Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 042

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Т,

шүүгдэгч Х , Т  нарын өмгөөлөгч Т ,

шүүгдэгч Е  өмгөөлөгч Т ,

шүүгдэгч Е , Т , Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х , Т нарт холбогдох 1913********** дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, БӨ аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Е , регистрийн дугаар /******

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт амьдардаг, БӨ аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Х , регистрийн дугаар БИ97******

3. Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, БӨ аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т , регистрийн дугаар БИ95******.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Е  нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т тай голын мөсөн гармаар адуу туусан гэж хэрүүл маргаан үүсгэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т , Х  нар нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С сумын 4 дүгээр багийн иргэн Е г голын мөсөн гармаар адуу туусныг хориглосон гэж хэрүүл маргаан үүсгэн бүлэглэн зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч, хохирогч Е  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүгдэгч, хохирогч Т  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Шүүгдэгч, хохирогч Х  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

2. Хохирогч Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

3. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

4. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

5. Яллагдагч Х ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е , Т , Х  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Е  нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед БӨ аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т г голын мөсөн гармаар адуу туусан хэмээн хэрүүл маргаан үүсгэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т , Х  нар нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед БӨ аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Е г голын мөсөн гармаар адуу туусныг эсэргүүцсэн хэмээн хэрүүл маргаан үүсгэн бүлэглэн зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Хохирогч Т н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр өдөр 12 цагийн орчимд гэрийн ойролцоо мөсөн гармаар бид адуугаа тууж байх үед манай хөрш айлын залуу болох Е  гарч ирээд чи яагаад энэ гармаар адуу тууж байгаа юм бэ, өөр гармаар тууж болохгүй байна уу гэж хэрүүл маргаан гаргаж байгаад миний зүүн нүд рүү нэг удаа цохиод авсан ба би ч гэсэн Е  нүд рүү цохиод авсан юм. Бид хоёр тэгж зодолдож байх үед манай ах болох Х  ирж чулуугаар Е  дух руу нэг удаа цохиод авсан. Тухайн үед Е  дух хэсгээс цус гарсан болохоор манай ах гэрт нь хүргэж өгөөд бид нар яваад өгсөн.

...Одоо бид гурав хоорондоо тохиролцсон ба ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- Хохирогч Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний цагдаад хандах болсон учир нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед гэрийн ойролцоо мөсөн гарам байдаг байсан уг гармаар манай хөрш болох Т  гэгч залуу адуу тууж байхаар нь чи яагаад наад гармаар адуу тууж байгаа юм бэ, өөр гармаар тууж болохгүй байна уу гэсэн чин чамд хамаагүй, би өөрийнхөө хотон руу тууж байна гэхээр нь би за за гээд нөгөө адуунуудыг цуг туусан юм. Тэр үед Т  гэнэт намайг цохиод эхэлсэн ба намайг оролтоор боосон юм. Би тухайн үед Т г нэг удаа цохисон юм.

Тэгж байхад Т н ах нь болох Х  ирж намайг чулуугаар дух руу нэг удаа цохиод авсан юм. Тухайн үед миний дух хэсгээс цус гарсан ба би доошоо суух үед тэр хоёр бас хэд хэдэн удаа гар хөлөөрөө цохисон юм. Тэгж байгаад хэсэг хугацааны дараа Х  намайг гэрт хүргэж өгөөд яваад өгсөн юм.

...Т , Х  бид гурав зодолдсон нь үнэн болно. Одоо бид гурав хоорондоо тохиролцсон ба ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай: “1. Иргэн Е  баруун талын нүдний дээд, доод зовхи, зүүн талын нүдний доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралттай, духны хэсэгт шарх, зүүн талын доод зовхи хөмсөг, хацар орчимд бор өнгийн тав тогтсон, зулгарсан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай: “1.Иргэн Т н зүүн талын нүдний дээд, доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хураалт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Яллагдагч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед би гэрийнхээ ойролцоо мал хариулж байх үед манай дүү болох Х  хөрш айлын залуу болох Е тай зодолдож байсан юм. Тэгээд би гайхаад юуны учир яагаад зодолдож байгааг тодруулж салгах гэж очоод “та нар яагаад зодолдож байна вэ” гэсэн чин Е  “бид нарын зодолдох чамд хамаагүй” гэж над руу дайраад байхаар нь би газраас чулуу аваад шидсэн чин Е  дух хэсгийг оносон юм. Тухайн үед Е  дух хэсгээс цус гарсан болохоор гэр лүү лагуулж очоод оруулаад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е  нь Т г зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан, Т , Х  нар нь Е г бүлэглэн зодож. биед нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан ба  шүүгдэгч Е , Т , Х  нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэдний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Е  хохирогч Т н эрүүл мэндэд “зүүн талын нүдний дээд, доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хураалт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн,

Мөн шүүгдэгч Т , Х  нарын хохирогч Е  эрүүл мэндэд “баруун талын нүдний дээд, доод зовхи, зүүн талын нүдний доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралттай, духны хэсэгт шарх, зүүн талын доод зовхи хөмсөг, хацар орчимд бор өнгийн тав тогтсон, зулгарсан зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн  шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Е г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Т , Х  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нарын зүй бус харилцаа нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Е , Т  нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Е , Т , шүүгдэгч Х  нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирол нэхэмжлээгүй тул /хавтаст хэргийн 76, 78 дугаар хуудас/ шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Е , Т , Х  нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Е , Т , Х  нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай саналд яллагдагч Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т , Х  нарт тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Е , Т , Х  нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Е , Т , Х  нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е , Т , Х  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Е г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Т , Х  нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Е , Т , Х  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Е , Т , Х  нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Е , Т , Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч Е , Т , Х  нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Х , Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т , Х  нарын тус бүрийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е , Т , Х  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е , Т , Х  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Е , Т , Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е , Т , Х  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Е , Т , Х  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т