Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 798

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.О д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Б.Мөнх-Од,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 793 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр Э.О д холбогдох эрүүгийн 2014 2000 1380 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Э.О, 1980 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Этернопикко” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал тауны 801-107 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЛ80080912/,

 

“Этернопикко” ХХК-ийн захирал ажилтай Э.О ын “… гэрээ хийсэн тохиолдолд нүүрс нийлүүлэх бүрэн боломжтой, манайх Хятадын хилийн ойролцоо Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газар нүүрс угаах үйлдвэр байгуулах гэж байгаа, талбайгаа янзалж байгаа, цаашид хамтран ажиллана …” гэж итгүүлэн 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын “Бээжин норф коал” компанитай 2012 оны 4 дүгээр сарын 8-наас 12 сарын хугацаатай 300.000 тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, эхний ээлжид туршилтын 5.000 тонн нүүрсний үнэ болох 427.262.51 ам.доллар буюу 562.260.373 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр өөрийн дансандаа шилжүүлж аваад гэрээний үүргээ биелүүлээгүй залилан мэхэлж авч “Бээжин норф коал” компанид онц их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.О ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заажээ.

Гэтэл Э.О д холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудаас энэ зүйлийн 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн байна.

Өөрөөр хэлбэл Э.О ын гаргасан хүсэлт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэгт дурдагдаж байгаа Э.О оос үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас уг нүүрс нийлүүлэх гэрээ биелэгдээгүй эсхүл биелэгдэх боломжгүй болсон гэх шалтгаан нөхцөл байсан эсэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй байна.

Үүнээс гадна Ганболд овогтой Болор-Эрдэнийг тухайн хэрэгт хохирогч байгууллагыг төлөөлөн оролцуулахаар Чайна Фүэлийн “Бээжин Норф Коал” хязгаарлагдмал компанийн ерөнхий захирал Whang zhi qiang гэх хүнээс итгэмжлэл олгожээ.

Уг Whang zhi qiang гэх этгээд нь Чайна Фүэлийн “Бээжин Норф Коал” хязгаарлагдмал компанийг төлөөлөх, бусдад итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх талаарх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад түүний олгосон итгэмжлэлээр Г.Болор-Эрдэнийг тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна.

Иймд дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Э.О д холбогдох эрүүгийн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Цэцэгмаа бичсэн эсэргүүцэлдээ “... Анхан шатны шүүхийн 793 дугаар шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дах хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ. Гэтэл Э.О д холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудаас энэ зүйлийн 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй байна.” гэжээ.

Яллагдагч Э.О  болон түүний өмгөөлөгч нараас мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт нэг бүрийг тухай бүрд шалгасан бөгөөд яллагдагч Э.О оос “Чайна Фүэл-ийн “Бээжин Норф Коал” компаниас авсан мөнгөө Цэрэнбадамын Болдод өгсөн гэж мэдүүлдэг боловч Ц.Болд гэгч хаана юу хийдэг, мөнгөө ямар дансаар өгсөн, эсхүл бэлнээр өгсөн бол энэ талаар нотлох баримт байгаа эсэх талаар тодруулан байцаахад Ц.Болдыг хаана юу хийдэг болох талаар мэдэхгүй, мөнгө шилжүүлсэн баримт байхгүй гэж мэдүүлсэн байх тул яллагдагч Э.О оос гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон.

2. Үүнээс гадна Ганболд овогтой Болор-Эрдэнийг тухайн хэрэгт хохирогч байгууллагыг төлөөлөн оролцуулахаар Чайна Фүэлийн “Бээжин Норф Коал” хязгаарлагдмал компанийн ерөнхий захирал Whang zhi qiang гэх хүнээс итгэмжлэл олгожээ.

Уг Whang zhi qiang гэх этгээд нь Чайна Фүэлийн “Бээжин Норф Коал” хязгаарлагдмал компанийг төлөөлөх, бусдад итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх талаарх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад түүний олгосон итгэмжлэлээр Г.Болор-Эрдэнийг тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна.” гэжээ.

Whang zhi qiang нь Фүэлийн “Бээжин Норф Коал” хязгаарлагдмал компанийг төлөөлж итгэмжлэл хийсэн албан бичигтэй гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтай гэдгийг тодорхой бичсэн байх тул Г.Болор-Эрдэнийг тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

 

Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Цэцэгмаа прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхээс хэргийг хоёр үндэслэлээр буцаасан. Мөрдөн байцаалтын шатанд Ц.Болд гэх этгээдэд мөнгө өгсөн талаарх баримтыг шалгаж тодруулахад баримт байдаггүй, мэдүүлдэггүй учраас цааш шалгах боломжгүй байдалд хүрсэн. Хохирогч компанийн олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр тул хохирогчоор өөр этгээдийг дахин тогтоох, тодруулах шаардлагагүй. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Э.О д холбогдох хэргийн материалыг судлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг шалгаж тогтоогоогүй, нотлоогүй байхад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар бичсэн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох,  гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдийг зөв тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин Хоёрдугаар бүлэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ.

  

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 793 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ