Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1313

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч Б.О, А.И, тэдний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овгийн А.И, О овгийн Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02945 1447 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. А овгийн А.И, Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ивээл мандал” ХХК-д барилгачин ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамжны ***  тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. О овгийн Б.О, Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ивээл мандал” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 31 дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.И нь Б.О-тэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ред рок” баарны гадна 2019 оны 05 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө иргэн Р.О-ийн өмчлөлийн “Samsung S7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бусдад 210,000 төгрөг буюу бага хэмжээний хохирлыг учруулсан,

Шүүгдэгч Б.О нь А.И-тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэд рок” баарны гадна 2019 оны 05 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө иргэн Р.О-ийн өмчлөлийн “Samsung S7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бусдад 210,000 төгрөг буюу бага хэмжээний хохирлыг учруулсан гэх гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч А овгийн А.И, О овгийн Б.О нар урьдчилан үгсэн тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэд рок” баарны гадна хохирогч Р.О-ийн өмчлөлийн “Samsung S7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бусдад 210,000 төгрөг буюу бага хэмжээний хохирлыг учруулсан бөгөөд шүүгдэгч А.И биечлэн гүйцэтгэж, шүүгдэгч Б.О дэмжлэг үзүүлсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч А.И-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй....” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Б.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 7-9 дүгээр хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-11 дүгээр хуудас); 

4. Хохирогч Р.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00 цаг орчим найз Я-тэй хамт СХД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Red Rock” гэх нэртэй бааранд хамт орж пиво ууж, бүжиглэж байгаад гарах гэхэд найз Я маань согтчихлоор нь хүн дуудах гээд өөрийн “Samsung S7” загварын гар утсаараа “Red Rock” баарны үүдэнд зогсоод ярьж байтал үл таних хүн миний утсыг аваад зугтаачихсан. Ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй. Тэр залуу яах ийхийн зуургүй утас аваад зугтаасан болохоор би тэр залууг сайн харж чадаагүй, дахиж харвал танихгүй байх, 25-аас 30 орчим насны хүн байсан. ...Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20- 21 дүгээр хуудсанд);

5. “Дамно” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн: “...Samsung S7 загварын гар утсыг 210,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 34-35 дугаар хуудас);

6. Шүүгдэгч А.И-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 50 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 82 дугаар хуудас), шүүгдэгч Б.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед цаг 19 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна. Явж байтал “Red Rock” гэсэн нэртэй баарны гадаа нэг согтуу эмэгтэй гартаа утас барьчихсан бөөлжөөд сууж байсан. И ах би тэр эмэгтэйн гар утсыг аваад ирье гээд машинаас буухаар нь би машиныг бариад буцаж эргээд зогссон. И ах тэр эмэгтэй дээр очоод гар утсыг нь гараас нь булааж аваад баарны араар тойрч ирээд машиндаа суухаар нь шууд хөдлөөд явсан. ...И ахыг тухайн гар утсыг булаах үед ойр хавьд ямар нэгэн хүн байгаагүй. Би машин дотроос харж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60 дугаар хуудас);

8. Шүүгдэгч А.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...О хамт ажилладаг 2 охинтой юм ярьж сууя гээд өөрийнхөө утсаа ломбардад тавьчихсан байсан бөгөөд маргаашаас нь эхлээд надаас утасныхаа мөнгийг байн байн нэхээд байснаас гадна машин бензингүй болчихсон байсан учраас амархан мөнгөтэй болох арга юм шиг санагдаад тухайн согтуу эмэгтэйн гар утсыг шүүрчихсэн юм....Миний булаасан гэх гар утас нь “Samsung S7” загварын мөнгөлөг саарал өнгөтэй байсан. Өөр онцлог содон шинж тэмдэг байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Би гар утсыг авахдаа тэр хохирогч эмэгтэйн гараас шүүрч аваад гүйчихсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 68-70 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.И, Б.О нарын үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох “Samsung S7” загварын гар утсыг 210,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 210,000 төгрөгөөр тогтоосон болно.

Прокурор шүүгдэгч нарыг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зүйлчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч нар хохирогчийг баарны үүдэнд гар утсаа оролдон согтуу зогсож буйг хараад тэдэнд түүнийг дээрэмдэх гэмт санаа сэдэл төрсөн байх бөгөөд тэд хоорондоо нэг нь хохирогч дээр очиж утсыг шүүрэхээр, нөгөө нь машинаа баарны ард байрлуулаад бэлэн хүлээж байхаар урьдчилан ярьж тохиролцож, гэмт үйлдлээ тохиролцсон ёсоор гүйцэлдүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О-ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд биечлэн оролцож, үйлдлээрээ нэгдсэн гэж үзэхгүй, харин санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид ... гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч Б.О-ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон хэмээн зөвтгөн зүйлчлэх нь түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн хэрэг болно. Харин шүүгдэгч А.И-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зүйлчлэх нь түүний эрх зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлэхээргүй байна.

Тодруулбал, прокурор шүүгдэгч Б.О-ийг дээрэмдэх гэмт хэргийг гүйцэтгэж үйлдсэн гэж үзсэн байсныг шүүх шүүгдэгч А.И дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд нь шүүгдэгч Б.О тусалсан буюу дэмжлэг үзүүлсэн байна хэмээн хөнгөрүүлж авч үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг ерөнхий ангийн хүрээнд хөнгөрүүлэн өөрчилсөн болно.    

Шүүгдэгч А.И, Б.О нарын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч А.И, Б.О нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.И-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.О-ийг “дээрэмдэх” гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахад дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Р.О-д хохирлын 210,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт (хх-ийн 84 дүгээр хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.И, Б.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.И, Б.О нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцсон, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байгаа учир тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч А.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Б.О, А.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Энэ гэмт хэргийн улмаас бага бусаас доош хэмжээний буюу 210,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ хохирол нь нөхөн төлөгдсөн. Шүүгдэгч нар нь тус бүрдээ эрхэлсэн тодорхой ажилтай, оршин суух хаягтай юм. Мөн шүүгдэгч нар нь дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тэднийг ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хамаарах бол мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Харин түүний дүгнэсэн хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.И, Б.О нар нь хорих ялын доод хэмжээг зургаан сар, дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул уг журамд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч А.И-т мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Б.О-т мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт “дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч А.И, Б.О нар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хуульд зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт нь ял оногдуулах үр дагавартай байдаг тул тэдэнд тогтоолоор тусгайлан санууллаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.И, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.И-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.А овгийн А.И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусадтай урьдчилан тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овгийн Б.О-гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусадтай урьдчилан тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахад дэмжлэг үзүүлж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч А.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр  жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж тус бүрд нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.И, Б.О нарт “дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

5.Шүүгдэгч А.И, Б.О нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт нь ял оногдуулахыг сануулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.И, Б.О нар цагдан хоригдсон, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.И, Б.О нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА