Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1288

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Б.Ундрах,  шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04068 1713 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Д.С, Монгол Улсын иргэн, 1986 оны 10 сарын 30-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачааны машин барьдаг, ам бүл дөрөв, эцэг, эх, эгчийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их Гүн * тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 07 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын 153 дугаар байрны гадаа иргэн Ц.Н-г “надтай хамт байсангүй гэртээ орох гэлээ” гэх шалтгааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, зүүн мөр, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Д.С нь 2019 оны 07 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын 153 дугаар байрны гадаа хохирогч Ц.Н-г “хамт байсангүй, гэртээ орох гэлээ” гэсэн шалтгааны улмаас зодож, түүний бие махбодод “тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, зүүн мөр, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийг  гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.С-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед С над руу залгаад “би 5 шар орж машин зарна, тэгээд хамт уулзалдах уу” гэж ярьсан. Орой 22 цагийн үед би найз М-тэй уулзаад Цамбагаравт байдаг паабад сууж байсан чинь С яриад бид хоёр дээр ирсэн. Бид 3 тухайн паабад сууж байгаад шөнө 01 цагийн үед гарсан. С машинтай явж байсан учраас дуудлагын жолооч дуудаад намайг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын 153 дугаар байранд байх гэрт хүргэж ирсэн. Тэгээд би гэр лүүгээ орлоо гэсэн чинь намайг оруулахгүй гэхээр нь би яагаад оруулахгүй гээд байгаа юм гэсэн чинь “чи миний сэтгэлийг ойлгохгүй байна, чамайг би оруулахгүй, маргааш өглөөний 12 цаг хүртэл надтай цуг бай” гэж хэлээд шууд баруун зүүн гарын нударгаа атгаж ээлжлэн миний зүүн нүд, баруун зүүн мөр, зүүн хөлийн өвдөгний дээд хэсэгт хүчтэй цохисон. Тухайн үед яг баруун зүүн аль гараараа цохисон талаар анзаарч харах тэнхэлгүй байсан. Мөн С 1 гараараа хоолойг боомилон машины арын суудал дээр дарж унагаасан. Би баруун гараараа С-ын гарыг нь салгах гэтэл миний баруун гарын мөр мултарсан. Би гар эвгүй болчихлоо гэж хэлэхэд С миний хоолойг боомилохоо больсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9334 дугаартай шинжээчийн “...Ц.Н-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, зүүн мөр, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 9 дүгээр хуудас);

4. Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...харин маргааш өдөр нь Н над руу залгаад С намайг зодчихлоо гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Д.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 38 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 34 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ц.Н гэдэг хүүхэнтэй 2015 онд танилцаж бид хоёр 2 жил гаран үерхэж байгаад салсан юм. Тэрнээс хойш хааяа утсаар ярьдаг байсан. 2019 оны 07 дугаар сарын 29-ний орой би Н-тай уулзъя гээд утсаар ярьсан чинь 1-р хороололд нэг найзтайгаа паабад сууж байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Н дээр явж очсон. Н нэг залуутай хамт пиво уугаад сууж байсан. Бид гурав нийлээд 0.5 литрийн архи хувааж ууссан. Би нэлээн согтоод дуудлагын жолооч дуудаад Н-г байрных нь гадаа хүргэж өгсөн. Тэгээд Н-г жаахан юм ярьж сууя гэсэн чинь үгүй гээд буух гэхээр нь би татаад машинд суулгаад бид хоёр юм ярьж байсан чинь би орлоо, орлоо гээд буухаар нь дахиад татаад суулгасан чинь миний баруун мөрний орчимд хазахаар нь би нүүрэнд нь нэг цохисон. Би Н-ийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58-59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.С-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.С-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Н нь хохиролд 128,000 төгрөг авсан, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Д.С-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Д.С-д оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн хуульд заасан хугацаанд гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.С-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА