| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1243/Э |
| Дугаар | 1290 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1290
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Д.Туяана, хохирогч Б.Н, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг /ҮД:2724/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос И овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05035 1652 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И овгийн Б.Б, Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармалын * тоотод оршин суудаг, регистрийн дугаар *, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармалын * тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эхнэр Б.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар биед нь бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмуудын баруун хажуу сэртэн далд хугарал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч овгийн Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармалын * тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ архи уусан асуудлаас болж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н-той маргаж, улмаар түүнийг зодож, бие махбодод нь “...бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмуудын баруун хажуу сэртэн далд хугарал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Н шүүх хуралдаанд өгсөн: “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би нөхөртөө гомдол саналгүй гэдгээ илэрхийлэх гэж шүүх хуралдаанд оролцож байна...” гэсэн мэдүүлэг;
3.Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2009 оноос хойш нөхөр Б-тай цуг амьдарч байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа тараад СХД-ийн 18 дугаар хороо, Угсармал * тоотод байх гэртээ ирэхэд нөхөр Б, хүү Т /9 настай/, хүү Ч /6 настай/, хүү Э /3 настай/ нарын хамт байсан бөгөөд архи уугаад согтуу унтаж байсан. Би гэрээ цэвэрлээд хоолоо хийж идээд байж байхад нөхөр Б машины түлхүүр аваад хүү Т-ийн хамт гарах гээд байсан. Би согтуу байж машины түлхүүрээр яах гээд байгаа юм бэ гэж маргалдаж байгаад гал тогооны өрөөнд ороход, нөхөр Б араас орж ирээд хаалга хааж, хэсэг маргалдаж байгаад, миний нүүр лүү гараараа нэг удаа алгадаж, намайг үсдэн газар унагаагаад, нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед том хүү Т орж ирээд, бид хоёрыг салгаж, нөхөр Б-тай цуг гараад явсан...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11748 дугаартай: “...Б.Н биед бүсэлхийн 3, 4-р нугалмуудын баруун хажуу сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хх-ийн 18 дугаар хуудас);
5. Аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 48-51 дугаар хуудас), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн дүгнэлт (хх-ийн 52-56 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, угсармалын 3-20 тоотод эхнэр Н, хүү Т, Ч, Э нарын хамт амьдардаг. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн үед эхнэр Н ажлаа тараад ирэхэд нь би гэртээ архи уучихсан 3 хүүхдийн хамт байж байсан. Эхнэр Н гэрт орж ирээд “ажилгүй гэр орноо цэвэрлэхгүй, архичин, хоол ундаа хийсэнгүй” гэж хэрүүл маргаан эхлүүлсэн. Тэгээд бид хоёр хэсэг маргалдаж байгаад би “хүүхдүүдийн хажууд маргалдаад яах вэ” гэж бодоод эхнэр Н-ыг дагуулаад гал тогооны өрөөнд ороод, хаалга хааж байгаад хэсэг маргалдсан. Эхнэр Н гараараа миний нүүр лүү алгадаад, миний баруун нүд рүү цохичихсон. Тэр үед миний уур хүрээд эхнэрээ нэг удаа өшиглөж газар унагаагаад, нуруу руу нь гараараа нэг удаа цохисон юм. Би эхнэр Н-ыг газар байхад орхиод том өрөөндөө орж, хүүхдүүд уйлаад байхаар нь тайвшруулсан. Тэгээд би тайвшраад эхнэр Н-с “яаж байна“ гэж асуухад нуруу эвгүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь дүү Б, Б нарыг дуудаж, эхнэрийг гэмтлийг эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 62-63 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Н бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн хохирогч Б.Н биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Н нар албан ёсны гэр бүлийн баталгаатай нөхөр, эхнэр байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.Б нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Н нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-т зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Хохирогч эрүүгийн хариуцлагын талаар: “...Залуу хүмүүс хэл амаа ололцохгүй тухайн үеийн уур уцаараасаа болоод ялихгүй зүйлийг овоо болгочихсон байна. Үүндээ уучлалт хүсээд, ханьдаа хорих ял эдлүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлье. Бид хоёр гурван хүүтэй хүмүүс. Мөн байрны зээлтэй, цалингийн зээлтэй, ганц хүний цалингаар амьдрах хэцүү байдаг. Хэрүүл маргааны хувьд хэн хэндээ алдаа, оноо бий. Миний ч буруу бас байгаа. Өнгөрсөн хугацаанд миний гурван хүү аавыгаа надаас нэхэхэд хэлэх үг ч олдохгүй үнэхээр хэцүү байлаа. Бид цаашид хамт амьдарна. Гурван хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгнө, зээлээ төлнө. Миний нөхрийг хорих ял шийтгэхгүй болгож өгөөч гэж гуйж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Улсын яллагчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал авч үзсэнгүй. Гэр бүлийн язгуур эрх ашиг бол үр хүүхэд байдаг. Энэ гэр бүл нь гурван хүүхэдтэй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд хэн хэнийх нь буруугаас болсон байдаг. Тэд амьдралын нарийн ширийн зүйлийг ойлгохгүй насан дээрээ явж байгаагаас гадна хоорондын үл ойлголцох байдал одоогийн хүчирхийллийн хэмжээнд хүргэжээ гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Миний үйлчлүүлэгч хоригдсон хэд хоногийн хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн хор аюул бага, хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилсан, хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээнд 48,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч шүүх хуралдаанд оролцож өөрийн биеэр гомдол саналгүй гэдгээ хэлж байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү. Хэрэв ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгөхийг хүсэж байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогчийн харилцаа болон түрүүлж хүч хэрэглэсэн талаарх гэмт хэргийн шалтгаан нөхцөл, тохиолдлын шинжтэй хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн бага насны гурван хүүхэдтэй хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч, хохирогчийн дүгнэлт, саналыг тал бүрээс нь харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Б.Б-т мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял оногдуулах замаар цээрлүүлэх үү, эсхүл ял оногдуулахгүйгээр албадлын арга хэмжээ хэрэглэн нийгэмшүүлэх үү гэдгийг тал бүрээс нь тооцдог бөгөөд энэ хэргийн тухайд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг Монгол Улсын нэрийн өмнөөс хүлээлгэсэн итгэл найдварыг дааж, цаашид өөрийгөө засан хүмүүжүүлж, хүний эрхийг хүндэлдэг зөв хүн болон нийгэмших бололцоотой хэмээн үзсэнийг дурдах нь зүйн хэрэг.
Хэрэв шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт нь ял оногдуулахыг түүнд тогтоолоор сануулах нь зүйтэй.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Н нарт цаашид гэр бүлийн харилцаанд бие биеэ хүндэлж, аливаа асуудлаар үг хэлээрээ харилцан ойлголцож, хамгийн гол нь хүүхдүүддээ айдас түгшүүргүй, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин бий болгож амьдрахыг үүгээр зөвлөе.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь 10 хоног цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.И овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар ”Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Б.Б-т мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Б-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б 10 (арав) хоног цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА