Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1308

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч М.Сүхчулуун,  шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05787 1794 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн Б.А, Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, “…” ХХК-д автын цахилгаанчин ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ***  тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Ч-ийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, алимд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Т овгийн Б. А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ч-ийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, түүний бие махбодод “баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, алимд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2.Хохирогч Ц.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Монгол хуушуурын урд талд байрлах Парадокс үсчинд манай эхнэр ажилладаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн орчим би эхнэрийнхээ ажил дээр иртэл манай эхнэртэй хамт ажилладаг Н гэж залуу байсан. Тэгээд Н бид хоёр А-ын машинд орж суусан. Би “бүгдээрээ миний машинд орж сууя, арай чөлөөтэй” гэж хэлээд бид нар манай машинд шилжиж суусан. Н, А бид гурав 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад би дахиад архи аваад ууж байсан. 4 хоногийн өмнө Н манай хашаанд байдаг миний Ниссан Сиранна машиныг гуйгаад “засуулаад унаж байя” гэж хэлээд аваад явсан юм. Архи уугаад сууж байтал А надад “чи Н-д өгч явуулсан машиныхаа нэрийг шилжүүлээд өгчихгүй юу” гээд байсан. Тэгэхээр нь би “наад машин чинь ломбардын нэр дээр байдаг юм манай найз өөрийнхөө нэр дээр ломбардад тавьсан болохоор болохгүй байна, хавраас болох байлгүй” гэж хэлсэн. Тэгтэл А “чи Н-гаар машинаа засуулчхаад буцаагаад авах гэж байгаа юм биш үү" гэж хэлсэн. Тэгээд Б.А бид хоёр маргалдсан. Тэгтэл А намайг машин дотор байхад 2-3 удаа зөөлөн алгадсан, А машинаас буугаад намайг гараад ир хоёулаа зодолдъё гээд байсан. Тэгтэл Н бид хоёрыг салгаад байж байтал хажуугаас А-ын эхнэр “чи муу машинаа үнэгүй засуулж авах гэлээ” гээд над руу дайраад байсан. Тэгтэл А миний баруун талын хөмсөг орчим гараараа нэг удаа цохисон. Миний биед учирсан гэмтлийг А гараараа цохиж учруулсан, өөр цохиж зодсон хүн байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6 дугаар хуудас);

3. Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн орчим ажил дээрээ байж байтал гаднаас А орж ирсэн. ... тэгээд би Алтанзулын машин дотор суугаад байж байтал араас Ч ирсэн. Ч нь “манай машинд сууя, энд жаахан давчуу байна” гэсэн. Тэгээд Ч, А бид гурав Ч-гийн машинд суугаад юм ярьж байтал байгаад би Ч-т “би таны машиныг худалдаж авч болох юм уу, унаад байж байя гэхээр их засвар хийх болчхоод хийж чадахгүй байна" гэж хэлтэл Ч “наад машиныг чинь зарж болохгүй манай найз өөрийнхөө нэр дээр ломбардад тавьсан байгаа” гэж хэлсэн. Тэгтэл хажуугаас А “чи Нямдаваад наад машинаа зүгээр өгчхөж чадахгүй юм уу” гээд А, Ч нар хоорондоо маргалдсан. А,  Ч-гийг “хүн шиг байгаарай” гэж хэлээд хацарт нь 2-3 удаа зөөлөн алгадсан. Тэгээд тэр хоёр машинаас буугаад хоорондоо заамдалцсан. Ч, Алтанзул хоёр бие биеийнхээ нүүрэнд цохих шиг болохоор нь би дундуур нь ороод салгасан. Тэгтэл хажуугаас А-ын эхнэр Б эгч “чи яахаараа манай нөхрийг цохиж байгаа юм” гэж хэлээд Ч-руу дайраад байсан. Миний хойд талд А ах зогсож байгаад Ч-гийн нүүрний хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Ч-гийг аваад гэрт нь очоод харахад нүд нь улайсан байхаар нь А-д хэлээд ГССҮТ-д очиж үзүүлэн оёдол тавиулаад гараад ирэхэд А,  ах ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас);

4. Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Тэгэхээр нь би очоод “Ч-оо чи яагаад манай нөхрийг цохиж байгаа юм бэ” гэж хэлээд Ч-гийг түлхсэн. Тэгтэл Ч миний өөдөөс гар далайсан чинь миний ард А зогсож байгаад Ч-гийн баруун талын нүдний орчим гараараа нэг удаа цохисон. Тэгээд Н бид хоёр салгасан. Тэр үед Ч-гийн баруун талын хөмсөгнөөс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13475 дугаартай: ”...Ц.Ч-гийн биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, алимд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт (хх-ийн 26 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 31 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 81 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн орчим эхнэр Б-гийн хамт Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо Парадокс үсчний газар хуурай дүү Н-гийн ажил дээр ирээд үсээ засуулчхаад Н-тай хамт архи уухаар болсон. Тэгээд би 0.5 литрийн архи аваад Парадокс үсчний гадаа *** улсын дугаартай автомашин дотор эхнэр Б, Н нарын хамт суусан. Тэгтэл хойноос нь Ч манай машинд орж ирсэн. Би Ч-т архи хийж өгсөн. Тэгтэл Ч хийж өгсөн архинаас нэг татчихаад “танай машин жаахан давчуу байна, миний машинд орж сууя” гэж хэлсэн. Н бид хоёр Ч-гийн машинд ороод суусан. Бид гурав авсан архиа ууж байгаад би Ч-т “чи Н-д унуулж байгаа автомашинаа нэрийг нь шилжүүлээд өгчхөж болохгүй юм уу” гэж хэлтэл Ч “би тэр машиныг өгч болохгүй, манай найз авто ломбардад өөрийнхөө нэр дээр барьцаалсан байгаа” гэж хэлэхээр нь би “ чи Н-гаар машинаа засуулаад буцааж авах гээд байгаа юм уу” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд би Ц.Ч-гийг эр хүн шиг байгаарай гэж хэлээд хацарт нь 2-3 удаа зөөлөн алгадсан. Бид хоёр хоорондоо маргалдаж байгаад машинаас гараад хоорондоо заамдалцсан. Би Ц.Ч-гийг “чи чаддаг юм бол намайг цохичих” гэж хэлтэл Ч миний нүүрэн хэсэгт цохисон. Тэгтэл хажуугаас манай эхнэр Б,  Н нар хүрч ирээд “Ч-гоо яаж байгаа юм бэ” гэж хэлээд салгасан. Байж байтал Ч манай эхнэр Б руу гар далайх шиг болохоор нь би Н-гийн хойд талаас Ч-гийн баруун талын нүдний хэсэгт гараараа нэг удаа цохисон.  Хажуу талаас манай эхнэр Б, Н нар салгасан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биед учирсан гэмтэл байхгүй. Намайг Ч хоёр удаа зөөлөн цохисон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Ч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 301 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Ч-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Ч-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Ч нь гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.А-д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн хуульд заасан хугацаанд гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.А-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА