Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 043

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т ,

шүүгдэгч С  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1993 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн У сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, С , регистрийн дугаар БК********.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

     Шүүгдэгч С  нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр У сумын 10 дугаар багийн иргэн Б ын 6 настай хөх зүсмийн морийг бэлчээрээс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч С аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мал хулгайд алдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,

2. Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-18 дугаар хуудас/,

З. Эд мөрийн баримтаар хураагдсан хулгайд алдагдсан гэх морины улаан хүрэн зүсмийн зөв талын гуянд М тамгатай, буруу талын чихний хойд хэсгээр ухам имтэй толгой, биеийн арьс /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

4. Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

5. Гэрч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

6. Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

7. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

8. Малын үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С  нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө БӨ аймгийн У сумын 6 дугаар баг, “Хужирт нуур” гэх газар бэлчээрт байсан иргэн Б ын адуун сүргээс 6 насны улаан хүрэн зүсмийн халзан, зөв талын гуянд “М” тамгатай морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Мал хулгайд алдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар хураагдсан хулгайд алдагдсан  морины улаан хүрэн зүсмийн зөв талын гуянд М тамгатай, буруу талын чихний хойд хэсгээр ухам имтэй толгой, биеийн арьс /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас болон биет байдлаар/,

- Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед гэрээсээ гарч “Шүй ашы” гэх газарт бэлчээрт байсан өөрийн адуун сүргийг услах гэж очиход миний адуун сүрэг нь өөрсдийн бэлчих газарт нь байхгүй байхаар нь би ойр хавийн газруудаас эрх хайж байгаад манай гэрээс 10 гаруй км-ийн зайтай газраас олж авсан. Би өөрийн адуун сүргийг олж авч тоолж үзэхэд дотроос нь улаан хүрэн зүсмийн халзан, зөв талын гуянд “М” тамгатай, 6 насны нэг тооны морь байхгүй байсан.

...С надаас хоёр удаа уучлалт гуйж очсон. Хулгайлсан морийг төлж өгч миний хохирлыг барагдуулсан, мөн морийг эрж хайсан бензин тосыг өгсөн юм. С ы үйлдэлд холбоотой ямар нэгэн гомдолгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

- Гэрч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С  нь надад нэг морь зарна гэхээр нь би өөрөө идэшний нэг тооны морь авахаар С аас 800,000 төгрөгөөр нэг морь худалдаж авахаар болж тохиролцсон байсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө хэдэн цагийн байсныг мэдэхгүй оройхон миний утас руу С  залгаж, адуу бэлэн болсон байгаа, өглөө эрт ирж аваарай гэж хэлж, адууг нядалсан гэх айлд очих замыг зааж өгсөн. Тэгээд миний бие 2019 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед аймгийн төвөөс өөрийн эзэмшлийн “Ексель” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарч Б гэх хүний гэрт очсон. Би очиход морийг нядалж амбаарт тавьсан байсан би тэндээс би өөрийн машинд ачиж аваад буцаад аймгийн төв рүү явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

- Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компанид 0000БӨТ улсын дугаартай Навара маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд байгаа нь үнэн. Гэхдээ уг тээврийн хэрэгслийг С  авч ирж барьцаанд өгөөгүй. Уг тээврийн хэрэгслийг анх А  гэх залуу надад авч ирж 800,000 төгрөгөөр барьцаанд тавьсан ба одоо манай байгууллагын нэрэн дээр бүртгэлтэй байгаа. Анх авсан өдрөөс эхлэн А  гурван удаа хүү төлсөн ба тэрнээс хойш ямар нэгэн мөнгө төгрөг төлөхгүйгээр алга болсон. Одоо уг тээврийн хэрэгслийг С  унаж ашиглаж байгаа ба хэрэв ямар нэгэн мөнгө төгрөг төлөхгүй юм бол гэрээний хугацаа дууссан үед бид нар уг тээврийн хэрэгслийг шилжүүлж авах талаар гэрээнд тодорхой тусгасан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед надад мөнгөний хэрэгцээ гарсан үед найзаасаа 800,000 төгрөг гуйж очсон. Тэр үед миний найз надад өөрийн машиныг барьцаанд тавьж мөнгө авахыг зөвшөөрсөн. Дараа нь би уг машины мөнгийг бүрэн гүйцэт өгч чадаагүй удаашруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

- БӨ аймгийн У сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга ажилтай, шинжээч С ийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай: “2019 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар 6-7 насны нас гүйцсэн тарган морь 1.450.000-1.500.000 төгрөг, 5-6 насны азарга 1.450.000-1.500.000  төгрөгийн ханштай байна гэх” малын үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар өмнө ч гэсэн үнэн зөвөөр мэдүүлж байсан. Би үнэнээ хэлэх юм бол миний найз болох А  гэх залуу 2018 оны 6 дугаар сард надад ирж “би нэг хэрэгт холбогдсон, мөнгө төгрөг хэрэг болж байна, чиний машиныг ломбардад тавьж мөнгө авмаар байна, дараа нь буцааж өгөх болно” гэж гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн “Навара” маркийн 0000БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А д түр шилжүүлсэн ба А  уг тээврийн хэрэгслийг “Бес арыс” нэртэй ломбардад барьцаанд тавьж, 800,000 төгрөг авсан байна.

Дараа нь А  миний мөнгийг буцааж өгөөгүй ба би тэр машины зээлийн хүүгээр 1.200.000-гаад төгрөг болсон. Одоо уг машиныг худалдан борлуулах гэж байна гэж сонсоод өөрөө хөдөө явж мал хулгайлж авч зээлээ төлж, машинаа буцааж авах санаа төрсөн. Тэгээд урьд нь миний машиныг янзалж өгдөг байсан Т  гэх хүнд очиж “би хөдөө явж өөрийн адуун сүрэг дотроос нэг адуу нядалж өгье, та уг адууг 800,000 төгрөгөөр үнэлж, 100,000 төгрөгийг өмнөх зээлдээ авч, 700,000 төгрөгийг бэлэн өгч чадах уу” гэж хэлэхэд Т  надаас “чи адуугаа яагаад хямд зарах гэж байгаа юм вэ” гэж надад тохирч өөрийн машинаар очиж авахаар болж тохиролцсон.

Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед өөрийн хувийн мотоциклоор У сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Балхан” гэх газарт өвөлжиж байгаа хадам ах болох Б гийн гэрт очсон. Тэр үед тус айлд Б тай хамт амьдардаг хадам аав болох Б , Б  эхнэр нь болох Х  нар байсан ба тэд нар надад ямар ажлаар явж байгаа талаар асуухад би тэд нарт “би Б  гэх хүнээс нэг адуу авахаар болсон. Өнөө орой авч ирж танай гэрт нядалж болох уу” гэж худлаа хэлэхэд тэд нар миний үгэнд итгэж миний саналыг зөвшөөрсөн. Нэг цай уусны дараа хадам ах болох Б  өөрийн адуугаар харин би өөрийн адуун сүрэг дотроос хар алаг зүсмийн 5 насны азаргыг барьж аваад уг хоёр мориор У сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хужирт нуур” гэх газарт очиж тухайн газарт бэлчиж байсан Б ын адуун сүргийг тууж тус газарт байдаг эзэнгүй Б  гэх айлын хашаанд оруулж байгаад уг адуун сүрэг дотроос хөх зүсмийн нэг тооны морийг аргамжилж барьж авсан. Бусад адуунуудыг гаргаж явуулаад барьж авсан нэг адууг аваад хадам ах болох Б  гэрт шөнийн 03 цагийн үед аваачиж нядалсан. Өглөө 09 цагийн үед аймгийн төвөөс Т  өөрийн машинаар ганцаараа ирээд уг адууны махыг ачиж явсан. Би хойноос нь өөрийн мотоциклтэй ирсэн. Би тухайн үед ломбардад байсан машинаа гаргаж авах гээд бусад хүмүүст худлаа хэлж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай саналыг гаргасан ба  шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч С ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч  С ыг “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж дүгнэв.

Амар хялбар аргаар мөнгө олон гэсэн шүүгдэгч С ы шунахай сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч С ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б д 1.450.000-1.500.000 төгрөгийн хохирол учирсан ба С  нь хохирогч Б д бүрэн төлж өгсөн тул шүүгдэгч С  бусдад төлөх төлбөргүй байна. Мөн адууны махыг худалдаж авсан гэх Т гээс иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж байна.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С д үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч С  нь учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч С  нь БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байна.

Шүүгдэгч С д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч нь хохирогч нартай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай саналд яллагдагч С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал эрүүгийн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул С д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан тул мөрдөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн яллагдагч С ы эзэмшлийн 5 насны хар алаг зүсмийн зөв талын гуянд “М” тамгатай, 1 тооны азаргыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр нь үлдээв.

Мөн малын үнэлгээ тогтоосон БӨ аймгийн У сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга ажилтай, шинжээч С ийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай, “Малын үнэлгээ” тогтоосон дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч С аас гэмт хэрэг ашиглахад унаж явсан адууны үнэ болох 1.450.000  төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн морины улаан хүрэн зүсмийн зөв талын гуянд М тамгатай, буруу талын чихний хойд хэсгээр ухам имтэй арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч С д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. БӨ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С аас 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн морины улаан хүрэн зүсмийн зөв талын гуянд М тамгатай, буруу талын чихний хойд хэсгээр ухам имтэй арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай,

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т