баримтад тооцохоос бус, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эд мөрийн баримтаар ирсэн алтан гулдмайг улсын төсөвт шилжүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг заасан “яллагдагчаар татаж болох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.Ж-, Г.Д-, Л.О-, С.А нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын нэгэн төрөл болох хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г тэдэнд хэрэглэж эд мөрийн баримтаар хураагдсан 7.330.60 грамм алтыг Монгол банкинд үлдээж, Монгол банкнаас сорьц тогтоолгон цэвэршүүлсэн алтны үнэ 455.528.593,38 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим болох  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ... үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”  гэсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн холбогдох заалт шаардлагад нийцэхгүй байна.

Улсын Их Хурлын 2001 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн холбогдох заалт, Алт олборлогч байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд татварын хяналт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаар тушаалын 3 дахь хэсгийн “Алт олборлодог иргэд ... алтыг  бие даан экспортлоход нь Улсын сорьцын хяналтын албаар сорьц тогтоолгож, татварын албатай нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийгдсэн нөхцөлд гаалийн бүрдүүлэлт хийж байх журам тогтоон мөрдүүлэх.” гэсэн заалт дахин зөрчигдөх, алтыг дахин улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдаж Монгол банкинд шилжүүлж хадгалуулсан алтыг Монгол банкинд хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. 

Иргэн Ч.М-ыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ба М.Ж- нарын гэмт үйлдлийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон нь тогтоогдсон байхад иргэний нэхэмжлэгчээр түүнийг тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг анхан шатны шүүх хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна. Шүүгдэгч М.Ж-, Г.Д-, Л.О-, С.А нарын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  7.330.60 грамм алтыг биет байдлаар нь улсын хилээр оруулан авчирч Монгол банкинд хадгалуулсан, тэд улсад учруулсан бодит хохиролгүй ба Монгол Банкнаас уг алтны үнэ 455.528.593,38 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн ... хүн ... нь ... шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн ... хохирлыг ... хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт шийдвэрлэнэ.”  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн ..., эд мөрийн баримтыг шилжүүлсэн,  худалдан борлуулсан, ... шүүхийн шийдвэрээр эзэмшигчид нь ... үнийг төлнө.” гэж заасныг тус тус үндэслэн уг алтыг зээлээр шүүгдэгч М.Ж-д худалдсанаас хохирсон иргэний нэхэмжлэгч Ч.М-д 7.324.90 грамм алтны үнэ 455. 528. 593,38 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дах заалтад “7.330,6 грамм алтыг”  гэснийг “7.324,90 грамм цэвэршүүлсэн алтыг” гэж, “7.330,60 грамм алтны үнэ” гэснийг “7.324.90 грамм цэвэршүүлсэн алтны үнэ” гэж тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч М.Ж-ы “...хэргийн улмаас удаан хугацаанд хоригдон шалгагдаж, ажил төрөлгүй болж, дээрээс нь 623,000,000 төгрөгийн өрөнд орох дээрээ тулаад байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна...”, түүний өмгөөлөгч Б.Болортуяагийн: “...7.330.60 грамм алтыг М.Ж-д буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэсэн, Ц.Алтанцолын “...эд мөрийн баримт болох алтыг Ч.М-д олгож.” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн Монгол банкинд шилжүүлсэн 7.324.90 грамм алтны үнэ болох 455.528.593,38 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.М-д олгохыг хүссэн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.