| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0023/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 25
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б д холбогдох, эрүүгийн 2015000010002 дугаартай, 163/2020/0023/Э индекстэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-ын Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Шинэ хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.А ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000010002 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байх үедээ Булган аймгийн Булган сумын нэгдүгээр багийн “Шинэ хороо”-ны нутагт иргэн Ц.А тай хувийн тааламжгүй харьцаа үүсгэн маргаж, түүний биед халдсанаар баруун зовхинд цус хуралт, дээд уруулд язарсан шарх, баруун зүүн ташаанд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч Ц.А ын өгсөн: “...би үеэл дүү Э ын хамт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед “Х” гэдэг пабад ороод 0,5 литрийн “Ерөөл” нэртэй нэг шил архи авч уусан. ...Намайг гэртээ ороход Э танихгүй П гэдэг хүүхэнтэй цуг байсан. Бид нарыг гэрт ороод арваад минутын дараа цонх, хаалга нүдэхээр нь би “яах гээд байгаа юм” гээд хөшигөө онгойлгосон чинь цонхны гэрэлгүй талд 17-18 насны 2 эрэгтэй хүүхэд зогсож байсан. ...Тэр 4 эрэгтэй хүүхэд намайг цохиогүй гэж бодож байна. Яг миний харснаар бол 20 гаран насны залуу миний нүүр лүү эхэлж цохиод дараа нь нуруу, бөөр рүү өшиглөсөн. Өшиглүүлээд босоод ирэхэд 20 гаран насны залуу ганцаараа тамбар дотор зогсож байсан. Одоо бодоход 20 гаран насны залуу л намайг энд тэндгүй өшиглөсөн юм. Санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-8-9 тал/,
Насанд хүрээгүй гэрч Д.Д ы өгсөн: “...2019 оны 12 дугаар сэрын 17-ны өдрийн 00 цагийн үед ...Г.Б гэх ах над руу … “худгийн хажууд ирчихлээ” гээд залгасан. Тэгээд У.Х , Ц.Т , Э.Э бид дөрөв очоод машинд нь суугаад юм яриад сууж байтал Г.Б гэх ах “би та нарт ганц пиво авч өгье” гээд “Би Сумо” гэх дэлгүүр орсон. Тэндээс “Нийслэл” нэртэй 2,5 литрийн савалгаатай пиво аваад гараад ирсэн. Тэгээд буцаад явж байтал нэг ах, эгч хоёр “Андууд”-ын урд талын зам дээр гар өргөөд зогсож байсан. Тэр хоёр хүнийг аваад Шинэ хорооны Хас хүнсний дэлгүүрийн доод талд буулгасан. ...Бид нар Бунхан толгойн урд пивоо уучихаад буцаад нөгөө айлдаа очсон. Тухайн үед Г.Б ах түрүүлж ороод пэжигнээд унасан. Тэгтэл У.Х , Э.Э , Ц.Т нар ороод, сүүлд намайг орход байшингийн үүдний амбаарт Ц.А гэх хүнийг Г.Б ах газар унагаачихсан зодож байсан. Г.Б гэх ахыг салгаад авсан. ...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Насанд хүрээгүй гэрч У.Х гийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед дэлгүүрээс пиво авчихаад буцаад явж байтал танихгүй ах, эгч хоёр зам дээр гар өргөөд зогсож байсан. Тэр хоёр хүнийг аваад “Шинэ хороо”-ны “Хас” хүнсний дэлгүүрийн доод талд буулгасан. Тэгээд тэр цуг явсан эгч нь Г.Б ахад дугаараа өгөөд “буцаж явна шүү, залгаарай” гэх шиг болсон. ...Тэгээд бид нар авсан пивоо Бунхан толгойн урд талд ууж дуусалгүй Г.Б буцаад тэр айлд очсон. Тэгээд Г.Б , Э.Э , Д.Д бид дөрөв хаалгыг нь тогшсон. Хаалгаа тайлахгүй удаад байж байтал үүднийх нь амбаарны хаалга өөрөө онгойсон. Доторх үүдээ цоожилцон байхад нь Г.Б ах хүрзний ишээр хөшөөд байсан. Тэгээд Ц.А гэх ах хаалгаа онгойлготол Г.Б гэх ах татаж гаргаж ирээд зодоод байхаар нь бид гурав үүдний дотогш орсон. ...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
насанд хүрээгүй гэрч Э.Э ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны 23 цагийн үед У.Х намайг хүрээд ир, манайд хамт хоноё гэхээр нь Булган сумын шинэ хорооны 1802 тоотод очоод тэдний гэрт байж байтал Д.Д хүрч ирсэн. Тэгээд байж байсан чинь Г.Б гээд ах утсаар яриад Д.Д тай яриад хүрээд ирсэн. ...Бид нар авсан пивоо Бунхан толгойн урд талд уусан. Ууж дуусалгүй Г.Б гэх ах буцаад тэр айлд очсон. Тэгээд Г.Б , У.Х , Д.Д бид дөрөв хаалгыг нь тогшсон, тэгээд байж байтал үүднийх нь амбаарны хаалга өөрөө онгойсон. Доторх үүдээ цоожилцон байхад нь Г.Б ах хүрзний ишээр хөшөөд байсан. Тэгээд Ц.А гэх ах онгойлготол Г.Б гэх ах хаалганы ард талд зогсож байгаад татаж гаргаж ирээд зодоод байхаар нь бид гурав үүдний дотогш орсон. ...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,
Шүүгдэгч Г.Б ийн яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Шинэ хороонд А ыг зодож гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. ... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. А д учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. …” гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,
Магадлуулагч Ц.А ын биед баруун зовхинд цус хуралт, дээд уруул язарсан шарх, баруун зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-36 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.А ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Б ийн үйлдэл идэвхтэй, бусдын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.А нь гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Хэргийн 39-42 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь ам бүл 4, аав, ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД