Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1276

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Р.Энх-Оюун, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Тайж овгийн Хөгжилийн Баяннамсрайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03358 1143 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн Х.Б, Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 6 дугаар гудамжны * тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулж, түүний эзэмшлийн “IPhone-5”, “Samsung S6” загварын гар утаснууд, бор өнгөтэй арьсан түрийвч, биет 300,000 төгрөг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: “шүүгдэгч Т овгийн Х.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Б-ийг зодож, түүний бие махбодод “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, улмаар түүний эзэмшлийн “IPhone-5”, “Samsung S6” загварын гар утас, бор өнгөтэй арьсан түрийвч, биет 300,000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Б-айн шүүх хуралдаанд өгсөн: “...Зодоон болсны дараа би хохирогчид салфетка авчирч өгье гэхэд хэрэггүй гэж хэлсэн. Би хохирогчоос уучлалт гуйгаад цусаа угааж байх хооронд нь арагшаа эргэж харахад хохирогчийн гар утас, түрийвч нь газар уначихсан байхаар нь авчихсан юм...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд найз Г-ийн хамт хоёулаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Best” нэртэй бааранд орсон. Ингээд найз Г-тэй 2, 2 шил пиво уугаад сууж байтал найз Г-ийн танил гэх Б гэдэг залуу ирээд бид юм ярилцсан. Г намайг “энэ манай найз Б Баян-Өлгий аймгийн Буянт суманд манай ангид сурч байсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-с Баян-Өлгий аймгийн Буянт суманд байдаг хамаатнуудынхаа хүмүүсийн нэрийг хэлээд энэ хүмүүсийг таних уу гэж асуусан чинь Б “чи яах гээд байгаа юм” гэж над руу уурлаад намайг бааран дотор тэврээд авсан. Энэ үед баарны хамгаалагч гэх нэг залуу ирээд больцгоо гэж хэлэхээр Б бид хоёр салаад сууж байсан ширээн дээрээ очсон. Удалгүй Б над дээр эргэж ирээд хоёулаа гарч юм ярья гэхээр нь би дагаж баарнаас гараад хамтдаа баарны хойд талд байх үзүүрт очсон чинь над руу агсрах өнгө аястай байгаад байхаар нь би одоо зүгээр бай гэж хэлээд цааш нь нэг удаа гараараа түлхээд баар луу эргэж орох юм бол лай болох юм байна гэж бодоод шууд цаашаа булан эргээд явах гэтэл миний араас Б-тай тухайн үед мөн хамт явсан гэх Б гэдэг залуу гүйж ирээд намайг явуулахгүй байхаар нь би явмаар байна гэж хэлтэл байж бай гэж хэлээд шууд 3-4 удаа элэгдээд, гараараа нүүр лүү 2-3 удаа цохисон, миний хамраас цус гарсан. Хархорин захын гүүрний доод талд борооны тогтсон ус байсан чинь Б гэдэг залуу наад усаараа хамрынхаа цусыг угаа гэж хэлсэн. Би хамрынхаа цусыг угаагаад зогсож байтал миний халаасанд байсан утас дуугарсан чинь Б миний халаасыг ухаж “IPhone-5”, “Samsung S6” маркийн гар утаснуудыг түрийвчний хамт гаргаж ирээд халаасандаа хийгээд шууд цаашаа гүйгээд зугтаачихсан. “IPhone-5” маркийн гар утсыг 2019 оны 04 дүгээр сард ломбардаас 80,000 төгрөгөөр худалдаж авч байсан, хуучин утас байсан. “Samsung S6” маркийн гар утсыг 2019 оны 04 дүгээр сард Драгон гар утас худалдааны төв дээрээс 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Түрийвчээ 2018 онд Хар хорин зах дээрээс 20,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Түрийвч дотор бэлэн 300,000 төгрөг байсан. Мөн иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт байсан....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13, 130-131 дүгээр хуудас);

3. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-ийн гадуур хувцсыг аваад гарсан чинь Б-ийн нүүр нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас);

4. Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед хөрш найзууд болох Баяннамсрай, Төгсөө, Дөлгөөн нарын хамт Хархорин гүүрний ард талын Вест бааранд юм уухаар орсон. Бид дөрөв 9 ширхэг шар айраг, 1 ширхэг 0.5 литийн Экс архи авч хувааж уугаад байж байтал нутгийн найз болох Г-тэй таарсан. Тэгээд Г-тэй яриа өрнүүлж байгаад сууж байсан ширээн дээр нь очтол Г-ийн нутгийн найз Б-той намайг танилцуулсан. Би Б-той юм ярьж байгаад жижиг асуудлаас болж маргалдаад би Батзоригийг алгаараа дагз руу нь алгадсан чинь миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод бид хоёр нэгнийгээ барьж аваад зууралцаж байтал баарны хамгаалагч ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь нэг нутгийн хүмүүс байж муухай юм гэж бодоод Б-т хандаж “хоёулаа гарч юм ярья” гэсэн чинь манай найзууд болон Г хамт гаръя гэхээр нь бид хоёр “яах юм бэ, бид хоёр эвлэрэх гэж байна” гэж хэлээд Вест баарнаас гараад зүүн хойд талд нь очоод юм ярилцаж байгаад хоорондоо дахиж маргалдаад би түрүүлээд толгой руу гараараа хоёр удаа цохисон чинь Б хөлөөрөө намайг нэг удаа өшиглөсөн. Энэ үеэр манай найзууд гурвуулаа гарч ирээд бид хоёрыг салгахад Б урагшаагаа гүйгээд явчихсан. Ардаас нь манай найз Б хөөгөөд гүйсэн. ...Тэгээд Төгсөө, Баяннамсрай бид 3 хэсэг унтаж байгаад сэрээд байж байтал Төгсөө надад халааснаасаа “IPhone-5” маркийн гар утас гаргаж ирээд “өчигдөр Д, Б хоёр 2 ширхэг утас, хэтэвч олсон байна лээ” гэхээр нь би гайхаад “хэний утас юм бэ” гэсэн чинь Төгсөө нөгөө 2 маргалддаг хүний утас, нөгөө утас нь Д-д байгаа” гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);

5. Гэрч Ө.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бааранд орохдоо Б ямар ч утасгүй байсан. Шадивланд зуслангийн байшин дээр очих үедээ 2 ширхэг гар утастай болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг  (хх-ийн 24-25 дугаар хуудас);

6. Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүүлд машинд суугаад ярьж байгааг нь сонсоход тухайн Б гэх залуутай эхлээд Б муудалцахад Б-ыг нэг цохичхоод цаашаа гүйгээд явчихсан гэсэн. Энэ үед Б баарнаас гарч ирж таараад Б гэдэг залуугийн араас гүйж очоод цохиж зодсон гэж ойлгосон. Намайг очиж салгах үед Б-ийн хамраас цус гоожсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7562 дугаартай “...М.Б-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 35 дугаар хуудас);

8. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 52-55 дугаар хуудас), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-40 дүгээр хуудас),

9. Шүүгдэгч Х.Б иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64 дүгээр хуудас),

10. Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд ялагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 43-49, 134-135 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Х.Б үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Анх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байна гэж шүүхээс хэргийг буцаасан. Өмгөөлөгч миний шинжлэн судалсан нотлох баримтаас шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгийн зөрүү гарлаа гэж үзэж байна. Хохирогч “газар унасан байсан миний гар утас, түрийвчийг аваад явчихсан, тухайн үедээ уур хүрээд халаас уудалж байгаад авсан гэж мэдүүлэг өгсөн” гэж хэлсэн мэдүүлгээсээ буцсан. Үүнийг Уянга мөрдөгч албан ёсоор хасаж тэмдэглэл хөтөлсөн. Шүүгдэгч анхнаасаа “хохирогчийн эд зүйлийг газар унасан байхад авсан” гэх мэдүүлгийг өгч байсан. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу дээрээ маргадаггүй. Гар утас болон түрийвчийг авсан гэм буруутай, гэхдээ хүч хэрэглэж аваагүй гэдэг мэдүүлгийг өгч байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Зөрүүтэй мэдүүлэг өгөөд байхад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж зүйлчилж оруулж ирж байсан мөртөө шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг зөрөө арилчхаад байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан Б, Б хоёрын таарамжгүй харилцааны улмаас болсон. Бааранд байх үеэс эхлээд Б, Б хоёрыг салгах гэж оролдсон. Шүүгдэгч Б-ыг өмөөрч хохирогчийг нэг удаа цохисон. Энэ хэрэгт 4 хүн оролцсон байхад Б-ын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөн адил учир дутагдалтай байна. Энэ талаарх нотлох баримт бага байна. Энэ хэрэг шийдэгдсэний дараа шинээр илэрсэн нөхцөл байдал гэх том асуудал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Би энэ асуудлын талаар прокурорт хэлж байсан. Нэгэнт хохирогч өөрөө тухайн үедээ “уур хүрээд тэгж хэлсэн, намайг зодож цохисон асуудал байхгүй” гэж хэлсэн байх учраас хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, ... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг удирдлага болгон хохирогч М.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн “...Намайг цохиж зодох үед миний халааснаас 2 ширхэг гар утас, түрийвч унасан байсныг Б гэх залуу авчихсан юм... Тухайн үед би зодуулсандаа жоохон уур хүрээд өмнө өгсөн мэдүүлэгтээ “би хамрынхаа цусыг угаагаад зогсож байтал миний халаасанд байсан утас дугарсан чинь Б ухаж миний “I phone 5”, “Samsung S6” гар утсыг түрийвчийн хамт аваад цаашаа гүйгээд зугтаачихсан” гээд мэдүүлчихсэн юм. Гэхдээ надад худал мэдүүлэг өгөх санаа зорилго байгаагүй...” гэсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонгүй.

Учир нь, энэхүү мэдүүлэг нь хохирогч М.Б-ийн гар бичмэл бүхий “...Миний бие ... 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 03 цагийн үед Тайхар паабын ард дээрэмдүүлж, зодуулсан...” гэсэн гомдол (хх-н 3), хэргийн газрын үзлэгийн “...Дуудлага өгөгч уг газрыг заан “би яг энд дээрэмдүүлсэн” гэсний дагуу гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-н 4-6), мөн хохирогч М.Б-ийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...Гүүрний доор Б миний араас ирж, цохиж зодоод дээрх эд зүйлсийг авсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын “...Б бааранд орохдоо ямар ч гар утасгүй байсан зуслангийн байшинд очих үедээ 2 ширхэг гар утастай болчихсон байсан...” гэсэн агуулгатай мэдүүлгүүдтэй зөрөөтэй байгаа учраас бодит байдалд нийцэхгүй байна хэмээн дүгнэсэн болно.

Түүнчлэн, прокурор хохирогч М.Б-ийг энэ хэрэгт худал мэдүүлсэн гэж үзээгүйг дурдахын зэрэгцээ хэрэв шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн гомдол, хэргийн газрын үзлэгийн үеэр гаргасан мэдээлэл, хохирогчоор анх өгсөн мэдүүлэг зэрэг нь худал болох нь тогтоогдвол энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасанд хамааруулах бөгөөд шүүх энэ нөхцөл байдлыг урьдаас мэдэх боломжгүй.

Эрүүгийн эрх зүйд зарим гэмт явдал нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол гардаг. Ийнхүү нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх ёстой бөгөөд төгссөн гэмт хэрэг нь эхэлсэн гэмт хэргээсээ ямагт хүндрэх шинжийг агуулсан байх учиртай.

Тухайлбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах гэмт хэргээр эхэлж, дээрэмдэх гэмт хэргээр төгсөх, эсхүл дээрэмдэх гэмт хэргээр эхэлж, хүнийг алах гэмт хэргээр төгсөх тохиолдолд буюу зүй тогтлыг нийлмэл гэмт хэргээр, эсхүл нэг гэмт хэрэгт нь нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэх зэрэг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал хөндөгддөг.

Шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Х.Б нь эхлээд хохирогч М.Б-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулах үйлдлээр гэмт хэргээ эхлүүлсэн боловч тухайн цаг мөчид түүний гэмт санаа шилжиж, хүч хэрэглэсэн буюу зодсон үйлдэлдээ дөрөөлөн шунахайн сэдлээр хохирогчийн эд хөрөнгийг илээр авсан үйлдлээр үргэлжлүүлсэн байгаа учраас гэмт үйлдэл нь хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэргээр төгсжээ.

Харин хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь дээрэмдэх гэмт хэргийн шинжид хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөр гэмт хэргийн шинжид хамаарах тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэгт хамааруулна.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Б нь хохирлоо бүрэн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, 1.2 дахь заалт болох гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Иймд шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 450,000 төгрөгийн хорих ялыг 30 хоногоор тооцож, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо нөхөн төлж хохирогчийг хохиролгүй болгосон. Бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар түүний эмээ, эгч, ээж нар мэдүүлэг өгсөн байна. Аав нь нас барсан, ээж нь хөдөө амьдардаг. Шүүгдэгч нь эмээ болон дүү нараа тэжээн тэтгэж амьдралаа авч явахын тулд бүхий л зүйлийг хийдэг. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хамгийн гол нь хүч хэрэглээгүй гэж хэлдэг. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгөөч гэж шүүхээс хүсэж байна...” гэв.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг хууль зүйн хувьд хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээний талаар маргаагүй буюу эдгээр нөхцөл байдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно. Иймд шүүгдэгч Х.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Иймд шүүх шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг хоёр жил нэг сараар тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Х.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг хоёр жил нэг сараар тогтоосугай. 

4.Шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Х.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА