| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 150/2016/00201/и |
| Дугаар | 0261 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 0261
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг, 4 дүгээр гудамж 16 тоотод оршин суух, 1957 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Халиун суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, Өрлүүд овогт ******* /РД:МЛ00000000/-ийн нэхэмжлэлтэй нас тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1956 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Халиун сумын төвд гэрт мэндэлсэн. Харин би 1957 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн гэж бодоод явж байсан. Намайг 2 настай байхад ээж маань хүнтэй суусан. Аав маань намайг анх сургуульд оруулахдаа 1957 онд төрсөн гээд бичээд оруулчихсан юм байна лээ. Иргэний паспорт авахдаа төрсөн оноо андуурч 1957 онд төрснөөр бичигдсэн учраас бүх бичиг баримт 1957 оноор бүртгэлтэй явдаг. Нас ахиад ирэхэд ээж маань намайг 1956 онд төрсөн, одоо чи 60 нас хүрчихсэн гэж ярьдаг. Улсын архиваас төрсний лавлагаагаа шүүхэд 1956 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр төрсөн гэж гарч ирсэн. Нас тогтоолгосноор төрсөн он, сараараа тэтгэвэр тогтоолгох гэсэн юм. Иймд нотлох баримтыг үндэслэж намайг 1956 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрснийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч *******гийн нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч ******* нь 1956 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн буюу 60 настай болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 357/021617 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн Сант сумын Бүрэн дунд сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 54 тоот тодорхойлолт, №134132 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1984 оны 12 дугаар сард олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №0173025 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, №368563 тоот цэргийн батлахын хуулбар, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 471 тоот “Дамдинсүрэн овогтой Энхтүвшин нь 1956 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн магадлалтай байна” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтууд болон гэрч Р.Бизъяагийн мэдүүлгээр нотлогдож байна.
Харин төрсөн он, сар, өдрийг тогтоохдоо нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Р.Бизъяагийн мэдүүлэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 357/021617 дугаар төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн 1956 оны 11 дүгээр сарын сарын 15-ны өдөр төрсөн гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Өрлүүд овогт *******г 1956 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан Өрлүүд овогт *******г 1956 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР