| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2010/0020/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 23
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч П.Л ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л т холбогдох 163/2010/0020/Э индекстэй, 1915000240254 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, малчин, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, А овогт П.Л.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Л нь 2018 оны 12 дугаар сард Булган аймгийн ... сумын нутгаас иргэн Ц.Б ын 3 тооны адууг хулгайлж 2400000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутагт байрлах ногооны талбайн задгайд оршин суух Д.Ц ын гэрт хонохдоо гэрийн зүүн хойд талд байх авдар дээр байсан шилэн хаалгатай сервантнаас Чүнчигноров хөөрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1915000240254 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Д.Ц ын өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутагт байрлах ногооны талбайн задгайд гэртээ эхнэрийн хамт байж байхад орой 18 цагийн үед Х гэх залуу нэг танихгүй залуутай манайд орж ирж 1 шил архи уугаад хамт явсан залуу нь надтай танилцахдаа П.Л а гэж танилцсан тэгээд архиа ууж дуусгаад хоёулаа гараад явсан. Тэгээд 22 цагийн үед унтах гээд байж байтал П.Л гэх залуу хашаа даваад орж ирээд надад хонох газар алга танайд хоночихьё гэхээр нь гэртээ оруулсан. Тухайн үед ганцаараа орж ирсэн тэгээд манайд амарч байтал 23 цагийн үед манай хүргэн ирээд манай эхнэрийг Хархорин сум руу аваад явсан... өглөө босоод байж байтал архинд яваад ирээч гэхээр нь би чадахгүй гээд адуундаа явчихаад ирсэн чинь П.Л манай гэрт байж байсан. Тэгээд бид 2 байж байгаад гэрийн зүүн хойд талд байх авдар дээр байсан шилэн хаалгатай сервантаас 2017 онд 1.5 сая төгрөгөөр худалдаж авсан өндөр нь шүдэнзний хайрцагны хэмжээтэй Чүнчигноров хөөрөгөө гаргаж хөөрөглөсөн тэгээд тэр залуу манайд байж байгаад хоноод өглөө нь 08 цагийн орчим цай чаначихаад гараад 00 байж байхад ахаа би явлаа гэхээр нь би энэ цай уухгүй яагаад явчихав гээд гэр лүүгээ гүйж хөөрөгөө үзтэл хөөрөг байхгүй байсан. Тэгэхээр нь би араас нь гартал байхгүй байсан. П.Л хөөрөглөснөөс хойш ямар ч хүн манайд орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Б ын өгсөн: “... М ыд миний өөрийн 2 азарга 40 тооны адуу байдаг юм...2О18 оны 12 дугаар сарын эхээр Д.М над руу утсаар яриад хонгор азаргатай адуунаас хүрэн морь, хээр морь, хээр гүү бүгд хөндөлтэй зүрхэн тамгатай 3 тооны адуу алдсан талаар хэлсэн. Маргааш нь сумын төвд айлын хашаанд 3 тооны адуу зүсээрээ айлд байсан...Д.М адуугаа олж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-13 дугаар хуудас/,
Гэрч Т.Д ийн өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын сүүлээр буюу оны өмнөхөн яг өдрийг нь мэдэхгүй байна манай найз О над дээр ирээд Булган аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутгаас бэлэгний адуу ачаад ирье гэхээр нь тэгье гээд өөрийн эзэмшлийн Вонго пронтер маркийн **-** БУЛ дугаарын автомашинтай мөн О өөрийнх эзэмшлийн Исузу маркийн машинтай найз нар болох Л , Я, Н нартай цуг явсан ба адуу бэлэглэж байгаа гэх Л гэсэн байх нэг залуутай сумаас 16 цагийн үед гарч явсан. Сумын төвөөс урагш 20 гаран киломерт явж байгаад нөгөө залуу утсаа өгч бай гээд О ын утсаар ярьсанаа адуу асуугаад байх шиг байсан аа хөдлөе гээд яваад удалгүй ногттой хээр азарга шиг санагдаж байна. Азаргатай 20 гаран тооны адуун дээр очсон. Тухайн үед нар жаргаж байсан тэгээд хойно нь байсан айлын саравчин дээр адуугаа тууж очоод адуугаа хашиж байх үед цагаан Стима маркийн машинтай 4 хүн 2 эрэгтэй, 2 эмэгтэй ирсэн. Би тэр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй зүс мэднэ миний ойлгосноор тэр хүмүүс тухайн саравчны эзэд юм шиг байна лээ...тэр хүмүүс хөдлөөд явангуут улаан хээр, хар хээр зүсний байдас, зээрд зүсний морьд барьж ачсан би им тамгыг нь санахгүй байна. Ачаад бид шууд ... сумын төв дээр ирээд Шинэ хороололд О ын хашаанд буулгаад би явсан тэнд адуу өгсөн залуу О , Я, Л , Н нар үлдсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Э.Я гийн өгсөн: “... 2018 оны 12 сарын сүүлээр буюу оны өмнөхөн яг өдрийг нь мэдэхгүй байна ... сумын төв дээр захиргааны жолооч С ийнд Д.Л бид 2 орсон чинь Бүрд сумын харьяат зүс таних залуу манай байгаль хамгаалагч Р.Н ах байгаа юу гэхээр нь байгаа гэсэн чинь 2 жилийн өмнө 1 адуу бэлэглэсэн авахгүй юм байхдаа гэсэн тэгээд тэндээс бид гурав гараад найз О ынд орж 1 шил архи ууж байхад нөгөө залуу О т 1 хурдан уяадаг хүрэн морь бэлэглэсэн...Маргааш өглөө нь О нөгөө залуу 2 манай гэрт О ын Исузу маркийн машинтай ирээд адуугаа очиж ав гээд ирэхээр нь бид хэд Л ыг аваад дэлгүүрээс айлд очих юм чинь гээд архи чихэр боов талх гэх мэт 300 000 орчим мянган төгрөгний зүйл аваад Д гэх залуугийн Пронтерыг бэлэгний адуу авчрах гэсэн юм яваад өгөөч гуйгаад сумын төвөөс 16 цагийн урагшаа 2 машинтай явсан...Тэгээд 10 гаран километр яваад миний утсыг гуйгаад адуу малаа асууя гэснээ нэг хүн лүү залгасан аа танд өгөх хурдан морь чинь Алаг гэх газрын доод руу байна гээд тэр чигтээ явж байгаад нилээн олон тооны адуун дотроос бараан азаргатай 20 тооны адууг манайх гэж салгаж туугаад ар луугаа даваад 1 айлын саравчин дээр очсон. Адуугаа хашаад байж байтал цагаан өнгийн жижиг тэрэг саравчин дээр очсон..., тэнд бид нар 1 шил архи хувааж уугаад М , О нар явсан бид нар 2 хээр байдас, 1 хүрэн морь бариад ачсан. Бид нар бүгдээрээ буцаад сумын төв рүү очиж О ын хашаанд буулгасан....Би сайн мэдэхгүй 2 жилийн өмнө Н той хамт манайд орж ирэхэд нь анх танилцаж байсан тэр үед Л а л гэж танилцсан санагдаж байна. Манай найз Н сайн танина. Хулгайн адуу гэдгийг нь цагдаа нар ирэхээр нь би мэдсэн..., адуу бэлэглэсэн залуу манай адуу гэсэн ба О , М 2 энэ залуугийн адуу мөн гэхээр нь тухайн залуугийн адуу юм байх гээд бодсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Р.Н ийн өгсөн: “...тэгээд О 1 шил архи гаргаж ирсэн ба тэр архийг ууж байтал П.Л би Я, Л ах нартаа дунд нь 1 адуу бэлэглэсэн гэж байсан. Би Л ас нутаг хаа байна гэхэд Алаг гэдэг газар гэсэн ба би танд 2 жилийн өмнө 1 адуу бэлэглэсэн яагаад очиж авахгүй байгаа юм бэ гэсэн. Тэгэж байсан чинь О хүн адуу бэлэглэж байхад одоо очиж авья чи хамт яв гэсэн тэгэхээр нь би Л ад хавар надад унагатай гүү өгчих гэсэн тэгье гэсэн...Сумын төвөөс урагш 20 орчим километр яваад Я ын утсыг П.Л а гуйгаад адуугаа асууя залгаж хүнтэй ярьж байснаа ерөөсөө манайх руу явах хэрэггүй боллоо манай адуу гол руугаа байна гэхээр нь Я чи хулгайн адуу өгөх гээд байгаа юм биш үү яг танай адуу мөн үү гэхэд манай адуу мөн хурдан морьтой хонгор азаргатай голд байна гэхээр тэндээс хөдлөөд 5-6 километр яваад 3 азаргатай адуу байсан чинь хонгор азаргатай адуу энэ байна гээд заагаад бид машинтай туугаад эзэнгүй саравчинд шахаж оруулсан....2 хээр гүү, хүрэн зээрд зүсмийн адуу ачсан юм им байсан эсэхийг анзаараагүй...бид нар хулгайн адуу гэж мэдээгүй. Я бол байн байн хулгайн адуу биш биз гэж асууж байсан миний хувьд нутгийн хүүхэд хулгайн адуу өгөхгүй байх гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч П.О ын өгсөн: “... хонгор азаргатай 30 гаран тоооны адуун дээр очиж зогсоод тэндээс 2 машинаар туугаад нэг эзэнгүй хаваржаан дээр очсон...тэгээд зээрд зүсмийн соёолон үрээ, хээр зүсмийн морь, хээр зүсмийн шүдлэн байдас оройн хулгайн адуу болсон гээд цэнхэр портер маркын дугаарыг нь санахгүй машинтай 2 залуу нэг хүүхэн ирээд ачаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Д.М ы өгсөн: “... Би Өвөрхангайн Бүрд сумын харьяат Ц.Б гэх хүний 2 азарга адууг малладаг юм. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр адуундаа явтал Ц.Б ын хонгор азаргатай адуунаас хүрээтэй зүрхэн тамгатай хээр морь, бөөн сүүлтэй, хүрээтэй зүрхэн тамгатай хүрэн морь, хүрээтэй зүрхэн тамгатай хээр гүү алга болсон байсан...Тэгээд Б ад танай хонгор азаргатай адуунаас 3 тооны адуу алга байна гэж хэлээд ойр хавиар сураг ажиг тавьтал сураг гараагүй. Тэгээд ... сумын төвөөс О гэх айлын хашаанд байна гэхээр нь ирж 3 тооны адуугаа амьдаар нь олж авсан. Одоо дээрх 3 тооны адуу адуундаа байгаа...манай өөрийн 1 азаргатай адуутай мөн Ц.Б ын 2 азарга адуу байдаг. П.Л нь өвөл зунгүй саахалт өвөлжиж байгаа учраас манай болон Ц.Б ын 2 азарга адууг сайн танина. Ц.Б ын 2 азаргатай адуу манайд ирээд 2 жил гаран болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Яллагдагчаар П.Л ын өгсөн: “...хөдөө хээр гараад өөрийн адуугаа олоогүй. Тэгээд Хонгор азаргатай 20 гаран тооны адууг миний адуу байна гэж хэлээд тууж ойр хавьд байсан малын хашаанд хашсан. Тэгээд тухайн адуунаас 3 тооныг адууг барьж авсан. Тэгээд Н , О , Л нарт тус бүр нэг нэг тооны адууг бэлэглэж өгсөн...”
“...Ц ын даалинтай хөөргийг би авч өвөртөлсөн. Тэгээд би Ц ахын гэрээс шууд гарсан. Тэгээд хашаан дотор Ц ахтай таараад гэртээ харьлаа шүү гэж хэлээд явсан. Тэгээд ойролцоогоор 200 м орчим газар яваад асфалтан зам дээр зогсчихсон байсан машинтай 4 хүн дээр очоод мэнд ус мэдээд Ц ахын гэрээс авсан хөөргийг үзүүлээд мөнгөний хэрэг болчихоод зарах гэж байгааа хөөрөг байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн чи 500 000 төгрөгөнд өгөх юм уу? гэж асуусан. Тэгэхээр би өгнөө гэж хэлсэн. Тэгээд би бэлэн 500 000 төгрөг тэр хүнээс авсан...Ц ахынхаас авсан хөөрөг болохоор жижиг гарын буюу шүдэнзний хайрцагнаас өндөргүй хүрэн хар өнгийн чулуун хөөрөг байсан, мөнгөн халбагатай хөөрөг байсан, улаан, яагаан, өнгийн толгойтой хөөрөг байсан. Ц ах надтай тамхилаж байхдаа сүүлийн үеийн Чүнчигноров хөөрөг гэж хэлж байсан. Тухайн хөөргийг авч мөнгө болгох зорилготой байсан. Олсон мөнгөөрөө архи уух санаатай байсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8, 70 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 44-46, 85-86 дугаар хуудас/, ВЕНДО ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №ӨХЦ19-48 дугаартай үнэлгээчний үнэлгээгээр Шүдэнзний хайрцагны хэмжээтэй өдөртэй шинэ цагийн даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбатай чүнчигноров чулуун хөөрөг 850000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/, ВЕНДО ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №ӨХЦ19-19 дугаартай үнэлгээчний үнэлгээгээр 8 настай морь 850000 төгрөг, 13 настай морь 750000 төгрөг, 6 настай гүү 800000 төгрөг...” нийт 2400000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч П.Л нь 2018 оны 12 дугаар сард Булган аймгийн ... сумын нутгаас иргэн Ц.Б ын 3 тооны адууг хулгайлж 2400000 төгрөгний хохирол учруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутагт байрлах ногооны талбайн задгайд оршин суух Д.Ц ын гэрт хонохдоо гэрийн зүүн хойд талд байх авдар дээр байсан шилэн хаалгатай сервантнаас Чүнчигноров хөөрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Л бусдын гэрээс чүнчигноров хөөрөгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууцаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Л нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч П.Л т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн хохирогч Ц.Б ад 2400000 төгрөгийн хохирол, хохирогчид 3 тооны адууг биет байдлаар нь хүлгээн өгсөн, хохирогч Д.Ц т 850000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 850000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Л нь энэ хэрэгтээ 31 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт П.Л ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л д оногдуулсан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л т оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг 1 хоногоор солихыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л т цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч П.Л нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Л т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН