Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 033/2017/0057/З |
Дугаар | 067 |
Огноо | 2017-10-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 067
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг холбогдох,
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсгээр Э Баян-Өлгий ХК-д Баян-Өлгий аймгийн 13 дугаар багт 23981 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар, эзэмшүүлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, гуравдагч этгээд Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ
Манай компани Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орших ****** тоот улсын бүртгэлийн дугаартай 128 м.кв талбай бүхий үйлдвэрийн конторын барилгын хууль ёсны эзэмшигч бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө байрлах 3337 м.кв газрыг Газрын тухай хуулийн хүрээнд улсын бүртгэлийн ****** тоот Монгол улсын аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрээний үндсэн дээр 2003 оноос хойш эзэмшсээр ирсэн. Энэ нь Баян-Өлгий аймгийн Засаг даргатай 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ болон Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, 34.10-д ...иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно... гэж заасны дагуу манай компанийн өмчлөх эрхийг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр тодорхой нотлогдоно.
Гэтэл манай компанийн хууль ёсны өмч байрладаг А ХХК-ийн эзэмшлийн газрыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу Сонгуулийн ерөнхий хуулийн хүрээнд Монгол Улсын Их хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үеэр А/327 тоот захирамжаар Э ХК-д хууль бусаар олгосон болохыг олж мэдлээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын дээрх үйлдэл нь дараах байдлаар А ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.
Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зөрчлийг гаргаагүй байтал Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл, 43.1 ...захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна... гэснийг зөрчин эрх ашиг нь илтэд хөндөгдөх барилга байгууламжийн хууль ёсны өмчлөгч, газар эзэмшигч А ХХК-д мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.8-д ...газар эзэмших гэрээнд газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга, байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоог тусгана... гэжээ. Гэтэл Э Баян-Өлгий- ХК-д хууль бусаар эзэмшүүлсэн газарт А ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байрладаг тул хөрөнгийн өмчлөгч бус этгээд энэ талаар хууль зөрчин тохиролцох нөхцөлийг бий болгосон.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 10.1-д заасан ...өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй... гэж заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарласан.
Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д ...өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана... гэснийг зөрчиж Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/327 тоот захирамжаар өмчлөгчийн эрхийг хязгаарласан. А/327 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны хууль дээдлэх, үр нөлөөтэй байх, үндэслэл бүхий байх хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмаас хазайсан.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно... гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ...захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ... гэж заасан ба мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.
Иймд А/237 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Алтай Трест ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсгээр Э Баян-Өлгий ХК-д Баян-Өлгий аймгийн 13 дугаар багт 23981 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар, эзэмшүүлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ****** улсын бүртгэлийн дугаартай, 128 м.кв талбай бүхий үйлдвэрийн конторын барилгын хууль ёсны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон Архивын ерөнхий газрын лавлагаа зэргээр нотлогддог юм. Үйлдвэрийн конторын барилгын хууль ёсны өмчлөгчөөс гадна 3337 м.кв талбайг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ-ээр 2003 оноос эхлэн эзэмшиж байсан нь газар эзэмших гэрээ болон гэрч М.Бы мэдүүлгээр нотлогдож байна. Гэтэл аймгийн Засаг дарга манай байгууллагын хууль ёсны өмчлөх эрхэд халдаж 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр захирамж гаргаж, 2.3 га газрыг энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Э ХК-д эзэмшүүлсэн байдаг. Энэхүү газар нь манай компанийн эзэмшиж байсан 3337 м.кв талбай болон өмчлөлд байгаа 128 м.кв үл хөдлөх хөрөнгийн газрын байршилтай давхцаж гарсан байна. Ингээд тус аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 тоот захирамж нь нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашгийг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна.
Үүнд, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зөрчлийг манай компани гаргаагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт ... Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ гэсэн шаардлагыг хариуцагч биелүүлэхгүйгээр, Алтай Трест компанийн өмчлөлийн объект байгаа газрыг бусдад эзэмшүүлсэн байдаг юм. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.8-д газар эзэмших гэрээнд газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцож тусгана гэж заасан байх бөгөөд тухайн газарт байгаа 1 үл хөдлөх эд хөрөнгө нь өөрөө нэхэмжлэгч талын өмчлөлийн эд хөрөнгө байсан юм.
Гэтэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч байгууллага шударга эзэмшигчийн эрхийг эдлэх боломжгүй болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт ...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ... гэж зохицуулж өгсөн байдаг. Гэвч уг үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрыг бусдад эзэмшүүлснээр хууль ёсны өмчлөгчийн эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт ... Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана ... гэж заасан ба бид нар хуульд заасан ямар нэгэн үндэслэл гаргаагүй байтал өмчлөгч эрхэд халдсан байгаа.
Мөн аймгийн Засаг дарга 2016 оны А/327 тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль дээдлэх, үр нөлөөтэй байх, хуульд үндэслэгдсэн байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг хазайж гаргасан гэж үзэж байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно ... гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, санал, тайлбарыг аваагүйгээр захирамж гаргасан байна.
Маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасныг удирдлага болгон гаргасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд, хуульд нийцүүлэн захирамж гаргана гэж зохицуулсан байгаа. Гэтэл аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасныг үндэслэн захирамж гаргасан ба хуулийн дээрх заалт нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу захирамж гаргах ёстой. Харин хавтаст хэрэгт авагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гуравдагч этгээдэд олгосон талбайг бусдад эзэмшүүлэх эрх Засаг даргад олгогдоогүй байдаг. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамж нь Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Э ХК-ийн улсын бүртгэлийн 2003821 регистртэй Э ХК болж нэр нь өөрчлөгдсөн тул хуучин газар эзэмших эрхийн зөрүүтэй мэдээллийг арилган Э ХК-д үргэлжлүүлэн эзэмшүүлсэн ба шинээр буюу бусдын эзэмшил газартай давхцалтай ямар нэг газрыг эзэмшүүлээгүй болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т ...хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно... гэж заасан тул А ХХК-д албан ёсоор газар эзэмших эрх үүсээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Э ХК нь 1999 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 03010008 гэсэн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан ба газрын хэмжээ 133170 м.кв байсан. 2006 онд аймгийн газрын албанаас хуучин газар эзэмших актгүйгээр зөвхөн гэрчилгээгээр газар эзэмшиж байсан болно. Мөн ямар нэгэн гэрчилгээгүй эзэмшиж байсан газрын эрхийг сэргээж, албан ёсны бичиг баримттай болгож өгөхөөр аймгийн хэмжээнд нэг удаа арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээний үеэр 2006 онд 392 тоот захирамж гарч байсан. Тухайн үед газрын албаны холбогдох мэргэжилтнүүд Өлгий сумын төв хэсэгт байрлах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газруудад хэмжилт хийж, ийм захирамж гаргаж байсан байна.
Үүний дагуу Э ХК-ийн газрын хэмжээг 111671 м.кв хэмжээгээр тогтоож, энэ захирамжид оруулсан. Уг 111671 м.кв газар нь Э ХК-ийн өөр өөр газар байсан бүх газруудын нийт хэмжээ нь байсан ба 2011 онд Э ХК-аас дахиад хүсэлт гаргаж, Газрын тухай хуульд заасан нэгж, талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх гэсэн зохицуулалтын дагуу тухайн газруудад тус бүрд нь гэрчилгээ олгохыг хүссэн байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2011 оны 409 тоот захирамжаар бүх газрыг салгаж тус тусдаа гэрчилгээ авсан байсан юм. Дараагаар нь Э ХК-ны нэр нь Дархан-уул аймагт үйл ажиллагаа явуулж байсан, өөр компанитай давхацсан учраас 2016 онд маргаан бүхий захирамжаар улсын бүртгэлээс тус компанийн нэрийг өөрчилж, Э ХК болгосон байна. Ингэж нэр нь өөрчилөгдсөн учраас гэрчилгээнд байгаа нэрийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу уг захирамжийг гаргасан юм. Э ХК-ийн нэрийг Э ХК болгож зөвхөн нэрийг өөрчилсөн болохоос биш аймгийн Засаг даргын 2016 оны А/327 тоот захирамжаар тус компанид шинээр газар өмчлүүлээгүй юм.
Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхны газар олгосон эрхийн акт нь 2006 оны аймгийн Засаг даргын захирамжийн талаар асуудал яригдах ёстой. А ХК нь хуучин газар эзэмшүүлсэн гэрээтэй байсан талаар манай байгууллагын архивт ямар баримт, мэдээлэл байхгүй байна. Газар эзэмигч өөрсдөө хүсэлт гаргаж тухайн газрын бичиг баримтыг албан ёсоор болгож, аймгийн Засаг даргаас захирамж гаргуулан авах ёстой байсан. Гэхдээ энэ талаар ямар ч хүсэлт гаргаагүй, бидэнд хандаагүй учраас үүнийг бид нар сайн мэдэхгүй, ямар ч байсан бидний гарт энэ талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлд дурдсан газар эзэмшүүлэх гэрээний талаар ярьж байгаа ба уг гэрээг бид нар ийм газартай гэж 2016 оны 7 дугаар сард хүсэлт гаргасан үед бид нар олж мэдсэн. Гэхдээ тухайн гэрээ нь 2 жилийн хугацаатай, аль хэдийд гэрээний хугацаа дуусгавар болсон ба тэрнээс хойш энэ компани нь өөрсдөө тухайн газрын эрхийг сэргээх, шинээр гэрчилгээ авах талаар бид нарт ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй гэв.
Гуравдагч этгээд Э ХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
А ХХК-иас маргаан бүхий газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаартай захирамжаар шинээр эзэмшүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.
Манай компани нь Э ХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд улсын бүртгэлд байгаа нэр давхацсан учир өөрчлөлт хийх шаардлагыг улсын бүртгэлийн байгууллагаас тавьсны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит бус хурлаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулж улсын бүртгэлийн байгууллагад Э ХК нэртэйгээр шинэчлэн бүртгүүлсэн. Үүнтэй холбоотойгоор компанийн бүх бичиг баримтууд дээрх нэр зөрчсөн учир Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжаар хуучин газар эзэмших эрхийн зөрүүтэй мэдээллийг арилган хавсралт нэгээр зориулалтаар нь эзэмшүүлсэн.
Үүнээс биш маргаан бүхий газрыг дээрх захирамжаар шинэчлэн эзэмшүүлээгүй. Э ХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас 1999 оны 03 дугаар сарын 08-ны өдөр олгосон 030100008 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр 133170 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшиж ирсэн. Ингэж газар эзэмшүүлэхдээ компанийн эзэмшил газрыг нийт дүнгээр нь эзэмшүүлсэн байсан.
Дараа нь аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар хуучин газар эзэмших эрхийн актгүйгээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр болон эрх бүхий Засаг даргын шийдвэргүй Өлгий сумын төв хэсгээс газар эзэмших ирсэн ба эзэмшил газарт нь өөрчлөлт орсон аж ахуй нэгж байгууллагуудад газар эзэмших эрхийг сэргээж хавсралт ёсоор газар эзэмшүүлсэн. Энэ шийдвэрээр манай компани нь 1999 оны гэрчилгээгээр олгогдсон газраа үргэлжлүүлэн эзэмшиж ирсэн.
Үүний дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 409 дүгээр захирамжаар аймгийн газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, кадастрын зургийн дагуу манай компанийн эзэмшил газрыг 1 дүгээр хавсралтад заасан хэмжээгээр хэсэгчлэн хувааж үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
Дээрх захирамжийн 1 дүгээр хавсралтаар нийтдээ 127546,5 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд маргаан бүхий газар болох үйлдвэрийн бассейн ба конторын барилгын зориулалттай 24999,0 м.кв хэмжээтэй газар энэ дотор нь орсон. Үүний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас манай компанитай 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж 0230961 дугаар бүхий гэрчилгээ олгосон. Дараа нь эзэмшил газрын хэмжээнд зөрүү гарсан учир Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/595 дугаар захирамжаар үйлдвэрийн бассейн ба конторын эзэмшил газрын хэмжээг 23962,7 м.кв болгон өөрчилж эзэмшүүлэн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 000313783 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон. Иймд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Э ХК нь аймгийн Засаг даргын 2016 оны А/327 тоот захирамжид холбогдуулан А ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн улмаас хууль ёсны эрх ашиг нь хөндөх болзошгүй гэж үзэж хүсэлт гарган энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. Э ХК-д газар олгосон гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/327 тоот захирамж нь зөвхөн Э ХК-нд шинээр газар олгосон захирамж биш, уг захирамжийг гаргасан үндэслэлийг хариуцагч сая тодорхой тайлбарлаж хэлсэн байгаа.
Манай ХК нь Э ХК гэх нэрээр үйл ажиллагаа явуулж байсан учраас 2015 онд улсын бүртгэл, татварын албаны холбогдох мэдээллийн санд байгаа Э ХК гэх нэр давхацаж байна, танай ХК ньЭ гэж орох ёстой. Улсын бүтгэлд тийм нэрээр бүртгүүлсэн байна гэсэн шаардалага тавьсан учраас үүний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигчдын хурал хийж, тухайн ХК-ийн нэрийг Э болгож, улсын бүртгэлд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн юм. Нэгэнт уг компанийн нэр нь Э болж өөрчлөгдсөн учраас банк, татварын алба, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг байгуулагуудад байгаа тухайн компанийн бичиг баримтын нэрийг өөрчилсөн юм. Дараа нь газрын гэрчилгээнд байгаа нэр нь Э ХК гэж яваад байсан тул газрын албанд хүсэлт гаргаж манай компанийн нэр Э болж өөрчлөгдсөн учраас энэ бүртгэлийн дагуу манай компаний нэрийг сольж өгнө үү гэсэн шаардлага тавьсан.
Үүний дагуу газрын албанаас аймгийн Засаг даргын 216 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/327 тоот захирамж гаргаад нэрийн зөрүүг арилгаж гэрчилгээ олгосон болохоос биш А ХХК-ийн эзэмшилж байсан газрыг 2016 оны А/327 тоот захирамжаар авсан асуудал байхгүй байна. Хамгийн анх манай компанид тухайн газрыг 1999 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 03010008 газар эзэмших гэрчилгээгээр Өлгий сумын Засаг дарга өгсөн байгаа. Учир нь, тухайн үед 1994 оны Газрын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд энэ үед газрыг зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлж байсан байна. Дараа нь 2002 онд Газрын тухай хууль шинээр батлагдаж 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байдаг.
Энэ хуулийн хүрээнд 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газрын албанаас Өлгий сумын А бүс буюу төв хэсэгт байгаа бүх газар эзэмшүүлэх гэрчилгээг хуульд нийцүүлж, захирамж гаргасан. Тухайн үед Э ХК-д олгосон газрын хэмжээг хариуцагч сая тайлбарлаж хэлсэн байгаа. Өмнө нь манай ХК нь өөр өөр газарт байгаа эзэмшил газруудын нийт дүнгээрээ явж байсан ба газрыг ямар нэгэн хэлбэрээр барьцаалаж, зээл авах зэрэг үед хүндрэлтэй байсан учраас 2011 онд манай ХК-ийн зүгээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт эзэмшил газруудад тус тусад нь газар өмчлүүлэх гэрчилгээ олгож өгөх талаар хүсэлт гаргасан ба тухайн хүсэлтийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 409 тоот захирамж гарсан ба газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, кадастрын зураглал нь тэр үед гарч ирсэн юм. Үүний дагуу 50 жилээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулан явж байсан, уг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Дараа нь 2011оны 08 дугаар сард газрын хэмжээнд өөрчлөлт орсон. Мөн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрчлөлт орж дахиад гэрчилгээ авсан байдаг юм. Тийм учраас Э ХК нь 1999 оноос маргаан бүхий газрыг эзэмшиж ирсэн, татварын албанд албан ёсоор бүртгэлтэй, холбогдох гэрээнүүд хийгдсэн газар ашиглалтын төлбөрийг цаг хугацаанд төлж ирсэн, ямар нэгэн байдлаар А ХХК-ийн эзэмшилд байсан газрыг хууль бусаар авсан асуудал байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-иас тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжийн Э ХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 3 дах хэсгийг[1] хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгажээ.
Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 3372 м2 газрыг А ХХК хууль ёсоор эзэмшдэг, энэ нь тус компанид олгосон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0078258 дугаартай гэрчилгээ, 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн газар эзэмших гэрээ, гэрч М.Бы шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог гэж тайлбарлажээ.
Шүүх хууульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжийн 3 дах хэсэгт заасан үйлдвэрийн бассейн ба конторын зориулалтаар эзэмшүүлсэн 23981 м2 газрын 128 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 23853 м2 газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Э хүчний барилга угсралтын Аийг Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын төв, тэдгээрийн ойролцоох сумдыг ОХУ-ын Красноярскийн Э хүчний системтэй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох, хүчдэлийг өсгөж бууруулах дэд өртөөнүүдийг барьж байгуулах, баруун бүс нутгийн Э хүчний эх үүсвэрийг бий болгох үүрэг зорилготойгоор Түлш Э хүчний сайдын 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар тушаалаар Ховд аймагт улсын үйлдвэрийн газрын хэлбэрээр байгуулж, Э хүчний барилга угсралтын трестийн Өлгий хот дахь 4 дүгээр конторыг шилжүүлэн харьяалуулахаар шийдвэрлэжээ.
Улмаар Засгийн газрын 2002 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр-т зааснаар А улсын үйлдвэрийн газрыг төрийн өмчит хувьцаат компаний хэлбэрээр өөрчлөн байгуулж, нийтийн дуудлага худалдааны аргаар хувьчлахаар заасны дагуу Төрийн өмчийн хорооны 2002 оны 106 дугаар тогтоолоор А 100 хувь төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, үүнтэй холбогдуулан гаргасан төрийн өмчит хувьцаат компаний хувьчлалын тайлан болон үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлд Баян-Өлгий аймаг дахь салбарын харьяа конторын барилга 1 гэж бүртгэгджээ.
Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан Түлш Э хүчний сайдын 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар тушаал[2] Төрийн өмчийн хорооны 2002 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 632 дугаар тогтоол[3], Ховд аймгийн Э хүчний барилга угсралтын А төрийн өмчит хувьцаат компаний хувьчлалын тайлан[4], үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэл[5], Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ[6] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
А ХК-иас Баян-Өлгий аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөрөнгө бүртгүүлэх тухай хүсэлт[7] гаргаж, уг хүсэлтэд 2003 оны газар эзэмших гэрээний хуулбарыг хавсаргаснаар улсын бүртгэгч үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн 0078258 дугаар гэрчилгээгээр[8] Өлгий сумын 5 дугаар багийн /одоогийн 13 дугаар баг/ нутаг дэвсгэрт орших 128 м2 талбайтай 3017200 /гурван сая арван долоон мянга хоёр зуун/ төгрөгийн үнэтэй үйлдвэрийн болон барилга угсралтын конторын барилгын хууль ёсны өмчлөгчөөр А ХК-ийг бүртгэсэн, энэхүү барилгын суурь талбайн хэмжээ 112.6 м2 болох нь шүүхээс хийсэн үзлэгээр[9] тогтоогдсон.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д ...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ... Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, мөн 13 дугаар зүйлийн 13.5.4-д ... газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахад шаардагдах баримт бичиг байхаар тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээг тус тус үндэслэхээр зохицуулжээ.
Улсын бүртгэгч зөвхөн газар эзэмших гэрээг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгосон нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн хэдий ч үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ нь хүчинтэй тул уг конторын барилгын доорх 128 м2 газрыг Э ХК-д эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал маргаан бүхий актад заасан 23981 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан, мөн 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан, улсын бүртгэлийн 030100079 дугаартай газар эзэмших гэрээнд[10]заасан 3372 м2 газар нь АХК-ийн газар гэж маргаж байгаагаа шүүх хуралдааны явцад тайлбарласан, энэ хэмжээ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн заасан газрын хэмжээ болох 7842 м2 хэмжээтэй тохирохгүй байгаа нь маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Аймгийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Эзэмшил газрын хэмжээг хэсэгчлэн хувааж эзэмшүүлэх тухай 409 дүгээр захирамжийн[11] 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсгээр маргаан бүхий газрыг Э ХК-д эзэмшүүлсэн нь, уг захирамжийг үндэслэж газар эзэмших эрхийн 0230961 дугаартай гэрчилгээ[12] олгогдсон нь, 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 4499 дугаартай гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
Э ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар[13] компаний нэр,дүрэмд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж компаний нэрийг Э болгон өөрчилсөнтэй холбогдуулан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дүгээр албан бичгээр[14] Гэрчилгээ солиулах тухай хүсэлт гаргаснаар аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан бүрэн эрхийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Э ХК-д урьд эзэмшүүлж байсан газрыг Э ХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх тул уг захирамжаар А ХХК-ийн эзэмшлийн газрыг давхацуулан эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ...Газрыг энэ хуульд заасан зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-д ...Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна 27.4-д ...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй, уг газрыг эзэмших талаар урьд өмнө хүсэлт гаргаж байгаагүй, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт А ХХК-ийн газартай холбогдолтой нэгж талбарын хувийн хэрэг байхгүй зэрэг нь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 404 дүгээр албан бичгээр[15] тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй 2003 оны газар эзэмших гэрээнд маргаан бүхий газрыг Өлгий сумын 1996 оны 15 дугаар захирамжийг үндэслэн эзэмшиж байгаагаар тусгасан боловч тухайн захирамж байхгүй болох нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар албан бичгээр[16] нотлогдох тул уг гэрээг Засаг даргын шийдвэргүйгээр байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй, хэрэв нэхэмжлэгчийг уг гэрээний дагуу газар эзэмших эрхтэй гэж үзсэн нөхцөлд гэрээнд газар эзэмшүүлэх хугацааг 2 жилээр тогтоож, дуусах хугацааг 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тусгасан учир хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Маргаан бүхий газрыг А ХК нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмшсэн, хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд гэж үзэн түүнд мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийх шаардлагагүй байсан, түүнээс гадна захиргааны акт 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарсан, Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн тул нэхэмжлэгч талаас Захиргааны Ерөнхий хуулийн 4, 26 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар 03-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/327 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 3 дах хэсэгт заасан үйлдвэрийн бассейн ба конторын зориулалтаар Э ХК-д эзэмшүүлсэн 23981 м2 газрыг хүчингүй болгуулах шаардлагын 23853 м2 газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.4, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан АХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/327 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 3 дах хэсэгт заасан үйлдвэрийн бассейн ба конторын зориулалтаар Э ХК-д эзэмшүүлсэн 23981 м2 газрыг хүчингүй болгуулахшаардлагын зарим хэсгийг хангаж, 128 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 23853 м2 газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 13, 14 дүгээр хуудас
[2] Хэргийн 62 дугаар хуудас
[3] Хэргийн 156 дугаар хуудас /2 дугаар хавтас/
[4] Хэргийн 157-158 дугаар хуудас /2 дугаар хавтас/
[5] Хэргийн 175 дугаар хуудас
[6] Хэргийн 5 дугаар хуудас
[7] Хэргийн 61 дүгээр хуудас
[8] Хэргийн 8 дугаар хуудас
[9] Хэргийн 165-167 дугаар хуудас
[10] Хэргийн 9 дүгээр хуудас
[11] Хэргийн 50-51 дүгээр хуудас
[12] Хэргийн 53 дугаар хуудас
[13] Хэргийн 44-47 дугаар хуудас
[14] Хэргийн 107 дугааар хуудас
[15] Хэргийн 88 дугаар хуудас
[16] Хэргийн 87 дугаар хуудас