Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1317

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овгийн Ш.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05562 1572 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овгийн Ш.С, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хишиг хүнс” ХХК-д бууз чимхэгчийн ажилтай, ам бүл хоёр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ча84120101, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ш.С нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан хайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн *** тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ш.Ч-г өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд 11, 12 дугаар хавирганы далд хугарал, дух, хоёр хацарт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Д овгийн Ш.С нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан хайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн *** тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ш.Ч-г өшиглөн зодож, түүний бие махбодод “...11, 12 дугаар хавирганы далд хугарал, дух, хоёр хацарт цус хуралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.С-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Иргэн Ш.Ч-гээс цагдаагийн байгууллагад гаргасан: “...бусдад зодуулсан тухай” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 15-17 дугаар хуудас);

3. Хохирогч Ш.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн *** тоотод амьдардаг С-ийн гэрт нь очиход С хүүхдийн хамт гэртээ байж байсан. Тэгээд би угаалгын машин зурагт, хөлдөөгч, эхийн одонгоо авах гэж очсон чинь учир зүггүй чирээд хаалгаар гаргаад үснээс зулгааж чирээд цээж хавирга руу өшиглөсөн. Тэгэхээр нь “тахир гичий чинь тавьчхаач над шиг эхээс төрөөгүй юм уу” гэж хэлсэн чинь “янхан жингэр чинь” гэж хэлээд намайг дахиад зодсон. Хашааны гадна намайг үсдээд чирээд гаргаж байхад танихгүй гудамжинд явж байсан эмэгтэй хүн намайг салгаж авсан. Ингээд тэр өдрөө цагдаад хандаагүй, дараагийн өдөр нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Сайханбилэг үснээс зулгаад чирээд баруун талын хавирган тус газар өшиглөөд чирээд л байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-49 дүгээр хуудас);

4. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ээжтэйгээ амьдардаг байхдаа С-тэй танилцаад бие биеийнхээ гэр орноор ирэн очин жил орчим болсны дараа хамт амьдарч гэр бүл болно гэсэн чинь ээж С-ийг дагавар хүүхэдтэй, гар муутай учраас суулгахгүй гэж эсэргүүцдэг болсон. 2018 оны намар байсан шиг санаж байна, оройхон болсон байсан. С-тэй уулзана гэсэн чинь явуулахгүй гээд хориод байхаар нь яах гэж тэгж байдаг юм бэ гэж хэлчхээд шууд гараад явсан. Тэгээд тэр орой С-ийнд хоночхоод маргааш өглөө нь ажилдаа явчхаад орой гэртээ ирсэн чинь С ээжийг зодсон учраас цагдаа дуудаад явсан байсан. Ээжээс юу болсон талаар асуухад Сайнбилэгийнд очсон чинь үсдэж чирч гаргаад өшиглөж зодож, хавирга гэмтээсэн гэж хэлсэн. Үүнээс хойш хэл амтай, болж бүтэхгүй байсан учраас С-ээс салсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66-68 дугаар хуудас);

5. Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны намар байсан, сар өдрийг нь санахгүй байна. Би хүүхдүүдээ С эгч дээр үлдээчхээд ажилдаа яваад орой ирсэн чинь Б-ын ээж болох эмээ ирж хэрүүл хийж нэг цонхыг нь хагалчхаад явсан байсан. С эгч надад хэлэхдээ Б-ын ээж нь түүнийг хайж хэл амаар доромжилж байгаад нэг цонх хагалчхаад явлаа, гарахгүй болохоор нь арай гэж куртикнээс нь татаад гаргалаа гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 70 дугаар хуудас);

6. Насанд хүрээгүй гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж бид нарыг гэртээ байж байхад тэр эмээ миний хүүхэд хаана байна гэж орж ирээд манай ээжийг тахир дутуу гичий гээд байхаар нь ээж куртикнээс нь чирээд гаргаад гэрийнхээ хаалгыг түгжсэн чинь байшингийн урд талын нэг цонх хагалчхаад хаалга татаж орж ирээд ээжийг янз бүрээр доромжлоод байсан. Ээж тэврээд хашаанаас гаргаад хашааныхаа хаалгыг түгжээд дараа нь гэрийнхээ хаалгыг түгжихэд тэр эмээ дахиж орж ирээгүй. Манай ээж тэр эмээг хувцаснаас нь татаж хашаанаас гаргасан. Тэр эмээг ээж хашаанаас гаргахад би гэрээсээ гараагүй учраас гадаа юу болсныг хараагүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 72-73 дугаар хуудас);

7. Гэрч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн *** тоотод эгч С-ийн гэрт орох гэж байхад манай хадам эгч С-тэй хамт амьдардаг Б-ын ээж гээд хөгшин хүн эгчийн гэрээс гараад явж байсан. Тэгээд би эгчийн гэрт орж болсон зүйлийн талаар асуухад эгч С нь хүн байнга орж ирж хэл амаар доромжилж байдаг гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 62 дугаар хуудас);

8. Шинжээч эмч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн миний гаргасан дүгнэлтэд тусгагдсан хохирогч Ш.Ч-гийн биед учирсан барруун талын 11-12 дугаар хавирганы далд хугарал, дух, хоёр хацарт цус хуралт гэмтлүүд нь чирэх явцад хугарах боломжгүй, харин чирэх явцдаа хөлөөрөө өшиглөсөн, цохисон тохиолдолд хугарах боломжтой ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь 11-12 дугаар хавирганы хугарал үүсэх гэмтлүүд, бусад цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 55-56 дугаар хуудас);

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29- ний өдрийн 14135 дугаартай: “...Ш.Ч-гийн биед баруун 11,12 дугаар хавирганы далд хугарал, дух, хоёр хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 51-52 дугаар хуудас);

10. Шүүгдэгч Ш.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 87 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 96 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн *** тоотод гэртээ байж байсан. Би 2017 оноос Б гэх хүнтэй танилцсан. Б хөдөө ажил хийдэг болохоор нэг ирэхээрээ манайд хонодог байсан. Тэр өдөр Б гэх хүний ээж Ч гэх эмэгтэй манай гэрт орж ирээд “манай хүүхэд Б хаана байна, зурагт хаана байна, тахир гичий минь” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “Б байхгүй, мэдэхгүй та утас руу нь залга” гэж хэлсэн. Тэгтэл Ч гэх эмэгтэй нүдний шилээ тайлаад шидтэл тэнд байсан жоохон хүүхдүүд уйлалдаад байхаар нь би та гар хүүхдүүд уйлаад байна гэж хэлээд түлхтэл Ч манай гэрийн хаалгыг 2 гараараа алдлаад гарахгүй байхаар нь өвлийн куртикнээс нь зүүн гараар татаад чирээд гэрээсээ гаргаад чирсээр байгаад хашааны хаалгаар гаргаад хашааны хаалгаа түгжсэн. Ч хашааны хаалгыг онгойлгоод буцаад манай гэрт орж ирээд дахиад чи намайг чирч гаргадаг хэн бэ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би куртикнээс нь татаж чирээд гэрийнхээ гадаа гаргачхаад буцаж орж ирээд гэрийнхээ хаалгыг түгжсэн. ...Би чирсээр байгаад гэрээс гаргаад дараа нь хашааны хаалганаас чирч гаргаад хашааны хаалгаа түгжсэн. Тэр үед Ч унаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 105-106 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Ч-гийн бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Хохирогч Ш.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн *** тоотод оршин суудаг бөгөөд шүүгдэгч Ш.С-тэй хамт амьдардаггүй болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт хууль тогтоогч “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ... хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” хэмээн хуульчилсан тайлбар хийжээ.

Хууль тогтоогчийн хуульчилсан тайлбар нь тухайн хуулийн хэм хэмжээний нэгэн адил хүчинтэй бөгөөд уг тайлбарын агуулга ёсоор шүүгдэгч Ш.С, хохирогч Ш.Ч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэхгүй.

Түүнчлэн, үйл баримтын хувьд шүүгдэгч Ш.Сайнбилэгийг хохирогч Ш.Чимгээд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээргүй байх ба хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас бухимдан гэмт халдлага хийсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, хохирогч Ш.Ч нь шүүгдэгч Ш.С-гийн байшингийн цонхыг 2018 оны 6 сар, 11 сард хоёр удаа хагалсан, гурван хуруугаа тайруулсан эрүүл мэндийн байдлыг нь тахир дутуу хэмээн доромжилж байсан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

Харин хохирогч Ш.Ч-гийн иргэн Ш.С-гийн гэрт удаа дараа дайрч орон доромжилж хувийн эрх чөлөөнд нь халдсан гэх, 2018 оны 6 сар, 11 сард болон хэрэг шалгах явцад 2019 оны 11 сард нийт 3 удаа байшингийн цонхыг нь хагалж өмчлөх эрхийг нь зөрчсөн гэх үйлдлүүд нь шүүхэд ирүүлсэн энэ хэргийн хэмжээнд хамаарахгүй байх тул тэдгээр үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах нь прокурорын хяналтын эрх хэмжээнд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчиллөө.

Шүүгдэгч Ш.С-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ш.Ч-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ш.С-гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Ч нь хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг  үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Ш.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...” бол хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ш.С-гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх тул түүнд холбогдох эрүүгийн 1808 05562 1572 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Сайнбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчинтэй болох хүртэл түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Д овгийн Ш.С-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ”хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-т холбогдох эрүүгийн 1808 05562 1572 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Хохирогч Ш.Ч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.С-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА