| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0986/Э |
| Дугаар | 1309 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 1309
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02763 0811 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Ц.Э, Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгад туслах ажилтан хийдэг, ам бүл хоёр, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багт байнга оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 5 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын автобусны эцсийн буудал дээр байрлах “***” нэртэй дэлгүүрт нэвтэрч, Юнителийн 3000 төгрөгийн нэгж 16 ширхэг, бэлэн мөнгө 917,000 төгрөг, зайдас 1 ширхэг, энгийн Эссэ тамхи 6 хайрцаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 984,700 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Ц.Э нь 2019 оны 5 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын автобусны эцсийн буудал дээр байрлах “***” нэртэй дэлгүүрт нэвтэрч, Юнителийн 3000 төгрөгийн нэгж 16 ширхэг, бэлэн мөнгө 917,000 төгрөг, зайдас 1 ширхэг, энгийн Эссэ тамхи 6 хайрцаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 984,700 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед манай Болороо гэх худалдагч над руу залгаж дэлгүүрт хулгай орсон талаар мэдэгдсэн. Би газар дээр нь очиж үзэхэд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ажиллаж байсан. Манай зүүн талын вакум цонхоор хулгай орсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 158-159 дүгээр хуудас);
3. Гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 00 цагийн үед дэлгүүрээ хаагаад Ц, Өнөргүль нарын хамт гарахдаа дэлгүүрийн кассын мөнгө хийж хадгалдаг шүүгээнд 917,800 төгрөгийг үлдээгээд дэлгүүрээ цоожлоод явсан. Өнөөдөр өглөө 08 цаг 10 минутад ажил дээр ирэхэд худалдагч ажилтай Б ирчихсэн байсан. Тэгээд дэлгүүрийн кассын компьютер асаахад хамт асдаг тамхины тавиурын гэрэл асахгүй байхаар нь Б эгчээс гэрэл яагаад унтарсан юм бэ гэж асуухад, намайг орж ирэхэд унтарсан байсан гэж хэлэхээр нь мөнгө хийж орхисон шүүгээг нээж үзэхэд өчигдөр үлдээсэн орлого, нэгж зэрэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-21 дүгээр хуудас);
4. Гэрч Ж.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өчигдөр орой 23 цагийн үед касс ажилтай Ц, ачигч ажилтай Ц бид 3 хамт байхад намхан бор царайтай залуу орж ирээд алимтай трико асуухад нь би байхгүй гэж хэлэхэд дэлгүүрт хэсэг юм харж байгаад утсаар яриад гараад явсан. Түүнээс хойш 1 цагийн дараа шөнө 00 цаг болж байхад Ц бид хоёр дэлгүүрээ хааж түгжээд Ц-д захиж үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-24 дүгээр хуудас);
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-10 дугаар хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 89, 97-98 дугаар хуудас);
6. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 546 дугаартай “...нийт хохирлын дүн 965,000 төгрөг...”, "Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 629 дугаартай “...нийт хохирлын дүн 19,700 төгрөг...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээнүүд (хх-ийн 36-38, 77-79 дүгээр хуудас);
7. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 04/248 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд МN000220004740 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ц овогтой Э-ын зүүн гарын долоовор хурууны хээнүүдтэй тохирч байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 43 дугаар тал);
8. Шүүгдэгч Ц.Э-ын иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа (хх-ийн 73 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...А нэртэй дэлгүүрийн цонх нь хашааны цаанаас онгорхой харагдсан. Тэгэхээр нь би хашааг нь давж ороод тэр онгорхой цонхоор нь орж цонхны хажууд байсан хормогчийг толгой дээгүүрээ тавьж, дэлгүүрийн камеруудыг өөр тийш нь харуулж байгаад касс дээр нь очиж бэлэн мөнгө тухайн үедээ тоолж үзээгүй авсан бөгөөд гарч ирээд тоолоход 990- ээд мянган төгрөг байсан. Тэгээд кассаас мөнгийг нь аваад тогийн залгуурыг нь үүдэнд олон залгууртай байхыг нь салгаад орсон цонхоороо гараад явсан. Би хулгай хийхдээ ганцаараа байсан, өөр хүн байгаагүй, машингүй явсан. Тэр мөнгийг маргааш нь би үрээд дуусгасан. Би хөргөгчөөс нэг ширхэг зайдас авч идсэн, би өөрөө тамхи татдаггүй харин тэндээс нэг хайрцаг ЛД тамхи авсан. Өөр зүйл аваагүй. Би учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. Цаашид төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59-61 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Э-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох Юнителийн нэгжийг 48,000 төгрөгөөр, 6 хайрцаг “эссэ” тамхийг 19,200 төгрөгөөр, нэг ширхэг зайдсыг 5000 төгрөгөөр үнэлсэн байх ба бэлнээр 917,000 төгрөг алдагдсан байх тул шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 984,700 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Ц.Э нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “***” нэртэй дэлгүүрийн цонхоор нэвтэрч буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч Ц.Э-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Э-ыг “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолд “***” нөхөрлөлийг “***” ХХК гэж тусган хуулийн этгээдийг буруу бичсэн байгааг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-91)-г үндэслэн зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Цаашид хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо хуулийн этгээдийн оноосон нэр, хэлбэрийг зөв тусгаж, регистрийн дугаар, хаягийг заавал тусгаж байвал зохино.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ц.Э-оос 984,700 төгрөгийг гаргуулан хохирогч “***” нөхөрлөл (***)-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Ц.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Э нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Ц.Э нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй гэсэн хязгаарын дотор хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э-т хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э-т нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Э-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА