Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 245

 

“Голден меридиан” ХХК-ний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 206 дугаар магадлалтай, “Голден меридиан” ХХК-ний нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Голден меридиан” ХХК-ний захирал Л.Жавхлантын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төрөөс зарлагдсан талбайд зохих шаардлагын дагуу оролцож Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр NЕ-025558 гэсэн өргөдлийг гаргасан болно.

Дээрх өргөдлийн дагуу Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 /энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана/-т заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/2202 тоот албан бичгээр орон нутгийн Засаг даргаас холбогдох саналыг авахаар явуулсан ба тус албан бичгийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 04-ний өдрийн 1/615 тоот албан бичгээр зөвшөөрөхгүй гэсэн санал ирүүлсэн. Үүнд:

Сумын иргэдийн санал:

1. Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна.” гэж заасны дагуу Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 “эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн төсөл, төр, нийгмийн амьдарлын чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулах ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгууллах”, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 “тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгох, сонирхогч нийгмийн бүлгүүдэд өөрийн бодлого, байр суурийг танилцуулах, хяналтын тодорхой аргыг дэвшүүлэн хэрэгжүүлэх бололцоо олгох зорилгоор харилцан зөвлөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх” гэсэн заалтуудыг үндэслэн ард иргэдээс авсан санал асуулгын дүн.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 “Аймаг, Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдээллийг хүлээн авмагц тухайн талбайд байрших сум, дүүргийн ИТХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” Гэсэн заалтын дагуу сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн санал.

3. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  30 дугаар  зүйлийн  30.1.13   “харьяалах нутаг дэвсгэрт нь  ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 “аймаг, Нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэсэн заалтуудыг үндэслэн уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй болно гэсэн байна.

Дээрх Говь-Алтай аймгийн Засаг даргын ирүүлсэн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 /Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно/-т заасан татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд дээрх санал нь илт хууль бус шийдвэр тул тус саналыг хүчингүй болгож манай компанийн хүсэлт өгсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн акт гаргаж Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын газраас 2015 оны 1 сараас эхлэн манай аймгийн газар нутагт хайгуулын талбай олгохоор аж ахуй нэгжүүдээс өргөдөл хүлээн авч байна. Үүний дагуу өргөдлөө ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн солбицлуудыг шүүлт хийж улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан, усан сан болон ойн сан бүхий газарт хамрагдаж байгаа эсэх, өөр хайгуулын болон ашиглалтын лицензтэй талбайтай давхцаж байгаа талаар шүүлт хийж боломжтой талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтын дагуу орон нутагт санал авахаар мэдэгдэл ирүүлнэ.

Аймгийн Засаг дарга өргөдөл хүлээн авмагц Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлйин 19.4 дэх заалтын дагуу тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үздэг бөгөөд энэ хуулийн 19.5 дахь заалтанд Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.

“Голден меридиан" ХХК-ний өргөдөл аймагт 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6/2208 албан бичгээр 2015 оны 04 дүгээр сарын 11-нд хүлээн авч 2015 оны 05 дугаар сарын 04-нд татгалзсан хариуг Ашигт малтмалын газарт явуулсан. Тус өргөдлийг сумын санал, аймгийн ИТХ-ийн саналыг үндэслэн татгалзсан хариуг өгсөн гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Голден Мэридиан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох “Аймгийн Засаг даргын 2015 оны 05 дүгээр сарын 04-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл өгөх 110 дугаар саналыг хүчингүй болгож, манай компанийн хүсэлт өгсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн акт гаргаж, Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 206 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Голден меридиан” ХХК-ний захирал Л.Жавхлант хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар санал нь илт хууль бус шийдвэр тул тус саналыг хүчингүй болгож, манай компанийн хүсэлт өгсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн акт гаргаж, Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж өгөх тухай" нэхэмжлэлийг гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрахын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар шийдвэр гарсан бөгөөд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 206 дугаар магадлал гарсан байна.

Шийдвэр болон магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл:

1. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 8 дугаар хуралдаанаа хийж, уг хурлаар Тайшир нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах саналыг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэртээ хуулийн үндэслэлийг тусгаагүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэсэн заалтыг зөрчсөн.

2. Говь-Алтай  аймгийн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчид 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж “... Дэлгэр, Тайшир сумын Тайшир... зэрэг 43 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулах боломжгүй” талаар Х/04 дүгээр тогтоолыг гаргаж, тогтоол тэмдэглэлийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь 30 хоног хэтэрсэн байгаа бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдээллийг хүлээн авмагц тухай талбай байрших сум, дүүргийн ИТХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухай саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” хэсгийг зөрчсөн.

3.  Говь-Алтай аймгийн Дэлгэр сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн   Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч шийдвэрийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар саналаар NЕ-025558 дугаарт бүртгэгдсэн Тайшир нэртэй 3076,22 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй талаар санал өгсөн нь хууль бус байна. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал  нь санал өгснөөс хойш 7 хоногийн дараа хуралдсан нь шүүх хурлаар тогтоогдсон.

Иймд дээрх хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрахын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 206 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6/2208 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумын Тайшир нэртэй 3076.22 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэх мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015  оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/615 дугаар албан бичгээр “...ард иргэдээс авсан санал асуулгын дүн, ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал, ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал, ... Ашигт малтмалын тухай хуулийн 19.4..., 19.5..., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийннэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.13... гэсэн заалтуудыг үндэслэн уг талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн хариу ирүүлсэн, нэхэмжлэгч “Голден меридиан” ХХК-иас “... уг санал нь илт хууль бус” гэж, хариуцагч “...сумын санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн татгалзсан хариуг өгсөн ... /нь хууль зөрчөөгүй/” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Тайшир” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцээд “... уг талбай нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 24 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай /давхцсан/, ...багуудын хаваржаа, өвөлжөөний бэлчээрийн гол нутгийг хамарсан” гэх үндэслэлээр “...саналыг дэмжихгүй” гэж, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн х/04 дүгээр тогтоолоор “...тусгай зөвшөөрөл олгуулах боломжгүй” гэж тус тус шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарны 04-ний өдрийн  1/615 дугаар албан бичгээр “...зөвшөөрөхгүй” гэх саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн х/04 дүгээр тогтоол гарсан байх боловч энэ нь Говь-Алтай аймгийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар “дэмжихгүй” гэх шийдвэр гаргасан байх тул Говь-Алтай аймгийн Засаг дарга “илт хууль бус” санал өгсөн гэх үндэслэлгүй, түүнчлэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “...харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” бүрэн эрхийг аймгийн Засаг даргад олгосон, хуулиар тусгайлан олгосон “санал өгөх” бүрэн эрх нь тухайн этгээд уг асуудлаар “эерэг” эсхүл “эсрэг” саналтай байх эрхийг өөртөө хадгалах агуулгатай тул шүүхээс “дэмжсэн санал өгөх ёстой” гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015  оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/615 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт ирүүлсэн санал нь дээр дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалт болон Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгнө”, 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэсэн заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, нэхэмжлэгч “Голден меридиан” ХХК-ийн захирал Л.Жавхлантын “...шийдвэртээ хуулийн үндэслэлийг тусгаагүй, ... хурал  нь санал өгснөөс хойш 7 хоногийн дараа хуралдсан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 206 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Голден меридиан” ХХК-ийн захирал Л.Жавхлантын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Голден меридиан” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА