Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 068

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын ** дугаар багийн оршин суугч Х.Тн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох;

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот актыг хүчингүй болгуулах,өндөр насны тэтгэврийн хэмжээг өмнөх 459285 төгрөгөөр тогтоож олгохыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Т, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Х.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Т би 2000 оноос өндөр насны тэтгэврийг холбогдох материалуудыг өгч тогтоолгон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр авч байсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар өндөр настан Х.Т миний өндөр насны тэтгэврийг улсад ажилласан зарим жил нь өөрчлөлттэй гэж үзэн нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна. Өндөр настан Х.Т би Монгол улсын харьяатаас гараагүй, одоо Өлгий сумын ** дугаар багт амьдарч байгаа, анх өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, миний улсад ажилласан зарим хугацааг Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 644 тоот шийдвэрээр буюу 1995 оноос 2000 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл аймгийн Т ХХК-д жолоочоор ажиллаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, өмнө нь өндөр насны тэтгэврийг 17 жил тасралтгүй авч ирсэн байдал зэргийг харгалзан миний өндөр насны тэтгэврийн хэмжээг бууруулах ёсгүй байсан юм. Иймээс Х.Т миний өндөр насны тэтгэврийг хасах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт хэн нэгэн албан тушаалтан хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэж байна. Энэ асуудлаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 0** дугаар сарын 28-ны өдөр бичгээр гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолоор улсын байцаагчийн актыг хүчингүй болгох боломжгүй гэж хариу өгсөн. Х.Т би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай 24 дүгээр улсын байцаагчийн актын хуулбарыг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч С.Нээс гардан хүлээн авлаа. Х.Т би одоо өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай актыг хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэврийн хэмжээг өмнөх 459285 төгрөгөөр тогтоож олгохыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд нийгмийн даатгалын улсын байцаагчийн 24 тоот актыг дараах хууль зүйн үндэслэлээр болон бусад үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж хүчингүй болгуулах саналтай байна. Тэтгэвэр тогтоолгогч тухайн үед холбогдох материалаа бүрдүүлж өгсөн ба үүнийг К.Акрас дарга 35 жилээр баталгаажуулсан байна. Дараа нь 4 жил 8 сарыг шүүхийн шийдвэрээр тогтоолгосон байх ба уг шүүхийн шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байна. Гэтэл хариуцагч тал тухайн шүүхийн шийдвэрийн талаар тайлбар хэлж, маргаж байна. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 08 дугаар сар хүртэл ажилласан жилийг тогтоосон, үүнийг үгүйсгэх нотлох баримт хариуцагч тал гаргаж өгч чадаагүй гэдгийг хэлье. Х.Тгийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгоод 17 жил болсон байгаа. Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд 2 жилд нэг удаа хяналт шалгалт хийгддэг боловч тухайн шалгалтуудаар энэ хүний хувийн хэрэг шалгагдаагүй, гарын үсэг зурж, тэмдэг дарагдаагүй гэж хариуцагч тал тайлбар хэлсэн. Энэ нь ямар учиртай вэ, энэ хүн өөрөө тэмдэг дарж баталгаажуулах ёстой юм уу, эсхүл материалаа шалгуулах үүрэг хүлээж байгаа юм уу. М.Ерболат гэх улсын байцаагчийн эрхтэй хүнээр гарын үсэг зуруулан, тэмдэг дарж баталгаажуулан, өндөр насны тэтгэврийг тогтоолгосон байгаа. Тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн хэмжээ нь 5-6 удаа нэмэгдсэн ба нэмэгдэх бүрт энэ хүний хувийн хэргийг улсын байцаагч нар шалгах ёстой байсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т зааснаар хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх гэсэн үндэслэлүүдээр тэтгэврийг зогсоох хуулийн зохицуулалттай байна. Түүнээс биш нэгэнт тогтоогдсон тэтгэврийг тухайн иргэнээр төлүүлэх, зогсоох үндэслэл байхгүй. Хэрэв тэтгэвэр тогтоолгох явцад зөрчил гаргасан байвал холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой байсан. Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдээлсэн гэсэн 2 шинж байх ёстой,энэхүү объектив талын хоёр үндэслэлийг тэд нар шүүх хуралдаанд няцааж чадахгүй байна. Дээрээс нь иргэн Х.Тгийн өгсөн материалыг хуурамч гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй болно. Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр акт тавих ёстой. Тэтгэврийг зогсоох хуулийн үндэслэлийг маргаан бүхий актад баримталсан мөртлөө хуульд заасан үндэслэлийг хариуцагч нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Нөгөө талаар тухайн үед энэ хүний тэтгэврийг улсын байцаагч М.Ерболат тогтоосон учраас акт тавих ёстой бол М.Ерболатад тавих нь зүйтэй. Энэ нь төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа учраас үүнээс үүссэн хохирлыг иргэн хариуцан төлөх ёсгүй. Нэхэмжлэгч Т ХК-д ажиллаж байсан үед нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага нь төлөх ёстой. Энэ үед нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн зарим хэсэг нь төлөгдсөн, зарим нь төлөгдөөгүй байжээ. Гэхдээ нийгмийн даатгалын улсын байцаагч энэ хүний хувийн хэргийг нэг бүрчлэн хянаж үзсэний үндсэн дээр өндөр насны тэтгэврийг зохих журмын дагуу бодож олгосон ба түүнээс хойш энэ хүн өндөр насны тэтгэврийг 17 жил тасралтгүй авсан байна. Тийм учраас энэ асуудалд иргэн Х.Тгийн ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй гэж ойлгож байна гэв.

Хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж дарга Т.Өсерхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян-ы хүрээнд гарсан зөрчлийг иргэн бүртэй харилцан ярилцаж, зөрчлийг арилгах талаар шалгах ажлын удирдамжид тодорхой заасан байгаа. Иргэн Х.Тд зөрчилтэй материалыг засаж залруулах, дахин лавлагаа гаргах талаар хугацаа өгч зөвлөсөн боловч зөрчлийг арилгаж чадсангүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу нөхөн төлбөр бичигдсэн болно. Аймгийн Т ХХК-д 1995-2000 оны хооронд ажилласан жилийг шүүхийн шийдвэрээр тогтоолгосон нь эрх зүйн чадамжгүй болсон байна. Нийгмийн даатгалын байгууллага 1995 оноос өөрийн гэсэн архивтай, даатгуулагч ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон цалингийн тусгай программ, баримтын сантай тул бусад байгууллагаас аливаа шийдвэр, тодорхойлолт гаргаж авахыг зогсоосон юм. Дээрх үндэслэлээр уг нөхөн төлбөр хуулийн үндэслэлтэй байгаа болно гэжээ.

Хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хүн анх 2000 онд тэтгэвэр тогтоолгосон ба 2017 оны 2 дугаар сард тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хувийн хэргийг дахин шалгах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал гарсан. Сайдын тушаалын дагуу аймгийн хэмжээний тэтгэвэр авагч иргэдийн хувийн хэргийг улсын байцаагч нарт хуваарилж өгснөөр хяналт шалгалт хийсэн. Иргэн Х.Т нь материалаа шалгуулна гэж өргөдөл өгсөн байсан. Энэ хүний тэтгэврийг би шалгасан. Тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах явцад бид нар зохих журмын дагуу энэ хүний тэтгэврийг дахин шалгаж,баталгаажуулалт хийгдсэн саруудыг тооцож үзээд, зөрчил илрүүлж, тэтгэврийн хувийн хэргийг хяналтын байцаагчид шилжүүлсэн. Тэгээд акт тавьсан,гэхдээ иргэн Х.Т уг актыг хүлээн зөвшөөрөхгүй, би төлөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Т, С.Н, М.А нар шүүхэд ирүүлсэн болон тэдгээрийг төлөөлж С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дүгээр тушаалын дагуу Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян-ы хүрээнд гарсан зөрчлийг иргэн бүрт танилцуулж ,харилцан ярилцаж, зөрчлийг арилгах талаар шалгах ажлын удирдамжид тодорхой заасан байгаа ба түүний дагуу бид ажлаа гүйцэтгэсэн.Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян-ы хүрээнд тэтгэвэр авагч Х.Тн тэтгэврийн тогтоолт, олголтыг тэтгэврийн хувийн хэрэг, материалын үндэслэлийг шалгахад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа буруу тооцогдсон зөрчил илэрсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааг тооцно гэж заасан билээ. Гэтэл шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 644 тоот шийдвэрийн дагуу Х.Тн 1995 оноос 2000 оны 08 дугаар сарын 01-ний хүртэл Т ХХК-д жолоочоор ажиллаж байсныг нотолсон байна. Гэтэл уг иргэний 267750 тоот нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байцаагчийн баталгаажуулсан шимтгэл төлсөн хугацаа 31 сар буюу 2 жил 7 сар байна. Үүний 2000 оны 1 сараас 2001 оны 1 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хугацаа байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх нөхцөлийг шүүхээр тогтоосон хугацааны 40 сар буюу 3 жил 4 сар нь хангахгүй байна. Тиймээс Х.Тн тэтгэврийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн 459285 төгрөг авч байсныг 430960 болгож бууруулсан болно. Иргэн Х.Тд зөрчилтэй материалыг засаж залруулах, дахин лавлагаа гаргах талаар хугацаа өгч зөвлөсөн боловч зөрчлийг арилгаж чадсангүй учир Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр бичих буюу 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай 24 дүгээр улсын байцаагчийн акт тогтоосон болно. Өндөр настан Х.Тн 1995 оноос хойшхи нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж, байцаагчийн гарын үсгээр баталгаажуулсан хэсгийг бид ажилласан жилд нэмж тэтгэврийг бодож өгсөн болно. Шимтгэл төлсөн хугацааг илүү тооцуулан авч, илүү тэтгэвэр тогтоолгон авч байсан тэтгэвэр авагч Х.Тд улсын байцаагчийн акт тогтоож илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох нь зүйтэй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот Илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот актаар[1] тэтгэвэр авагч Х.Т нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг тус тус үндэслэн Х.Тгаар илүү авсан тэтгэвэр 2334278 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгч уг улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгснөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон 17 жил тасралтгүй авч байсан, анх тэтгэвэр тогтоолгоход хуурамч баримт бичиг бүрдүүлээгүй, улсад ажилласан зарим хугацааг шүүхээс тогтоож өгсөн гэж тодорхойлсон, харин хариуцагч талаас шүүхийн шийдвэрээр Х.Тн 1995-2000 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл Т ХК-д жолоочоор ажиллаж байсныг нотолсон байна, гэтэл уг иргэний шимтгэл төлсөн хугацаа 2 жил 7 сар байгаа тул шимтгэл төлсөн хугацааг илүү тооцуулан,илүү тэтгэвэр тогтоолгон авч байсан тэтгэвэр авагч Х.Тгаар илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон гэж тайлбарлан маргажээ.

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно, 2-т Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Х.Т нь 2000 оны 08 дугаар сард тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж,холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгснөөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд түүний шимтгэл төлсөн хугацааг 35 жил, 5 сар гэж тодорхойлон тэтгэврийг тогтоож,2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн, дараа нь нэхэмжлэгчээс дахин өргөдөл гаргаснаар түүний шимтгэл төлсөн хугацааг 38 жил 9 сар гэж тодорхойлон тэтгэврийг тогтоож, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн, ингэхдээ шимтгэл төлсөнд тооцсон 38 жил 9 сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 644 дүгээр шийдвэрээр[2] Х.Тн 1995 оноос 2000 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл Т ХК-д жолоочоор ажилласныг тогтоосон 5 жил 7 сарыг оруулсан болох нь хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[3] тогтоогдож байна.

Гэхдээ дээрх шүүхийн шийдвэрээр Х.Тн жолоочоор ажилласныг тогтоосон 5 жил 7 сарын хугацааны зөвхөн 2 жил 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд[4], гэрчийн мэдүүлгээр[5] тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.Т нь нийтдээ 35 жил 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэж үзэхээр байгаа, мөн 2 жил 8 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн болно.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж, ... торгох шийтгэл ногдуулна гэж заасан, өөрөөр хэлбэл үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх гол нөхцөл нь тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдээлсэн гэх үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Гэтэл тэтгэвэр авагч Х.Т нь ямар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдээлэл өгснийг хариуцагч тал тайлбарлаж чадаагүйгээс гадна тухайн үндэслэлийг нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Т нь тэтгэвэр тогтоолгохын тулд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч Х.Т нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу тэтгэвэр тогтоолгохоор 2000, 2001 ондаймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргахдаа холбогдох баримт бичиг болох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт болон шүүхийн шийдвэр зэргийг бүрдүүлж өгсөн, мөн нэхэмжлэгч 2001 онд гаргасан өргөдөлдөө ажиллаж байсан байгууллага нь шимтгэл төлж өгч чадахгүй байгаа гэдгийг тодорхой бичсэн бөгөөд эдгээр баримт бичгийг үндэслэж нийгмийн даатгалын байгууллагаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар тэтгэвэр олгох шийдвэрийг гаргасан байх тул шимтгэл төлөөгүй хугацааг оруулан тооцож тэтгэвэр тогтоосон асуудалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаас үзэхэд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн буюу тэтгэвэр авагчийн буруутай үйл ажиллагаа байгаа тохиолдолд тэтгэвэр авагчаар тэтгэврийг нөхөн төлүүлэх, олголтыг түдгэлзүүлэн зогсоох, суутгал хийхээр, харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцахаар зохицуулсан байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Тн тэтгэврийг тогтооход шимтгэл төлсөнөөр тооцсон 38 жил 9 сарын хугацааны 35 жил 10 сарын шимтгэл төлөгдсөн,үлдсэн хугацааны шимтгэл төлөгдөөгүй нь нотлогдож байгаа боловч Х.Т нь тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгсний дагуу нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр олгох шийдвэр гаргасан бөгөөд тэрээр тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдээлсэн гэж үзэх үндэслэлгүй нь тогтоогдож байх тул илүү авсан гэх тэтгэврийг тэтгэвэр авагч Х.Тгаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1,20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй тус тус нийцэхгүй байна гэж үзээд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс гэсэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосон боловч маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн улсын байцаагчийн актыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс ,Улсын байцаагчийн акт гэсэн хэвлэмэл хуудсанд бичсэн, нийгийн даатгалын улсын байцаагчийн тэмдэг дарсан байгааг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Өндөр насны тэтгэврийн хэмжээг өмнөх 459285 төгрөгөөр тогтоож олгохыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян-ы хүрээнд тэтгэвэр авагч Х.Тн нийгмийн даатгалын шимтгэл төлжажилласан хугацаа буруу тооцогдсон зөрчил илэрсэн гэдэг үндэслэлээр түүний өндөр насны тэтгэврийн хэмжээ 459285 төгрөг байсныг 430960 төгрөг болгон бууруулж, 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн олгохоор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс шийдвэрлэсэн байна. Өмнө нь дурдсанаар Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 644 дүгээр шийдвэрээр Х.Тн жолоочоор ажилласныг тогтоосон 5 жил 7 сарыг оруулан нийгмийн даатгалын байгууллагаас түүний шимтгэл төлсөн нийт хугацааг 38 жил 9 сар 15 хоног гэж тодорхойлон тэтгэврийг тогтоож, 2001 оны 10 дугаар сараас эхлэн олгохоор шийдвэрлэсэн байх боловч уг 5 жил 7 сарын хугацааны зөвхөн 2 жил 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, үлдсэн 2 жил 11 сарын шимтгэл төлөгдөөгүй, ингэснээр нэхэмжлэгч Х.Т нь нийтдээ 35 жил 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь тогтоогдсон.

Иймд энэхүү шимтгэл төлөгдөөгүй 2 жил 11 сарын хугацааг нэхэмжлэгч Х.Тн тэтгэвэр тогтооход тооцсон хугацаанаас хасаж, үүнтэй холбогдуулан тэтгэврийг бууруулж зөвтгөн тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасантай нийцсэн, үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийнхэмжээг өмнөх 459285 төгрөгөөр тогтоож олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн ** дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөхөөр зохицуулсан ба ажил олгогч нь дээрх 2 жил 11 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй байсан тохиолдолд нэхэмжлэгч Х.Т нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10** дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж,Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот актыг хүчингүй болгожүлдсэн хэсэг болох өндөр насны тэтгэврийн хэмжээг өмнөх 459285 төгрөгөөр тогтоож олгохыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1]Хэргийн 11-12-р хуудас

[2]Хэргийн 99-р хуудас

[3]Хэргийн 49-50,94-97, 105-106,113-114,116 -р хуудас

[4]Хэргийн 57-86,94-97,105-106,107,138-179-р хуудас

[5]Хэргийн 181-р хуудас