Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1280

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, улсын яллагч Х.Онолт /томилолтоор/, шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А адуу овгийн Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03335 1498 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А адуу овгийн Э.С, Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 164 дүгээр цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 10 дугаар гудамжны * тоотод оршин суудаг, регистрийн дугаар: *, эрүүгийн хариуцлага эдэлж байгаагүй.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.С нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 83 дугаар гудамжны * тоот хашааны үүдэнд ”ар гэр үймүүллээ” гэсэн шалтгаанаар Т.Э-тэй харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч А адуу овгийн Э.С нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 83 дугаар гудамжны * тоот хашааны үүдэнд “гэр бүл үймүүллээ” гэсэн шалтгаанаар Т.Э-тэй харилцан зодолдож, түүний бие махбодод “хоёр нүдний дээд доод зовхи, эрүү, хүзүү, баруун шуу, баруун гуя, зүүн өгзөг, гуя, хоёр шилбэнд цус хуралт, баруун хөмсөгний дотор дээд хэсэг, хамар, зүүн нүдний гадна дор, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн чихний хэсэг, сарвуунд шалбархай” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 83 дугаар гудамжны * тоот оршин суух хамтран амьдрагч Б-ын гэрээс гадаад паспорт, жолооны үнэмлэхийг авахаар бид хоёр хамт очсон. Би гудамжинд Б-ыг хүлээгээд зогсож байхад С хүрч ирээд би зугтаах гэтэл С нь намайг үсдээд газар унагасан...Намайг үсдээд толгойгоор труба, контейнер мөргүүлсэн. С миний нүүр амыг хумсаараа маажиж, өшиглөж үснээс зулгааж надад гэмтэл учруулсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас);

“...С миний үснээс зулгаагаад би газар унахдаа хөлөөрөө С-ын хөл рүү цохисон. Намайг үсдээд доош дараад маажиж байхад нь би гарыг нь тавиулах гэж оролдсон боловч чадаагүй, цагдаа иртэл намайг үсдэж дарсан байдалтай байсан...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас);

3. Гэрч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний охин С нь Б-тай 2008 онд танилцаад 2013 онд нэг гэрт орсон. 2019 оны 04 дүгээр сараас тэр 2 тусдаа амьдрах болсон ба 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой С нь хүүхдүүдийнхээ хувцсыг авах гээд гэртээ очиход хүргэн хашаандаа явалддаг хүүхнээ хөтөлчихсөн явж байсан. Охин С нь гэр лүүгээ орсон, харин би худынх руу орсон. Гаднаас Б-ын аав орж ирээд намайг гадаа нөхөр чинь дуудаж байна гэхээр нь Б-ын ээж О бид хоёр гараад хашааны гадаа очиход С, Э нар хоорондоо зууралдсан байдалтай, маргаад зогсож байсан. С нь Б-тай гэр бүл болоод дундаасаа хоёр хүүхэдтэй юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43 дугаар хуудас);

4. Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед дуудлага ирээд очиход С, Э, Б нар зогсож байсан. Э нь намайг С зодсон гэж ярьсан тул өргөдлөө өгөх үү гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна маргааш ирье гээд явсан. Маргааш нь ирсэн ба өргөдлөө өгөх үү гэхэд үгүй гээд явсан. Орой нь Э-ийн охин гэх эмэгтэй ирээд манай ээжийг зодуулчихсан байхад та нар тоохгүй байна, камерын бичлэг байгаа гэсэн гэхээр нь би бичлэг үзээгүй гэж хэлээд шинжээч томилсон тогтоол өгч явуулсан. С нь Э-ийг айлгах гэж бичлэг байгаа гэж хэлсэн болохоос манай ээж Э нь бичлэг хийгээгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46 дугаар хуудас);

5. Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашааны гадна гарахад С нь Э гэж хүүхний үснээс зулгаасан байдалтай байхаар нь очоод салгах гэтэл миний үгийг тоохгүй байхаар нь буцаад гэртээ орсон. Тэр 2 хоорондоо зодолдсон. Э-ийг С-оос өөр хүн цохиж зодоогүй. Намайг гараад очиход С Э-ийн үснээс доошоо дарсан байдалтай Энхцэцэг С-ын бүсэлхий хавиас нь хувцаснаас нь зуурсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас);

6. Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай бэр С, ээж Э, аавынхаа хамт гэрт ирсэн. Хаалга нүдээд С гадаа хүнтэй муудалцаад байна гэхээр нь эхнэрт хэлээд эхнэр гарч яваад хэсэг хугацааны дараа буцаж ирээд С Э гэж хүүхэнтэй маргалдаад зодолдоод цагдаа ирээд аваад явчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас);

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 7764 дугаартай “...Т.Э-ийн биед гэмтэл учирсан байна. Хоёр нүдний дээд доод зовхи, эрүү, хүзүү, баруун шуу, баруун гуя, зүүн өгзөг, гуя, хоёр шилбэнд цус хуралт, баруун хөмсөгний дотор дээд хэсэг, хамар, зүүн нүдний гадна дор, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн чихний хэсэг, сарвуунд шалбархай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 54 дүгээр хуудас);

8. Хохирогч Т.Э-ийн гэрэл зургууд (хх-ийн 128-130 дугаар хуудас), 2 Т.Э-ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 8 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Э.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 82 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 103 дугаар хуудас);

10. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 48 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (хх-ийн 145 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 83 гудамжны * тоот гэрээсээ хүүхдийнхээ хувцас хунарыг авах гээд ээж Э, аав Б нарынхаа хамт очиход манай нөхөр Б Э гэж хүүхэнтэй хөтлөлцөөд явж байсан. Тэгээд Б хашааны дотогш ороод Э гадаа нь үлдсэн. Би Э-ийг Б-тай явалддаг гэж мэдэхээс өмнө нь харж байгаагүй юм. Тэгээд Э-ийг 10 орчим минут харж сууж байгаад яваад очиход надаас зугтаасан. Хашааны хаалгаар өөдөөс Б гарч ирэхээр нь хөгшин авгай чинь хүлээгээд байгаа юм биш үү гэж хэлчхээд гэрт ороод юмнуудаа авах гээд орсон. Гэр дотор архи уусан байдалтай байхаар нь охиноо хадам аавынхаа гэрт оруулаад хашааны гадаа гарахад Э гудамжинд байдаг контейнер тойрч гүйгээд зугтаагаад байхаар нь хөөгөөд үснээс нь татаад газар унагасан. Энэ үед Э миний гэдсийг маажсан. Тэгээд би ингээд чи хүнтэй явалд гээд нүүрийг нь маажсан. Э ч гэсэн чи жирэмсэн гэл үү гээд миний гэдсийг гараараа маажаад хөлөөрөө гуя руу өшиглөөд байсан. Би Э-ийг үсдээд доош дарсан байсан болохоор миний нүүр рүү цохиж чадаагүй харин хөл гар гуя руу хөл гараараа цохиод байсан. Би маш их уур бухимдалтай байсан болохоор Э-ийг гараараа хэдэн удаа цохиж маажсанаа санахгүй байна. Тухайн үед Энхцэцэг согтуу байсан...Э миний гэдсийг гараараа маажиж, хөл гуя руу өшиглөсөн...надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 70-72 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Энхцэцэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Э.С-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.Э-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Э нь баримтаар 293,200 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Э.С-оос 293,200 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Э-т олгохоор тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч А.Э нь 293,200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Тус зүйл ангид заасан хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү. 293,200 төгрөгийн хохирлыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой...” гэв.

Шүүх хохирогч Т.Э-ийн гэр бүлийн харилцааны талаарх хүн төрөлхтний ёс суртахууны тогтсон хэм хэмжээг зөрчин бага насны хоёр хүүхэдтэй Э.С-ын нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн үйлдлийг зүй бус гэж үзэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг багасгасан болно.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.А адуу овгийн Э.С-ыг Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Э.С-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-оос 293,200 төгрөгийг гурван сарын дотор гаргуулан хохирогч Т.Э-т олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С-д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА