Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 614

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар Х.Бөхбаатарын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх  хуралдаанд:

            Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван  оролцов.                                

                                                        Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хотод 1958 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж давхарын 10 дугаар байрны, 6 /б/ тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Олхонууд  овгийн Хорлоогийн Бөхбаатар /регистрийн  дугаар  МЮ- 58102771/  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

... Х.Бөхбаатар би 1983 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн “Тээврийн удирдах газрын Хөнгөн тэрэгний хэсэг”-т дуудлагын жолоочоор ажиллаж байсан юм. Улс эдийн засаг зах зээлд орж манай байгууллага өөрчлөлтөнд орсоноор  хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон. Байгууллагын архив аймгийн архивт ирж материалаа шүүлгэн зарим материалаа олж авсан тул миний улсад ажилласан 7 жилийн хугацааг тогтоож  өгнө үү! гэжээ.

                        Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                            Үндэслэх нь:

Х.Бөхбаатар нь Сэлэнгэ аймаг дахь “Тээврийг удирдах газар”-т 1983 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 06 дугаар сар хүртэл жолоочоор ажиллаж байсан боловч тухайн байгууллага нь зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж, түүнтэй холбогдох ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэрүүд олдохгүй болсон гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг  тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Х.Бөхбаатар нь Сэлэнгэ аймаг дахь Тээврийг удирдах газарт 1983 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 06 дугаар сар хүртэл суудлын авто машины жолоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэлд хавсрагдсан, нэхэмжлэгчтэй холбогдон гарч байсан Сэлэнгэ аймаг дахь Тээврийн удирдах газрын даргын “Социалист уралдааны шагнал олгох тухай” 1984 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104,  “Аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн шагнал олгох тухай” 1985 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн даргын тушаал,  “Ээлжийн амралт олгох тухай”  1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115, 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 46, “Тээвэрчдийн өдөрлөгийг тохиолдуулан ажилчдын хүүхдэд бэлэг олгох тухай” 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар тушаалуудын хуулбарууд, мөн нэхэмжлэгтэй хамт ажиллаж байсан гэх жолоочоор ажиллаж байсанс С.Даваасүрэн, С.Соль, С.Батсүх нарын 

шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг  баримтуудаар   нотлогдож байна.   

Иймд Олхонууд  овгийн Хорлоогийн Бөхбаатарыг Тээврийн Яамны харъяа    Сэлэнгэ аймаг дахь Тээврийг удирдах газарт 1983 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 06 дугаар сар хүртэл суудлын авто машины жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн хүсэлт шүүхэд гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага  болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонууд  овгийн Хорлоогийн Бөхбаатарыг Тээврийн Яамны харъяа  Сэлэнгэ аймаг дахь Тээврийг удирдах газарт 1983 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 06 дугаар сар хүртэл суудлын авто машины жолоочоор ажиллаж байсан болохыг  тогтоосугай.  

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Бөхбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ