Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 051

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Ф,

шүүгдэгч М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М д холбогдох 2013*********** дугаартай хэргийг 2020 оны 2 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б сумын 2 дугаар багт оршин суудаг, 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хоорондоо эвлэрсэн үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5/16 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна, М , регистрийн дугаар БЕ86******

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

М  нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн үед бэлчээрийн маргааны улмаас тус аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн иргэн С , Б  нарыг зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч М  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 24-25 дугаар хуудас/,

2. Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 27-28 дугаар хуудас/,

3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19, 21-22 дугаар хуудас/,

4. Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

5. Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч М н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М  нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн үед бэлчээрийн маргааны улмаас тус аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн иргэн С , Б  нарыг зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчимд нуур эргээр явж байх үед манай хамаатны дүү болох Б  нэг залуутай хамт байсан. Тэгээд юу болж байгааг тодруулахаар нөгөө залуугийн хажууд очиход Б , М , Х  гэдэг залуус байсан ба Б , М  хоёр маргалдаж байсан юм. Тэгээд би яагаад байна гэсэн чинь М  танай мал манай бэлчээр лүү гардаг маландаа эзэн бол гэж надтай маргалдсан. Бид маргалдаж байхад М  миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан ба миний хамраас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 24-25 дугаар хуудас/,

- Хохирогч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчимд нуур эргээр адуу тууж явж байхад М , Х  гэдэг залуустай таарсан ба М  чи яагаад манай бэлчээр лүү малаа оруулж байгаа юм бэ гэж над руу дайрсан ба бид хоёр хэрэлдсэн. Тэр үед М  миний толгой руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгж байх үед манай хамаатны ах болох С  ирсэн ба М  манай ахтай бас хэрэлдэж байгаад гараараа хамар лүү нь нэг удаа цохиод авсан, тухайн үед манай ахын хамарнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 27-28 дугаар хуудас/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19, 21-22 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн 1. Иргэн Б ыг биед тархины доргилттой, духанд хавантай, дагзанд хавантай зулайнд зүүн талд хавантай, баруун гарын сарвуунд хавдартай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо ирмэг зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Б ы дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно. 3. Иргэн Б ыг дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 4. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. 5. Рентген зургийг хавсаргав гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн 1. Иргэн С ын биед тархины доргилттой, дагзанд хавантай, зулайнд баруун талд хавдартай, хамрын нуруугаар хавантай, хамрын хөндийгөөс цус гарна, дээд ба доод уруулаар хавантай шархтай, дотор тал хэгзэрсэн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн С ын дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно. 3. Иргэн С ын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 4. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. 5. Эмчийн тодорхойлолт, рентген зураг зэргийг хавсаргав гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

- Шүүгдэгч М н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн үед өөрийн хамаатан дүү Х г дагуулаад Сагсай сумын 3 дугаар багт байрлах С , Б  нарын гэрийн ойролцоо явж байх үед Б  гэдэг залуу адуу тууж явж байгаад манай мал руу оруулсан. Тэгээд хэрүүл маргаан гарсан. Бид хэрэлдэж байх үед би Б ыг нэг удаа толгой руу нь гараараа цохиод авсан. Тэгж байхад С  гэдэг залуу бас хүрээд ирсэн. Бид бэлчээрээс болж маргалдсан ба С ын хамар луу нь гараараа нэг удаа цохиод авсан, тухайн үед С ын хамарнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М  нь бэлчээрийн маргааны улмаас С , Б  нарыг зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М гөөс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч М н гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, бэлчээрийн маргааны улмаас С , Б  нарыг гараараа зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч М г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь бэлчээрийн маргаан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С , Б  нарт эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн бөгөөд хохирогчоос хохирол нэхэмжлээгүй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч М д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч М  нь хохирогч С , Б  нартай сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай саналд яллагдагч М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч М  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч М д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч М д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч М  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шилжүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Бахатханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т