| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00579/И |
| Дугаар | 636 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 636
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ч.Энхбаатарын нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч, ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1956 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесерь, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Тавин 1 дүгээр баг, Ерөө гол гудамжны 15-67 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх,
Гал овгийн Чүлтэмийн Энхбаатар
регистрийн дугаар: МЕ- 56122417
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Ч.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ч.Энхбаатар миний тэтгэвэрт гарах нас болж байгаа бөгөөд миний Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай дунд сургууль слесерээр ажилд орсон, ажлаас халагдсан тушаал, төн Тээврийг удирдах газарт ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Сангийн аж ахуй”-д ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул доорх ажилласан хугацааг тогтоож өгнө үү!
Үүнд:
1. 1977 оны 08 сарын 15-наас 1985 оны 05 сарын 26-ныг хүртэл, 1986 оны 04 сарын 15-наас 1987 оны 08 сарын 08-ныг хүртэл Техник мэргэжлийн Тусгай сургуульд ажилласан хугацааг
2. 1988 оны 07 сарын 05-наас 1992 оны 12 сарын 25-ныг хүртэл Ерөө сумын “Сангийн аж ахуй”-д ажилласан хугацааг
3. Мөн 1974 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ерөө сумын “Сангийн аж ахуй”-д нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг Цүлтэм гэж буруу бичсэн байх тул уг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Чүлтэмийн Энхбаатар мөн болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 1977 оны 08 дугаар сарын 15-нд анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Техник мэргэжлийн тусгай дунд сургууль”-д слесерээр ажилд ороод 1987 он хүртэл ажилласан.
Ингээд би Ерөө сумын “Сангийн аж ахуй”-д 1988 оны 07 дугаар сарын 05-нд ажилд ороод 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаад ажлаасаа гарсан. Энэ хугацааны ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул ажилласан жилийг минь тогтоож өгнө үү!.
Мөн 1974 оны 03 дугаар сарын 01-ний өдөр надад нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрт миний эцгийн нэрийг “Чүлтэм” гэж бичихийг “Цүлтэм” гэж буруу бичсэн учир уг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь “Чүлтэмийн Энхбаатар” болохыг тогтоож өгнө үү! .... гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ч.Энхбаатар нь Ерөө сумын “Техник мэргэжлийн тусгай дунд сургууль”, “Тээврийн удирдах газар”, Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-д тус тус ажиллаж байсан боловч түүний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивт олдохгүй гэх шалгааны улмаас ажилласан байдлыг тогтоолгох, мөн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн захиргаанаас 1974 оны 03 дугаар сарын 01-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүний овгийг “Цүлтэм” гэж буруу бичсэн байх тул дээрх бичиг баримтын эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Ч.Энхбаатар Ерөөгийн “Сангийн аж ахуй”-д ажиллаж байгаад 1974 онд цэргийн албанд татагдан, албаа хааж ирээд 1977 оны 08 дугаар сарын 15-нд Ерөөгийн Техник мэргэжлийн тусгай сургуулийн захирлын 1977 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101 тоот “Цэргийн албанаас халагдаж ирсэн тул сантехникийн слесерээр авч ажиллуулав” гэх тушаалаар ажилд орж, мөн сургуулийн захирлын 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Авто сургуульд суралцах болсон тул Дархан хотын “26 дугаар бааз”-д шилжүүлэв” гэх тушаалаар ажлаас чөлөөлөгдөн, авто курст суралцаж 1986 оны 04 дүгээр сарын 15-нд төгсөөд, Тээврийн удирдах газрын даргын 1986 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 30 тоот “Курсын хугацаа дуусч төгссөн учир 26 дугаар баазын мэдэлд шилжүүлэв” гэх тушаалаар 26 дугаар баазад шилжин ажиллаж байгаад Ерөөгийн Техник мэргэжлийн тусгай сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 33 тоот “Тус сургуульд УАЗ-452 машины жолоочоор авч ажиллуулав” гэх тушаалаар тус сургуульд эргэж орж, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот “жолоочийн ажлаас чөлөөлж Сангийн аж ахуйн мэдэлд шилжүүлэв” гэх тушаалаар ажлаас чөлөөлөгдөн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-д шилжин ажилласан байна.
Нэхэмжлэгч нь Ерөөгийн “Сангийн аж ахуй”-д ажиллаж байгаад шилжин 1988 оны 07 дугаар сарын 05-нд Ерөө сумын НААҮ-ний төвийн даргын мөн өдрийн 01 тоот “Ерөө сумын НААҮ-ний төвд автын жолоочоор авч ажиллуулав” гэх тушаалаар тус төв жолоочоор ажиллаж байгаад НААҮ-ний төв хувьчлагдахад ББХХоршоо болон өөрчлөгдөхөд “Итгэлт” хоршооны мэдэлд шилжин ажиллаж байгаад тус хоршоо нь 1992 оны 12 дугаар сарын 13-нд “Ерөө” компаний мэдэлд шилжихэд тус компанид уурын зуухны машинчаар ажилд орж мөн оныхоо 12 дугаар сарын 25-ныг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн №423912 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн бичилтүүд зэрэг бичгийн баримт болон хамт ажиллаж байсан гэх Э.Банзрагч, Б.Дулмаа, Ч.Оюунцэцэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд болон дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөн Ч.Энхбаатарт Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн захиргаанаас 1974 оны 03 дугаар сарын 01-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүний овгийг “Цүлтэм” гэж буруу бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн “эцгийн нэр Чүлтэм” гэж олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар болон Н.Алтаннавч, Ш.Мягмархүү нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, гэрчийн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Ч.Энхбаатарыг 1977 оны 08 дугаар сарын 15-наас 1985 оны 05 дугаар сарын 25, 1986 оны 04 дүгээр сарын 15-наас 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай дунд сургууль, Тээврийг удирдах газарт, 1988 оны 07 дугаар сарын 05-наас 1992 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Ерөө сумын сумын НААҮ-ний төв, “Ерөө” компанид тус тус жолоочоор ажиллаж байсан болох, Ерөөгийн Сангийн аж ахуйн захиргаанаас 1974 оны 03 дугаар сарын 01-нд № №423912 дугаартай олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь “Чүлтэм овогтой Энхбаатар” мөн болохыг тус тус тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ерөөгийн Сангийн аж ахуйн захиргаанаас 1974 оны 03-р сарын 01-нд № №423912 дугаартай олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь “Чүлтэм овогтой Энхбаатар” мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Энхбаатарыг 1977 оны 08 дугаар сарын 15-наас 1985 оны 05 дугаар сарын 25, 1986 оны 04 дүгээр сарын 15-наас 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай дунд сургууль, Тээврийг удирдах газарт, 1988 оны 07 дугаар сарын 05-наас 1992 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Ерөө сумын сумын НААҮ-ний төв, “Ерөө” компанид тус тус жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ