Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1124

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч З.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд, Б овогт С-ийн П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1828 00000 *** дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. А овогт Б.А , Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.1,146.2 дахь зүйлд зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 615 дугаартай тогтоолоор 3 жилийн хорих ял болгон өөрчилж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

2. Б овогт С-ийн П , Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн операторч мэргэжилтэй, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

- Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан “хохирогчтой эвлэрсэн” үндэслэлээр мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт байрлах “Шугшаа-Уул” зочид буудлын 5 тоотод иргэн О.П-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч С.П тай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Д, Э.М нарын Samsung S-З, Samsung S-6 загварын гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

- Шүүгдэгч С.П Б.А-тай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Д, Э.М нарын Samsung S-З, Samsung S-6 загварын гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

- Шүүгдэгч А овогт Б.А 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шугшаа-Уул” зочид буудлын 5 тоотод хохирогч О.П-г зодож, түүний бие махбодод “...тархины хүнд зэргийн няцрал, баруун зулай ясны зөрсөн, чамархай, суурь ясны баруун дэлбэн, шанаа яс, дагзны баруун заадас дагасан, хамар ясны хугарал, баруун нүдний алимын салстын цус харвалт, дээд доод зовхи, хацар, шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, зүүн дал, баруун зүүн шилбэнд зулгаралт... бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан,

- Шүүгдэгч А овогт Б.А, Б овогт С.Пүрэвбаатар нар бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Д, Э.М нарт хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Samsung S-З, Samsung S-6 загварын гар утаснуудыг авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэл дээр маргахгүй. Хохирлыг төлөөгүй байгаа, цаашид төлнө. Хүний хүүхдийг гэмтээсэндээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч С.П-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Утсыг хүүхдэд нь буцаагаад өгсөн. 20,000 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг; 

3. Э.З-аас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Шугшаа-Уул зочид буудалд П гэгч нь үл таних хүнд зодуулсан байдалтай байна...” гэсэн тэмдэглэл (1хх-ийн 4 дүгээр хуудас);

4. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Өмнөговь аймгийн Гурван тэс сумын төвд байрлах “Шугшаа-Уул” нэртэй зочид буудлын хоёр давхарт байрлах 05 тоот өрөөнд болсон гэх ба тухайн өрөөний хаалга онгорхой байх ба дотор нь 20-25 орчим насны нүүр хэсгээрээ цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон архи согтууруулах ундаа үнэртүүлсэн эрэгтэй хүн унтаж байв... Тус өрөөний шал нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба уг улаан өнгийн зүйл нь хатсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 5 дугаар хуудас);

5. Хяналтын камерт үзлэг хийсэн “...цээжин дээрээ шивээстэй эрэгтэй хүн гадуур хувцастай эрэгтэй хүний дээр гарч гараараа цохиж байгаа болон хөлөөрөө дэвсэж байгаа дүрс бичлэгүүд байлаа...” гэсэн тэмдэглэл (1хх-ийн 7 дугаар хуудас);

6. Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол (1хх-ийн 8, 10 дугаар хуудас);

7. Хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Өмнөговь аймагт хүнд зодуулаад тархинд цус хурсан, мэдрэлийн судас дарагдсан, тархи цуурсан гэх оноштой Улаанбаатарт гэмтлийн эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 26-аас 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Манай хүү О.П нь явж чадахгүй, толгой эргэнэ, хөл нь дулаацахгүй ярих чадваргүй байна. Нийт 3 сая орчим төгрөгийн зардал гарсан байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 85 дугаар хуудас);

8. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн 518 дугаартай “...О.П-ийн биед тархины хүнд зэргийн няцрал, баруун зулай ясны зөрсөн, чамархай, суурь ясны баруун дэлбэн, шанаа яс, дагзны баруун заадас дагасан, хамар ясны хугарал, баруун нүдний алимын салстын цус харвалт, дээд доод зовхи, хацар, шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, зүүн дал, баруун зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 33 дугаар хуудас);

9. Гэрч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 520 дугаартай шинжээчийн дүгнэлтэд үзлэгээр цээжний зүүн талд 7 дугаар хавирга, эгмийн дунд шугамын эмзэглэлтэй гэсэн энэ нь рентген зурагт ясанд ямар нэгэн гэмтэл өөрчлөлтгүй гэсэн учир дүгнэлтэд дурдагдаагүй, баруун дээд 1 дүгээр шүдний доод хэсгийн эмтэрсэн хэмжээ жижиг, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг сарниулахгүй учир дүгнэлт хэсэгт тусгагдаагүй байна. Харин 518 дугаартай шинжээчийн дүгнэлтэд О.П-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины хүнд зэргийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар хүнд, баруун зулай ясны зөрсөн, чамархай, суурь ясны баруун дэлбэн, шанаа яс, дагзны баруун заадас дагасан хугарал зэрэг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд, хамар ясны хугарал, баруун нүдний алимын салстын цус харвалт, дээд доод зовхи, хацар, шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн, эрүү, зүүн дал, баруун зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 101 дүгээр хуудас);

10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 193 дугаартай “...О.П нь бусдад зодуулж гэмтсэнээс болж тухайн үйл явдлыг санахгүй байх боломжтой байна. О.П нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. О.П-гийн дээрх эмгэг нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зодуулан тархинд хүнд гэмтэл авсны улмаас үүссэн байх боломжтой байна. О.П нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. О.П нь хэрэг үйлдэгдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодож чадах чадвартай байна ... ” гэсэн дүгнэлт (1хх-ийн 111 дүгээр хуудас);

11. Шинжээчийн 309 дугаартай дүгнэлт (1хх-ийн 120 дугаар хуудас);

12. Гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шугшаа-Уул зочид буудалд ажлын байран дээрээ ирсэн чинь 2 давхрын 5 тоот өрөөн дотор нүр нь нэлэнхийдээ цус болчихсон эрэгтэй хүн орон дээр хэвтэж байсан. Мөн өрөөний шал, буудлын хоёр давхрын шал цус болсон байсан. ... үйлчлэгч Д энэ манай буудалд буусан хүн биш байна, танихгүй гэж хэлсэн. Хяналтын камерыг шүүж үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай буудалд буусан Adidas цамцтай эрэгтэй хүнд зодуулж байгаа бичлэг гарч ирсэн. Мөн тэр Adidas цамцтай хүн уг иргэнийг зодож байхдаа цамцаа тайлсан нүцгэн биетэй 2 мөрөн дээрээ шивээстэй хүн байсан. Хяналтын камераас харахад шивээстэй хүн нь нөгөө хүнээ л зодоод байсан. Харин буудалд хэвтэж байдаг хүн бол шивээстэй хүнээсээ зугтах үйлдэл л хийгээд байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 24 дүгээр хуудас);

13. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим Улаанбаатар явах нэг хүн яаралтай унаа хайгаад байна, би явах уу гэхээр нь очиход нэг танихгүй залуу нэг том цүнх тэвэрчихсэн зогсож байснаа надтай мэндлээд шууд машинд ороод суучихсан. Золбаяр тэр үед шууд давхиад явчихсан. Тэгээд би тэр танихгүй залуутай ярилцсан. Тэр залуу надад хэлэхдээ Улаанбаатар хот руу явах яаралтай ажил гарчихлаа, ах маань өнгөрчихлөө, хүнд хорлогдчихсон юм шиг байна гэж хэлсэн. Мөн тэр хэлэхдээ Өмнөговь аймгийн төв рүү явсан ч яах вэ гэж хэлсэн. Тэгэхлээр нь би гэнэт санаад тухайн өдрийн өглөө манай сумын цагдаатай хамт явж байсан хүн байна гэж бодоод тэр хүнд би чамд явж өгч чадахгүй гэж хэлсэн. Дараа нь би тэр хүнээс салаад П цагдаа руу залгаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 26 дугаар хуудас), өвчний түүх (1хх-ийн 135 дугаар хуудас);

14. Хохирогч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Б.Д-ийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Бумба-Од” фитнес орж дасгалаа хийх гээд явж байхад үл таних хоёр залуу Мах импекс компанийн урд засмал зам дагуу байдаг саравчнаас ахын хоёр дүү нааш ир асуух юм гэхээр бид хоёр яваад очсон ... Тэгээд пиво ууж байхдаа манай найзыг утсаа өгч бай ах нь нэг хүнтэй яръя гэхээр нь манай найз утсаа өгсөн чинь ярьчхаад буцаад өгөөд хэсэг байж байгаад манай найзын утсыг аваад миний симийг гаргаад оронд нь өөрийнхөө симийг хийгээд надад өөрийнхөө барьж байсан Nokia маркийн гар утсаа өгөхөөр нь симээ хийхгүй утсыг нь бариад сууж байтал утсыг нь булааж аваад өөрийнхөө симийг хийгээд одоо чиний утсыг би ломбардад тавьж архи ууна, чи надаас 2 хоногийн дараа ирээд аваарай тэр болтол наад утсаараа холбоо барьж бай гээд босоод цаашаа яваад өгөхөөр нь араас нь утсаа авъя гээд дагаж явж байгаад би Д-ийн утсаар ахынхаа хүүхэд рүү нь залгаад “Д бид хоёрыг явж байсан чинь 2 залуу дээрэмдэх гээд байна чи ахад хэлээд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цүнх дотор миний утас дуугарсан чинь нэг намхан залуу нь чиний утас чинь цүнх дотор чинь байна гаргаад ир гэхээр нь гаргаж ирэхэд ах залгаж байхаар нь яг авах гэсэн чинь миний гараас булааж аваад таслаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд ах залгасан чинь авахгүй таслаад байхаар нь би манай ах цагдаа, дуудлагыг нь авахгүй бол болохгүй гэсэн чинь ах нь чиний утсыг авахгүй гээд найз руугаа хандан энэ бацаан гэртээ утсаа үлдээчихсэн гээд байсан чинь гар утас нь гараад ирлээ одоо яах вэ гэсэн чинь нөгөө ах нь чи яасан зэвүүн бацаан бэ гээд намайг зодох гээд дайраад байж байтал манай ах өөдөөс гараад ирсэн. Тэгээд юу болсон бэ аль хүн юм гэхээр нь би тэр 2 хүн гээд заасан чинь манай ах та нар хүүхдийн утас өгөөч ээ гэсэн чинь юун утас энэ чинь миний утас гээд дайраад байсан. Тэгсэн чинь ах миний утсыг барьж байсан залуугийн гараас булааж аваад Д бид хоёрт миний Samsung S-6, найз Б.Д-ийн Samsung S-3 загварын утаснуудыг буцаан авч өгсөн. Намхан залуу нь өндөртөө хандан наад хүмүүсийг чинь ална гээд чулуу бариад зогсож байтал цагдаа нар ирээд авч явсан. Намайг залуу нь нүүр лүү нэг удаа хүчтэй цохисон өөр цохиж зодоогүй болохоор ямар нэгэн гэмтэл учирсан газар байхгүй. Тухайн үед манай найз Б.Д-ийг Samsung S-3 гар утсыг махлаг биетэй залуу нь утсаар чинь яриад өгье гэж хэлж авчхаад буцааж өгөөгүй. Тэгээд буцааж авъя гэж хэлэхэд ална шүү гэж хэлээд миний утсыг өгөөгүй. Тэгээд хажуугаас нь намхан залуугийн өндөр залуу нь ална шүү гэж хэлээд айлган сүрдүүлээд байсан юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 211, 2хх-ийн 61 дүгээр хуудас) гэсэн мэдүүлэг;

15. Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...найз Э.М-гийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Бумба-Од” фитнес орж дасгалаа хийх гээд явж байхад үл таних хоёр залуу Мах импекс компанийн урд засмал зам дагуу байдаг саравчнаас ахын хоёр дүү нааш ир асуух юм байна гэхээр бид хоёр яваад очсон ... пиво ууж байхдаа чи гар утсаа өгч бай ах нь нэг хүнтэй яръя гэхээр нь би гар утсаа тэр ахад өгсөн юм. Тэгээд би гар утсаа буцаад авах гэсэн чинь одоо чиний утсыг би ломбардад тавьж архи ууна чи надаас 2 хоногийн дараа ирээд аваарай тэр болтол наад утсаараа холбоо барьж бай гээд босоод цаашаа яваад өгөхөөр нь араас нь утсаа авъя гээд дагаад явж байгаад би утсаар ахынхаа хүүхэд рүү нь залгаад “бид хоёрыг явж байсан чинь хоёр залуу дээрэмдэх гээд байна чи ахад хэлээд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай найз Э.М-ийн утас цүнх дотор дуугарсан чинь нэг намхан залуу нь чиний утас чинь цүнх дотор чинь байна гаргаад ир гэхээр нь гаргаж ирэхэд найз Э.М-ийн ах залгаж байхаар нь яг авах гэсэн чинь миний гараас булааж аваад таслаад найзын нүүр лүү гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 215, 2хх-ийн 66 дугаар хуудас);

16. Гэрч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М утасдаад гар утас дээрэмдчихлээ гэсэн, би хаана байгааг асуухад TESO-ийн урд замаар сүүний үйлдвэр чиглээд явж байна гэсэн. Тэгэхээр нь би урдаас тосоод очсон чинь М-ийг найзтай нь үл таних хоёр залуу дагуулаад явж байсан. Тэгээд би урдаас нь очоод яагаад хүүхдийн утас аваад байгаа юм бэ гэхэд тийм юм байхгүй, утас аваагүй гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн чинь тэр хоёр хоёулаа хоёр тийшээ зугтаасан. Намхан биетэйг нь хөөсөн чинь гүйж яваад газар унасан. Би цагдаа ирэх хооронд уг хүнээс дүүгийн дээрэмдүүлсэн гэх 2 гар утсыг буцааж авахад нэг утаснаас нь өөрийнхөө сим картыг гаргаж авсан. Нөгөө өндөр залууг нь М хамт явсан найзтайгаа барьж авсан. Тэгээд цагдаа дээр ирсэн. Дүүгийн гар утсыг дээрэмдсэн гэх хоёр хүн нэлээн согтуу байсан. Тэр үед М цохисон гэж хэлж байсан уг хэн нь цохисныг хэлээгүй, М-ийн уруул дотор талдаа жоохон язарсан байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 68 дугаар хуудас);

17. Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлбэ 30 дээр үүрэг гүйцэтгэж байхад 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, саадан дотор 2 хүүхдийн гар утсыг дээрэмдлээ гэсэн дуудлагын дагуу шалгахад 2 залуу 30 орчим насны хоёр согтуу хүнийг гар утас дээрэмдсэн, дарамталсан гэж барьж зогсож байсныг хэсэг дээр авчирч биед нь үзлэг хийхэд биеийн байцаалт байгаагүй. Тэгэхээр нь өөрсдийнх нь хэлснээр овог нэр регистрийн дугаараар нь илтгэх хуудас бичиж эрүүлжүүлсэн. Хохирогч хүүхдүүд энэ хоёр бид хоёрыг архи уу гэж шахаад уухгүй гэсэн чинь зодох гэж дарамталж бид хоёрын гар утсыг дээрэмдсэн гэж хэлсэн. Холбогдогч Б.А, П нар хүний гар утас дээрэмдээгүй, таньдаг хүүхдүүд гэх зэргээр худлаа хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 70 дугаар хуудас);

18. Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 236 дугаар хуудас);

19. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх-ийн 93-96 дугаар хуудас);

20.  Шүүгдэгч Б.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2хх-ийн 19 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 244 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (1хх-ийн 248-2хх-ийн 11 дүгээр хуудас), шүүгдэгч С.П-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2хх-ийн 14 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2хх-ийн 12 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.П-гийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.А, С.П нарын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан байх тул тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.А, С.П нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.А, С.П нарыг “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.А, С.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.П-ыг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах, харин шүүгдэгч Б.А-аас 1,988,912 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгож, хууль ёсны төлөөлөгч Д.Б цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 99 дугаартай шийтгэх тогтоолоор Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жил 2 сар 25 хоногийг тэнссэн бөгөөд тэнсэж хянан харгалзсан хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 10 жилийн хорих ял дээр 1 жил 2 сар 25 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоолгох саналыг шүүхэд гаргаж байна. Оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар нийслэл нэртэй 2 литрийн пивоны сав 2 ширхэг, “Тайга” нэртэй архины шил 1 ширхэг, ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, эрэгтэй хүний дотуур хувцас 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, хар өнгийн IPhone 5S маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.А-ын ар гэрийнхэнд хүлээлгэн өгөх саналтай байна. Харин 1 ширхэг дискийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хавтас хэрэгт хавсаргуулах саналтай. Мөн шүүгдэгч Б.А-ын урьдчилан цагдан хоригдсон 325 хоног, шүүгдэгч С.П-ын урьдчилан цагдан хоригдсон 163 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч С.П-ын өмгөөлөгч Ц.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгч П нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу 10,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ бага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч А.Очбадрал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөрүүлэн, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Иймд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч С.П нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул түүнд уг зүйл, заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй, харин шүүгдэгч Б.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.П-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг зургаан жилийн хугацаагаар тогтоов.

Түүнчлэн, шүүгдэгч Б.А нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан байх үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.П нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, харин шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, тэдний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А-ын нийт 326 хоног, шүүгдэгч С.П нь нийт 164 хоног тус тус цагдан хоригдсон байх тул энэ хугацааг тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэл нэртэй 2 литрийн хэмжээтэй 2 ширхэг шар айргийн сав, Тайга нэртэй 1 ширхэг архины шил, Ерөөл нэртэй 1 ширхэг архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн 1 ширхэг өмд, саарал өнгийн дотуур 1 ширхэг өмд, эрэгтэй хүний 2 ширхэг дотуур хувцсыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хар өнгийн iPhone 5S маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.А-ын эхнэр Б.Б-д буцаан олгож, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, С.П нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.А овогт Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А овогт Б.А, Б овогт С-ийн Пнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.П-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг зургаан жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А-д энэ тогтоолоор оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн нэг жил хоёр сар хорин тав хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг долоон жил хоёр сар хорин тав хоногоор тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч С.П-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус бүр тогтоосугай

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 326 (гурван зуун хорин зургаа) хоног, шүүгдэгч С.П-ын цагдан хоригдсон 164 (нэг зуун жаран дөрөв) хоногийг тус бүрд нь тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-с 1,988,912 (нэг сая есөн зуун наян найман мянга есөн зуун арван хоёр) төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгож, хууль ёсны төлөөлөгч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нийслэл нэртэй хоёр литрийн хэмжээтэй 2 ширхэг шар айргийн сав, Тайга нэртэй 1 ширхэг архины шил, Ерөөл нэртэй 1 ширхэг архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн 1 ширхэг өмд, саарал өнгийн дотуур 1 ширхэг өмд, эрэгтэй хүний 2 ширхэг дотуур хувцсыг устгахаар зохих байгууллагад шилжүүлж, хар өнгийн iPhone 5S маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.А-ын эхнэр Б.Б-д буцаан олгож, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, С.П нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.А, С.П нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А, С.П нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

                       

ДАРГАЛАГЧ                                         Б.БАТАА