Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 592

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би А.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй Ч.Чимгээ, Ш.Оюунцэцэг нарт холбогдох “Худалдах-худалдан авах гэрээний дагуу 1.119.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                         Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч А.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 онд Сэлэнгэ аймгийн Долгио чуулгад бүжигчин ажилтай Ч.Чимгээ түүний ээж н.Оюунцэцэг нар нь надаас нийт 1.119.000 төгрөгний бэлэн хувцас Өвөрмонголын Ордос хот руу тоглолтоор явах гэж байна удахгүй хуваагаад мөнгийг нь өгнө гэж хэлж зээлээр аваад одоо болтол авсан хувцасныхаа мөнгөө өгөхгүй 2 жил намайг хохироож байна. Иймд Ч.Чимгээ Ш.Оюунцэцэг нараас 1.119.000 төгрөгийг хурдан гаргуулж өгнө үү. Жич миний бие эрүүл мэндийн байдлын улмаас 2016 оны 10 дугаар сарын 04-нөөс Улаанбаатар хотод удаан хугацаагаар эмчлүүлэхэд эмчилгээний мөнгө хэрэгтэй байгаа тул хурдан гаргуулж туслана уу? Гэжээ.

              Хариуцагч  Ч.Чимгээ, Ш.Оюунцэцэг нар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

        ... А.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй Ш.Оюунцэцэг, Ч.Чимгээ нар холбогдуулан 1.119.000 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулж нэхэмжлэгчийн хохиролгүй болгоно. Улсын тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ 

                                                           Үндэслэх нь:

                 Нэхэмжлэгч А.Баасансүрэн нь Ч.Чимгээ, Ш.Оюунцэцэг нарт холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1.119.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

                Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нар нь 1.119.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

              Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.410 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 31.410 төгрөгний 50 хувь болох 15705 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 15705 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар А.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй Ч.Чимгээ, Ш.Оюунцэцэг нарт холбогдох “Худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 1.119.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.410 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 31.410 төгрөгний 50 хувь болох 15.705 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 15.705 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Баасансүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                 ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ