| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1317/Э |
| Дугаар | 1315 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 1315
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Нарангуа, хохирогч Ч.Ү, шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04154 1490 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Д.Н, Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, гурван хүүхэд, ач, зээгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16б гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эгүүшин” төв дотор иргэн Ч.Ү-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүн рүү хөлдүү мах шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Д.Н нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний оройн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эгүүшин” худалдааны төв дотор хохирогч Ч.Ү-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүр лүү хөлдүү мах шидэж, бие махбодод нь “...уруулд шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч Д.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Манай нөхөр Д энэ хүүхэнтэй сэтгэлтэй болоод надаас салъя гэсэн гомдол гаргасан юм билээ. Ерөнхийдөө Д байнга л салъя гэдэг байсан бөгөөд би өөрөө Д-г сэтгэлээсээ чөлөөлөөд явуулсан байсан. Д-г явуулснаас хойш манай хүүгийн эхнэр, охин хоёр жирэмсэн болсон юм. Тэгээд Д энэ хүүхэн хоёрыг нийлэх үеэр манай хүүгийн эхнэр, охин хоёр төрөх болсон. Тухайн үед манай охин өвдөж эхэлсэн. 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр манай нөхөр надтай ярихдаа миний хань үнэхээр сайхан хүн, бүх үнэний төлөө явдаг сайхан хүн гэж надад хэлсэн. Тэгээд хань нь юу гэж залбирах уу, хань нь очно шүү дээ гэж над руу ярьсан. 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр манай охин өвдөж эхэлсэн юм. Тухайн үед манай охин хүнд байсан болохоор хоёулаа нутаг усруугаа явж, уул уснаасаа гуйя гэж хэлсэн. Тэгээд намайг Д рүү залгаж ярихад чиний амьдрал надад хамаагүй гэж намайг араатан харсан юм шиг над руу хашхирсан. Миний хүүхэд 4 өдөр, 4 шөнө тасралтгүй өвдсөн бөгөөд үнэхээр хүнд байсан. Тухайн үед Д бид хоёрын дунд энэ хүүхэн байгааг үнэхээр мэдээгүй бөгөөд Д-гийн сэтгэл нь яагаад хувирсныг би ойлгоогүй. Анхны төрөлттэй охиныг маань надаас өөр харж хандах ах, дүү нар байдаггүй болохоор Д явахгүй гэхээр нь би өөрөө автобусанд сууж нутаг руугаа явсан. Нутагтаа очоод ангийнхаа хүүхдийг гуйж уул усандаа мөргөсөн. Тэгээд намайг эргэж ирэхэд миний охин маш хүнд байдлаас эргэж нэг төрсөн. Д анх над дээр ирэхдээ эмнэлэг нь эмчилж чадахгүй, лам бөө нь аргалж чадахгүй маш хүнд өвчтэй над дээр ирсэн. Би Д-д нэг удаа эм, тариа хийж өгөөгүй. Тухайн үед би чин сэтгэлээрээ тэр хүний өмнөөс өвдөж, зовж байж чи тэр хүнийг эрүүл болгосон. Харин Д-гийн өвдөж байсан өвдөлтөөр миний зээ хүү асар их өвдөж байсан. Шөнө ерөөсөө цурам хийхгүй, дав дав хийхгүй арилаад байсан юм. Хүүхдийн хүүхэд өвдөх чинь үнэхээр хэцүү юм билээ. Тухайн үед надад үнэхээр их хэцүү байсан. Тэгээд лам бөөгөөс асуухад хүүхдийн минь зүүдэнд энэ бүсгүй орж ирээд энэ тэнд гэрийн зуухан дээр суучхаад хутга хавираад сууж байсан. Би 3 сард энэ хүүхэн дээр очоод би өмнө нь энэ хүүхэнтэй амьдарч байсан, чи одоо энэ хүнтэй амьдрах гэж байгаа юм байна. Тийм болохоор чи бид хоёрын дунд ямар ч тэмцэл, ямар ч хэрүүл байх ёсгүй. Чи бид хоёр ойлголцох ёстой шүү дээ гэж хэлсэн....Сэтгэл цайлгана гэдэг чинь хүний амьдрал хүн болоод төрсөн хүмүүст байх ёстой зүйл биз дээ. Энэ хүүхэнд тайлбарлаж хэлээд байхад энэ хүүхэн зайлаад өг галзуу солиотой авгай гэж дандаа намайг загнадаг байсан. Миний зүгээс хөгшин настай хүмүүс цагдаа гээд яах вэ дээ гэж бодож байсан чинь энэ хүүхэн Д цагдаагаар шийдүүл цагдаагаар шийдүүл гэж хэлж байсан. Та бүхэнд төвөг удахааргүй бид нар хоорондоо тухайн асуудлыг шийдэх болж байсан. Тухайн үед миний найз хүүхдүүдтэй сайхан амьдраарай гэж чин сэтгэлээсээ хэлсэн бол болох байсан юм. Хэрэг гарах өдөр хоёрын хоёр хүүхэд өвдөөд надад үнэхээр хэцүү байсан. Тэгээд би миний хүүхдүүдийг чөлөөлөөд өгөөч гэж хэлээд энэ авгай дээр очсон. Тэгсэн энэ авгай Д чинь одоо миний хань, солиотой балай авгай юу хийгээд яваад байгаа юм гэж хэлсэн. Мөн чаддаг юм бол чи хүүхдээ өөрөө аврахгүй юу гэж хэлсэн. Тухайн үед миний тэвчээр үнэхээр барагдсан байсан болохоор лангуун дээр байсан махыг энэ авгай руу авч шидсэн нь үнэн. Тухайн үед уруул нь шалбарсан нь үнэн бөгөөд харин цус гараагүй. Би тухайн үед би ийм хүн биш шүү дээ юу хийчих вэ гээд маш их айсан. Тэгээд энэ авгай цагдаа дуудсан бөгөөд би сэтгэлээсээ чөлөөлөөд өгөхийг хүссэн. Яагаад хувиа хичээсэн зангаар надад хандсан бэ. Би аль болохоор эв эеийг хичээхийг хүссэн боловч эцэст нь ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Ч.Ү-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Эхэндээ Д надад миний нэг хүүхэд гэж ярьдаг байсан бөгөөд миний нэг хүүхдийн сэтгэлийг цайлгаж, баярлуулаач ээ гэж хэлэхэд нь би 50,000 төгрөг өгсөн. Тэгсэн хүүхдэдээ миний хүүхэд сайхан амьдраарай гэж хэлээд 50,000 төгрөг өгөөд явуулсан. Дараа нь Н удаа дараа ирж янз бүрийн юм яриад л явдаг байсан. Гэхдээ хэрүүл шуугиан гардаггүй байсан. 2019 оны 6 сарын 10-ны үеэр Н ирээд намайг хэл амаар доромжлоод явсан юм. Дараа нь 2019 оны 7 сарын 21-ний үеэр гэнэт гаднаас орж ирээд намайг хэл амаар доромжилсон бөгөөд хөргөгчөөс мах, нохойн хоол хоёр авч шидсэн. Түүнээс болж миний үүдэн шүд өвдөж, 2-3 сар миний толгой өвдсөнөөс болж, эм тариа хэрэглэж, толгойгоо бариулсан. Миний шүд өвдөөд байхаар нь шүдээ үзүүлсэн чинь цууралттай байна гэж хэлсэн. Тэгээд шүдний талаарх баримтыг гаргаж өгөх ёстой байсан юм байна гэж сая л мэдлээ. Сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн баримт нь шүдээ эмчлүүлсний мөнгөн дүнг гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Ч.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20019 оны 07 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Я /овог нэр солиулж Д.Н болсон/ орж ирээд намайг хэл амаар доромжилж, хөргөгчид байсан хөлдүү мах, хөлдүү нохойн хоол шидэж уруулын дээд хэсэг, шанаанд онож гэмтэл учруулсан. Тэгсэн хажуу лангууны худалдагч цагдаа дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас);
4. Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 18 цагийн үед Баянхошууны эцэст байдаг ажил дээрээ байж байтал манай хуучин эхнэр Я ирээд чи гэртээ ирэхгүй бол болохгүй байна гэхээр нь би гэртээ очихгүй, чи бид хоёр одоо тусдаа амьдраад явъя гэж хэлсэн. Тэгээд би тойрч явж байгаад буцаад ажил дээрээ ирэхэд манай эхнэр Үржинсүрэнг ястай мах шидээд уруулыг нь сэт цохичихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);
5. Гэрч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ү эгчтэй “Эгүүшин" хуралдааны төвд хамт ажилладаг. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаднаас Я эгч орж ирээд Ү-гээс Д хаана байна гэж асуухад мэдэхгүй гэтэл чи янхан гичий гэж хэл амаар доромжилсон. Тэгсэн Ү эгч чи болиоч Д-гээ аваад яв гэтэл 2 хүүхэд та нараас болж үхэх гээд байна гэж чарлаад хөргөгчөөс хөлдүү мах аваад Ү эгчийн нүүр, нуруу руу олон удаа шидсэн. Ү эгчийн уруулын дээд талд эсгэгдээд цус гарсан. Я байнга ирж хэрүүл маргаан хийдэг. Би Ү эгчийг цагдаад хэлээч гэхээр хөгшин настай хүмүүс гээд цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9100 дугаартай шинжээчийн: “...Ч.Ү-гийн биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 30 дугаар хуудас);
7. Ц.Я нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Д.Н болгон нэрээ өөрчилсөн тухай улсын бүртгэлийн ерөнхий газрын 406/002638 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч Д.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 38 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 34 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Ү-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Д.Н-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Ү-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Нарангарав нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Ү нь нийт 118,000 төгрөг нэхэмжилснээс 110,000 төгрөгийн шүд эмчлүүлсэн гэх баримтыг энэ хэрэг шууд хамааралтай нь нотлогдохгүй байна гэж үзэж шүүгдэгч Д.Н-аас 8,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ү-д олгож, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Иймд шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно...” гэв.
Иймд шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон нийгэмжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Д.Н-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-аас нийт 8,000 (найман мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ү-д олгож, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Н-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА