| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0480/И |
| Дугаар | 130/ШШ2016/00676 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2016/00676
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Ны Жын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь М***********С*********ийн нийгмийн түншлэл хариуцсан ажилтны орон тоонд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.
Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд Батлан Хамгаалах их сургуулийн Цэргийн Командын сургуулийг Менежмент, Төрийн захиргааны эрх зүйч мэргэжлээр төгссөн. Улмаар Улаанбаатар хотод мэргэжлээрээ ажиллаж байгаад Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 62дугаартай тушаалаар тус төвийн Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-аар томилогдсон. Тухайн үед ажил олгогч буюу захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хариуцсан ажил үүргээ ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй гүйцэтгэж байхад М***********С**********Үийн захирлаар шинээр томилогдсон Р.Г нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ямар ч шалтгаангүйгээр хууль бус ажлаас чөлөөлөх тухай 102 тоот тушаал гаргаж, үүрэгт ажлаас минь чөлөөлж ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар тус шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05 өдрийн 91 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-аар эгүүлэн тогтоосон.
Улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул үүнийг үндэслэн Баян-Өлгий аймгийн М***********С**********Үийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-аар томилсон. Намайг 1 сар гаруй ажиллуулж байгаад тус төвийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/** тушаалаар ажлаас маань дахин чөлөөлсөн.
Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/*** тоот тушаалаар Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн баталсан ба уг тушаалын хавсралтанд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн орон тоог 92-оор, Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан ТҮ-7 албан тушаалын ангиллыг зэрэглэлээр цалинжуулахаар баталсан юм.
Улмаар Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр А/16 тоот тушаалаар Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үийн орон тоог 93-аар, бүх албан тушаалын ангилал зэрэглэлийг 1 (нэг) шат бууруулан, эдийн засгийн хямрал, цалингийн фондыг үндэслэн баталсан. Уг тушаалын хавсралтанд Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан албан тушаалыг товчлон Харилцаа хариуцсан ажилтан гэж Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 10 дугаар баганад тодорхой тусган өгсөн байна. Гэтэл захирал Р.Г намайг албан тушаалаас дахин зайлуулахын тулд шинээр гарах сайдын тушаалыг овжин ашиглан, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот тушаалын Харилцаа хариуцсан ажилтан-ы /2 дугаар хавсралтын 10 дугаар багана/ орон тоог Нийгмийн түншлэл ХЭЗ-н судалгаа, статистик хариуцсан ажилтан орон тоо 3 (гурав) байхыг 4 (дөрөв) болгон нэмүүлэн батлуулжээ. Улсын хэмжээнд 37 Мөв байдаг бөгөөд дээрх сургуулиудад Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-ы орон тоо хэвийн ажиллаж байна.
Урд нь намайг халж, миний ажлын байрны албан тушаал болох Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-аар Еыг томилон авч ажиллуулсан байсан ба бүх ажлыг Х.Еаар хийлгэж шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон надад ямар ч ажил хийлгээгүй.
Гэтэл Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр А/16 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 10-р баганад бусад сургуулиудад Харилцаа хариуцсан ажилтан нэртэйгээр миний ажлын байрны орон тоо хасагдаагүй хэвээрээ сүлжээнд тодорхой бичээстэй байна.
Зөвхөн албан тушаалын нэр өөрчлөгдсөн болохоос биш ажил үүрэг, гүйцэтгэх ажил нь хэвээрээ байна. Энэ нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот тушаалын 2 дугаар хавсралтын, 10, 15 багануудын ажлын байрны албан тушаалын жагсаалтын орон тоог харьцаагаар тодорхой байгаа ба улсын хэмжээний 37 Мөвүүдийн бүтцийг харьцуулахад бүрэн тодорхой ойлгогдоно.
Үүнээс харахад эхний 8 байгууллагын орон тооноос тод ойлгогдоно. Нийгмийн түншлэл ХЭЗ судалгаа, статистик хариуцсан ажилтан-ны орон тоо 4 (дөрөв) зөвхөн Баян-Өлгий аймгийн Мөвд байх бөгөөд бусад сургуульд 4 гэх орон тоо байхгүй.
Нөгөө талаар М-өөс байгууллагын бүтцийн талаар хамт олон, захирлын зөвлөл хуралдаж ямар ч шийдвэр гаргаагүй, бүтцээс хасах, нэмэх санал хүргүүлээгүй бөгөөд улсын хэмжээний М-ийн хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтнууд цомхтголд яваагүй одоо болтол харилцаа хариуцсан ажилтнаар хэвийн ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж байхад зөвхөн манай аймгийн сургуульд зориуд хийснээс болж энэ явдал тохиолдоод байна. Үүнийг захирал Р.Г намайг ажлаас гаргахын төлөө байгууллагын бүтцээс хасуулсан гэж ойлгож байгаа. Нэгэнт миний ажлын байр өөр нэртэйгээр байгууллагын бүтцэд нэмэгдэж ирсэн учраас би тухайн ажлын байранд ажиллах ёстой гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн М***********С**********Үийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөдөлмөрийн яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үийн /М/ захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г би нэхэмжлэгч Н.Жын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Н.Жын урьд эрхэлж байсан М-ийн Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-ны орон тоо хасагдсан үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгч Н.Ж нь Баян-Өлгий аймаг дахь М-ийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаартай тушаалаар тус төвийн Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-аар томилогдон ажиллаж байгаад уг /урьд эрхэлж байсан/ ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон тул М-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/** тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн ба уг тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гардан авсан билээ.
Гэтэл Н.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр А/16 тоот тушаалаар Баян-Өлгий аймаг дахь М-ийн орон тоог 93-аар, бүх албан тушаалын ангилал, зэрэглэлийг 1 (нэг) шат бууруулан, эдийн засгийн хямрал, цалингийн фондыг үндэслэн баталсан. Уг тушаалын хавсралтанд Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан албан тушаалыг товчлон Харилцаа хариуцсан ажилтан гэж тусган өгсөн байна. ...Зөвхөн албан тушаалын нэр өөрчлөгдсөн болохоос биш ажил үүрэг, гүйцэтгэх ажил нь хэвээрээ байна гэж заажээ. Үүнийг би дараах байдлаар тайлбарлаж байна.
Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4.6-д заасны дагуу мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага /М/-ын дүрэм, бүтэц орон тоог баталж, мөрдүүлэх нь зөвхөн Хөдөлмөрийн сайдын эрх хэмжээний асуудал юм.
Тэгвэл Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/** дугаартай тушаалаар сайдын 2016.1.20-ны өдрийн 16 дугаар тушаал нь хүчингүй болгосон байгаа /Сайдын А/** дугаар тушаалын 4 дэх заалт/. Мөн шинээр батлагдсан бүтцээр Н.Жын гүйцэтгэж байсан Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-ны орон тоо хасагдаж, Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан"-ны орон тоо хэвээр батлагдаж ирсэн юм.
Харин Н.Жын нэхэмжлэлд заасан Харилцаа хариуцсан ажилтан гэх ажил, албан тушаал шинэчлэн батлагдсан бүтэц, орон тоонд ерөөсөө байгаагүй болно. Энэ нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний А/** дугаар тушаалын 2-р хавсралтаар тогтоогдож байна.
Орон тоо хасагдсан гэдэгт тухай хуулийн этгээд, байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Харин орон тооны нэр өөрчлөгдсөн гэдгийг тухайн ажил, албан тушаалын нэр нь өөрчлөгдсөн боловч ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөл нь ижил байхыг ойлгоно. Хасагдсан орон тоо болох хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан болон одоогийн бүтцэд байгаа нийгмийн түншлэл хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолт, цалингийн хэмжээ нь өөр өөр байдаг. Тиймээс Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-ны орон тоо хасагдсан нь тодорхой байгаа бөгөөд уг албан тушаалын нэр нь өөрчлөгдөж гүйцэтгэх ажил үүрэг нь хэвээр байна гэж үзэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч Н.Ж нь ... Р.Г намайг албан тушаалаас дахин зайлуулахын тулд шинээр гарах сайдын тушаалыг овжин ашиглаж, Хөдөлмөрийн сайдын 2016.1.20 өдрийн А/16 тоот тушаалын Харилцаа хариуцсан ажилтан-ны орон тоог Нийгмийн түншлэл ХЭЗ-н судалгаа, статсистик хариуцсан ажилтан" орон тоо 3 (гурав) байхыг 4 (дөрөв) болгон нэмүүлэн батлуулжээ. ...Бусад сургуулиудад Харилцаа хариуцсан ажилтан нэртэйгээр миний ажлын байрны орон тоо хасагдаагүй хэвээрээ сүлжээнд тодорхой бичээстэй байна гэжээ.
Хэрэв Н.Ж нь Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-ны орон тоог үндэслэлгүй хассан гэж үзвэл, мөн бусад аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа М-үүдэд Харилцаа хариуцсан ажилтан-ны орон тоог хэвээр байвал хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах хэлбэрээр байгууллагын бүтэц, орон тоог батлах эрх бүхий этгээд болох Хөдөлмөрийн сайдыг хариуцагчаар татаж маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан юм. Харин Р.Г миний бие М-ийн удирдлага /захирал/-ын хувьд дээд шатны байгууллага, албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, баталж ирүүлсэн байгууллагын дүрэм, бүтэц орон тоог мөрдөж ажиллах үүрэгтэй гэдгийг нэхэмжлэгч ойлгох учиртай.
2. Нэхэмжлэгч Н.Жын М-ийн Нийгмийн түншлэл хариуцсан ажилтны орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа үндэслэлийн талаар:
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг хэлнэ. Харин нэхэмжлэгч Н.Ж нь урьд М-ийн Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-аар томилогдон ажиллаж байсан болохоос биш Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан-ны орон тоонд ажиллаж байгаагүй тул түүнийг уг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/** дугаар тушаалаар Статистик мэдээ, ХЗЗ-н судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтан, нийгмийн түншлэл хариуцсан ажилтны орон тоог нэгтгэж Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан гэх нэрээр 4 хүний орон тоогоор батлагдаж ирсэн ба үүнд урьд ажиллаж байсан үндсэн ажилтан болох Т.Б, Х.Р /Нийгмийн түншлэл хариуцсан ажилтанаар/, Х.Р, Х.Е /Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтнаар/ нар тус тус томилогдон ажиллаж байна.
Иймд нэхэмжлэгч Н.Жын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, улмаар түүнийг М-ийн Нийгмийн түншлэл хариуцсан ажилтны орон тоонд эгүүлэн томилох боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Жын Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нийгмийн түншлэл хариуцсан ажилтны орон тоонд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.
Миний бие 2013 онд Орхон Их Сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд мөн оны 9 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 132 тоот тушаалаар Ажил олгогч, нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн бөгөөд хуулийн зөвлөх-өөр томилогдсон билээ.
Дараа нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай тушаалаар миний эрхэлж байсан ажил, албан тушаал цомхтгогдсон тул ажил олгогч намайг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 79 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-аар томилсон бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/** дугаартай Хөдөлмөрийн сайдын тушаалаар манай байгууллагын бүтэц дахин өөрчлөгдөж, Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан-ны орон тоо хасагдсанаар миний бие урьд эрхэлж байсан /2013 оны сайдын бүтцэд байсан/ Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан-ны орон тоонд томилогдсон юм. /захирлын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаал/
Мөн миний хүү болох Б овогтой Н нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн /төрсний гэрчилгээний хуулбар/ 3 нас хүрээгүй байгаа ба нялх, бага насны хүүхэдтэй эхчүүдийн эрхийг Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж хамгаалсан байдаг бөгөөд намайг ажлаас халах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байх.
Тиймээс тус төвийн захирал Р.Г намайг дээрх үндэслэлүүдээр Нийгмийн түншлэл, ХЗЗ-ийн судалгаа, статистик хариуцсан ажилтан"-ы орон тоонд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулж байна.
Нийгмийн түншлэл, ХЗЗ-ийн судалгаа, статистик хариуцсан ажилтан болон Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцаа хариуцсан ажилтан нарын ажлын байрны тодорхойлолт хоорондоо ялгаатай. Би нийгмийн түншлэл, хзз-ийн судалгаа, статистик хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг гүйцэтгэдэг ба Н.Ж нь Нийгмийн түншлэл, хзз-ийн судалгаа, статистик хариуцсан ажилтан-ны орон тоонд ажиллаж байгаагүй тул түүний нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй болно.Иймд Н.Жын нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Би тус аймаг дахь М***********С**********Үд мэргэжилтний орон тоонд ажиллахаар болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үийн захирал И.Ж Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Н.Жын нэхэмжлэлтэй, М***********С**********Үд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийгдэхээр товлогдсон билээ.
Шүүх хуралдаанаас өмнө хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Н.Жыг М***********С**********Үд мэргэжилтний ажилд томилон ажиллуулахаар болж байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Жын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үд холбогдох нийгмийн түншлэл хариуцсан ажилтны орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлосон байна.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үийн захирал И.Ж Б нь нэхэмжлэгч Н.Жын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үийн захирал И.Ж Б нэхэмжлэгч Н.Жыг нийгмийн түншлэл хариуцсан ажилтны /мэргэжилтний/ орон тоонд эгүүлэн тогтоохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Ж улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үийн захирал И.ЖБ нэхэмжлэгч Н.Жыг нийгмийн түншлэл хариуцсан ажилтны /мэргэжилтний/ орон тоонд эгүүлэн тогтоохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Ж улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М***********С**********Үийн захирал И.ЖБ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК