Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0295

 

 

  М.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, Ц.Б нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.А-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг буюу иргэн “М.А-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нь нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.А-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон нь хууль бус байсан болохыг тогтоож, 2 058 000 төгрөг нөхөн төлүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, 2 058 000 төгрөгийг М.А-т буцаан олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

 

Дээрх шүүхийн шийдвэрт 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр захирамжаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/ гэж бичсэнийг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/ гэж залруулсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 262 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.А-ын ажилласан байдлыг тогтоохдоо Архангай аймгийн Аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд малчнаар 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож, түүний тус хоршоололд малчнаар 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

М.А-ын 2013 онд Нийгмийн даатгалын хэлтэст “ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хүрээнд бүрдүүлж өгсөн материалд 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр байх бөгөөд уг дэвтэрт “...1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зүсвэрийн цехэд ажилчнаар авч ажиллуулав, Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөр ажилд шилжин ажиллах болсон учир рамчны ажлаас чөлөөлөв, 1989 оны 141 дүгээр тоот тушаалаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр туслах үйлдвэрт авч ажиллуулав, Даргын 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 60 тоот тушаалаар, 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Тунгалаг тамир хоршоололд раманд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хүний их эмчийн салбарт шилжсэн тул ажлаас чөлөөлөв. Хоршооллын даргын 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар тоот тушаалаар...” гэж тэмдэглэжээ.

Мөн Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Цалин олгох тухай” 105 дугаар тушаалд рамчин М.А, 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажил өөрчлөн томилох тухай” 15 дугаар тушаалд 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн рам, бүрд, ахлах, туслах рамчинаар доорх ажилчдыг томилон ажиллуулсугай гээд ахлах рамчинаар М.А гэжээ.

Гэтэл М.А нь өөрийн ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ шүүхэд гаргаж өгөлгүйгээр малчнаар ажиллаж байсан гэж шүүхээр тогтоолгон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-т зааснаар хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр авах боломжтой болжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж, 1-д нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж заасан бөгөөд М.А-ын хувьд шүүхийн шийдвэрээр 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгосон 5 жил, 1 сар, 10 өдрийн хугацаанд өөр ажил эрхэлж байсан гэж тооцвол түүний малчнаар ажилласан хугацаа хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байгаа болно.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь М.А-ын энэ хууль бус үйлдэл, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсад хохирол учруулсан асуудлаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, энэ гомдлын дагуу зохих ажиллагаа хийж байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаарх баримтыг гаргуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч М.А-раас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “М.А-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон нь хууль бус байсан, 2.058.000 төгрөг нөхөн төлүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, 2.058.000 төгрөгийг буцаан олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч М.А нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 262 дугаар шийдвэрээр М.А-ыг Архангай аймгийн Аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд малчнаар 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, харин Архангай аймгийн Аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд малчнаар 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улмаар М.А-т 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоосон байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар актаар малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 1544 иргэний тэтгэврийг хамруулан шалгаж хуурамч баримт бичиг бүрдүүлэн малчны нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 43 иргэний тэтгэврийн олголтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэж, уг актын хавсралт Эрдэнэбулган сум 1 дүгээрт М.А гэж дурдаж нийгмийн даатгалын улсын байцаагч нарт хүргүүлсэнээс үзвэл, уг акт нь нэхэмжлэгч М.А-т тухайлан чиглээгүй, үр дагавар шууд үүсгээгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

М.А-ын өндөр насны тэтгэврийг анх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тогтоож, мөн өдрөөс тэтгэвэр олгож эхэлсэн боловч, 2021 оны 1, 2 дугаар сард өндөр насны тэтгэвэр олгоогүй зогсоосон буюу тэтгэврийн мөнгө иргэний эзэмшдэг дансанд ороогүй, улмаар М.А Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2,058,000 төгрөг төлсний дараа 2021 оны 3 дугаар сард 1, 2 сарын өндөр насны тэтгэврийг хамтад нь 1,050,000 төгрөг олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд өндөр насны тэтгэврийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоогүйн улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хариуцагчаас зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хууль зааснаар болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй бөгөөд хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хуульчилж өгсөн. Хариуцагчаас М.А-ын өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж зааснаар 2021 оны 1 дүгээр сард зогсоосон үндэслэлгүй.

Тодруулбал, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 262 дугаар шийдвэрээр М.А-ыг Архангай аймгийн Аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд малчнаар 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосон бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох баримт бичиг мөн юм.

Тухайлбал, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгчийг Архангай аймгийн Аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд малчнаар 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхийн шийдвэрээр тогтоож хуулийн хүчин төгөлдөр болсон байхад тэтгэвэр авагчийн хөдөлмөрийн дэвтэрт дээрх онуудад “Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрт ажилласан” гэж хариуцагчаас маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймээс Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримттай маргасан нь хууль бус байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь М.А-ын энэ хууль бус үйлдэл, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсад хохирол учруулсан асуудлаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, энэ гомдлын дагуу зохих ажиллагаа хийж байгаа, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаарх баримтыг гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой тул хэргийг дахин хэлэлцүүлэх...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч М.А нь ямар баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.

Өөрөөр хэлбэл, Архангай аймаг дахь Цагдаагийн газар нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 262 дугаар шийдвэрийг үндэслэлтэй, үндэслэлгүй талаар хянах боломжгүй бөгөөд шийдвэрийг дээд шатны шүүх, тодорхой тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх хүчингүй болгосон нөхцөл байдал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг Архангай аймгийн Аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд малчнаар 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй.

Хэдийгээр хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 262 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт тухайн үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-д “Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно” зааснаар гуравдагч этгээдээр оролцоогүй хэдий ч М.А-ыг хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, дээрх шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл”, 179.1.2-д “шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон”, 179.1.3-д “шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон” гэж зааснаас үзвэл, Архангай аймгийн Нийгмийн даатгалын зүгээс “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах”-уулахаар /холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн/ хүсэлт гаргах эрх нь нээлттэй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч М.А-ын тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлэн өгсөн аль баримтыг жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч бичиг баримт гэж үзэж буй үндэслэл нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч М.А-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус байсан нь тогтоосон нь 2,058,000 төгрөгийг буцаан олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдэл зөв байна. Учир нь хариуцагчаас хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс хууль бус үйл ажиллагаа явуулснаас /2,058,000 төгрөг гаргуулсан нь/ нэхэмжлэгчийн эрх нь хөндөгдсөн, зөрчигдсөн гэж үзнэ. Энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тавигдах нийтлэг болон тусгай урьдчилсан нөхцөл тавигдах нь ойлгомжтой бөгөөд үндсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч дагалдах шаардлагыг шийдвэрлэнэ. Тийм учраас хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоноос гадна нэхэмжлэгчид бодитой хохирол учирсан байх тул 2.058.000 төгрөгийг буцаан олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-гээс өмгөөлөгч Г.Э-г шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, хангах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /онлайнаар холбогдоогүй/ ирээгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэжлүүлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

                                        ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

        ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН