Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 044

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

нарийн бичгийн дарга Ц,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ф,

хохирогч С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч А ,

шүүгдэгч Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н т холбогдох 1913********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдөр БӨ аймгийн Н суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Н сумын 4 дүгээр багт оршин суудаг, ам бүл 10, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Н , регистрийн дугаар: Б384******.

Шүүгдэгч Н ийн холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н  нь 2019 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Н сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Х ” гэх газарт өвөлждөг иргэн С ы хашаанд байсан эсгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, гэрийн дотор байсан 200 вольтын аккумлятор болон 220 вольтын инаваторыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Н  мэдүүлэхдээ: Би хохирогч С ыг хүргэн ах гэж гэрээр нь орж гарч тоглодог байсан тул аккумлятор авсан нь үнэн. Бид С ыг хүргэн ах гэж тоглодог байсан. Би С ы гэрээс аккумлятор авснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч С  мэдүүлэхдээ: Би инаватор, аккумлятораа хулгайд алдсан тул өргөдөл өгсөн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хулгайлсан зүйлээ эгүүлж өгсөн. Надаас шүүгдэгч уучлалт гуйсан тул уучилсан. Шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөвчилж өгөхийг хүсэж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/,

2. БӨ аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн Б ын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

3. Хохирогч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-25 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 222 дугаартай, “Яллагдагч Н т холбогдох эрүүгийн хэргийн талаар” үйлдсэн яллах дүгнэлтэд яллагдагч Н ийг 2019 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Н сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, “Х ” гэх газарт өвөлждөг иргэн С ы хашаанд байсан эсгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, гэрийн дотор байсан 200 вольтын аккумлятор болон 220 вольтын инаваторыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж зүйлчилсэн байна.

Н т холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-07 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн, шинжээч Б ын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай “200 вольтын аккумлятор 350000-500000 төгрөг, 220 вольтын инаватор 180000-300000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

- Хохирогч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хашаан дотор байсан эсгий гэрээс нарны гэрлийн 220 вольтын инаватор, 200 вольтын аккумляторыг 2019 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хулгайд алдсан. Н  гэх залуу уг эд зүйлийг бүрэн бүтэн буцааж өгсөн.

...Энэ хэрэг гарсан үеэс нь эхэлж бүхнийг хэлэхийг хүсэж байна. Анх 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө босоод манай байшингийн хажууд байдаг эсгий гэрийн дотор байсан 200 вольтын аккумлятор, 220 вольтын иноватор алга болсон байсныг харсан. Тэгээд урьд нь уг нарны энергийн аккумляторыг Н  авч хэрэглэдэг байсан болохоор өглөө нь Н ийн гар утас руу залгаж “манай эсгий гэрт байсан аккумляторыг чи авсан юм уу” гэж хэлэхэд Н  надад “үгүй, би аваагүй” гэж хэлсэн. Тэр үед сумын цагдаагийн тасгийн дарга А д утасдаж дуудлага өгсөн. Гэтэл сумын цагдаа нар ирэхээс өмнө уг аккумлятор болон иноваторыг Н  өөрөө манай гэрт авчирч хаяад явсан байна.

Тэр үед цагдаа нар ч ирэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн. Цагдаа нар энэ асуудал нэгэнт бүртгэлд орсон болохоор шалгахгүй бол болохгүй гэж хэлсэн.

...Уг эсгий гэрийн гадна ямар нэгэн цоож хийх боломжгүй хаалгатай байсан. харин бариулд оосор уясан байсан.

Н  манайд байнга ирдэг байсан. Өөрөө тааруухан амьдралтай болохоор манайд ирж, хэрэгтэй зүйлүүдийг авч явдаг байсан. Тийм болохоор өглөө нь би өөрөө Н  авсан гэдгийг мэдээд утсаар залгаж хэлэхэд “би аваагүй” гэснээс болж сумын цагдаа нарт хэлсэн. Хэрэв өөрөө эхэндээ авсан гэж үнэнээ хэлсэн бол би цагдаа нарт дуудлага өгөхгүй байх байсан.

...Н  нь манай гэрээс заримдаа эд зүйлсийг асууж авдаг байсан, заримдаа жижиг сажиг зүйлийг асуухгүйгээр авч яваад дараа нь хэлдэг байсан. Маргааш нь эдгээр эд зүйлийг авч ирэхдээ ганцаараа өргөөд аваад ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-25 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр миний ах Ж ийн хүү А ийн хурим болсон. Тэгээд би тэр өдрийн орой хөдөө явж хуримын бэлтгэл ажлаа хийж ирээд орой хуримд оролцсон. Шөнө хурим тарсны дараа гэр лүү явж байгаад манай хадам аавын хөрш иргэн С  гэдэг хүний гэр байдаг байсан. Замдаа тэр айлын хашаанд ороход эсгий гэрт нь ямар нэгэн хүн харагдахгүй, эзэнгүй байсан болохоор тус эсгий гэр дотор орж нарны цэнэглэгч толины аккумлятор, иноватор хоёрыг тогноос салгаад хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн маань үнэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Би С ыг сайн танина. С ы эхнэр К  гэдэг хүн манай хамаатан хүн байгаа юм. Би С ыг хүргэн ах гэж тоглож явдаг байсан.

Тэгээд маргааш өглөө нь С  өөрөө над руу залгаж “манай эсгий гэрт байсан нарны цэнэглэгч толины аккумлятор, иноватор хоёрыг чи авсан уу” гэж асуухаар нь би аваагүй гэж худлаа хэлээд, дараа нь намайг авсныг мэдсэн байна гэж бодоод тэр даруй өөрөө өргөөд буцаагаад хүргэж өгсөн. Маргааш нь цагдаа нар манайд ирээд хулгай хийсэн байна гэж хэлэхэд маш их айсан. Би урьд өмнө С ы нарны цэнэглэгч толины аккумлятор, иноватор хоёрыг байнга авч хэрэглэдэг байсан. Үүнийг С  өөрөө болон манай хадам талын хүмүүс бүгд мэднэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н  нь 2019 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө БӨ аймгийн Н сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Х ” гэх газарт байршилтай, иргэн С ы хашаанд байсан эсгийн гэрээс 200 вольтын аккумлятор болон 220 вольтын инаваторыг тус тус хохирогч С аас өгсөн зөвшөөрлийг сэм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан болох нь нотлогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт аливаа этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэнээр илэрнэ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч С , шүүгдэгч Н  нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Н ийн амьдрал ахуй нь тааруу учраас холын хамаатан хүргэн ах нь болох хохирогч С  болон түүний эхнэр К  нарын зөвшөөрснөөр шүүгдэгч Н  нь өөртөө хэрэгцээтэй ахуйн хэрэгцээний эд зүйлсийг хохирогч нарын орон байрнаас байнга авч, хувийн хэрэгцээнд хэрэглэж байсан нь тогтоогдож байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Шүүгдэгч Н  нь хохирогч С ы орон байрнаас өөртөө хэрэгцээтэй эд зүйлийг авч байхаар хохирогчийн зүгээс өгсөн зөвшөөрлийг сэм ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө түүний эсгий гэрээс 200 вольтын аккумлятор болон 220 вольтын инаваторыг хулгайлсан үйлдлийг хохирогч С ы орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй учраас БӨ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй байна.    

Шүүгдэгч Н  нь хулгайлсан эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглах зорилготой байсан ба тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч шунахай сэдэлтээр амар хялбар аргаар эд хөрөнгө олж авахаар үйлдсэн гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, шүүхээс тогтоосон үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Н ийн гэм буруутай үйлдлийн улмаас хавтаст хэрэгт авагдсан БӨ аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн, шинжээч Б ын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/-ээр нийт 530.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н  нь хохирогч С д хулгайлсан эд зүйл болох 200 вольтын аккумлятор, 220 вольтын иноваторыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч Н ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, хохирогчийн зүгээс шүүгдэгчийг уучилсан, хуулийн дагуу хөнгөн ял шийтгэж өгөхийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жилийн хорих ялыг тэнсэж өгөхийг хүсэж тус тус мэтгэлцсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Н сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Н сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

4.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н ийн эзэмшлийн “Dayun” загварын ногоон өнгийн мотоциклийг битүүмжлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчид шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. БӨ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Н ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н д 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Н д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Н сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Н сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Н  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н ийн эзэмшлийн “Dayun” загварын ногоон өнгийн мотоциклийг битүүмжлэх тухай мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, шийтгэх  тогтоол   хүчин   төгөлдөр  болмогц  шүүгдэгч   Н ийн   иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Х д даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т