Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2016/00675

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух,Б овогт Шгийн Еийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Б овогт Кы Сад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлах, хүүхдүүдээ асрамжиндаа авч, тэтгэлэг болон дундын хөрөнгөөс ногдох хэсгийг, хуваарьт хөрөнгийг тус тус гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Ш.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр К.Стай сайн дурын үндсэн дээр 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон. Улмаар нөхөр К.С нь Д сумын Сум дундын эмнэлэгт их эмчээр ажиллахаар болсон тул Д суманд нүүж очсон. Бид 4 хүүхэдтэй болсон бөгөөд гэр бүлээ бодож сайн сайхан амьдарч байсан боловч нөхөр маань архи ууж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан сүүлд нь намайг зодож байсан.

Цаашид хүүхдүүдийн амар тайван амьдралыг бодож гэрлэлтээ цуцлахаар шийдвэрлэсэн юм. Иймд нөхөр К.С бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч, тэтгэлэг болон дундын хөрөнгөөс ногдох хэсгийг, хуваарьт хөрөнгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч К.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш.Е бид хоёр 2009 онд гэр бүл болж бидний дундаас 4 хүүхэд мэндэлсэн. Би Д сумын Сум дундын эмнэлэгт их эмчээр ажилладаг бөгөөд гэр бүлээ аз жаргалтай байлгахын төлөө өөрийн бололцооны хэрээр халамж тавьж ирсэн. Бид хоёр гэр бүл болсны дараа Ш.Е нь намайг хэл амаар доромжилдог болсон. Нэгэнт өөрөө гэрлэлт цуцлах тухай өргөдөл гаргасан тул гэрлэлтээ цуцлахыг дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Е шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие тус шүүхэд нөхөр К.Саас гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөр К.Стай сайн дураараа эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү. Цаашид нөхөр К.С бид хоёр үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө гэрлэлтээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно гэжээ.

Хариуцагч К.С шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхнэр Ш.Етэй сайн дураараа эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү.

Цаашид эхнэр Ш.Еийн хамт үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө гэрлэлтээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Еийн нэхэмжлэлтэй, К.Сад холбогдох гэрлэлт цуцлах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгч болох Ш.Е, К.С нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, энэ талаар хүсэлтээ шүүхэд тус тус бичгээр ирүүлсэн байна.

Иймд гэрлэгчид болох Ш.Е, К.С нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан гэрлэгчид болох Ш.Е, К.С нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Еийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 352750 төгрөгийн тал нь болох 176375 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 176375 төгрөг, мөн хариуцагч К.Саас 176375 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Ет олгосугай.

3. Энэ захирамжинд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК