Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0003

 

 Хөвсгөл аймгийн Цөм сүргийн

үржлийн төвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Г.Батсуурь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1367 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Бат-Эрдэнэд холбогдох

Малчнаар ажиллаж байх хугацаанд дутагдуулсан мал, ашиг шим, ноос ноолуурын төлбөр нийт 7,858,250 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Манай байгууллагад малчнаар ажиллаж байсан Т.Бат-Эрдэнэ нь 2015 оны эхээр мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим, бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээгээ шинэчилж хийснээс хойш дахиж байгууллагатай тооцоо нийлэлгүй, гэрээнд заасан хугацаанд ноос ноолуураа тушаалгүй алга болсон. Иймд асуудлыг шийдвэрлэж байгууллагыг хохиролгүй болгож 7,858,250 төгрөгийг Т.Бат-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ багасгаж Т.Бат-Эрдэнээс 2014 онд дутагдуулсан 64 толгой мал, 28.7 кг ноолуур буюу бүгд 6.050.000 /зургаан сая тавин мянга/ төгрөг болгож байгаа тул 6,050,000 төгрөг  гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагч Т.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Г.Батсуурийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан өр барагдуулах тухай нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. ... Энэ нэхэмжлээд байгаа мал болох 51 толгой мал нь 2013 болон 2014 онд үхсэн малууд бөгөөд хий хоосон бойжоогүй төлийг бойжсон болгож бичсэн байна. ... Харин 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр намайг Мөрөнд явж байхад надтай уулзаж 2014 оны түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан байх хэрэгтэй байна, чамд янз бүрийн юм байхгүй гэж хэлж шууд эхний нүүрний хэсгийг үзүүлэн чамд нэг хувийг өгнө гээд гарын үсэг зуруулсан. ... Гэтэл гарын үсэг зуруулаад авч хоцорсон материалыг 2015 оны түрээсийн гэрээ болгон засаж надад байхгүй ямаанаас төл, ноолуур нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. ... Гэвч 2014 оны 11 сарын 12-нд гэрээгээр дутуу байгаа малыг нөхөн төлүүлэх тухай албан тоотоор мэдэгдэл өгч байсан гэж худал баримт бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байгууллага нь энэ хугацаанд ямар ч цалин хөлс өгч байгаагүй. Г.Батсуурь нь хувь, хувьсгалын малаа маллуулдаг байсан. 2015 оны 01 дүгээр сарын 05-нд Мөрөн суманд тааралдахад ямар нэг өр байхгүй, ажил цэгцэрсэн гэж хэлээд 2014 оны гэрээ гэж хуурч мэхлэн 2015 оны гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. 2014 оны гэрээ дүгнэхэд Т.Бат-Эрдэнэ ямар нэгэн өр төлбөр байгаагүй. Иймд 6,050,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1367 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс учирсан хохиролд хариуцагч Т.Бат-Эрдэнээс 4,615,000 /дөрвөн сая зургаан зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,435,000 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,682 / нэг зуун дөчин мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 88,790 /наян найман мянга долоон зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвд олгохоор  шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Бат-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаяр нар давж заалдах гомдолдоо: ... Г.Батсуурь нь Т.Бат-Эрдэнийг 2006 оноос мал маллаж байгаад 2014 онд түрээсийн гэрээгээ  дүгнэхэд дутуу малыг тусгах санал гаргасан. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын сарын 05-ны өдөр дахин түрээсийн гэрээг Т.Бат-Эрдэнийн хүсэлтээр нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээг хагас буюу бүтэн жилээр дүгнэх ёстой байтал Т.Бат-Эрдэнэ алга болсон тул гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр худал мэдүүлж байгааг шүүх хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг үнэлж дүгнэхгүй, нэхэмжлэгчийн гаргасан засвартай, зөрүүтэй тоо баримттай нотлох баримтыг үнэлж бодит бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Т.Бат-Эрдэнэ нь 2006 оноос Г.Батсуурьтай 2014 он дуустал хугацаанд байгууллагын болон хувийн малыг маллаж ирсэн. 2010 оноос хойш цалин хөлс бага, малчинд ямар ч ашиг байхгүй болж ирэхээр нь хувийн болон албаны малыг өгье гэдэг санал удаа дараа тавьж ирсэн. 2012 онд үржлийн төвийн Улаанбаатар хот дахь захирал Цолмон гэдэг хүнтэй ирж байхад хүртэл энэ байдлаа уламжилж ирсэн. Би сар бүр цалин авахгүй байсан болохоор 2013 оноос төмс хураах ажилд явдаг болсон. Гэтэл 2014 оны 9 сард Төв аймаг руу төмс хураалтад явсан хойгуур малаа надад ч хэлэхгүй гэнэт очоод манай эхнэрийн ахыг маллаж байхад дан хэдэн хонь үлдээгээд миний цөөн хэдэн ямааг хүртэл аваад явсан байсан. Харин 2015 онд уулзаад 2014 онд хийсэн мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээ 2 ширхэг, ар талд нь 1 хүснэгтэн мэдээлэл дээр гарын үсэг зуруулаад надад хүснэгтгүй нэг гэрээний хувийг өгсөн.

... Г.Батсуурь 2016 оны 03 дугаар сарын 11-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж материал бүрдүүлж өгөхдөө 2014 онд гэрээ байгуулан дүгнэж Т.Бат-Эрдэнэд мал өгч байсан гэсэн өөрийн гарын үсгийг дуурайлган зурсан баримт, мөн 2014 онд гэсэн нүүрэн дэх хэсгийг балаар засварлан 2015 он болгон засаж өөрчилсөн нотлох баримтууд гаргаж өгсөн. Гэрээн дэх гарын үсгийг бүрэлдэхүүнтэй шинжээч нар биш байна гэсэн дүгнэлт гаргаж ирүүлээд байхад, мөн малын тоо толгойг зөрүүтэй бичсэн баримтууд байгаад байхад шүүх нэхэмжлэлээ ихэсгэж болно, багасгаж болно гэж асуун 64 толгой малын үнэ гаргуулахаар шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Батсуурь хоёр өөр цаасан дээр хоёр өөр тоон мэдээлэлтэй хоёр өөр тамгатай бичгээс өөр малын тооцоо байгааг нотлох  баримт байхгүй, өөрөө ч хурал дээр нотолж чадахгүй байхад ийм шийдвэр гаргасанд харамсаж байна. Хариуцагчийн гаргаж ирүүлсэн Төмөрбулаг сумын Засаг даргын тоот дээр Ч.Цэдэвсүрэнгийн гаргасан албан бичиг, тус сумын холбооны салбараас гаргаж ирүүлсэн тодорхойлолт зэргийг үнэлж дүгнэхгүй бодит бус шийдвэр гаргасан. Иймд хавтаст хэрэгт холбогдох үнэлэгдээгүй нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах  боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн цөм сүргийн үржлийн төв нь малчнаар ажиллаж байсан хариуцагч Т.Бат-Эрдэнээс “2015 оны мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээ”-нээс учирсан хохирол 7,858,250 төгрөг нэхэмжилсэн байх ба хариуцагч “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ...2012 оноос малаа өгье гэж удаа дараа шаардаж байсан, ...нэхэмжлээд байгаа мал бол 2013, 2014 онд үхсэн малууд буюу гараагүй, бойжоогүй төлийг бойжсон болгож бичсэн, ...2014 онд гэрээ байгуулаагүй, 2015 онд мал хүлээж аваагүй” гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч Т.Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн цөм сүргийн үржлийн төвийн малчнаар ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сард хариуцаж байсан малаа хүлээлгэж өгсөн нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу гаргасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах байдал тогтоогдлоо.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд  2014, 2015 оны  гэрээг талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон  “Байгууллагын малчидтай 2014 онд хийсэн мал онд оролт, төл бойжилт, малын ашиг шим бүтээгдэхүүн нийлүүлэх түрээсийн гэрээ”/ хх-ийн 28-30-р тал/, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр   “... нийт 60 бог хүлээлгэн өглөө.” гэсэн бичвэр бүхий  “...тооцоо хийсэн акт”-д /хх-ийн 37-р тал/ зурсан Т.Бат-Эрдэний  гэх  гарын үсэг нь хариуцагчийн  “...гарын үсэг болон бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй” болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6631 дүгээр дүгнэлтээр /хх-ийн 109-118-р тал/ тогтоогдсон.

Мөн хариуцагч Т.Бат-Эрдэнийн хариуцаж байсан малыг 2014 оны 10 дугаар сард хүлээн авснаас хойш дахин  мал хүлээлгэж өгөөгүй нь зохигчийн тайлбараар нотлогдож байх  тул дээрх гэрээнүүдийг үндэслэн малын онд оролт,  төл бойжилт, ноос, ноолуурын тооцоо хийх, төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийсэн малын тооцоогоор Т.Бат-Эрдэнэ эм ямаа 197, эр борлон 37, эр ишиг 8, охин ишиг 50, ухна 2, бүгд 294 толгой мал тоолуулсан /хх-ийн 39-р тал/ 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Бат-Эрдэний маллаж байсан эр ямаа 6, эм ямаа 173, эр ишиг 16, охин ишиг 49, бүгд 244 толгой малыг Б.Дондовт хүлээлгэн өгсөн /хх-ийн 36-р тал/ талаар зохигч  маргаагүй байна.

Дээрх баримтуудаар хариуцагч нь 2013 оны жилийн эцэст 294 толгой мал тоолуулж, 2014 оны 10-р сард  244 толгой мал хүлээлгэн өгч 50 толгой ямаа дутуу өгсөн нь нотлогдож байх тул хөрөнгө үнэлсэн тайланд дурдсан үнэлгээгээр тооцож, хариуцагч Т.Бат-Эрдэнээс эм ямаа 24 толгой буюу 2,160,000 төгрөг /24 х 90,000 төгрөг/, эр ямаа 26 толгой буюу 2,080,000 төгрөг /26 х 80,000 төгрөг/ гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6,050,000 төгрөг болгож багасгасан байх тул хариуцагчаас 4,240,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,810,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1367 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4.615.000 /дөрвөн сая зургаан зуун арван таван мянга/” гэснийг “эм ямаа 24 буюу 2,160,000 төгрөг, эр ямаа 26 буюу 2,080,000 төгрөг, нийт  ямаа 50 буюу 4,240,000 /дөрвөн сая хоёр зуун дөчин мянга/” гэж, “1.435.000 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга/” гэснийг “1,810,000 /нэг сая найман зуун арван мянга/” гэж, 2 дахь заалтын “88.790 /наян найман мянга долоон зуун ер/”  гэснийг  “82,790 /наян хоёр мянга долоон зуун ер/” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,790 /наян найман мянга долоон зуун ерэн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Т.ГАНБАТ                                                               

                ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                   Б.СОСОРБАРАМ