Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 608

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Д.Баялагнасангийн нэхэмжлэлтэй “Өрнөх” СӨХ-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Д.Баялагнасан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Өрнөх” СӨХ-д үйлчлэгчээр ажилд орсон. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тасралтгүй бүтэн 1 жил ажиллаж байтал тус СӨХ-ийн ажилтан н.Отгонням нь намайг тухайн өдөр гэнэт дуудаад ... “таныг уг СӨХ-д ажилуулахгүй одоо яв” гээд намайг ажилуулахгүй  хөөсөн. Би ямар шалтгааны улмаас намайг ажлаас халж байгаа юм гэхэд ... “чи хо зөөсөн чамайг ажилуулахгүй байх эрх надад байгаа, би оронд чинь ажиллах хүнийг дуудсан” гээд дахиж ажилуулахгүй өнөөдрийг хүрч байна. Ингээд би тус СӨХ-ийн дарга Цэнд-Аюуштай уулзах гэхэд чамайг уулзуулахгүй ажлаас халсан, ажлаас халах тушаалыг амаар гаргаж байна. Одоо чамд тушаалыг чинь өгөхгүй гэсэн.

Би “Өрнөх” СӨХ-д ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар ажлын алдаа гаргаж сахилыгн шийтгэл авч байгаагүй учраас намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Тухайн үед ажиллаж байх хугацаандаа сард 200.000 төгрөгийн цалин авч байсан. “Өрнөх” СӨХ намайг ямар ч үндэслэлгүй ажлаас халж Монгол Улсын Үндсэн хуулинд заасан ажил хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчиж байгаа тул доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах...  гэжээ.

Нэхэмжлэгч Д.Баялагнасан нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:  

... Д.Баялагнасан миний бие нь “Өрнөх” СӨХ-д  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байна. Энэ талаар дахин маргахгүй гэжээ.

                                                                   Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Баялагнасан нь “Өрнөх” СӨХ-д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь “Өрнөх” СӨХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь нэхэмжлэгч Д.Баялагнасангийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Баялагнасангийн нэхэмжлэлтэй “Өрнөх” СӨХ-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах” -ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                     ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ