Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 532

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд хаалттай хийсэн иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар О.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ч.Дарьбазарт холбогдох “Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг нар  оролцов.                                              

                                                        Тодорхойлох  нь:

Нэхэмжлэгч:  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин 1 дүгээр баг, Ганга гудамж, 14-372 тоотод оршин суух хаягтай,

Хавчин овгийн Одсүрэнгийн Сувд-Эрдэнэ /регистрийн дугаар МЕ- 90032407/  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Миний бие Ч.Дарьбазартай 2008 онд танилцаж гэр бүлийн харьцаатай болсон бидний дундаас 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Амин-Эрдэнэ төрсөн.  У.Дарьбазар бидний хооронд таарамжгүй харилцаа бий болж 2012 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Одоо миний бие өөр хүнтэй гэр бүл болж, хүүхэдтэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Д.Амин-Эрдэнийг миний асрамжинд үлдээж өгнө үү!. Ч.Дарьбазараас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болно.

...Миний бие Ч.Дарьбазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Бидний дунд эд хөрөнгийн, хүүхдийн асрамжийн талаар болон өөр бусад асуудлаар маргаангүй болно. Хүүхдийн тэтгэлэг Ч.Дарьбазараас нэхэмжлэхгүй. Энэ нэхэмжлэлийн талаар дахин шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол гаргахгүй болно. Охин Д.Амин-Эрдэнийг өөрийн асрамжинд үлдээнэ... гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг, Ногоон довын гудамж 1-01 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг  

Бүлчин овгийн  Часмаагийн Дарьбазар  /регистрийн  дугаар МТ- 85112434/   2016 оны 09 дүгээр сарын 16-нд шүүхэд гаргасан тайлбартаа :

 ...Миний бие нь О.Сувд-Эрдэнэтэй 2008 онд танилцаж 3 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 2011 оны 3 дугаар сарын 26-нд охин Д.Амин-Эрдэнэ төрсөн. Хамт амьдрах хугацаанд миний бие эхнэрээ хардсаны улмаас гэр бүлийн таарамжгүй харьцаа үүссэн. Үүнээс болж 2012 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч охин ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Миний бие нь эцэг хүнийхээ үүргийг ухамсарлаж охиндоо шаардлагатай, хэрэгцээтэй бүхнийг өөрийн зүгээс бэлдэж өгдөг. О.Сувд-Эрдэнэ нь өөр бусадтай гэр бүл болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй, гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээхэд маргахгүй. Эд хөрөнгийн маргаангүй ...”  гэжээ.

                    Иргэний  хэрэгт  цугларсан   нотлох баримтыг  шинжлэн  судлаж     

                                                               Үндэслэх  нь:

Нэхэмжлэгч О.Сувд-Эрдэнэ нь Ч.Дарьбазарт холбогдуулан “Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь 2008 онд танилцан улмаар 2011 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2011 оны 03 дугаар сарын 26-нд охин Д.Амин-Эрдэнэ  төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүхэд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан О.Сувд-Эрдэнэ нь Ч.Дарьбазар нарын гэрлэлтийг баталж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн байгууллагаас  2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 03 дугаарт бүртгэж, Г-03, №0163559 дугаартай  олгосон “Гэрлэлтийн баталгаа”-ны хуулбар, 2011 оны 03 дугаар сарын 26-нд төрсөн охин Д.Амин-Эрдэнэд олгосон Г-32, №0000676195 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний  хуулбар зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Зохигчид гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигчид хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, эвлэрүүлэн зуучлагчид хандаж зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, эд хөрөнгийн маргаангүй, бага насны охин Д.Амин-Эрдэнийг эхийн асрамжинд үлдээх талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Дарьбазараас “хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй” гэсэн байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, бага насны охин Д.Амин-Эрдэнийг эх О.Сувд-Эрдэнийн асрамжинд үлдээж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Зохигчдод шүүх хуралдааны товыг боломжит хугацаа буюу 2016 оны 09-р сарын 21-нд мэдэгдсэн боловч “гэрлэлт цуцлах болон хүүхдийн асрамж, эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй. Байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн  байх тул Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 100 дугаар  зүйлийн  100.1-д зааснаар зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын  Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  зааснаар “Эцэг,  эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг  хүлээнэ”  гэж  заасан  байх тул зохигчид нь үр  хүүхдээ  асран  хамгаалах,  тэжээн  тэтгэх, эрүүл  чийрэг   бойжуулах, сурч  боловсрох... зэрэгт  нэгэн адил  үүрэг  хүлээж, эрх  эдлэх ба хүүхдийг эх, эцэгтэй нь уулзах, тэднээс тусламж дэмжлэг эрхийг хязгаарлаж болохгүйг  дурьдах нь зүйтэй.    

Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1,  132 дугаар  зүйлийн 132.6 -д заасныг  удирдлага болгон   ТОГТООХ  нь:

1.  Гэр  бүлийн  тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1-д зааснаар Б овгийн  Ч.Д, Х овгийн  О.С нарын  гэрлэлтийг цуцласугай.

2.  Гэр бүлийн  тухай  хуулийн  14 дүгээр зүйлийн 14.5-д  зааснаар  2011 оны 03 дугаар сарын 26-нд төрсөн бага насны охин Д.А насанд хүртэл эх О.С асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчдын хооронд эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй  болохыг  дурьдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч  О.С улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Уянгад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ