Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2016/00673

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О аймгийн Б сумын 11 дүгээр багт оршин суух, И овогт Жн Чгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайн Х ХХК-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нүүрсний уурхайн Х ХХК-ийн гүйцэтгэх захирал З.К, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөр 12550972 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөр болох 12550972 төгрөгийг Х ХХК-с нэхэмжилнэ.

Нэг. Ж.Ч би тус аймгийн "Х" ХХК нүүрсний уурхайд анх 1983 оны 08 дугаар сарын 20-ний өдөр нүүрс ухах экскаваторчноор ажилд орж ажилласан юм. Уг уурхайд ажиллаж байхад 1990 онд намар Улсын эрүүл мэндийн төвөөс Мэргэжлээс шалтгаалах өвчний оношийг шалгах үзлэгийн комисс ирж үзэхэд би мэргэжлээс шалтгаалах өвчний уушиг тоосжих хий, утаа амьсгалаас үүсэх амьсгалын төрийн оношоор тахир дутуугийн группт гарч тэр жилдээ 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хын нүүрсний уурхайн даргын 140 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Би анх 1990 онд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдаж /тахир дутуугийн/ группт гарахад Хын нүүрсний Уурхайн тус байгууллагаас надад ямар нэгэн хууль болон байгууллагын журам дүрмийг үндэслэж нөхөн төлбөр олгоогүй юм. Тийм хууль журам байсныг би ч мэдээгүйгээс нөхөн төлбөр нэхэмжлээгүй байсан. Би "Х" ХХК-ны нүүрсний уурхайгаас өвчний учир группт гарснаас хойш ямар ч байгууллага аж ахуйн нэгжид ажил хийж байгаагүй.

Хоёр. Миний мэргэжлээс шалтгаалсан өвчин хүндэрч улмаар 2008-аас 2016 оны 06 дугаар сарын 14-ний хооронд болсон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 70%-тай /далан хувь/ байна гэж өөрчлөн тогтоосон. Би хөдөлмөрийн хуульд /зургадугаар бүлэг 97 дугаар зүйл/ зааснаар нөхөн төлбөр авах ёстойг мэдээд "Х" ХХК-ыг хариуцдаг гэх "Х" ХХК-ны гүйцэтгэх захирал К гэдэг хүнээс нөхөн төлбөр нэхэмжлэхэд тэрээр 2013 оны 07 дугаар сард 500000 төгрөг урьдчилгаа гэж өгөөд үлдсэн 3800000 төгрөгийг дараа өгнө гэж хэлээд өгөөгүй юм. Энэ тухай гүйцэтгэх захирал К нь сайн мэдэж байгаа болохоор би "Х" ХХК-наас хөдөлмөрийн чадвар алдалт 70%-тай байсан үед авч чадаагүй 3702712 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжилнэ.

Гурав. Мөн би "Х" ХХК-аас нөхөн төлбөрөө бүрэн хэмжээгээр авч чадаагүй байхад 2016 оны 06 дугаар сарын 14-нд болсон ХЭМСТ аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс үзлэгт намайг оруулж "168 химийн бодис, хий, утаа, уур амьсгалаас үүсэх амьсгалын өвчин" гэсэн мэргэжлээс шалтгаалах өвчний оношийг бичиж хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 71 хувтай байна гэж өөрчлөн өгсөн №0113611 дүгаартай актыг тогтоож өгсөн юм. /Актын хуулбарыг хавсаргав/

Дөрөв. Би 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл 70%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай байхад улсаас сард 466968 төгрөгийн тахир дутуугийн /группийн/ тэтгэмж авдаг байлаа. Энэ тухай миний тахир дутуугийн №37743 тоот дэвтрийн 14,15 дугаар хуудсанд бичигдсэн байгаа. Би мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсны улмаас 70 хувь хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан хохирол болох 466968 төгрөгийг хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан /51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар/ үндэслэлээр сарын 466968 төгрөг*9 сар = 4202712 төгрөгийг, үүнээс гүйцэтгэх захирал Каас авсан 500000 төгрөгийг хасаад 3702712 төгрөгийг "Х" ХХКомпаниас нэхэмжлэнэ. Хоёр:

1. Улсын эмнэлэг Хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №0113611 тоот актаар миний өвчний хөдөлмөрийн чадвар алдалтыг 71 хувиар өсгөж Шийдвэр өгсөн юм. Хөдөлмөрийн чадвар алдалт 71 хувь нар өсөхөд миний тахир дутуугийн тэтгэмжийн мөнгө 491570 төгрөг болж мөн ихэссэн.

Би "Х" ХХКомпаниас Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан "..,71 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх" хохирол нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Энэ нь 491570 төгрөг*18 сар=8848260 төгрөг болж байна. Х ХХКомпаниас энэ 8848260 төгрөгийг нэхэмжилнэ.

"Х" ХХКомпаниас би нийтдээ 70, 71 хувьтай хөдөлмөрийн чадвараа алдсан мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол болох бүгд 12550972 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Үүнд: 1. "Ажил олгогч нөхөн төлбөрийг нэг удаа заавал олгоно". гэж байгаа.

Энэ хэсэг би заавал олгогдох нөхөн төлбөрийг 4202712 төгрөгөөс 500000 төгрөгийг Каас авсан ба үүнээс үлдсэн 3702712 төгрөгийг нэхэмжилнэ.

2. "Хөдөлмөрийг чадвар алдалтын хувь нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно." гэсэн тайлбарт зааснаар хоёр дахь удаад хөдөлмөрийн чадвар 71 хувь болж нэмэгдсэн үеийн нөхөн төлбөр болох 8848260 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнийг хариуцагч ойлгож мэдээсэй гэж хуулийн зүйл заалт тайлбараар дэлгэрэнгүй бичиж байгаа юм. Иймд үйлдвэрийн Осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хоёр удаагийн нөхөн төлбөр болох 12550972 төгрөгийг "Х" ХХКомпаниас гаргуулан авч өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайн Х ХХК-ийн гүйцэтгэх захирал З.К шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн "Х" ХХК-ны гүйцэтгэх захирал З.К би О аймгийн Б сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут 44-ийн 10 тоотод оршин суудаг, Их тугчийн овогт Жгын Чгийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэгч Ж.Ч нь 1975 оны 07 дугаар сарын 01-нээс 1980 оны 10 дугаар сарын 28-ныг хүртэл 5 жил, 3 сар, 28 хоног экскаваторчнаар, 1980 оны 10 дугаар сарын 28-наас 1981 оны 12 дугаар сарын 01-ныг хүртэл механикчаар 1 жил, 1 сар, 2 хоног, 1981 оны 12 дугаар сарын 01-нээс 1983 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл экскаваторчнаар 1 жил 8 сар, 19 хоног нийт Ховд аймаг дахь "Хөшөөт"-ийн нүүрсний уурхайд 8 жил, 1 сар, 19 хоног ажиллаж байжээ. Ж.Ч нь 1983 оны 08 дугаар сарын 22-наас 1985 оны 03 дугаар сарын 30-ныг хүртэл "Х" нүүрсний уурхайд Э-1252 экскаваторын машинистаар 1 жил, 7 сар, 8 хоног, 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 21-нийг хүртэл "Х" нүүрсний уурхайд тэсрэх материалын манаачаар 9 сар, 21 хоног, 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл "Х" нүүрсний уурхайд сахиулаар 4 жил, 8 сар, 10 хоног, 1990 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 09 дүгээр сарын 10-ныг хүртэл тракторын жолоочоор 2 сар, 9 хоног тус тус ажиллаж байжээ. Ингээд Ж.Ч нь тус "Х" нүүрсний уурхайд нийт 7 жил, 18 хоног ажиллаж, үүнээс экскаваторын жолоочоор 1 жил, 7 сар, 8 хоног, манаач сахиул, тракторын жолоочоор 5 жил, 5 сар, 10 хоног тракторын жолоочоор тус тус ажиллаж байжээ. Дээр дурдсан нөхцөл байдал Ж.Чгээс тус шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар бүрэн нотлогдож байна. Ингэхээр Ж.Ч нь "Х" ХХК-д экскаваторчнаар 1 жил, 7 сар 8 хоног ажиллаж байгаад МШӨС-ын улсын диспансерийн 15289 тоот актыг үндэслэн экскаваторын машинистын ажлаас чөлөөлж хөнгөн ажил буюу тэсрэх материалын манаачийн ажилд шилжүүлсэн байна. Энэхүүнөхцөл байдал Ж.Ч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 71 хувиар алдсан явдалд гагцхүү манай компани буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Ж.Ч нь тус компанид зөвхөн экскаваторын машинистын ажилд 1 жил, 7 сар, 8 хоног ажиллаж байгаад өөр төрлийн хөнгөн ажилд шилжсэн мөртлөө нөхөх олговрын хохирлыг тус компаниас нэхэмжилж байгаа нь учир дутагдА гэж үзэж байна. Учир нь сахиул, манаачийн ажил Мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтад багтахгүй бөгөөд хөнгөн ажилд хамаарах юм.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-т зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь зохих хувиар үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг ба түүнээс дээш удаа олгох ёстой юм. Тус "Х" ХХК-нд экскваторчнаар ажиллаж байсан Ж.Ч нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн учраас ажил олгогч буюу Х ХХК-д 2009 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гарган 450000 төгрөгийн нөхөн олговрыг олгосон юм. Ж.Ч нь тухайн үед байгууллагын захиргаанд хандаж гаргасан хүсэлтэд " ...1990 онд МШӨ шийдвэрээр группт анх орсон. МШӨ комиссын 2008 оны 6 сарын 14-ний өдөр хөдөлмөр чадвар алдалтын хувийг 70% тогтоосон. Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 97.1-т заасны дагуу Х ХК-аас нөхөн төлбөр нэхэмжилж тус компанитай сайн дурын үндсэнд тохиролцсоны дагуу компанийн дотоод журмын дагуу 1 удаагийн буцалтгүй тусламжид /нөхөн төлбөр/ 450000 төгрөг авахаар тохиролцов. Тооцоо дуусав. Үүгээр нөхөн төлбөрийн тооцоо өр бүрэн дууссан болно. Өргөдөл бичсэн Ж.Ч. 2009-1-30 өдөр" гэжээ. Иймд одоо Ж.Ч нь тухайн үед тус компаниас 1 удаа нөхөн төлбөрийг бүрэн аваад цаашид нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэж тус компанид албан ёсоор бичгээр хүсэлт гаргаж улмаар тооцоо дуусгасан учраас тэрээр нөхөн төлбөр төлүүлэх талаар шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Энэхүү асуудал нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолын 25 дугаар зүйлийн 25.1-т заасан шаардлагад нийцэж байгаа юм. Ж.Чгийн энэхүү байр суурь нь тус байгууллагаас мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөр буюу хөдөлмөрийн чадвараа 71 хувиар алдсаны нөхөн олговрыг олгох боломжгүй гэдгийг давхар нотолж байна.

3. Тус "Х" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын Хоёрдугаар бүлгийн 2.7-т "Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлийн 97.1.1-т заасан үндэслэлээр Мэргэжлээс шалтгаалах өвчний комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг актаар тогтоолгосон нөхцөлд нөхөн төлбөрийг зөвхөн нэг удаа олгоно." гэжээ. Энэхүү хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан асуудлыг "Х" ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн болон 2014 оны 09-р сарын 03-ны өдрийн "Хамтын гэрээ"-гээр зохицуулсан юм. Тус байгууллага хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасан болзол нөхцөлийн дагуу Ж.Ч мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас авах нөхөн төлбөрийг олгосон учраас одоо нэмж нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

4. Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвараа 71 хувиар алдсан гэх Ж.Ч нь тус компанийн ажилтнаас чөлөөлөгдсөнөөс хойш 26 жилийг үзэж байна. Иймд түүний хөдөлмөрийн чадвараа нэмж алдсан асуудалд Ховд аймаг дахь "Хөшөөт"-ийн нүүрсний уурхай ч буруутай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ж.Ч нь манай байгууллагаас хөдөлмөрийн гэрээг цуцлаад ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш эдүгээ 26 жил болж байна. Иймд Ж.Ч нь зөвхөн "Х" ХХК-нд экскаваторчнаар ажиллаж байсны улмаас хөдөлмөрийн чадварыг 71 хувиар алдсан нь гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж байна.

5. Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Би хөдөлмөрийн хуульд /зургаадугаар бүлэг 97 дүгээр зүйл/ зааснаар нөхөн төлбөр авахаар нэхэмжлэхэд тэрээр 2013 оны 07 дугаар сард 500000 төгрөг урьдчилгаа гэж өгөөд үлдсэн 3800000 төгрөгийг дараа өгнө гэж хэлээд өгөөгүй юм. Энэ тухай гүйцэтгэх захирал К нь сайн мэдэж байгаа болохоор би "Х" ХХК-наас хөдөлмөрийн чадвар алдалт 70 %-тай байсан үед авч чадаагүй 3702712 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжилнэ...." гэжээ. Бодит байдалд ийм үйл баримт, уулзалт огт болоогүй байна. Хэрвээ ийм асуудал болсон бол нэхэмжлэгч "Х" ХХК-иас 500000 төгрөг хэзээ, хаана, ямар санхүүгийн баримтаар авсныг, үлдсэн гэх 3800000 төгрөгийн тооцоо ямар учиртай болохыг нотлох баримтаар нотолсон байх ёстой юм.

6. Нэхэмжлэгч Ж.Чгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 71 хувиар тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн № 0113611 дугаар актыг эргэлзээтэй нотлох баримт гэж үзэж байна. Учир нь Ж.Ч нь тус байгууллагаас ажлаас гараад 26 жил болжээ. Ж.Чгийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас улмаас хөдөлмөрийн чадварыг 1 хувиар нэмэгдүүлэн тогтоосон явдал нь учир дутагдА гэж үзэж байна. Яг 1 хувийг нэмэгдүүлэн тогтоосон шалтгаан нь чухам ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн тодорхой бус байна. Энэ бол эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт нь зөвхөн Ж.Чгийн хүсэлтээр түүнд үндсэн цалингийн 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр авах өөрөөр хэлбэл Х ХХК-иас их хэмжээний мөнгө салгах башир арга гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ж.Чгийн "Х" ХХК-иас нэхэмжилж буй 12550972 /Арван хоёр сая таван зуун тавин мянга есөн зуун далан хоёр/ төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Ж.Ч нь намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авч тус шүүхэд хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрийг Х ХХК-иас нэхэмжилж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд хэдэн онд гарсан, ямар акттай гарсан, ямар өвчинтэй байсан тухай акттайгаа хамт холбогдох нотлох баримтуудыг нэхэмжлэлд тодорхой дурдаж өгсөн. Нэхэмжлэлд 1990 онд гарснаас хойших хугацааны нөхөн төлбөр болох 12550972 төгрөгийг нэхэмжилсэн. Сая би хүсэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж 8848260 төгрөг гэж хэллээ. Одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол 8848260 төгрөг байгаа юм. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд би ярихыг хүсэж байна. Ж.Ч нь 1983 онд Х ХХК-д экскаваторчнаар ажилд орсон. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч Х ХХК-нд ажиллаж байгаад уушгины тоосжих өвчинтэй болж, мэргэжлээс шалтгаалах өвчин гэсэн тодотголтой энэ уурхайгаас гарсан гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч тайлбартаа тусгасан байна. 1990 онд нөхөн төлбөр, хохирол авах асуудал ямар хуультай байсныг нэхэмжлэгч мэдээгүй. Тухайн байгууллагаас нөхөн төлбөрийг өгсөн нь ч мэдэгдэхгүй, авсан нь ч мэдэгдэхгүй, энэ асуудал тэгээд өнгөрсөн байна. 1990 оноос хойш нэхэмжлэгч Ж.Ч ямар нэгэн байгууллагад ажиллаагүй байна. 1990 онд анх хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувьтай гарсан. 2007 онд хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай гарсан. 2009 онд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай байхад түүний хадам аав нь нас барсан учраас Х ХХК, түүний төлөөлөгчид надад тусламж болгож мөнгө өгөөч гэсэн утгатай өргөдөл гаргасан байна. Ингэж өргөдөл гаргаснаар нэхэмжлэгч 450000 төгрөг авсан байна. Нэхэмжлэгч урьд нь 500000 төгрөг авсан гэж хэлж байсан. Нэхэмжлэгч өөрийнхөө авсан мөнгөө мартсан байна. Харин баримтад 450000 төгрөг гэж тусгагдсан учраас би 450000 төгрөг гэж хэлж байна. Ингээд энэхүү 450000 төгрөгийг 2009 оны 1 дүгээр сарын 30-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай байхад нэг удаа 450000 төгрөг авлаа, одоо тооцоо дууссан гэж бичсэн байна. Энэ бол хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай байхад бичсэн баримт. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0113611 тоот хөдөлмөрийн магадлах комисс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 71 хувьтай байна гэж акт гаргасан байна. Энэ хэмжээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д болон Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаарт тогтоолын 25.1д заасан тайлбараар Х ХХК-иас 8848260 төгрөгийг нэхэмжилж байна. Ямар үндэслэлээр, хэдэн төгрөг авч байснаар тооцож гаргаж ирсэн талаар нэхэмжлэлд тусгасан. 2016 онд хөдөлмөрийн чадвар алдалт 71 хувь болж өссөний дараагаар энэ хүний тахир дутуугийн тэтгэвэр 491570 төгрөг болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл авч байгаа тэтгэвэр тэтгэмж нь байна. Тэрхүү 491570 төгрөгийг 18 сараар үржүүлэхэд 8848260 төгрөг гарч байна. Энэ мөнгийг дээрх хууль, тогтоолын тайлбараар Х ХХК-иас гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжилж байна. Бид Х ХХК-ний гаргасан тайлбартай танилцсан. Х ХХК нь 2016, 2014 онуудад хөдөлмөрийн дотоод журам, хамтын нөхөрлөлийн дүрэм гаргасан байна. Энэхүү хөдөлмөрийн дотоод журмын 2.7-д Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан үндэслэлээр мэргэжлээс шалтгаалах өвчний комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг актаар тогтоолгосон нөхцөлд нөхөн төлбөрийг зөвхөн нэг л удаа олгоно гэж тусгасан байна. Энэхүү эрхийн акт нь хууль зөрчсөн эрхийн акт гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлбөр олгоно гэж заасан байдаг. Нэг ба түүнээс дээш удаа ямар нөхцөлд олгоно вэ гэхээр Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолын 25.1-д тодорхой тайлбарлаж өгсөн. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нэг бол өссөн, нэг бол буурсан үед нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж тайлбарласан. Нэг удаа Ж.Ч нь 450000 төгрөгийг авсан. Гэвч бидний тооцоогоор гурван сая хэдэн мянган төгрөг авах ёстой байсан ч дутуу авсан байна. Нэхэмжлэгч 2016 онд 71 хувьтай хөдөлмөрийн чадвараа алдсан болохоор Хөдөлмөрийн тухай хууль, Улсын Дээд Шүүхийн тогтоолд зааснаар нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд заасан нөхөн төлбөрийг нэг удаа олгоно гэж заасан заалт нь ажилчдын эрх ашгийг хохироосон заалт байна. Энэхүү заалтыг хуульд нийцээгүй гэж шүүх харж үзэх байх. Би шүүхээс ажилтны талд шийдвэр гаргах байх гэж үзэж байна. Иймд нөхөн төлбөрийн хохирол болох 8848260 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэвгэв.

Хариуцагч З.К шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Ч нь эхлээд Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайд 1975-1983 онуудад 8 жил, 1 сар, 19 хоног ажилласан байдаг. Дараа нь нүүрсний Х уурхайд 1983-1990 оны хооронд 7 жил, 18 хоног ажилласан. Үүний дотор экскаваторчнаар 1 жил, 7 сар, 8 хоног ажилласан байна. Бусад үед нь сахиул, манаачаар ажиллаж байсан. Тус уурхайд ажиллаж байгаад 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уурхайн даргын 140 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Энэхүү чөлөөлөгдсөн явдал нь Ж.Чгийн тус шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар бүрэн нотлогдож байна. Ж.Ч Х ХХК-д экскаваторчнаар 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 жил 7 сар 8 хоног ажиллаж байгаад Мэргэжлийн өвчин судлалын диспансерийн 15289 тоот актыг үндэслэн 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс экскаваторын машинистын үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхэлж хөнгөн ажилд шилжүүлсэн байна. Жишээлбэл: Тэсрэх материалын агуулахын манаачийн ажилд шилжүүлсэн байна. Ж.Ч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 71 хувиар алдсан явдалд зөвхөн Х ХХК буруутай эсэхэд эргэлзээ төрж байна. Учир нь Х ХХК-нд экскаваторчнаар зөвхөн 1 жил 7 сар 8 хоног ажилласан байна. Нэхэмжлэгч Х ХХК-иас ажлаас чөлөөлөгдсөн 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 26 жил болж байна. Ж.Ч тус компаниас 1990 онд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Манайхаас ажлаас гарсан үе буюу 1990 онд Ж.Ч 39 настай байсан. Түүнээс хойш 26 жил болж байна. Түүнээс хойш Ж.Ч нь хаана, ямар уурхайд ажиллаж байсан, үгүй эсэхийг нотлох боломж байхгүй. Түүний хөдөлмөрийн чадвар алдсан явдалд Ховд аймгийн Хөшөөтийн уурхай бас буруутай гэж үзэж байна. Учир нь Хөшөөтийн нүүрсний уурхайд 8 жил, 1 сар, 19 хоног ажилласны 7 жилд нь экскаваторчин машинистаар ажилласан байна. Манайд зөвхөн 1 жил 7 сар машинистаар ажилласан. Бусад хугацаанд хөнгөн ажил хийж байсан. Ж.Ч манай уурхайд 1 жил 7 сар 8 хоног ажиллаад хөдөлмөрийн чадвараа 71 хувиар алдсан гэдэгт хэн ч итгэхгүй. Хөдөлмөрийн чадварын алдалт 70 хувьтай байсан үе буюу 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х ХХК-ний захиргаа болон санхүүд өргөдөл гаргаж, талууд харилцан тохиролцож нөхөн төлбөрт 450000 төгрөг бэлнээр авсан нь Ж.Чгийн гарын баримтаар бүрэн нотлогдож байгаа болно. Тухайн үед өгсөн гарын баримтад Х ХХК-иас нөхөн төлбөр нэхэмжилж, тус компанитай сайн дурын үндсэн дээр тохиролцсоны дагуу, компани дотоод журмын дагуу нэг удаагийн нөхөн төлбөрт 450000 төгрөг авахаар тохиролцов. Тооцоо дуусав. Үүгээр нөхөн төлбөрийн тооцоогүй, өр бүрэн дууссан болно. Өргөдөл гаргасан Ж.Ч гэж бичсэн байна. Энэхүү баримт хавтаст хэрэгт авагдсан. Ж.Ч нь 450000 төгрөгийн нөхөн төлбөрийг 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х ХХК-иас авч, гарын баримт өгсөн мөртлөө 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2013 оны 7 дугаар сард 500000 төгрөг урьдчилгаа гэж өгөөд, үлдсэн 3800000 төгрөгийг дараа өгнө гэж хэлээд, өгөөгүй гэж санаанаас зохиож ор үндэслэлгүй намайг гүтгэсэн байна. Хэрвээ ийм асуудал гарсан бол нэхэмжлэгч Ж.Ч Х ХХК-иас 500000 төгрөгийг хэзээ, хаана, ямар санхүүгийн баримтаар авсныг, үлдсэн 3800000 төгрөгийн тооцоо ямар учиртай болохыг нотлох баримтаар нотолсон байх ёстой. Тэгэхээр Ж.Чгийн хэлснээр 2009 онд эхний удаа, 2013 онд 2 дахь удаа нөхөн төлбөр авсан болж таарч байна. 1990 оноос эхлэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ж.Чгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 70 хувьтай байсан. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ж.Чгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 1 хувиар нэмэгдүүлэн тогтоосон ядвал нь учир дутагдА гэж үзэж байна. Яагаад гэвэл 1 хувийг нэмэгдүүлэн тогтоосон шалтгаан нь, чухам ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн нь тодорхой бус байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д: үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгоно гэж заасан. Хөдөлмөрийн чадвар алдалтыг нэг хувиар нэмэгдүүлсэн явдал нь Ж.Чгийн хүсэлтээр 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр авах, өөрөөр хэлбэл Х ХХК-иас их хэмжээний мөнгө салгах гэсэн башир арга гэж бодож байна. Мэргэжлийн Өвчин судлалын үндэсний төвийн эмч нар хөдөлмөрийн чадвар алдалтыг 1 хувиар алдсаныг ямар аргаар, яаж шинжилж тогтоосон нь ойлгомжгүй байна. Х ХХК-д Ж.Ч 1 жил 7 сар 8 хоног ажилласан. Үүнд ноогдох хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийг бид 1 удаа олгосон байгаа. Нэхэмжлэгч нь Хөшөөтийн уурхайд экскаваторчнаар 8 жил 1 сар 19 хоног ажилласан. Иймд мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөрийн асуудлыг Хөшөөтийн уурхай бас хариуцах ёстой гэж үзэж байна. Манай компани 1 удаа нөхөн төлбөрийг түүнд бүрэн олгосон. Одоо дахиж олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нүүрсний уурхайн Х ХХК-иас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөр болох 12550972 төгрөг гаргуулахыг хүсэж анх шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, Баян-Өлгий аймгийн Нүүрсний уурхайн Х ХХК-иас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөрт 8848260 төгрөг гаргуулахыг хүссэн болно.

Нэхэмжлэгч Ж.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2016 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 0113611 тоот актаар миний өвчний хөдөлмөрийн чадвар алдалтыг 71 хувиар өсгөж шийдвэрлэснээр тахир дутуугийн тэтгэмжийн мөнгө 491570 төгрөг х 18 сар буюу нийт 8848260 төгрөгийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөрт гаргуулахыг хүсэж байна гэх боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасан ...цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр, 97 дугаар зүйлийн 97.1.2.-т заасан ...цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр-ийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасан цалин хөлснөөс тооцно гэснийг зөрчиж тахир дутуугийн тэтгэмжийн мөнгийг 491570 /сард/ төгрөгөөр тооцож, нийт 8848260 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайн Х ХХК-иас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбар болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 37743 дугаартай тэтгэврийн олголтындэвтэрт бичигдсэн тахир дутуугийн сард авч байсан тэтгэмжийн мөнгийг /491570 төгрөгөөр/ тооцон хариуцагч Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайн Х ХХК-иас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөр 8848260 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Ч нь Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайн Х ХХК-нд экскаваторчнаар ажиллаж байх хугацаандаа сард хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Ж.Ч нь 1990 оноос хойш мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуугийн групп тогтоолгож байсан нь хавтаст хэрэгт авагдсан тахир дутуугийн групп тогтоосон акт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тэтгэвэр олголтын дэвтэр зэрэг баримтууд нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Чгийн Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайн Х ХХК-иас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөр 8848260 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Ч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Чгийн хариуцагч Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайн Х ХХК-иас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөрт 8848260 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Чгийн энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН