Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 635

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Д.Зоригтын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

 Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1956 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Бор гүвээний 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 101/б/ тоотод оршин суух, Сүхбаатар сумын Хот тохижилт үйлчилгээний газарт жолооч ажилтай                                      

                                 Боржигон овгийн  Дугаржавын Зоригт            

регистрийн дугаар: МЮ-56110974

  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван  нар  оролцов.

                                                        Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч: Д.Зоригт  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие нь анх 1974 оны 07 дугаар сарын 5-нд Барилгын Техник мэргэжлийн сургуулийг бетон армотурчины мэргэжлээр төгссөн ирж Барилга угсралтын конторын 2 дугаар бригадад  бетон армотурчинаар, 1982 оноос жолоочоор 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилласан. 1974 оны 07 дугаар сарын 05-наас 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Барилга угсралтын конторд бетон армотурчин, жолоочоор ажиллаж байсныг тогтоолгох тушаал Сэлэнгэ аймгийн Төрийн архиваас олдохгүй байгаа тул улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү! гэжээ.  

  Нэхэмжлэгч: Д.Зоригт шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа:

 ... Би 1974 онд Дархан хотын Барилгын техникумыг төгсөөд Сэлэнгэ аймгийн барилга угсралтын конторт хуваарилагдаж ирж ажилласан. Зах зээлд шилжих үе буюу 1990 онд манай байгууллага татан буугдаж тарсан. Одоо надад хөдөлмөрийн дэвтэр байгаа тэр дэвтэр дээр ажилд орсон, гарсан тушаалыг бүзгдийг бичсэн  байгаа боловч нийгмийн даатгалын байгууллага дээр очиход тэр үед “ажилд орсон, гарсан тушаалуудын хуулбарыг архиваас авч ир” гэж хэлсэн. Тэгээд архив дээр очоод шүүлгэж үзэхэд байхгүй байсан. Нийгмийн даатгалын байгууллага дээр очоод архиваас шүүгээд гарч ирээгүй талаар хэлэхэд “шүүхээр асуудлаа шийдвэрлүүл, ажилласан жилээ тогтоолго” гэж хэлсэн юм. Тэгээд шүүхэд хандсан. Намайг анх ажилд орохоос эхлээд ажлаас чөлөөлөгдсөн талаархи бүх тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байсан. Мөн надтай хамт ажиллаж байсан С.Должинсүрэн, Г.Төмөрбаатар, А.Оюун нарын шүүхэд гаргасан тодорхойлолт зэргээр намайг Барилга угсралтын конторт  1974 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэв.

 Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                         Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Зоригт нь Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын  конторт 1974 оноос 1991 онд ажиллаж байсан боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэрүүд олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг  тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Д.Зоригт нь 1974 оны 07 дугаар сарын 05-наас 1991 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэл Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа  Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын  конторт ажиллаж байсан болох нь   хэрэгт авагдсан нэхэмжлэгчид Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын  конторын захиргаанаас 1974 оны 07 дугаар сарын 05-нд олгосон  №395580 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, тухай байгууллагын тамга дарагдаж баталгаажсан Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын трестын даргын 1974 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 125 тоот “Сургууль төгсөж ирсэн тул нэгдсэн 2 дугаар бригадад бетон армотурчнаар авч ажиллуулав” гэх тушаалаар ажилд орсон, мөн жолооны курст суралцаж жолоочоор ажилласан тухайн Трестын даргын 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 165 тоот “жолоочийн курст суралцан жолооч мэргэжил эзэмшсэн тул “УАЗ-469”-ын жолоочоор томилон ажиллуулсугай” гэх тушаал, 1991 оны 1 дүгээр сарын 01-нд  Барилга угсралтын трестын захиргаа татан буугдсан тул “Тээвэрчин” пүүсийн мэдэлд шилжүүлэв” гэх тушаалаар чөлөөлөгдөж байсан тухай тушаалын бичилтүүд, тухайн байгууллагад ажиллаж байх үед нэхэмжлэгчид холбогдон гарч байсан тушаалын хуулбар, цалингаас татвар төлж байсан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн бат илэрхийлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Г.Төмөрбаатар, А.Оюун, С.Должинсүрэн нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

Иймд Боржигон овгийн Дугаржавын Зоригтыг Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа  Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын  конторт  бетон армотурчин, жолоочоор 1974 оны 07 дугаар сарын 05-наас 1991 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Боржигон овгийн  Дугаржавын Зоригтыг  Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа  Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын  конторт  бетон армотурчин, жолоочоор 1974 оны 07 дугаар сарын 05-наас 1991 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Зоригтын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ