| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1205/Э |
| Дугаар | 1224 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1224
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Н.Ундрах шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04047 *** дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Н.А, Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын **-ны өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д дархан ажилтай, ам бүл гурав, эмэг эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 68 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт “миний найзуудад томорлоо” гэх шалтгааны улмаас хохирогч М.Т-ийн зүүн мөрний ард талд цаасны хутганы ирээр хатгасны улмаас түүний биед зүүн мөрний ар гадаргуу, зүүн бугалгын шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Н.А нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “миний найзуудад томорлоо” гэсэн шалтгааны улмаас хохирогч М.Т-ийн зүүн мөрний ард цаасны хутгаар хатгаж, түүний бие махбодод “зүүн мөрний ар гадаргуу, зүүн бугалгын шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Х.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 20-ны оройн 20 цагийн үед гэрээсээ гараад, зүүн талын нарийн гудамжаар гараад, сагсны шийд орох гээд явж байтал улаан хүрэн өнгийн ** УНГ улсын дугаартай “Prius 11” маркийн автомашинд А, С, Б 3 шар айраг уугаад сууж байсан. Би тэдэн дээр очоод “юу байцгаана” гэж мэндэлтэл А нь урд сандал дээр суучихсан байсан бөгөөд надад хандан “суу, чамайг ална аа” гэж хэлсэн. Тэгээд суусан чинь А машиныхаа урд талын хайрцгийг ухаад цаасны хутганы запаас ир гаргаж ирээд над руу ойртоод миний зүүн талын дал орчимд 2 удаа зүсчихсэн. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ” гээд машинаас нь буусан. Тэгтэл А бас машинаас буугаад ирэхээр нь би зугтаачихсан. Тэгээд шууд гэртээ ороод, дараа нь гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-36 дугаар хуудас);
3. Гэрч Ц.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цаг 20 минутад намайг гэртээ байхад манай зээ М.Т баруун гараараа зүүн далаа дарчихсан, нуруунаас нь цус гоожчихсон байдалтай орж ирсэн. Тэгээд би түүнээс “юу болов” гэж асуухад “гудамжинд хутгалуулчихлаа” гэж хэлсэн. 21 цаг 30 минутад эгч Г.Н нь машинтайгаа гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас);
4. Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А-аас өөрөөс нь асуухад би шар айраг ууж байгаад Т-ийн нурууг 2 удаа зүсчихсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас);
5. Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т-тэй тоглож байгаад зүүн далан дээр нь цаасны хутганы запаас ирээр 2 удаа зүсчихлээ гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);
6. Гэрч Ч.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Гараашны буудлын орчимд Б, С, А нарын хамт улаан өнгийн “Prius 11” маркийн машинд суугаад юм ярьж байсан. Ах нар шар айраг уугаад байж байхад Т ирсэн. Би Т-тэй хэсэг юм ярьж байгаад зүс таних охинтой уулзах гээд гараад явсан. Тэгээд хажууд байдаг саадад сууж байхад Т машинаас гарч гүйгээд явчихсан. Би машин руу очоод юу болсон талаар асуухад А ах “би цаасны хутганы запаас ирээр Т-г айлгах гэж байгаад зүүн гар, далыг нь зүсчихлээ” гэж хэлсэн. Сүүлд -тэй уулзахад гар болон далыг нь зүсчихсэн сорви байсан. А ах бага зэрэг согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10527 дугаартай “...М.Т-ийн биед зүүн мөрний ар гадаргуу, зүүн бугалгын сорви (шарх) гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас);
8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5 дугаар хуудас), эргүүлийн офицер цагдаагийн ахмад О.Н-ын илтгэх хуудас (хх-ийн 6 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Н.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (49 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40 дүгээр хуудас);
10. Шүүгдэгч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо гараашны буудлын дээд талд байдаг сагсны шийдийн хажууд Сочко ахын *** УНГ улсын дугаартай машинд дүү Б, Б нарын хамт 2.5 литрийн хэмжээтэй 3 сав шар айраг хувааж уугаад дуусаж байсан. Дүү Б, Б хоёр шээх гараад байж байхад гудамжнаас зүс таних Т гарч ирээд Б, Б хоёртой мэндлээд машинд суусан. Тэгээд би Т-тэй хэсэг юм ярьж байгаад найз Х-ийн дүүг дээрэлхэж байсан гэдгийг санаад Т-ийг айлгах гээд машины урд салоны хайрцагт байсан цаасны хутганы запаас ирийг авч, гартаа бариад чичихэд Т-ийн зүүн дал хэсэгт зүсчихсэн. Тэгээд Т машинаас буугаад зугтаагаад явчихсан. Шинжээчийн 10527 дугаартай дүгнэлтээр М.Т-ийн биед тогтоогдсон зүүн мөрний ар гадаргуу, зүүн бугалгын шарх гэмтлийг би цаасны хутганы запаас ирээр зүсэж учруулсан юм. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Мөн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 63-64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Т-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Н.А-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.Т-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны шүүгдэгч Н.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 500,000 төгрөг төлсөн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаасны хутганы нэг ширхэг ирийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Гэм буруу, хэргийн зүйлчлэлд ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгч нь хохирогчид хохирлын мөнгө болгож 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Гэмт хэргийг урьдаас төлөвлөсөн зүйлгүй. Тухайн өдрөө хохирогчтой уулзаад гэмт хэрэг үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, талуудаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цаасны хутганы нэг ширхэг ирийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овгийн Н.А-ыг Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Н.А-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цаасны хутганы нэг ширхэг ирийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА