| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00506/И |
| Дугаар | 564 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 564
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар А.Бахатжаны нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч, ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд 1961 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, эсгийн, эсгийн гутлын мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвийн гудамжны 2-55 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй
Жадик овгийн Ахбайн Бахатжан
регистрийн дугаар: МТ- 61051506
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: А.Бахатжан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-уул аймгийн Шарын гол сумын “Шарын голын уурхай”-н үйлчлэх комбинатад дежурээр ажилд орсон. Үйлчлэх комбинатад тасралтгүй 9 жил ажилласан. 1991 оны 06 дугаар сарын 15-нд гэр бүлээ дагаж шилжих болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан боловч Дархан-Уул аймгийн архивын сан хөмрөгт “Шарын голын уурхай”-д орсон болон гарсан тушаал олдохгүй байгаа тул намайг 1982 оны 09 дүгээр сарын 14-нөөс 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “Шарын голын уурхай”-н үйлчлэх комбинатад дежурээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү!.
Мөн Улаанбаатар хотод “Хөнгөн үйлдвэрийн Техник мэргэжлийн сургууль”-д суралцаж байхад 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдөр надад нээгдсэн миний хөдөлмөрийн дэвтэрт “... миний нэрийг “Бахытжан, 1961 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрснийг 1961 оны 05 дугаар сарын 10-н” гэж ташаа бичсэн байгаа тул уг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: А.Бахатжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шарын голын уурхайн үйлчлэх комбинатад жижүүрээр ажилд орж үйлчлэх комбинатад тасралтгүй 9 жил ажиллаж байгаад 1991 оны 06 дугаар сарын 15-нд нөхрийгөө дагаж шилжснээр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Тэр үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн, ажилласан тухай бичилт хийгдсэн байсан боловч Дархан-Уул аймгийн архивын сан хөмрөгт “Шарын голын уурхай”-д орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул намайг 1982 оны 09 дүгээр сарын 14-нөөс 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “Шарын голын уурхай”-н үйлчлэх комбинатад жижүүрээр ажиллаж байсныг тогтоож, мөн хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг Бахытжан гэж буруу бичсэн, мөн “1961 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрснийг” .... 1961 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн гэж буруу бичсэн байх тул хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч тогтоож өгнө үү! гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А.Бахатжан нь 1982 оноос 1991 онд Шарын голын “Нүүрсний уурхайн Үйлчлэх комбинат”-д ажиллаж байсан боловч түүний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивт олдохгүй гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг тогтоолгох, мөн А.Бахатжанд Хөнгөн үйлдвэрийн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1977 оны 10 дугаар сарын 20-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүний нэрийг “Бахытжан”, төрсөн өдрийг “10-нд” гэж буруу бичсэн байх тул дээрх бичиг баримтын эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.
А.Бахатжан нь 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл “Шарын голын Нүүрсний уурхайн Үйлчлэх комбинат”-д жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөнгөн үйлдвэрийн ТМС-ийн захиргаанаас олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт “1982 оны 09 дүгээр сарын 14, Үйлчлэх комбинатад дежурээр авч ажиллуулав” “Уурхайн даргын 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 482 тоот тушаал”, мөн “1991 оны 06 дугаар сарын 15, “Гэр бүлээ дагаж шилжих болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв” “Уурхайн даргын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 269 тоот тушаал” гэсэн бичилтүүд зэрэг бичгийн баримт болон хамт ажиллаж байсан гэх Б.Роза, К.Жазен, А.Баянгүл нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд болон дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөн А.Бахатжанд “Хөнгөн үйлдвэрийн Техник мэргэжлийн сургууль”-ийн захиргаанаас 1977 оны 10 дугаар сарын 20-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүний нэрийг “Бахытжан”, төрсөн өдрийг “10-нд” гэж алдаатай бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн “эцгийн нэр Ахбай, нэр Бахатжан”, төрсөн он сар өдөр 1961/05/15” гэж олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар болон Б.Роза, К.Жазен, А.Баянгүл нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, гэрчийн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн А.Бахатжаныг 1982 оны 09 дүгээр сарын14-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл Эрчим хүч, Уул уурхай, Геологийн яамны харъяа “Шарын голын Нүүрсний уурхайн Үйлчлэх комбинат”-д жижүүр-үйлчлэгчээр ажиллаж байсан болох, Хөнгөн үйлдвэрийн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1977 оны 10 дугаар сарын 20-нд нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь “Ахбайн Бахатжан” мөн болохыг тус тус тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөнгөн үйлдвэрийн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1977 оны 10 дугаар сарын 20-нд хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Ахбайн Бахатжан мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Бахатжаныг 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл Эрчим хүч, Уул уурхай, Геологийн яамны харъяа “Шарын голын Нүүрсний уурхайн Үйлчлэх комбинат”-д жижүүр-үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Бахатжаны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ