| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00514/И |
| Дугаар | 591 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 591
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Ю.Орхонтуулын нэхэмжлэлтэй З.Лхагва-Очир, Б.Оюунцэцэг нарт холбогдох “1.100.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ю.Орхонтуул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн З.Лхагва-Очир, Б.Оюунцэцэг нарт рапсны үрсэлгээний силк машиныг шинээр нь 1.500.000 төгрөгөөр зарсан юм. 2015 онд 600.000 төгрөгт тооцож 1 шүдлэн үхэр надад өгсөн. Үүнээс хойш үлдэгдэл мөнгөө өгөөгүй өдий хүрлээ. Энэ хугацаанд миний бие 4 удаа Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очиж энэ хоёртой биечлэн уулзсан. Ерөө сум руу явахдаа өөрийн хувийн машинаар очиж уулзаж байсан. Иймээс үлдэгдэл 900.000 төгрөг дээр хувийн машинаараа явж уулзаж байсан 4 удаагийн бензиний хөлс 200.000 төгрөг, бүгд 1.100.000 төгрөгийг З.Лхагва-Очир, Б.Оюунцэцэг нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Лхагва-Очир, Б.Оюунцэцэг нар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... Ю.Орхонтуулын нэхэмжлэлтэй З.Лхагва-Очир, Б.Оюунцэцэг нарт холбогдуулан 1.100.000 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулан нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно. Тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ю.Орхонтуул нь З.Лхагва-Очир, Б.Оюунцэцэг нарт холбогдуулан “1.100.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч З.Лхагва-Очир, Б.Оюунцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.100.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 15.475 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх 50 хувь болох 15.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ю.Орхонтуулд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ю.Орхонтуулын нэхэмжлэлтэй З.Лхагва-Очир, Б.Оюунцэцэг нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1.100.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 30.950 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 15.475 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 15.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ю.Орхонтуулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ