Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 047

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ф,

шүүгдэгчийн өмгөөлөгч С ,

шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох 2013********** дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн А сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 1, ганц бие, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан, А , регистрийн дугаар: ББ83******.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч А нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт орших А ийн гэрт ирээд хэрүүл маргааны улмаас дүү нь болох А ийн толгойноос модоор 2 удаа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч А мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-55 дугаар хуудас/,

2. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

3. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

4. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

5. Хохирогч А ийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 41-48 дугаар хуудас/,

6. Хохирогч А ээс гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас/,

7. БӨ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

8. Шүүгдэгч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,

9. Хохирлын хүснэгт /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,

10. Хохирогч А ийн БӨ аймгийн Прокурорын газарт хаяглан бичсэн “А тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын ямар нэгэн маргаангүй” талаарх хүсэлт,

11. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай яллах дүгнэлтийн “А ийн биеийн байцаалт: ...хөдөлмөрийн чадвар алдалтын группт байдаг” гэх хэсэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед БӨ аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт байршилтай, төрсөн дүү нь болох А ийн гэрт хэрүүл маргаан үүсгэж, А ийн толгой тус газар 1 метр орчим хэмжээтэй төмрөөр хоёр удаа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед А гаднаас орж ирээд таксины мөнгө асуухад би: “ямар дандаа таны мөнгийг төлж байх ёстой юм уу мөнгө байхгүй” гэхэд намайг янхан минь гэж хэл амаар доромжилж, “хүүхдээ аваад зайл” гэхээр нь “та надад битгий гомдоорой би цагдаа дуудлаа шүү” гээд утсаа авахад гараад явчихсан. Тэгээд буцаж орж ирэхдээ гартаа урт нарийхан труба барьж ирээд шууд миний толгой руу хоёр удаа цохисон, тэгээд миний толгойноос цус гарангуут зугтаад гараад явчихсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, төрсөн ах А ийг уучилсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-55 дугаар хуудас/,

- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А  цагдаад дуудлага өгч чамайг эрүүлжүүлэхэд хийнэ шүү гэхэд гараад явчихсан. Тэгээд бид хэд А ийг зугтаад явчихлаа дахиж гэрт ирэхгүй байх гэж сууж байтал гаднаас гартаа хүрэн өнгийн төмөр, мод алийг нь би анзаараагүй нэг зүйл барьж орж ирээд А ийн толгой руу хоёр удаа цохисон тэгээд дахиад цохих гэж байхад нь би очиж болиулах үед А ийн толгойноос цус гарах үед А и гэрээс гараад зугтчихсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

- Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охиноо эмнэлэгт хэвтүүлэх гээд явж байгаад А тэй эмнэлэгт тааралдахад А и агсам тавиад миний толгой руу төмрөөр цохисон, тэгээд эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А и гэртээ согтуу очоод дүү А ийг цохиж зодсон байна гэж өөрөө надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

- Хохирогч А ийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх өвчний түүх /хавтаст хэргийн 41-48 дугаар хуудас/,

- Хохирогч А ээс гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн 1. Иргэн А ийн биед тархины доргилт, зулайнд зүсэгдсэн шархтай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо, Иргэн А ийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо ирмэг зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.

3. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно.

4. Иргэн А ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А  намайг сохор гэх мэтээр хэл амаар дайрч доромжилж эмзэг асуудлыг минь хөндсөн тул би дургүй хүрээд зуухны аманд байсан модоор А ийн толгой руу хоёр удаа цохисон, би тухайн үед нийлээд уурлачихсан. Тэгтэл ээж ирээд намайг болиулаад нөгөө модыг надаас авчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А нь иргэн А ийг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А ийн хохирогч А ийн эрүүл мэндэд “биед тархины доргилт, зулайнд зүсэгдсэн шархтай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад ах дүү хүмүүс болох шүүгдэгч А ийн архидан согтуурсан байдал, мөн шүүгдэгч болон хохирогч А  нарын таарамжгүй харилцаа нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А нь хохирогч А тэй сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршигт 31.242 төгрөгийг төлж өгсөн байна.

Мөн хохирогч А ийн БӨ аймгийн Прокурорын газарт хаяглан бичсэн “А тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын ямар нэгэн маргаангүй” гэх хүсэлтээс үзэхэд шүүгдэгч А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А ид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч А нь хохирогч А тэй сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай саналд яллагдагч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч А хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч А д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч А д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А ийг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т