Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 040

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Ф,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т ,

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 1913*********** дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Н суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Н сумын 3 дугаар баг “Ховд гол” гэх газарт оршин суудаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б , регистрийн дугаар *********

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Б  нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед согтуугаар хэрүүл маргааны улмаас тус багийн иргэн Ж гийн баруун талын нүүрнээс галын хайчаар нэг удаа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/,

2. Гэрч О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

3. Гэрч М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 29 дүгээр хуудас/,

4. Шүүх шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

5. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б  нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед БӨ аймгийн Н сумын 7 дугаар иргэн З гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан гаргаж, иргэн Ж гийн баруун талын нүүр тус газар галын хайчаар нэг удаа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М  бид хоёр манай гэрээс гарч худгаас ус авах гэж байхад Б  миний хажууд явж байсан эхнэр М ийг хэл амаар доромжилж дуудахад эхнэр нь Б аас зугтаж манай гэр лүү орсон. Араас нь Б  гүйж ороод эхнэрийнхээ цамцны захнаас барьж авсан, М  руу дайрч байсан, тэгээд Б ы миний хадам ээж З , М , О  нар салгаж авсны дараа Б  нь шууд над руу дайрч чамайг ална хэмээн хэл амаар доромжлон миний баруун талын нүүрнээс галын хайчаар нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/,

- Гэрч О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Ж гийн чанга дуугаар гал тогооны өрөөнөөс коридорт гарахад Ж  хамрыг дараад өөрийн унтлагын өрөө рүү явж байсан ба хамарнаас нь цус гарч байсан, Б  галын хайчаар цохиод авсан гэж баруун талын нүүрийг дараад унтлагын өрөөнд сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

- Гэрч М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б  эхнэрийн хажууд байсан Ж г хэл амаар доромжилж, түүний баруун талын нүүр хэсгээс гарт байгаа галын хайчаар нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 29 дүгээр хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай: “1. Иргэн Ж гийн биед тархины доргилт, хамрын таславч баруун тийш хугарч мурийсан, баруун нүдний доод зовхинд, нүүр завжинд хамрын нурууны зүүн талыг хамаарсан, цус хуралттай, баруун нүүрний хэсэгт битүү хавдартай, баруун нүүрэнд шархтай, хамрын нуруунд баруун талд мурийлттай, хавантай гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Ж гийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно.

3. Иргэн Ж гийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.

4. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. 5. Иргэн Ж гийн сумын эмчийн тодорхойлолт, амбулаторийн карт, рентген зураг зэргийг хавсаргав гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өглөө гэрт байсан. Тэгээд өдрийн 11 цагийн орчимд манай гэрт миний төрсөн эгч О  ирсэн. Тэгээд би эгч О д миний толгой өвдөөд босож чадахгүй байна гэхээр миний эгч О  надад “Хараа” нэртэй 0,33 граммын нэг шил архи авч өгсөн би уг архийг ганцаараа уусан. ...Би гэрт ирэхэд миний эхнэр М  байхгүй байсан ба гал түлээгүй болохоор нь гал түлэх гээд гэрийн зуухны үнсийг асгаж байхад эхнэр М , бэр Ж  хоёр худгаас ус авч байсан. Тэгээд эхнэр М ийг дуудахад З гийн гэр руу орохоор нь би хойноос очоод эхнэрт яагаад гэрт гал түлээгүй юм бэ гэж загнаж байхад гаднаас Ж  орж ирээд та яагаад М ийг загнаж байгаа юм бэ гэхээр нь би Ж д та хадам ээж З г яагаад эмчид үзүүлээгүй юм гэж уурлаж Ж г хэл амаар доромжилж, баруун талын нүүр буюу шанаа хэсэгт нэг удаа гарт байгаа төмөр галын хайчаар цохиод авсан. Тэгээд намайг миний аав М  барьж авсан. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б  нь иргэн Ж г хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б  хохирогч Ж гийн эрүүл мэндэд “тархины доргилт, хамрын таславч баруун тийш хугарч мурийсан, баруун нүдний доод зовхинд, нүүр завжинд хамрын нурууны зүүн талыг хамаарсан, цус хуралттай, баруун нүүрний хэсэгт битүү хавдартай, баруун нүүрэнд шархтай, хамрын нуруунд баруун талд мурийлт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн  шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа, архидан согтуурсан байсан нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б  нь хохирогч Ж д эмчилгээний болон унааны зардлыг төлж өгсөн тул хохирогчийн зүгээс шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, өөр нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлжээ /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/. Иймд шүүгдэгч Б ыг бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б  нь хохирогч Ж тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай саналд яллагдагч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн галын хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б ы гадаад паспортыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Б д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч  Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн галын хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай,

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б ы гадаад паспортыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х д даалгасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т