Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 26

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Л.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар    

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т  овогт Л.О ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005510292 дугаартай, 163/2020/0025/Э индекстэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, сантехникч мэргэжилтэй, силессер ажилтай, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, Т  овогт Л.О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн ... сумын нутаг “Н” гэх газраас шинэс төрлийн 2.691 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн ... сум руу тээвэрлэж байгаль экологид 76694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

1915005510292 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ш.Э гийн өгсөн: “...Манай сум орон нутгийн зүгээс байгальд учруулсан хохиролыг төлүүлэх мөн дахин хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг битгий үйлдээсэй гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч А.Ч ийн өгсөн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн төвд хувиарын дагуу жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд өдөр 13 цагийн орчимд **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл мод аччихсан орж ирээд надад холбогдох баримт бичгийг шалгуулсан. Тэгээд үдээс хойш 17 цагийн орчимд билүүдээ Булган аймгийн хойд талд байрлах гэр хороолол дунд байдаг асфалтан зам дээр ажиллаж байхад **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дахин мод аччихсан ирсэн. Тэгээд дахиад мод бэлтгэх эрхийн бичиг авчихаа юу гэхэд юм дуугарахгүй байсан. Улмаар мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй талаар хэлсэн. Тэгээд тээврийн хэрэгслийг Булган аймгийн тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Г.Э ийн өгсөн: “...тэгээд надад хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан байгаа хамт модонд яваад өгөөч мөнгө төгрөгийг өгье гаднаа түлшгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би цаг эрт байсан учир зөвшөөрч утсаар    ярьсан залууг аваад Н гэх газраас мод бэлтгэж ачсан...Тэгээд  модоо  ачаад ойролцоогоор уулнаас 17 цагийн орчимд буугаад Булган аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгээд Булган аймгийн төвд орж ирээд гэр хороолол дундуур явж байгаад өдөр намайг саатуулж шалгасан цагдаатай дахин таарсан. Тэгээд холбогдох бичиг баримтыг үзүүлэх гэтэл хамт явж мод авах гэж байсан залуу нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэдгээ надад хэлсэн. Тэгээд би тухайн үед ихээр уурласан улмаар цагдаа миний машиныг ачсан модыг хамтаар Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27­ дугаар хуудас/,

Гэрч Д.Б гийн өгсөн: “...Тэгээд мод буулгаж байхдаа би О ыг дуудаж ирж хөрөөгөө ав гэж дуудсан. Улмаар Э  болон О  нар нь хоорондоо ярьж байгаад миний ачиж байгаад үлдээсэн ганц нэг унианг модыг авч ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд би гэртээ үлдсэн түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд сонсоход цагдаад баригдсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30­ дугаар хуудас/,

Яллагдагчаар Л.О  мэдүүлэгтээ: “...Би хэрэг болох үед гэртээ түлх түлшгүй болчихоод өдөр 14 цагийн орчимд билүүдээ хамт ажилдаг Бааска ах гэж дууддаг залуутай ярьтал би сая модонд яваад ирлээ, чи мод бэлтгэх эрхийн бичиг аваад энэ хүнтэй хамт модонд явчихаас гэж хэлэхээр нь би жолоочтой нь утсаар ярьтал зүс таньдаг Э  гэх ах байсан. Тэгээд надад модон явахыг зөвшөөрсөн. Би тухайн үед нь мод бэлтгэх эрхийн бичиг авчихаад очъё гэж хэлээд утсаа салгасан. Улмаар цаг үд өнгөрч байсан. Мөн мод бэлтгэх эрхийн бичиг авах мөнгө байхгүй байсан тул жолооч Э  ахад худал хэлж мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан байгаа асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд Э  ахын хамтаар Булган аймгийн ... сумын “Н”  гэх газраас мод бэлтгэж ачаад Булган аймгийн Төв дотор явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 14-17 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-42 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.О  нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн ... сумын нутаг “Н” гэх газраас шинэс төрлийн 2.691 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн ... сум руу тээвэрлэж байгаль экологид 76694 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Л.О  гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 76694 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 230082 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Л.О  гэмт хэрэг үйлдэж олсон  2.691 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөө, **-** БУЛ улсын дугаартай Галдансамбуу овогтой Э ийн эзэмшлийн хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4.200.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шийлжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. 2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, улсын орлогод орохоор хуульчилсан байна.

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Галдансамбуу овогтой Э т тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.О ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Л.О  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй тус тус дурьдаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Т  овогт Л.О ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.О  гэмт хэрэг үйлдэж олсон 2.691 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөө, **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4.200.000/ дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, **-** БУЛ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг эзэмшигч Галдансамбуу овогтой Э т тус тус буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Л.О  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.О аас 230082 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ... сумын Засаг даргын тамгын газарт олгосугай. 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН