Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 0259

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр би,

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Усны 1 дүгээр баг, Дөхөм хороолол, 2-7 тоотод оршин суух Алаг морьт овогт Очирбалын Цогхүү /РД:ИЭ00000000/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.233.300 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус 1-р багийн Дөхөм хороололын 0 тоотод оршин суух О.Цогхүү нь 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас Гутал засвар байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 2.250.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоо хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 1.233.300 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.  

           Хариуцагч О.Цогхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Цогхүү нь нэхэмжлэлийн 1.233.300 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Хариуцагч О.Цогхүүгийн тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч О.Цогхүүгээс зээлийн гэрээний үүрэгт 1.233.300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Цогхүү хүлээн зөвшөөрч 1.233.300 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

        Нэхэмжлэгч байгууллага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч О.Цогхүүгээс  1.233.300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 17.075 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын зээлийн гэрээний үүрэгт шаардсан 1.233.300  /нэг сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч О.Цогхүүгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Цогхүүгээс улсын тэмдэгтийн хураамжинд 17.075 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

          3. Хариуцагч нь тохирсон хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР