| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0587/И |
| Дугаар | 130/ШШ2016/00680 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2016/00680
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Р ХХК-ны захирал Н.Бы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт орших, Э ХК-нд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны үнэ 306250100 төгрөг, алданги 153125050 төгрөг, бүгд 459375150 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХК-ны 2015 оны жилийн эцсийн тайлангаар 382168280 төгрөгийн шатахууны өглөгтэй гарсан байна. 2016 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 74081820 төгрөгийн шатахуун авч үүнээс 150000000 төгрөгийг төлсөн болно. Үлдсэн 306250100 төгрөгийг удаа дараа шаардсан боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүй одоо хүртэл төлбөрөө төлөөгүйгээс тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна.
Гэрээнд хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 1%-тай тэнцэх алданги төлнө гэсэн 4,3-ын заалтыг үндэслэн алданги тооцоход: 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс 2016 оны 7 дугаар сарын 30-ны хүртэл 7 сар буюу 210 хоногт (306250100 х 1% = 3062501 х 210) = 643125210 төгрөгийн алданги тооцов.
Иймд тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн зарчмыг үндэслэн нийт төлбөрийн дүн (306250100 x 50%)= 153125050 төгрөгийн алданги тооцож, нийт (306250100 + 153125050) = 459375150 төгрөгийг "Э" ХК-иас гаргуулан төлүүлэн өгч компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Гэрээг нэг талаас Р компанийг төлөөлж захирал ажилтай Н.Б би, нөгөө талаас Э ХХК-ыг төлөөлж С нар харилцан тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 19 тоот Нефтийн бүтээгдэхүүнийг дараах төлбөр тооцоогоор борлуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргээ Э ХХК нь бүрэн биелүүлээгүйтэй холбоотойгоор шатахууны үнийн үлдэгдэл, анз, хүүд 459375150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Р ХХК нь Нефтийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шатахууныг шилжүүлсэн. Э ХХК-ны хүлээн авсан шатахууны үлдэгдэл төлбөр нь 306250000 төгрөг болох нь талуудын тооцоо нийлсэн баримтуудаар нотлогдож байгаа. Э ХХК нь өөрөө ч гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл төлж өгнө гэж баталгаа гаргаж өгсөн. Р ХХК нь Нефтийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шатахууныг шилжүүлсэн. Шатахууны төлбөр 306250000 төгрөгийн гэрээний дагуу тооцогдсон алданги нь 152125000 төгрөг гарч байна.
Нефтийн бүтээгдэхүүнийг дараах төлбөр тооцоогоор борлуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан заримд нийцсэн. Хоёр тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсний дагуу төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөрт өгөх төлбөрийн хүүгийн хэмжээг тусгаж бичгээр гэрээ байгуулах нөхцөлийг хангаж байна гэж ойлгож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэнтэй гэрээний заалт нийцэж байна гэж ойлгож байгаа.
Хариуцагч төлбөрийг хугацаанд барагдуулаагүй нь гэрээний 4.3-т заасан хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлнө гэсний дагуу алдангийг нэхэмжлэх эрх нээлттэй байна. Алдангийг хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Энэ нь Иргэний хуулийг зөрчөөгүй гэж бодож байна. Мөн гэрээнд төлбөр тооцоонд ямар нэгэн эрсдэл гарсан нөхцөлд алдангаас чөлөөлөх үндэслэлийг заагаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Шүүхээс хүсэх нь нэхэмжлэлийн шаардлагын анзын асуудлыг багасгахгүй байх гэж найдаж байна. Учир нь энэ гэрээнд 1 хувьтай тэнцэх гэж заасан бөгөөд алдангийг тооцохдоо 0,5 хувиар бууруулж тооцсон болно гэв.
Хариуцагч Э ХК-ны гүйцэтгэх захирал М.Т шүүхэд тайлбараа ирүүлээгүй бөгөөд тус компани итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ХХК-ны захирал нь шатахууны үлдэгдэл төлбөр 306 сая төгрөг дээр алдангаа тооцоод 459 сая төгрөг болгож нэхэж байгаа. Бид нар зөвхөн халаалтын мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг учраас өнгөрсөн жил 650 сая төгрөгийн авлагаа авч чадаагүйгээс энэ өр үүссэн. Одоо хүртэл төсөвт байгууллагуудаас авлагаа авч чадаагүй. Бид нар гаднаас татаас авах асуудал байхгүй. Зөвхөн халаалтын орж ирсэн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас 10 дугаар сард орж ирсэн мөнгийг 100 хувь хийж өгсөн. Уг нь 306 сая төгрөгийг бүрэн төлж өгье гэсэн боловч 10 дугаар сард орж ирсэн мөнгөний хэмжээгээр 200 сая төгрөгийг хийж өгсөн. Цаашид үлдсэн 106 сая төгрөгийг 11 дүгээр сард орж ирэх мөнгөнөөс хийж өгөх боломж байгаа. Бид нар орж ирсэн санхүүжилттэй холбоотой 8 дугаар сар хүртэл хийсэн хүснэгтээс харахад зарим үед дутуу, зарим үед илүү хийж байсан. Зөвхөн шатахуунаас өөр тодорхой үйл ажиллагаа явуулахын тулд асар их мөнгө хэрэгтэй. Бид нарт банкны зээл гэж байгаа. Аль болох жилийн эцэс хүртэл 306 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулах боломж байгаа. Алдангийг тооцсон асуудлыг өмгөөлөгч маань тайлбарлаж өгөх байх. Миний хувьд 306 сая төгрөгийг жилийн эцэс хүртэл бүрэн барагдуулж өгнө гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Р ХХК нь Э ХК-иас шатахууны үнэ 306250100 төгрөг, алданги 153125050 төгрөг, бүгд 459375150 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Р ХХК нь Э ХК-тай нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах талаар 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаартай гэрээг, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 19 дугаартай гэрээг тус тус байгуулжээ. Гэрээний хугацаанд буюу 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Э ХК нь Р ХХК-нд 382168281 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай актаар, 2016 оны 1 дүгээр сарын 01-нээс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 306250100 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай актаар тус тус тогтоогджээ. Уг төлөгдөөгүй байгаа 306250100 төгрөгийн өглөг нь 2015 онд авч хэрэглэсэн нефтийн бүтээгдэхүүний үнэ болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон Э ХК-ийн нягтлан бодогчийн тооцоогоор тогтоогдож байна.
Р ХХК нь Э ХК-иас шатахууны үнэ 306250100 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхэд нэхэмжлэл ирсний дараа хариуцагч талаас 2016 оны 11 дүгээр сарын 04-нд 180000000 төгрөг, 17-ны өдөр 20000000 төгрөг тус тус төлсөн болох нь ХААН банкны гүйлгээний баримт, Голомт банкны орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэгдэл төлбөрийг энэ ондоо багтааж төлж өгөхөөр шүүх хуралдаан дээр тайлбарласан байна.
Э ХК-ний Р ХХК-д төлөх шатахууны үнэ болох 306250100 төгрөгөөс шүүхэд нэхэмжлэл ирсний дараа төлөгдсөн 200000000 төгрөгийг хасаж тооцоход 106250100 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул энэхүү мөнгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу хугацаанд төлөгдөөгүй төлбөр болох 306250100 төгрөгт 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс 2016 оны 7 дугаар сарын 30-ны хүртэл 7 сар буюу 210 хоногт алданги тооцож 153125050 төгрөг нэхэмжилжээ. Р ХХК нь Э ХК-тай нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах талаар 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаартай гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.2-т Хэрэглэгч авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж дуусгана, уг гэрээний 4.3-т Хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үлдэгдэл үнийн 1%-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлөхөөр харилцан тохиролцжээ.
Хариуцагч талаас дулаан хэрэглэгч байгууллагууд эрчим хүчний үнийг хугацаанд төлөөгүйн улмаас Р ХХК-иас авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг төлж чадаагүй, мөн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс илүү тогтоож хууль зөрчсөн байх тул уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байгаа гэж маргажээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд үлдэгдэл үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоосныг хуульзөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэж гэрээг бүхэлд хүчингүй төгөлдөр бус гэж үзэх боломжгүй тул хуульд заасан хэмжээ болох 0,5 хувиар алданги тооцож гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас хугацаанд төлөгдөөгүй төлбөр болох 306250100 төгрөгт 2016 оны 1 дүгээр сарын 01-нээс 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл буюу 210 хоногт 1 хувиар тооцож алданги нэхэмжилсэн байх боловч Иргэний хуулийн дээрх заалтаар тооцоход хугацаа хэтэрсэн хоног тутамд 1531250 төгрөг /306250100 х 0,5% = 1531250/ алданги төлөхөөр байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан 210 хоногт алданги тооцоход 321562605 төгрөгийн /1531250 х 210 хоног = 321562605/ алданги төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрчболохгүй гэж заасан байх тул алдангийн хэмжээг хариуцагч Э ХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 306250100 төгрөгийн 50 хувь болох 153125050 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулан Р ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Э ХК-иас шатахууны үнэ 106250100 төгрөг, алданги 153125050 төгрөг, нийт 259375150 төгрөгийг гаргуулан Р ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 200000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Э ХК-иас шатахууны үнэ 106250100 төгрөг, алданги 153125050 төгрөг, нийт 259375150 төгрөгийг гаргуулан Р ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 200000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2454826 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХК-иас 1454826 төгрөг гаргуулан Р ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК