| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00469/И |
| Дугаар | 531 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 531
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Ц.Отгонбаярт холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 1.119.020 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Отгонбаяр нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус байгууллагын Сэлэнгэ салбараас 10702691 тоот зээлийн гэрээ байгуулан 2500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.9%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Ц.Отгонбаяр нь үндсэн зээл 1.007.610 төгрөг, хүү 93.510 төгрөг, торгуулийн хүү 8900 төгрөг, нотариатын хөлс 90.00 төгрөг, нийт 1.119.020 төгрөгний төлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч Ц.Отгонбаяр 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Ц.Отгонбаяр надад холбогдуулан 1.119.020 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгөнөөс 500.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 619.020 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж “Вишнфанд” ББСБ-ыг хохиролгүй болгоно. Улсын тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо. Энэ талаар дахин маргахгүй болно гэжээ.
Үндэслэх нь:
“Вишнфанд” ББСБ нь Ц.Отгонбаярт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги 1.119.020 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 1.119.020 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.420 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 31.420 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 15.710 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 15.710 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Ц.Отгонбаярт холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 1.119.020 төгрөг гаргуулах”-ыг иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.420 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 31.420 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 15.710 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 15.710 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ