Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 799

 

МАГАДЛАЛ

2017.11.21                                                       № 799                                         Улаанбаатар хот

 

М.М д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Б.Мөнх-Од,

          Шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 805 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнх-Одын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр М.М д холбогдох эрүүгийн 2016 2502 0354 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн М.М, 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамжны 33 дугаар байрны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧМ86061312/,

 

М.М  нь “С  Монголиа” компанийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа иргэн Р.А ийн “С  Монголиа” компанид захиалсан 880.000 иенийн үнэ бүхий “Лексус 250” загварын автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны төв салбарт хохирогч П.О д “С  Монголиа” компанийн “тээврийн хэрэгслийг худалдан авахад зуучлан үйлчилгээ үзүүлэх тухай” гэх “С  Монголиа” компанид бүртгэлгүй хуурамч гэрээ ашиглаж Япон улсаас “Тоёота Хариер” загварын автомашин захиалж авчирч өгөх гэж байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, итгэлийг нь урвуулан ашиглаж автомашины урьдчилгаа төлбөр болох 9.051.680 төгрөг залилж авсан,

Мөн хохирогч Н.Б од Япон улсаас “Тоёота Хариер” загварын автомашин захиалж авчирч өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг  урвуулан ашиглаж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ таурын “Голомт” банк дотор 5.000.000 төгрөг хуурч, залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “… нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлохын тулд … хуульд заасан бүх арга хэмжээг авч … яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчлан заажээ.

Хэргийн материалаас үзэхэд “С  Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал “Г.Б ” гэх иргэнийг иргэний хариуцагчаар татсан байх бөгөөд мэдүүлэг авахдаа “С.Баярсайхан” гэх иргэнээс мэдүүлэг авчээ. Харин 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 272 дугаар прокурорын тогтоолоор иргэний хариуцагч С.Баярсайханы гаргасан “... иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолд иргэний хариуцагч С.Баярсайхан гарын үсэг зураагүй, уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа эсхүл зөвшөөрөхгүй байгаа талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос “... иргэний хариуцагчаар татсан тогтоолыг дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгосон” гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт хавсаргагдаж ирүүлээгүй байна. Хэрэв хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэсэн хууль ёсны зарчим алдагдаж хохирогчийн эрх ашиг хөндөгдөж, эрх зүйн байдал дордохоор байгааг анхаарах нь зүйтэй. 

Учир нь яллагдагч М.М  нь хохирогч Д.О ээс автомашин захиалсан гэх мөнгийг компанийн дансанд байршуулсан байна. Энэ талаар хохирогч Д.О ийн “... “Хас” банкны теллерээс мөнгө шилжүүлэх дансыг Японы данс мөн үү, “С  Монголиа” ХХК, танай байгууллагатай хамтран ажилладаг уу гэж асуухад, тиймээ манай байгууллагатай байнга хамтран ажилладаг, Япон компанийн данс мөн...” гэж мэдүүлсэн байна.

Түүнчлэн “С  Монголиа” ХХК-ийн удирдлага хохирогч Д.О ийн мөнгө компанийн дансанд шилжиж орсон эсэх, уг мөнгийг хэн гэх захиалагчийн төлбөрт шилжүүлсэн, шилжүүлсэн бол ямар зорилгоор ямар албан тушаалтны даалгавраар шилжүүлсэн эсэхийг тогтоох шаардлагатай.

Мөн яллагдагч М.М  нь “С  Монголиа” ХХК-нд ажиллаж байх хугацаандаа хэдэн автомашины захиалга авч хэдий хэмжээний төгрөг компанийн дансанд шилжүүлсэн эсэхийг шинжээч томилж компанид хохирол учирсан эсэхийг нарийвчлан тогтоох нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр яллагдагч М.М д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнх-Од бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

1. “С  Монголиа” компанийн захирал Баярсайханыг мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хариуцагчаар татсан. Уг мөрдөн байцаагчийн шийдвэртэй холбогдуулан иргэний хариуцагчаар татагдсан С.Баярсайхан “мөрдөн байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж хяналт тавьж буй хяналтын прокурорт хүсэлт тавьсан боловч 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 272 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Дээрх прокурорын тогтоолыг иргэний хариуцагчаар татагдсан С.Баярсайхан эс зөвшөөрч тус дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргаж, улмаар мөрдөн байцаагчийн иргэний хариуцагчаар татсан тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор /хх-23/ хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад уг дүүргийн Ерөнхий прокурорын тогтоолыг хэрэгт хавсаргагдаагүй, ямар үндэслэлээр мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

2. Хохирогч П.О ийн мөнгө “С  Монголиа” компанийн дансанд шилжиж орсон болох нь гэрч С.Баярсайхан, Б.Халиунаа, Б.Мягмарсүрэн, Р.Булганзул нарын мэдүүлгээр нотлогдохоос гадна уг хохирогч П.О ийн мөнгийг яллагдагч М.М  иргэн Б.Нарандэлгэрийн данс руу тушаалгаж, уг данснаас иргэн Р.А ийн автомашины төлбөрт мөнгө шилжүүлсэн болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдохоос гадна “С  Монголиа” компанийн машин захиалсан программд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдоно. /хх-215/

3. Яллагдагч М.М  нь “С  Монголиа” ХХК-нд ажиллаж байх хугацаандаа хэдэн автомашины захиалга авч, хэдий хэмжээний төгрөг компанийн дансанд шилжүүлж байсан талаар гэрч С.Баярсайхан, Б.Халиунаа, Б.Мягмарсүрэн нарын мэдүүлгээр нотлогдохоос гадна “С  Монголиа” компанийн тооцоо нийлсэн актаар компанид хохирол учраагүй болох нь /2-р хх-93-104/ нотлогдож байхад дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч М.М  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт шалгах зүйл байгаа ...” гэв.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй зөв гарсан ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх М.М д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд М.М д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж байсан шүүгч хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан тул хэргийг шүүхийн өөр бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэх нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч болон иргэний хариуцагч тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой бөгөөд 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар талд  “С ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б ыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон тогтоол авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 805 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.М д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ