| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0184/Э |
| Дугаар | 224 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 224
2020 03 24 2020/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Б.Чимгээ,
хохирогч Г.Заяагийн өмгөөлөгч Б.Буянбадрал,
хохирогч С.Ганцэцэгийн өмгөөлөгч Ж.Дамба-Очир,
шүүгдэгч Л.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л.О-т холбогдох эрүүгийн 1911 01692 0975 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, телевизийн зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны 119 дүгээр байрны 13 тоотод оршин суух хаягтай,
-урьд 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 3 сарын хорих ял,
-2010 оны 04 дүгээр сарын 19-ний Баянгол дүүргийн шүүхийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хорих ял,
-2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
-2018 оны 08 дугаар сарын 07- ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овогт Л.О, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Л.О нь О.Уянгын ажилладаг “Парментес” компаний Хятад ажилчдад жолооны үнэмлэх гаргаж өгнө, тэдний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулна, компаний хамгаалалтын асуудлыг хариуцна гэх зэргээр хуурч 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах Теди төвийн орчим удаа дараагийн үйлдлээр нийт 40.000.000 төгрөг,
Санхүү эдийн засгийн сургуулийн диплом авч өгөх, татварын албанаас хаагдсан компаний дансыг нээтэл ажилчдын цалин тавих, Шанхайд сурч байгаа хүүхдийнхээ хэрэгцээнд шаардлагатай мөнгийг түр зээлэх нэрээр С.Дөлгөөнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаас 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 50 тоотод байх гэрээсээ дансаар шилжүүлэх, бэлнээр өгөх зэргээр нийт 20.000.000 төгрөг,
Өөрийн нь захирлаар ажилладаг “Их бүрд” компаний барьсан барилга нь цахилгаангүй болсон, барилгын ажилд шаардлагатай мөнгийг хоногийн өндөр хүүтэй зээлнэ гэх зэргээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 427-126 тоотод оршин суух иргэн Г.Туяаг хуурч, түүнтэй хамтын амьдрал үүсгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 20-ны өдрийн хооронд 3.500.000 төгрөг,
Өвчтэй охиныхоо эмчилгээнд хэрэглэх болон өөрийнх нь ажилладаг Ноён зиндаа компанийн барилгын ажилд хэрэглэх мөнгийг түр зээлэх нэрээр Д.Амарсайханыг хуурч 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу салбарт байрлах дансаар 5.870.000 төгрөг,
2019 оны 7 дугаар сард Отгонтөгсийн Мөнхбат, Энхбатын Энхмандах нарыг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө, шинэ сери задрахаар автомашины дугаар авч өгнө, богино хугацаагаар түр зээлнэ гэх зэргээр хуурч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Баруун дөрвөн замд байрших Г.Отгон-Эрдэнийн дансаар дамжуулан Б.Дөлгөөнтуяагаас нийт 11.950.000 төгрөг,
2018 оны 8 дугаар сард Хятад улсад сурдаг хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд, өнөөдрийн дотор төлөхгүй бол сургуульд нь явуулахгүй гээд байна гэж хуурч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт Б.Байгалмаагаас 3.800.000 төгрөг,
Их бүрд компанийн захирал гэж өөрийгөө ойлгуулан 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд С.Ганцэцэгтэй хамтран амьдарч, компанийн хаагдсан дансыг нээтэл ажилчдын цалин тавих, барилгын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мөнгийг түр зээлэх нэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч нийт 58.000.000 төгрөг,
2018 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 825-1602 тоотод оршин суух Х.Заяатай танилцан хамтран амьдрахаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, ажилладаг барилгын компаниасаа өөрийн хувь болох 1 тэрбум, 380 сая төгрөгийг аваад АНУ-д очиж амьдарна гэж төөрөгдүүлэн удаа дараагийн үйлдлээр 100.000.000 төгрөгийг тус тус залилан авч нийт 8 хүнд 243.120.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруугийн асуудал дээр маргахгүй, шүүх хуралдаанд шинжлэн судлах зүйл байхгүй. Хохирол төлбөр төлөөгүй байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг бол хэрэглээд л дууссан. Надад одоогоор хохирол төлөх боломж байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Уянга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 09 сард такси барих гээд зогсож байтал нэг жолооч дөхүүлээд өгье гээд зогссон нь энэ Л.О гэх залуу байсан. Тэгээд замдаа өөрийгөө барилгын компанитай барилга барьдаг гэж танилцаад дараа нь хэд хэдэн удаа уулзсан. Тэгтэл Л.О надтай дотно харилцаатай байхыг хүссэн ба би найз залуутай гэдгээ хэлсэн. Ер нь уулзахаараа барилгын компанитай, зураг төсөл хийдэг, танай компани ажил хийлгэхгүй юм уу бүх тал дээр тусалж чадна, хэрэгтэй зүйл байвал хэлээрэй, Зайсан ундраа төвд оффистой гээд ярьдаг байсан. Манай компани бол гадаад хөрөнгө оруулалттай уул уурхай, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинээр байгуулагдсан компани юм. Ажилчид нь хятад хүмүүс байдаг. Тэгээд 2018 оны, 10 сард хятад ажилчиддаа жолооны үнэмлэх гаргуулах гээд нэлээн хөөцөлдсөн ч бүтээгүй болохоор Л.О-т хэлэхэд би бүтээгээд өгье гэхээр нь 2018.10.28-нд өөрийн хаан банкны данснаас 1.500.000 төгрөгийг Л.О 5077385814 дугаарын дансаар шилжүүлсэн. 7 хоногийн дараа үнэмлэх нь гарна гэсэн ба хугацаа болоод яасан бэ гэхэд бэлдэц нь байхгүй байна, хүлээгээч гэж байгаад алга болсон. Тухайн үед гадаадын иргэн харьяатын газар танилтай гэхээр нь бас итгээд компанийн 2 Хятад ажилчны визний асуудлыг яаралтай зохицуулж өгнө гэхээр нь 4 сая төгрөг өгсөн. Энэ асуудал бас л худлаа болсон ба одоо ч гаргаж өгнө гэж ярьсаар л байгаа. 2018 оны 11 сарын үед миний танил өвөр нэг монгол эгч Монголд ажиллах тусгай зөвшөөрөл хэрэгтэй байна гэхээр нь Л.О-т хэлсэн чинь Үндэсний статистикийн хорооны хэвлэлийн ажилтнаар ажилладаг Сарантуяа гэх хүнтэй танилцуулаад би өөрийнхөө данснаас 3 сая төгрөгийг Сарантуяагийн 5037242657 тоот дансанд шилжүүлсэн. Тэгтэл энэ асуудал мөн худлаа болсон. 2018 оны 12 дугаар сард манай компаний мах борлуулах үйлдвэрт хамгаалалт хэрэгтэй болохоор нь дахин Л.О-тай холбогдон асуухад Л.О хүмүүс олж ирээд нэг өдөр ажиллуулсан. Удалгүй би өөрөө хамгаалалтын албатай гэрээ хийж ажиллуулсан ба би тэр үед Хятад руу явах шаарлага гарсан учир Л.От итгээд хамгаалалтын албыг сайн ажиллуулаад хараад байж байгаарай гээд явсан. Тэгтэл 2018 оны 12 сарын сүүлээр намайг Хятадад байхад Л.О яриад компаний асуудалд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 3 саяар нэг удаа, 2 саяар нэг удаа нийт 5 сая төгрөгийг 2018.12.25-нд 5029295609 дугаарын дансруу шилжүүлсэн. Миний ажиллаж байсан Хятад компани нь эзэмшигчийн маргаантай, 2 хятад хүн хоорондоо компаниа булаацалдаад байдаг болохоор Хятадаас ирсний дараа дахин хамгаалалтын арга хэмжээ авах нөхцөл үүсээд мөн Л.О-т хандсан ба 2019.1.20-ны өдрөөс 2019.01.26-ны өдрийн хооронд хамгаалалтын асуудал шийдэж өгнө гээд 6.500.000 төгрөгийг 3 хувааж 5058216575, 50335110188, 5029295609 дугаарын дансуудаар авсан. Нөгөө тал нь бас хүмүүс авч ирээд манай ажилчдыг хөөж туугаад эхэлдэг байсан ба энэ асуудлыг зохицуулж өгнө гэж Л.О мөнгө авсан юм...Л.О хамгаалагчаар ажиллах хүмүүсийг олж ирээгүй. Дээрхи байдлаар нийт 40 сая төгрөг авчихаад байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35-36-р хуудас/ ,
Хохирогч С.Дөлгөөн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын сүүлчээр Санхүү эдийн засгийн сургуулиас гараад такси барих гээд зогсож байтал цагаан өнгийн машинтай залуу ирээд зогссон. Тэгтэл замдаа явж байхдаа тэр залуу миний ажил бүтэхгүй сэтгэлээр унаад явж байна, уг нь би таксинд явдаггүй л дээ гээд байхаар нь би өвчин зовлон туссан биш болох байлгүй дээ гэж хэлсэн. Тэр залуу өөрийгөө Санхүү эдийн засгийн сургуульд сурдаг, чи оюутан юмуу гэхээр нь тийм гэхэд миний нэг таньдаг багшийн нэрийг хэлээд диплом гаргуулах гэж байгаа гэсэн....Би тэгээд дипломоо бичүүлчихвэл хэрэгтэй юм байна гэж бодоод эгчээсээ 1.500.000 төгрөг зээлээд Л.О явуулсан 5053049845 тоот дансанд 2018.12.27-ны өдөр шилжүүлсэн Энэ нь Эрдэнэчимэг гэж хүний данс байсан ба Л.О диплом бичиж өгөх багш гэж хэлж байсан. Сүүлдээ ажил бүтэхгүй байна, мөнгө хэрэгтэй байна, туслаач гуйж байна гэх зэргээр байнга ярьдаг болсон. Бид ч дотно харьцаатай болсон ба компанийхаа ажилчдын цалин тавих гэсэн юм, татвар дээр данс хаагдчих гээд байна, хүүхэд Шанхайд сурч байгаа гэх зэрэг асуудал ярьж намайг итгүүлэн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын хооронд 20 сая төгрөг авсан. Үүнээс 11.680.000 төгрөгийг өөрийн дансаар үлдсэн 8.320.000 төгрөгийг бэлнээр болон бусдын данснаас шилжүүлж байсан. Дансаар авч байгаа мөнгөө дандаа өөр өөр дансаар авч байсан. ...намайг хуурч миний итгэлийг ашиглан залилсан байгаа. Надаас авсан мөнгөнөөс 100.000 төгрөг л эргүүлэн өгсөн, өөр мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 50-52-р хуудас/,
Хохирогч Г.Туяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын эхээр цэцэрлэгт хүрээлэнд гүйж байхдаа анх Л.О гэх залуутай танилцаж дараа нь хэд хэдэн удаа уулзан, энэ хугацаанд бид дотно харилцаатай болсон. Л.О өөрийгөө “Их бүрд” барилгын компаний захирлаар ажилладаг гэж байсан. Тэгтэл 2018.08.14-ний өдөр компаний барьсан барилга дээр цахилгаангүй болчихлоо, өдрийн хүү нь хамаагүй хүнээс мөнгө зээлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би итгээд 2018.08.14-ний өдөр Л.О явуулсан 5540637027 дугаартай Лхамсүрэн гэх хүний дансруу ээжийнхээ 5009021899 дугаарын данснаас 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь бас л барилгын ажилд мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь 5058386172 дугаартай Шинэ-Эрдэнэ гэх хүний дансруу мөн ээжийнхээ дээрх данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө авъя гэхээр маргааш гээд л хойшлуулаад байдаг байсан ба үүнээс 500.000 төгрөгийг цувуулж өгсөн...Яг ажил төрлийг нь сайн мэдэхгүй, өөрийгөө эцэг эхгүй гэдэг байсан. Өглөө босоод ажилдаа явна гээд л гардаг байсан тул итгээд тусалчих санаатай мөнгө өгсөн ч залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57-р хуудас/,
Хохирогч Д.Амарсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Монгол плаза” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг ба манай компани нь барилгын бараа материал борлуулдаг юм. Би 2017 оны 7-р сард цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах кофе шопод Л.О гэдэг хүнтэй таницсан. Өөрийгөө Ноён зиндаа барилга угсралтын компанид эдийн засагч ажилтай манай захирлыг Бямбаа гэдэг гэж танилцуулсан. Манай компани Хөвсгөл Архангай аймагт МСS компаний барилгыг барихаар ажиллаж байгаа гэсэн. Мөн Түмэн шувуутын барилга дээр ажиллаж байна гэсэн...2017оны 07сарын 20-доор Л.О надруу залгаад манай охин хүнд өвчтэй эм тарианы мөнгө хэрэгтэй болчихлоо, хийж байгаа ажилд маань мөнгө хэрэгтэй байна, мөн барилгын бараа материал багаж хэрэгсэл хэрэгтэй байна гэх зэргээр утсаар ярьж тусламж хүссэний дагуу 2017оны 07 сарын 20-ноос 2018 оны 07сарын 20-ны өдрийн хооронд барагцаагаар 28 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар, мөн бараа материалаар өгсөн. Яг хэдэн төгрөг өгснөө санахгүй байна, бэлэн мөнгөний баримт бол байхгүй, дансны хуулга бол байгаа. Би бараа материалыг нь бол Гермест ажилладаг хоёр худалдагчаас аваад өгчихсөн юм. Гэхдээ нэг худалдагчийн барааны мөнгө болох 485.000 төгрөгийг өгсөн. ... бид хоёрын дунд эр эмийн асуудал байхгүй. Л.О хүүхэд өвчтэй, эхнэр байхгүй Солонгост байгаа, ажпуудаа дуусгачихвал зээлсэн мөнгөө төлнө, туслаач гэх зэргээр тусламж хүссэн болохоор би хүн чанар гаргаад мөнгө төгрөг зээлдэг байсан юм. Мөнгөө дандаа өөр хүмүүсийн дансаар авсан. Өөрийнхөө дансаар мөнгө авдаггүй байсан. Дансаар бол 2017.08.12-ноос 2018.03.19-ний хооронд нийт 5.870.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 96-100-р хуудас/,
Хохирогч Б.Дөлгөөнтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхээ: “...Би сахиустай тул 2019 оны 04 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын Түнхэл гэх газар руу нөхөр Отгон-эрдэнэ, эмээ Цэзэн, ах дүү нарын хамт галын тахилгад яваад тэр үед Заяа гэх эмэгтэй шинээр сахиусаа хүлээж авч байхад нь танилцаж туслаад Заяа болон түүнтэй хамт явсан Оокоо гэх залуутай танилцсан. Танилцах үедээ Оокоо гэх залуу манай нөхрийн гар утасны дугаарыг авсан байсан болохоор 7 хоногийн амралтын өдрүүдээр залгаж, хийх ажилгүй бол зуслан дээр очиж өвөө нарыгаа буулгах уу гэдэг байсан. Ингээд 2019 оны 07 сарын 17-ны өдөр Оокоо, Заяа нар манай нөхөрлүү залгаж нөхөр бид 2 зуслан дээр очсон. Орой нь хотруу орж ирээд Ега нэртэй зочид буудалд 2 өрөө авч хоносон. Бид 4 хамт байхад Оокоо нь өөрийгөө Жигүүр гранд компанид барилгын инженер ажилтай, 10 жил болж байна, Уянгаа Бямбаа гэх 2 найзтайгаа хамтраад байр барьж байгаа та хоёр сонирхож байвал очиж үзэж байгаад аваарай гэж байсан... Маргааш нь машин дотор явж байхад манай хамт ажилладаг Энх-Оюун эгч надруу залгахаар нь гар утасныхаа чанга яригч дээр тавиад ярьж байтал Энх-Оюун эгч Хууль Сахиулахын их сургуульд хүүхэд оруулах гэсэн юм судлаад өгөөч гэсэн. Энэ яриаг Оокоо гэх залуу сонссон. Хотруу явах замдаа Оокоо утсаараа яриад л байсан, тэгээд Эмэгтэйчүүдийн хорих газрын гадаа ирээд Эрхэмбаяр хурандаатай явалддаг Ганцэцэг гэх эмэгтэй энэ ангийн архивт ажилладаг юм гээд байж байтал ногоон эрээн өнгийн хувцастай эмэгтэй гарч ирээд хажууд байсан бараан өнгийн приус 30 маркийн автомашинд суугаад Оокоо уг эмэгтэйтэй машинд нь орж уулзсан. Тэгээд намайг дуудахаар нь Энх-Оюун эгчээс хүүхдүүдийн нь шаардлагатай зүйлсийг фэйсбүүкээр аваад уг эмэгтэйд харуулахад би ахаасаа асууя гэсэн. Ингээд орой нь зочид буудлын нэг давхарт хамт хоол идэж байхад Оокоо нөгөө хоёр хүүхдийг чинь сургуульд оруулж болно гэж байна мөнгөө шилжүүлчих гэхээр нь би Энх-Оюун эгч рүү залгаж хэлээд манай нөхөр Отгон-Эрдэний хаан банкны 5554139593 дугаарын дансруу мөнгөө шилжүүлсэн... 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Отгон-Эрдэний хаан банкны 5554139593 дугаарын данс руу Энх- Оюунаас 5,5 сая төгрөг орж ирсэн. Уг мөнгө нь Энх-Оюуны хамаатны хүүхдийг сургуульд оруулах мөнгө байсан. Ингээд уг мөнгөнөөс Л.О нь хаан банкны 5099550099 дугаарын данс руу 4 сая төгрөг шилжүүлчих гэж хэлсний дагуу 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 14:48 минутанд шилжүүлж байсан. Үүний дараа 14.50 минутанд 5029295609 дугаарын Хатанзаяа гэх хүний данс руу 500000 төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. Үлдсэн нэг сая төгрөгний 500000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 19:56 цагт Хатанзаяагийн дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд манай нөхрийн дансанд 500000 төгрөг үлдсэн. Тэгтэл өөр бас нэг хүүхэд сургуульд оруулах хэрэгтэй байна гэхэд тухайн хүүхдийг 4 сая төгрөгөөр оруулна гээд Энх-Оюун өөрөө Октябрын хэлсэн Ганцэцэг гэх хүний 5099550099 дугаартай данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн гэсэн. Харин нэг сая төгрөгийг нь Л.О түр ашиглахгүй гээд Энх-Оюуны данснаас манай нөхөр Отгон-Эрдэний данс руу шилжүүлсэн. Тэрний дараа Л.О манай нөхөртэй яриад үлдсэн 1,5 сая төгрөгнөөс 1 сая төгрөгийг нь авъя гэхээр ах Доньддэмбэрэлийн данснаас шилжүүлсэн. Үлдсэн 500000 төгрөгөө бэлнээр авсан. Дээрхи 9,5 сая төгрөг авахаасаа өмнө нөхөр бид хоёроос 1,2 сая төгрөг зээлж авсан. Мөн ойр зуурын хэрэглээний мөнгө гэж 750000 төгрөг авч байсан. Ингээд нийт 11.950.000 төгрөг болж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 151-156-р хуудас/,
Хохирогч Б.Байгалмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Л.Отай 2018 оны 04 сарын үед танилцаад хааяа залгаж утсаар ярьж мэнд мэдэлцдэг байсан. 2018 оны 08 сарын дундуур Л.О надруу залгаад “Макс малл” худалдааны төвийн 1 давхарт байрлах кофе шопод уулзая гэхээр нь очиход манай хүүхэд Хятадад сурдаг юм багш нь залгаад өнөөдөр төлбөрөө хийхгүй бол сургуульд нь явуулахгүй гээд байна би мөнгөний боломжгүй болчихоод байна түр 3 сая төгрөг өгөөч гэхээр нь надад мөнгө байхгүй ээ, хүүхдийн сургуулийн төлбөр гээд хэдэн төгрөг байгаа, удахгүй төлбөрийг нь төлөх ёстой гэхэд би удаахгүй 7 хоноод л өгчихнө гэхээр нь найдвартай юм байгаа биздээ гээд өгсөн. 3 хоногийн дараа дахин 800,000 төгрөг бэлнээр авсан. Энэ мөнгөө одоо болтол өгөхгүй байгаа. Нийт 3.800.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 183-р хуудас/,
Хохирогч С.Ганцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өглөө Дүнжингарав худалдааны төв рүү алхаад явж байтал олимп хотхоны урд талд цагаан өнгийн автомашинтай залуу зогсож байснаа суучих хүргээд өгье гэсэн...Тухайн үед бид хоёр утасныхаа дугаарыг солилцоод яараагүй бол кофе шоп оръё, би 13 дугаар хорооллын Голомт банк орох ажилтай гэж хэлсэн. Ингээд хамтдаа кофе шоп орж уух юм авчихаад Голомт банк руу орж Л.О теллерээс нь манай мөнгө юу болж байна гэж асуугаад гараад намайг ажил дээр хүргэж өгсөн. Тэр өдрөөс хойш бид хоёр байнга утсаар ярьж мессеж бичдэг болсон ба танилцсан өдрөөсөө хойш манай гэрт хамт амьдарч эхэлсэн. Өөрөө нэг хүүхэдтэй гээд хааяа гэрлүүгээ явдаг байсан. Хамт амьдарч эхэлсэн үеэсээ ажилчдынхаа цалинг тавих, барилгын үйл ажиллагаа явуулахад өдөрт 5-6 сая төгрөг хэрэг болдог, манай компаний данс хаагдчихаад мөнгө гаргаж авч чадахгүй байна гээд надаас нийтдээ 58 сая төгрөгийг бэлнээр болон дансаар авч байсан. Дансаар мөнгө авахдаа дандаа өөр хүмүүсийн дансаар авдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 206-208-р хуудас/,
Хохирогч Х.Заяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 сард такси барих гэж байтал хар өнгийн Бенз загварын автомашин ирж зогсоод хүргээд өгье гэхээр нь уг автомашинд сууснаар Л.О гэх хүнтэй танилцсан. ...манай хүүхэд Шанхайд сурдаг юмаа хоолны мөнгө хэрэгтэй гээд байна гэхээр нь надаас түр авах юм уу гээд хамгийн анх 1 сая төгрөг өгч байсан. Үүнээс хойш 2, 5, 10, 20 сая гэх мэтээр янз бүрийн шалтгаан хэлж мөнгө авсаар одоогийн байдлаар 100 орчим сая төгрөг өгчихсөн байгаа...Би мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлддэггүй зүгээр итгээд л өгдөг байсан. ...Эхнэрийгээ Дэлхийн банкинд ажилладаг, хүүхдээ урд сурч байгаа гэж ярьдаг байсан. Ингээд танилцсанаас хойш 4-5 сарын дараагаас эхлэн АНУ-д очиж амьдаръя гэх болсон. Ажиллаж байгаа компаниасаа гараад өөрийн хувийг авна, тооцоолж үзэхэд 1 тэрбум 380 сая төгрөгний хувь авах юм байна гэж ярьдаг байсан. Тэгээд их мөнгө болохоор Монгол банкнаас болон Голомт банкны дотоод хяналт шалгалтаас шалгалт орчихоод хүлээгдээд байна гэсээр өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 232-236-р хуудас/,
Гэрч Ч.Энх-Оюун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Надтай хамт ажилладаг Татварын улсын байцаагч Дөлгөөнтуяагийн гар утас руу 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хууль Сахиулах их сургуульд таньдаг хүн байна уу гэж залгасан юм. Дөлгөөнтуяа сайн мэдэхгүй байнаа, эгчээ хүнээс асууя гээд гар утсаа тасалчихсан. Удалгүй эргэж залгаад болно гэж байна, бичиг баримт нь хаана байгаа юм бэ гэхээр нь хотод байгаа гэхэд оноог нь явуулчих гээд мессежээр оноог нь явуулсан. Хэд хоногийн дараа Хууль Сахиулахын их сургуулийн гадаа Л.О гэх хүнтэй сургуульд орох гэж байгаа Мөнхбатын ээж болон Энхмандахын аав нарын хамтаар уулзаж бичиг баримтыг нь өгүүлээд хүүхдүүдийн ээж аав нарыг Л.Отай холбогдоорой гэж танилцуулаад явсан. ...Тэгээд би Дөлгөөнтуяа руу залгахад Л.О залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээд цагдаагийн байгууллагад баригдчихсан байна гэсэн. Энхбат нь 5.500.000 төгрөг, Нансалмаа нь 4.000.000 төгрөг өгснийг нөхөр Отгонсүхийн дансаар аваад тэр дор нь Дөлгөөнтуяагийн нөхөр Отгон-Эрдэний дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 158-159-р хуудас/,
Гэрч Э.Нансалмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн хүү Мөнхбатыг Хууль сахиулахын их сургуульд оруулах гэтэл шалгалтын оноо нь хүрээгүй тул танил Энх-Оюунтай ажил ярилцаж байх явцдаа энэ талаар ярьж таних хүн байна уу гэж асуусан. Энх-Оюун хүнээс асууя гэсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 10-ны үед Энх-Оюун надруу залгаад хүүхдийнхээ бичиг баримтыг аваад ир гэсэн. Тэгээд мөнгөө шилжүүл гэхээр нь 4.000.000 төгрөгийг Энх-Оюуны нөхөр Отгонсүх гэх хүний дансруу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа Энх-Оюун залгаад хүүхдийг чинь сургуульд оруулах хүн Хууль Сахиулахын их сургуулийн гадаа хүрээд ир гэж байна гэхээр нь очиж тэр хүнтэй нь уулзаж бичиг баримтыг нь өгөөд явсан. Үүнээс хойш 80124448 гэх дугаар луу залгаж асуух үед маргааш болчихно гэж хэлдэг байсан. ...хүүхдийнхээ бичиг баримтыг 4 сая төгрөгийн хамт Энх-Оюунаас буцаагаад авчихсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 161-р хуудас/,
Гэрч Ш.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Говь-Аптай аймгийн Жаргалант суманд оршин суудаг хүн бөгөөд миний хүү Энхбатын Энхмандах нь Дотоод хэргийн их сургуульд орохоор шалгалт өгөөд тэнцээгүй юм. Тэгээд хүүхдээ хүссэн сургуульд нь оруулах санаатай оруулж чадах хүн байна уу, мөнгө төгрөгийг нь өгнө гээд хүмүүсээс асуусан чинь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг байсан Баатар гэж хүний охин Энх-Оюун утсаар залгаад хүүхдийг чинь Дотоод хэргийн их сургуульд оруулж болно гэнээ, Л.О гэдэг хүн оруулж чадна гэнэ та уулзаадхаач гэхээр нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны үед Дотоод хэргийн их сургуулийн үүдэн дээр уулзсан. Тухайн үед 5,500,000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь өөрийн дүү Аптайбаатараар Отгонсүхийн дансанд хийлгээд тэрийгээ бэлнээр аваад Л.От өгсөн. Ингээд үүнээс хойш сураг чимээ тасарч Л.Отай ярихаар маргааш нөгөөдөр гэж хойшилсоор өдий хүрсэн. Тэгээд 2019 оны 09 сарын 12-ны үеэр Энх-Оюун надад 5,500,000 төгрөг буцааж өгсөн...” гэх /1-р хавтаст хэргийн 163-р хуудас/,
Гэрч Х.Тунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Л.О бол миний нөхөр байгаа юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2014 онд Л.Отой танилцаж 2015 оны 07 дугаар сард албан ёсоор гэр бүлээ батлуулж байсан. Одоо дундаасаа 6 сартай нэг хүүтэй. Миний нөхөр Л.О нь 2018 оны 12 дугаар сараас эхлэн Хятад хүмүүстэй махны бизнес хийж байна гэх шалтгаанаар байнга гадуур явдаг байсан. Би ямар ажил төрөл хийгээд хаагуур юу хийгээд явдаг талаар нь сайн мэдэхгүй байна. Ер нь танилцсанаас хойш тогтвор суурьшилтай ажил хийж байгаагүй бөгөөд миний санаж байгаагаар 2015 онд ял эдлэж байгаад 2017 оны 7 дугаар сард өршөөлөөр гарч ирсэн. Түүнээс хойш хэсэг хугацаанд миний лангуун дээр суудаг байсан. Одоогоор бид хоёр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны 119 дүгээр байрны 13 тоот хаягт амьдарч байгаа боловч манай дүүгийн байр байгаа юм...Миний хувьд элдэв асуудалд оруулахгүй юмсан гэсэндээ ял эдэлж байхад нь хүртэл эргэлтээр таслахгүй, засрах байлгүй гэж бодоод өдийг хүртэл тэвчээртэй хүлээсэн. Тэгтэл одоо хүртэл засрахгүй байгаад нь гайхаад л байна...” /1-р хавтаст хэргийн 211-212-р хуудас/,
Шүүгдэгч Л.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Д.Амарсайханаас авсан мөнгөө яг нарийн хэлж мэдэхгүй байгаа ч Д.Амарсайханы хэлж байгаа 28.000.000 орчим төгрөгийг цувуулан авсан байх. Гэхдээ би Д.Амарсайханы итгэл үзүүлж өгсөн мөнгийг авч үрсэндээ үнэхээр харамсаж байна...Х.Дөлгөөнтуяагийн хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсан. Би Х.Дөлгөөнтуяагаас нийт 11.200.000 төгрөгийг авсан...Б.Байгалмаагаас 38.000.000 төгрөгийг мөнгө хэрэгтэй байсан тул худал хэлж авсан...Х.Заяагаас миний бодлоор 60.000.000 гаруй төгрөг авсан байх гэж бодож байгаа ч миний санаж байгаагаар маш их мөнгө авдаг байсан. Сүүлдээ бид хамт амьдарч эхэлсэн. Надад хэрэглээндээ хэрэглэ гэж мөнгө өгдөг болсон. Х.Заяагийн хэлээд байгаа мөнгөн дүн бараг болох байх. Би Х.Заяагаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байна...Би Ганцэцэгээс 58.000.000 төгрөг авсан нь үнэн...О.Уянгаас 40.000.000 орчим төгрөг авсан байх гэж бодож байна...С.Дөлгөөнөөс 20.000.000 төгрөг авсан нь үнэн...Би тухайн үед мөнгө авахдаа бага багаар аваад л өөртөө хэрэглээд дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 238-245 дугаар хуудас/,
Банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд /1-р хавтаст хэргийн 19-33, 42-48, 54-55, 73-93, 98-99, 107-108, 111-127, 143-148, 199-204, 247-248 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 43/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, шүүгдэгч Л.О эзэмшлийн Төрийн банкны дансны хуулга /2хх-ийн 42/, оршин суугаа газрын тодорхойлолт /2хх-ийн 80/, шүүгдэгч Л.О хувийн байдлын тодорхойлолтууд /2хх-ийн 44-83/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.О нь О.Уянгын ажилладаг “Парментес” компаний Хятад ажилчдад жолооны үнэмлэх гаргаж өгнө, тэдний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулна, компаний хамгаалалтын асуудлыг хариуцна гэх зэргээр хуурч 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах Теди төвийн орчим удаа дараагийн үйлдлээр нийт 40.000.000 төгрөг, санхүү эдийн засгийн сургуулийн диплом авч өгөх, татварын албанаас хаагдсан компаний дансыг нээтэл ажилчдын цалин тавих, Шанхайд сурч байгаа хүүхдийнхээ хэрэгцээнд шаардлагатай мөнгийг түр зээлэх нэрээр С.Дөлгөөнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаас 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 50 тоотод байх гэрээсээ дансаар шилжүүлэх, бэлнээр өгөх зэргээр нийт 20.000.000 төгрөг, өөрийн нь захирлаар ажилладаг “Их бүрд” компаний барьсан барилга нь цахилгаангүй болсон, барилгын ажилд шаардлагатай мөнгийг хоногийн өндөр хүүтэй зээлнэ гэх зэргээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 427-126 тоотод оршин суух иргэн Г.Туяаг хуурч, түүнтэй хамтын амьдрал үүсгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 20-ны өдрийн хооронд 3.500.000 төгрөг, өвчтэй охиныхоо эмчилгээнд хэрэглэх болон өөрийнх нь ажилладаг Ноён зиндаа компанийн барилгын ажилд хэрэглэх мөнгийг түр зээлэх нэрээр Д.Амарсайханыг хуурч 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу салбарт байрлах дансаар 5.870.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сард Отгонтөгсийн Мөнхбат, Энхбатын Энхмандах нарыг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө, шинэ сери задрахаар автомашины дугаар авч өгнө, богино хугацаагаар түр зээлнэ гэх зэргээр хуурч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Баруун дөрвөн замд байрших Г.Отгон-Эрдэнийн дансаар дамжуулан Б.Дөлгөөнтуяагаас нийт 11.950.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сард Хятад улсад сурдаг хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд, өнөөдрийн дотор төлөхгүй бол сургуульд нь явуулахгүй гээд байна гэж хуурч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт Б.Байгалмаагаас 3.800.000 төгрөг, Их бүрд компанийн захирал гэж өөрийгөө ойлгуулан 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд С.Ганцэцэгтэй хамтран амьдарч, компанийн хаагдсан дансыг нээтэл ажилчдын цалин тавих, барилгын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мөнгийг түр зээлэх нэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч нийт 58.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 825-1602 тоотод оршин суух Х.Заяатай танилцан хамтран амьдрахаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, ажилладаг барилгын компаниасаа өөрийн хувь болох 1 тэрбум, 380 сая төгрөгийг аваад АНУ-д очиж амьдарна гэж төөрөгдүүлэн удаа дараагийн үйлдлээр 100.000.000 төгрөгийг тус тус залилан авч нийт 8 хүнд 243.120.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хавтаст хэрэгт авагдасан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Л.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж 5 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт, харин шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.О хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй /шүүх хуралдаанд өөрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас татгалзаж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, энэ зүйл хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч С.Ганцэцэгийн өмгөөлөгч Ж.Дамба-Очир, хохирогч Х.Заяагын өмгөөлөгч Г.Буянбадрал нар нь маш их гомдолтой, нийгмийн хор уршиг ихтэй тул хүнд ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн санал, хүсэлт гаргасан болно.
Шүүгдэгч Л.О нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан хохирогч С.Дөлгөөн, Г.Туяа, О.Уянга, С.Дөлгөөн, Д.Амарсайхан, Б.Дөлгөөнтуяа, Б.Байгалмаа, С.Ганцэцэг, Х.Заяа нарыг залилсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Л.О бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан нийт 8 хүнд 243.120.000 /хоёр зуун дөчин гурван сая нэг зуун хорин мянга/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд хохирогч Х.Заяа нь өмгөөлөгч Г.Буянбадралаар дамжуулан өөрт учирсан хохирол 100,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, бичгээр хүсэлтээ гаргасан байх тул хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэв. Бусад хохирогч нарын хувьд яллах дүгнэлтийн хавсралтанд туссан хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс хохирогч О.Уянгад 40.000.000 /дөчин сая/ төгрөг, хохирогч Г.Туяад 3.000.000 /гурван сая/ төгрөг, хохирогч С.Дөлгөөнд 19.900.000 /арван есөн сая есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Амарсайханд 5.870.000 /таван сая найман зуун далан мянга/ төгрөг, хохирогч Б.Дөлгөөнтуяад 11.950.000 /арван нэгэн сая есөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Б.Байгалмаад 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч С.Ганцэцэгт 58.000.000 /тавин найман сая/ төгрөг, хохирогч Х.Заяад 100.000.000 /зуун сая/ төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.О нь хохирогч С.Дөлгөөнд 100.000 /нэг зуун мянга/ төгрөг, хохирогч Г.Туяад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн байна.
Шүүгдэгч Л.О цагдан хоригдсон 195 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Л.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.О 5 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.О-т оногдуулсан 5 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.О энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 195 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.О-аас хохирогч О.Уянгад 40.000.000 /дөчин сая/ төгрөг, хохирогч Г.Туяад 3.000.000 /гурван сая/ төгрөг, хохирогч С.Дөлгөөнд 19.900.000 /арван есөн сая есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Амарсайханд 5.870.000 /таван сая найман зуун далан мянга/ төгрөг, хохирогч Б.Дөлгөөнтуяад 11.950.000 /арван нэгэн сая есөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Б.Байгалмаад 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч С.Ганцэцэгт 58.000.000 /тавин найман сая/ төгрөг, хохирогч Х.Заяад 100.000.000 /зуун сая/ төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ