Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2020/0681/З |
Дугаар | 221/МА2021/0296 |
Огноо | 2021-06-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2021/0296
“Морин луу” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 199 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 199 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь нэхэмжлэгчийн бүртгэлгүй хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн нь хуульд заасан журам болоод нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргасан билээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс “мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн бүртгэлтэй хаягт хүргүүлээгүй” гэж, хариуцагчийн зүгээс “Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан өргөдөл дээрх хаягийг Кадастрын хэлтсийн систем дээр бүртгэсэн. Энэ хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн” гэж маргасан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан бөгөөд захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх нь захиргааны байгууллагын хариуцах ажил бөгөөд захиргааны байгууллага гаргасан актаа мэдэгдэх хүсэлттэй байх ёстой.
Гэтэл хариуцагч байгууллага нь манай компанид ямар ч хамааралгүй хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн гэсэн үндэслэлээр бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан нь хууль бус юм. Хариуцагчийн зүгээс “Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан өргөдөл дээрх хаягийг Кадастрын хэлтсийн систем дээр бүртгэсэн. Энэ хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн” гэж маргадаг бөгөөд 1 дүгээр хавтас хэргийн 166-167 дугаар хуудсанд нэхэмжлэгч компанийн 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагад гаргасан “Ашигт малтмал ашиглах лиценз авахыг хүсч өргөдөл” авагдсан байгаа бөгөөд албан ёсны харилцах хаяг нь “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Худалдааны гудамж, Илтгэлт-Орших төвд 608 тоот” гэж тэмдэглэсэн байгаа болно.
Мөн 1 дүгээр хавтас хэргийн 145-146 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгч компанийн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч байгууллагад гаргасан өргөдөлтэй хавсарган өгсөн Татварын тодорхойлолтод мөн манай компанийн хаяг нь “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Худалдааны гудамж, Илтгэлт-Орших төвд 608 тоот” гэж байхад шүүхээс уг асуудал болоод дээрх баримтад ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөөгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд дээр нөхцөл байдалтай холбоотой баримтыг шүүх бүрэн цуглуулаагүй байж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Түүнчлэн шүүхийн 1/1398 дугаар албан бичгээр хариуцагчаас “М” ХХК-ийн хаягийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, амины орон сууц гэж бүртгэсэнтэй холбоотой баримтуудыг” ирүүлэхийг шаардсан бөгөөд хариуцагч байгууллагаас ямар нэгэн баримт ирүүлээгүй юм, уг албан бичгийн хариуг хариуцагч байгууллагаас ирүүлээгүй.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгч зүгээс “мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн бүртгэлтэй хаягт хүргүүлээгүй” гэж, “хариуцагчийн зүгээс өргөдөл дээрх хаягийг Кадастрын хэлтсийн систем дээр бүртгэсэн, энэ хаягаар бүртгэлийн хүргүүлсэн” гэж маргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийн асуудлыг дүгнэсэн байгаа нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч хэргийн оролцогч нарын маргаагүй асуудалд дүгнэлт өгч шийдсэн байна.
Иймд шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэргийн оролцогч нарын маргаагүй асуудал дүгнэлт өгч шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээв.
Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 119 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг, алдангийн хамт төлөөгүй гэж, нэхэмжлэгчид 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдөр олгосон Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумын “Дуулга толгой” нэртэй газар орших 18662 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын MV-012631 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “М” ХХК-иас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй тул хариуцагчийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/290 дугаар албан бичгээр “М” ХХК-д ... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой болохыг мэдэгдсэн мэдэгдлийг тус компанийн тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл ТЗ-ийн дугаар МВ-012631-д заагдсан хаяг болох Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Амины орон сууц хаягаар хүргүүлсэн, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 119 дугаар шийдвэрээр цуцалж, энэ тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/1633 дугаар албан бичгээр “М” ХХК-д дээрх дурдсан албан ёсны хаягаар нь хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн бүртгэлтэй хаяг руу хүргүүлээгүй, ... хариуцагч байгууллага нь манай компанид ямар ч хамааралгүй хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн..., нэхэмжлэгчийн албан ёсны харилцах хаяг болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Худалдааны гудамж, Илтгэлт-Орших төвд 608 тоот хаяг руу хүргүүлэх ёстой байсан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө”, 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаас үзвэл, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Дуулга толгой нэртэй газарт орших 18662 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-012631 тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа дуусгавар болсон байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК нь хуулиар тогтоосон хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч рүү мэдэгдэл хүргүүлсэн талаар үзлэг хийсэн бөгөөд тус үзлэг хийсэн баримтаас үзвэл, “...Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороонд байрлах Амины орон сууцанд “М” ХХК гэсэн компани байхгүй, утас нь байнга холбогдох боломжгүй, Google-с хайгаад тодорхой хаяг олдоогүй тул буцаав, хаяг алдаатай, утас холбогдох боломжгүй гэсэн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт буцаагдсан болох нь RD122843045MN, RD122760054MN тэмдэглэгээтэй дугтуй болон холбогдох бусад баримтаар...” тус тус тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг, алдангийн хамт төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг тул зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий актын үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийг цуцлахад тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэдгийг эрх бүхий этгээдээс тогтоосон байхыг шаардсан гэж ойлгохоор байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар хариуцагчаас тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-ийн өөрийн тодорхойлсон /Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Амины орон сууц/ гэх хаягаар, шуудангаар мэдэгдлийг илгээжээ.
Тодруулбал, тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэлдээ эзэмшигчийн хаягаа нэхэмжлэгч нь “Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Амины орон сууц” гэж тодорхойлж өгсөн атлаа одоо “Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Худалдааны гудамж, Илтгэлт-Орших төвд 608 тоот хаяг” байршилтай тул уг хаягаар мэдэгдлийг хүргүүлэх ёстой гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрийн оршин байгаа газрын хаягаа сольж байгаа энэ тохиолдолд хариуцагч төрийн байгууллагад өөрийн оршин суугаа хаягаа мэдэгдэх үүрэгтэй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 119 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН