| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00551/И |
| Дугаар | 616 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 616
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Н.Отгоннбаярын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1966 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, консервын таглагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Хонгор морьтын 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 045 оршин суух, “Сэлэнгэ-Энерго” ОНӨУҮГ-т үйлчлэгч ажилтай
Боржигон овгийн Норовын Отгонбаяр
регистрийн дугаар: ТЛ-66082567
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг оролцов.
Тодорхойлох нь :
Нэхэмжлэгч: Н.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие анх Шарын гол сумын “Жимс ногооны Сангийн аж ахуй”-д 1983 онд 8 дугаар ангиа төгсч илгээлтээр жимсчин болж ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сараас 1985 оны 03 дугаар сар хүртэл БНБАУ-д курст явж ирээд 1985 онд жимсчин ажлаасаа чөлөөлөгдөж “Консервын завод”-д шилжсэн. Үүнээс хойш 1990 он хүртэл “Жимс ногооны үйлдвэрийн нэгдэл”-д ажиллаж байсан. Үйлдвэрлэлийн нэгдэл нь 1990 онд татан буугдаж ажилгүй болсон. Ийм учраас миний 1985 онд ажилд томилогдсон тушаал, 1987 онд ажилд томилогдсон тушаал, 1990 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа тул улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Н.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 1983 онд Орхон жимс ногооны сургуульд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Сангийн аж ахуйд ажилд орж Орхоны жимс ногооны газарт жимс, ногоочноор ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сард Болгар улс руу мэргэжил дээшлүүлэх курст явж, консерв таглагч гэсэн мэргэжил эзэмшиж ирээд 1985 онд жимсчин ажлаасаа чөлөөлөгдөж “Консервын завод”-д консерв таглагчаар шилжин ажилласан юм. Манай консервын завод нь жимс ногооны үйлдвэрлэлийн нэгдэл болон өөрчлөгдөн, түүнээс хойш 1990 он хүртэл жимс ногооны үйлдвэрлэлийн нэгдэлдээ ажиллаж байсан. 1990 онд манай үйлдвэрлэлийн нэгдэл татан буугдаж би ажилгүй болсон. Ийм учраас миний 1983-1990 онд ажиллаж байсан үеийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү ! гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Н.Отгонбаяр нь Хөдөө аж ахуйн Яамны харъяа Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуй, Дархан хотын харъяа Шарын голын жимс ногооны консервийн заводод ажиллаж байсан үеийн ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй болсон гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Н.Отгонбаяр нь ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсч 1983 оны 07 дугаар сарын 01-нд Хөдөө аж ахуйн Яамны харъяа Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйд жимсчинээр ажилд орж, 1986 оны 11 дүгээр сард аж ахуйн нэгжийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдөн, Дархан хотын харъяа Шарын голын жимс ногооны консервийн заводод 1990 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөдөө аж ахуйн Яамны харъяа Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйн захиргаанаас нэхэмжлэгчид олгогдсон №105578 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаар тушаалаар “1983 оны 07 сарын 01, Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсч ХНХХэлтсийн хувиараар ирсэн тул жимсчинээр томилов” гэх, Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйн даргын 1985 оны 11-р сарын 12-ны өдрийн 443 дугаар тушаалаар “1981 оны 11 сарын 12, Жимсчний ажлаас чөлөөлж, консервийн үйлдвэрт шилжүүлэв” гэх, Дархан хотын харъяа Шарын голын жимс ногооны консервийн заводын даргын 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар тушаалаар “БНМАУ-ын СНЗ-ийн 1987 оны 05 сарын 06-ны өдрийн 153 дугаар тогтоолоор консервын завод нь жимс нотгооны үйлдвэрлэлийн мэдэлд нэгдсэн тул ажилчнаас чөлөөлж чөлөөлж үйлдвэрлэлийн мэдэлд шилжүүлэв” гэх, Жимс ногооны үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тушаалаар “ХААЯ-ны харъяа жимс ногооны үйлдвэрлэлийн нэгдлийн консервын цехийн ажилчнаар томилов” гэх, тус нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар “БНМАУ-ын СНЗ-ийн 1990 оны 135-р тогтоолоор жимс ногооны үйлдвэрлэлийн нэгдэл татан буусан тул ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтүүд, мөн ажиллаж байх хугацаандаа БНБАУ-д мэргэжил дээшлүүлсэн тухай үнэмлэх зэрэг бичгийн баримт болон хамт ажиллаж байсан гэх Б.Мөнхжаргал, Г.Энхтуяа, Ж.Саранцэцэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд болон дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Боржигон овгийн Норовын Отгонбаярыг ХААЯ-ны харъяа Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуй, Дархан хотын харъяа Шарын голын жимс, ногооны консервийн завод, ХААЯ-ны харъяа Жимс, ногооны үйлдвэрлэлийн нэгдлийн консервын цехэд 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 07 дугаар сар хүртэл жимс ногоочин, консерв таглагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Норовын Отгонбаярыг ХААЯ-ны харъяа Шарын голын жимс, ногоо,сүүний сангийн аж ахуй, Дархан хотын харъяа Шарын голын жимс, ногооны консервийн завод, ХААЯ-ны харъяа Жимс, ногооны үйлдвэрлэлийн нэгдлийн консервын цехэд 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 07 дугаар сар хүртэл жимс ногоочин, консерв таглагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ