Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2017/00003/И |
Дугаар | 0003 |
Огноо | 2017-01-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 0003
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: 1967 оны 02-р сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймгийн Сант сумд оршин суух ******* ******* /РД:МЛ00000000/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, гэрч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...******* би Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багт оршин суудаг. Сэлэнгэ аймгийн Сант сум дахь Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1987 оны 03-р сарын 13-ны өдрийн 16 тоот тушаалаар цэвэрлэх байгууламжийн операторчноор ажилд орсон байдаг. Тэнд 2 жил ажиллаад Цагаан толгойн сангийн аж ахуйн төмсний зоорины оператороор ажилласан юм. Ажилд орсон тушаал нь байгаад гарсан тушаал нь олдохгүй байгаа юм. Иймд дээрх 02 жилийн хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэж хүсч байна... Би өөрөө 1985 онд 10 дугаар анги төгссөн. Төгсөөд конкурс өгөөд Улсын багшийн дээд сургуулийн математикийн ангид орсон юм. 1986 онд 1 жилийн чөлөө аваад тэр хугацаандаа ажилд орсон юм. Сургууль төгссөн жаахан хүүхэд байсан болохоор хөдөлмөрийн дэвтэр гэж нээлгээгүй юм. Баас, шээстэй зууралдаад жаахан заваан ажил байсан болохоор төмсний зооринд ажилд орох гээд бүртгүүлсэн байсан чинь дуудсан юм. Тэгээд шууд үргэлжлүүлээд 1989 оны 06-р сарын 01-нд төмсний зоорины оператороор ажилд орсон. Иймд 1987 оны 03 сарын 13-1989 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн цэвэрлэх байгууламжийн операторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм ” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь 1987 оны 03-р сарын 23-ны өдрөөс 1989 оны 06-р сарын 21-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Цагаан толгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн сургуулийн цэвэрлэх байгууллагын операторчноор ажиллаж байсан болох нь:
1987 оны 03-р сарын 19-ний өдрөөс хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн сургуулийн цэвэрлэх байгууллагын операторчиноор томилогдон ажилласан болохыг нотолсон 1987 оны 03 сарын 23-ны дрийн 16 дугаартай БНМАУ-ийн, ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймгийн Цагаан толгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн сургуулийн захирлын тушаалын хуулбар,
Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* 1987 оноос 1989 он хүртэлх хугацаанд манай сургуулийн цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан... Би Цагаантолгойн техник мэргэжлийн сургууль төгсөөд анх ажилласан. Би 33 жил ажилласан. Тухайн үед цэвэрлэх байгууламжид 3 хүн ажилладаг байсан. ******* 1989 оны хавар ажлаасаа гарсан . ******* 1987 оны эхнээс 1989 оны хаврыг дуустал ажилласан...” гэх мэдүүлэг,
Гэрч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* 1987 оноос 1989 оныг хүртэл ажиллаж байсан. Би 1987 оны 03 дугаар сард анх ажилд орж байсан. Бид хоёр их ойролцоо ажилд орсон. 1989 оны хэдэн сар хүртэл ажилласан эсэхийг санахгүй байна,******* 1989 онд л ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Гэрч *******гийн мэдүүлэг, 1989 оны 06-р сарын 21-ний өдрийн 96 дугаартай Сэлэнгэ аймгийн Цагаан толгой сангийн аж ахуйн даргын тушаал зэрэг нь нотлох баримтын шаардлагад нийцэхгүй байх тул үнэлээгүй болно.
1990 оны 06-р сарын 07-ны өдрийн 94 дугаартай Сэлэнгэ аймгийн Цагаантолгой сангийн аж ахуйн даргын тушаал нь энэ хэрэгт хамааралгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Дээрх нотлох баримтуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* нь 1987 оны 03-р сарын 19-ний өдрөөс 1989 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Цагаан толгой дахь хөдөө аж ахуйн сургуулийн техник-мэргэжлийн сургуулийн цэвэрлэх байгууллагын операторчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* *******г 1987 оны 03-р сарын 19-ний өдрөөс 1989 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Цагаан толгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн сургуулийн цэвэрлэх байгууллагын операторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА